Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/244

 

 

 

 

   2022             3               2                                       2022/ДШМ/244                                               

                                                                                         

Б.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

хохирогч Э.О,

иргэний нэхэмжлэгч Б.Т,  

шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Сд холбогдох 2111007590236 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.С,

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 10 цаг 40 минутын орчим “Lexus RX-450” маркийн 07-78 УНЭ улсын дугаартай автомашиныг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн замд жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Toyota Prius-30” маркийн 10-40 УАН улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар “Toyota Prius-30” маркийн 10-40 УАН улсын дугаартай автомашин нь эсрэг урсгалд өөдөөс явж байсан “Toyota Prius-20” маркийн 09-01 УБН улсын дугаартай автомашиныг мөргөсөн үйлдлийн улмаас зорчигч Э.Оын эрүүл мэндэд хүндэвтэр, “Toyota Prius-30” маркийн 10-40 УАН улсын дугаартай автомашины эзэмшигч Л.Ат 4.878.000 төгрөгийн, “Toyota Prius-20” маркийн 09-01 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Тад 4.043.800 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сос нийт 2.700.000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 7 дугаар байрны 18 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б.Т /РД:уд79031671/-д олгож, хохирогч Э.Оын цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хавтаст хэрэгт хавсаргаж ирсэн №838673 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Б.Сд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн хувьд болон оногдуулсан ял шийтгэлийн хувьд маргаагүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Тад 2.700.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 5-т заасан хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч Б.Тын машин түрээсэлсэн гэрээг үндэслэн 3 сарын машин түрээсийн төлбөр 2.700.000 төгрөгийг Б.Сос гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

1. Иргэний нэхэмжлэгч Б.Т нь 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр осол гарахад “Toyota prius-20” маркын 09-01 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд түүний автомашинд нийт 4.043.800 төгрөгийн хохирол учирсан. Иргэний нэхэмжлэгч Б.Тын автомашин нь бүрэн сүйрээгүй, засварлах боломжтой гэмтэл байсан болох нь хохирлын үнэлгээний байгууллага “Вендо” ХХК-ийн дүгнэлт, “Инко мастер” ХХК-ийн оношлогооны дүгнэлтээр тус тус тогтоогддог. /хх 65/

Улмаар Б.Т нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өөрийн автомашинаа А.Цэндсүрэн гэх хүнд худалдан борлуулсан байдаг. /хх 138/ Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгч нь автомашинаа өөрөө худалдан борлуулсан тул түүний автомашингүй хугацааны түрээсийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5-т Иргэний хуүлийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг тус тус баримталжээ. Гэтэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгө”-д учирсан хохирлыг арилгах талаар заажээ.

Шүүгдэгч Б.С нь иргэний нэхэмжлэгч Б.Тын автомашинд учирсан 4.043.800 төгрөгийн хохирлыг буюу эд хөрөнгийн хохирлыг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төлж барагдуулсан. /хх 165/

Харин автомашин түрээсэлсэн гэх зардал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан “эд хөрөнгийн хохирол”-д тооцогдохгүй бөгөөд хамааралгүй юм. Түүнчлэн шийтгэх тогтоолд заасан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг нь иргэний эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах тухай зохицуулалт байх тул автомашин түрээсэлсэн зардлыг хариуцах хууль зүйн үүрэг үүсгэхгүй юм.

Иймд ... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-т заасан “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сос 2.700.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Тад олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.О тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эдийн засгийн хүнд байдалд ороод автомашинаа сэлбэгэнд зарсан. Ажлаа хэвийн явуулах шаардлага гарсан учраас автомашины шаардлага бий болсон. Хүнээс автомашин гуйж үзсэн боловч олдоогүй учраас автомашин түрээсэлсэн. Өчигдөр автомашинтай болсон. 3 сар автомашин түрээсэлсэн нь гэмт хэргээс үүдсэн гэм хор гэж үзэж байна. Автомашины үнэ маш их өссөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохиролд зам тээврийн ослоос учирсан хохирол, түүнээс үүдэн гарсан хор уршиг тооцогдоно. Гэм буруутай этгээд нь хор уршгийг арилгах үүрэгтэй. Хохирлыг үнэлгээний дүнгээр төлсөн байдаг. Иргэний нэхэмжлэгч нь унааны зайлшгүй шаардлагаар автомашин түрээсэлсэн гэдэг нь тогтоогдсон. Үүнийг хор уршиг мөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээр уг асуудал хэлэлцэгдэхэд прокуророос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг баримтлан хохирол, гэм хорын асуудлыг арилгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад заасан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг зөвтгөн уг хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан уг хохирлыг гаргуулах нь зүйтэй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хохирогч Э.Оын “...1040 УАК дугаартай автомашин нь туслах замаас орж байсан Лексус маркийн 0778 УНЭ дугаартай автомашинтай мөргөлдсөнөөс эсрэг урсгалд явсан манай автомашиныг мөргөж осол гарсан. ...ахар сүүлний СО1, СО2 нугаламын баруун талыг дайрсан зөрүүгүй хугарал, цээж, мөр, гэдсэнд зөөлөн эдийн гэмтэл учирсан. ...” /хх 21/,

иргэний нэхэмжлэгч Б.Тын “...Яргайтын уулзвар өнгөрөөд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