Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1992

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02698 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ын хариуцагч П.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний төлбөрт 133 159 880 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бa нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь иргэн П.Б-тай харилцан тохиролцож 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2011/038 тоот зээлийн гэрээг байгуулж 47 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, мөнгийг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай зээлдэгчийн гарын үсэг бүхий зарлагын баримт үйлдсэн. Зээлийн эргэн төлөлтийг графикаар тохирсон боловч хүүгийн төлбөрт нийт 19 425 000 төгрөг төлсөн. Уг зээлийн төлбөрт буюу үндсэн зээлд 47 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 38 928 533 төгрөг, нийт 85 928 533 төгрөг байсан боловч 19 425 000 төгрөгийн хүүгийн төлөлтийг хасвал 66 503 533 төгрөг үлдсэн. Үүнийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2014/004 тоот зээлийн гэрээгээр 48 190 ам.долларт хөрвүүлж нэг ам.долларыг 1 380 төгрөгөөр тооцож сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай төлөх нөхцлийг тохиролцож эргэн төлөх хуваарийг баталсан. Уг зээлийн гэрээний дагуу хүүд 24 962.42 ам.доллар төлөхөөс нийт 22 831.44 ам.доллар төлснийг хасч тооцвол хүүгийн үлдэгдэлд 2130.98 ам.доллар, үндсэн зээлийн 48 190 ам.доллар, нийт 50 320.98 ам.доллар болно. Дээрх зээлийн гэрээний үүргийг зээлдэгч тал гэрээгээр тохирсон 24 сарын хугацаанд биелүүлээгүй учраас талууд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дахин нэмэлт өөрчлөлт бүхий зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 2011/038 тоот зээлийн гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгаж 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хүүгийн үлдэгдэлд 19 503 533 төгрөг, үндсэн зээл 47 000 000 төгрөг, нийт 66 503 533 төгрөг байхаар тохиролцсон. Нэмэлт гэрээний 3.4-т зааснаар 66 503 533 төгрөгийн үндсэн зээлийг ам.долларт шилжүүлж нэг ам.долларыг өмнө тохирсон 1380 төгрөгөөр бодож, хүүг 2.8 хувь байхаар тохирсон. Үүнээс хойш талууд байнга уулзаж, төлбөр тооцоог дуусгах талаар ярилцаж байсан ба П.Б нь энэ талаар хүсэлт бичиж, төлбөрийн үнийн дүн болон төлөх хугацааг баталгаажуулж байсан боловч төлөлт хийгдээгүй. Иймээс эцсийн байдлаар буюу 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 52 379 ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж тооцвол 125 185 810.880 төгрөг байхаар баталгаажуулсан баримт үйлдсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагчийн зээлийн хүүгийн үлдэгдэл 2130.98 ам.доллар, үндсэн зээлийн үлдэгдэл 48 190 ам.доллар нийт 50 320.98 ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн албан ханшид хөрвүүлбэл 133 159 880 төгрөг болж байна. Иймд 133 159 880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний өр төлбөр нийт 133 159 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь надаас зээлийн төлбөрт 133 159 880 төгрөг нэхэмжлэхдээ 2011, 2014, 2016 онуудын зээлийн гэрээнүүдийг үндэслэл болгож нэхэмжлэлдээ дурджээ. Би зээлдүүлэгч С.Бямбажавтай 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 47 000 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлэхээр харилцан тохирч, мөн өдрөө зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг мөнгийг хүлээн авсан ба энэ талаар ямар нэгэн маргаангүй болно. Дээрх гэрээний хавсралтад зааснаар гэрээний хугацаа дуусахад зээл, хүүгийн хамт нийт 56 075 881 төгрөг төлөхөөр тохирч, график байгуулсан ба энэхүү гэрээний хугацаа 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан болно. Харин нэхэмжлэлд дурдсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 48.190 ам.долларыг нэхэмжлэгч нь надад бодитоор өгөөгүй бөгөөд энэ тухайгаа нэхэмжлэлд тодорхой бичжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлдүүлэгч нь зээлдэгчээс уг мөнгийг буцаан шаардах эрхтэй болно. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан 48 190 ам.долларыг надад шилжүүлэн өгөөгүй тул уг гэрээний дагуу зээл, хүүг нэхэмжлэх эрхгүй. Зээл олгосон тохиолдолд уг мөнгийг ашиглаж, эргэлтэд оруулсны үндсэн дээр хүү төлөх бөгөөд нэгэнт зээл олгогдоогүй тохиолдолд хүү төлөх үндэслэл байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2011 оны зээлийн гэрээний хуримтлагдсан хүү 38 928 533 төгрөг гэжээ. 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хугацаа 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан бөгөөд энэхүү гэрээг хуульд заасан журмын дагуу сунгасан асуудал огт байхгүй болно. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацааг дуусахаас өмнө анх байгуулсан хэлбэрээр сунгах ба 2011 оны зээлийн гэрээг хуульд заасан журмаар сунгаагүй тул нэхэмжлэгч нь уг гэрээнд заасан хугацаанаас илүүгээр хүү шаардах эрхгүй. Нэгэнт 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 48 190 ам.долларыг шилжүүлээгүй тул уг гэрээнд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй. Харин миний хувьд 2011 оны 9 дүгээр сард 47 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 12 хугацаагаар зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа тул уг гэрээний дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй. Дээрх зээлийн төлбөрт 2014 он хүртэл хугацаанд 19 425 000 төгрөг, үүнээс хойш 22 831 ам.доллар төлсөн, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсаныг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл 2011 оны зээлийн гэрээний төлбөрт нийт 56 075 881 төгрөг төлөх байснаас 1 ам.долларыг нэхэмжлэлд дурдсан 1380 төгрөгөөр тооцвол 51 000 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бу шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч С.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч нь П.Б надаас зээлийн төлбөрт 133 159 880 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн үндэслэлд 2014 оны зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны гэрээг дурджээ. Бидний хооронд 2011 оны 9 дүгээр сард 47 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу зээлийг хүлээн авч, төлбөрийг төлж дууссан талаар нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой дурдсан болно. Харин нэхэмжлэлд дурдсан дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Уг гэрээний үүргийг шаардаж буй бол нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 48 190 ам.долларыг надад шилжүүлэн өгснөө нотлох хэрэгтэй бөгөөд мөнгийг өгөөгүй болохоор баримт байхгүй. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ам.долларыг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Харин Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хэлцэл хийсэн этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол тухайн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцдог. Би нэхэмжлэгчээс 2011 онд 47 000 000 төгрөг зээлсэн, үүний зарим хэсгийг төлж чадаагүй байсан тул түүнийгээ төлөхөөр тохирсон гэж ойлгон 2014 оны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл нэхэмжлэгч нь надад 48 190 ам.доллар шинээр олгосон мэтээр хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулан зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Иймд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сy сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар тайлбартаа:

Хариуцагч нь гэрээнд заасан 48 190 ам.долларыг бодитоор өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй мөн хэлцэл хийгч этгээд хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулсан гэжээ.

Талуудын хооронд байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2011/038 тоот зээлийн гэрээгээр П.Б нь 47 000 000 төгрөгийг зээлж, хүүг төлж байгаад нийт төлбөрийн үлдэгдэл 66 503 533 төгрөг дээр 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 48 190 ам.долларыг 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон. Улмаар хариуцагч хүсэлт гэх 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 2016 оны 9 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн баримтуудаар дээрх гэрээний тохиролцоог баталгаажуулж төлбөрийг валютаар төлөх болсон. Үүгээр талуудын хооронд байгуулсан 2011/038 тоот зээлийн гэрээ сунгагдсан гэдэг нь нотлогдоно. Нэгэнт гэрээний хугацаа болон бусад нөхцөлийг сунгасан тохиолдолд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэхгүй. Бид ч мөн дурдсан хэмжээний ам.доллар шилжүүлсэн гэж нэхэмжлээгүй, харин үндсэн гэрээний төлбөрийг хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр ам.долларт шилжүүлэн тооцох болсон. Ийм учраас хариуцагч гэрээний төлбөрөө ам.долларт тооцож 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1105 ам.доллар төлсөн баримтаар нотлогдоно.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол тухайн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцдог гэж тайлбарлажээ. Улмаар нэхэмжлэгчээс би 2011 онд 47 000 000 төгрөг зээлсэн, үүний зарим хэсгийг төлж чадаагүй байсан тул түүнийгээ төлөхөөр тохирч байна гэж ойлгон 2014 оны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж өөрийн хүсэл зоригийг маш тодорхой бичсэн байна. Энэ нь үндэслэлтэй тайлбар болжээ. Нэхэмжлэгчийн хувьд ч 48 190 ам.долларыг шинээр олгосон гэж хуурч мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулаагүй. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гарын үсэг зурсан. Гэрээний нэмэлт өөрчлөлтөд гэрээг нотариатч бичиж өгсөн ба уншуулж танилцуулж, гарын үсэг зуруулав гэж маш тодорхой, хэн ч уншсан ойлгогдохоор тусгагдсан. Үүнээс үзэхэд гэрээний агуулгыг үг өгүүлбэр болон утгын хувьд эндүүрэх, төөрөгдөх боломжгүй. Хариуцагч нь гэрээний төлбөрийг ам.долларт шилжүүлж төлсөн. Үүнийхээ дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн гэрээний төлбөрийг ам.доллароор төлнө гэдгээ удаа дараа Хүсэлт гаргаж мэдэгдсэн нөхцөл байдлаас үзвэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байгаа. Түүнчлэн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасны дагуу хариуцагчийн гаргасан удаа дараагийн хүсэлтийг зээлдүүлэгч талдаа бичгээр мэдэгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх баталгаагаар өмнөх гэрээний үүргийг үргэлжлүүлж буйгаа хүлээн зөвшөөрч мэдэгдсэн үйл баримт юм. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 66 175 946 /жаран зургаан сая нэг зуун далан таван мянга есөн зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66 983 934 /жаран зургаан сая есөн зуун наян гурван мянга есөн зуун гучин дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.-д холбогдох 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч П.Б-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823 749.62 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490 467 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 488 829.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бy давж заалдах гомдолдоо: … Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж П.Б надаас 66 175 946 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би зээлдүүлэгч С Б-аас 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 47 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлсэн бөгөөд уг зээлийн төлбөрт 14 425 000 төгрөг, 22 831 ам.доллар төлсөн ба энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин нэхэмжлэлд дурдсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд заасан 48 190 ам.долларыг би зээлээгүй, мөнгийг бодитоор хүлээн аваагүй талаар нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй ба мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Түүнчлэн мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацааг дуусахаас өмнө анх байгуулсан хэлбэрээр сунгахаар зохицуулсан. Бидний хооронд байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хугацаа 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээг хуульд заасан журмын дагуу сунгаагүй. Энэ талаарх ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан гэж үзсэн.

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно. 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт "Үндэслэх" хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж заасан ба анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо энэ талаарх дүгнэлтийг шийдвэрт огт дурдаагүй.

Иймд дээрх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Б нь П.Б-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 133 159 880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Талуудын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2011/038 тоот зээлийн гэрээгээр 47 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар байгуулсан байна. /хх30/

 

            Дээрх зээлийн гэрээний хугацаанд хариуцагч П.Б нь 19 425 000 төгрөг, 22 831.44 ам.доллар төлсөн талаар талууд маргаагүй болно.

 

            Уг гэрээний хугацаа 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан бөгөөд гэрээний үүрэг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусчээ.

 

            Хэрэгт 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2011/038 тоот зээлийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сунгасан талаар бичгийн баримт байгаа боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацаа дууссаны дараа гэрээг сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй.

 

            Иймд уг зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч С.Б-ын 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл болон зээлийн хүүг нэхэмжлэх эрхгүй болно.

 

            Харин нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.Б-тай 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2014/004 тоот зээлийн гэрээгээр 48 190 ам.долларыг сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар байгуулсан боловч зээлийг бодитоор шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй.

 

            Иймд уг гэрээний үр дагавар үүсгэхгүй тул анхан шатны шүүх 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

 

            Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээний төлбөрт 133 159 880 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 979 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

      А.ОТГОНЦЭЦЭГ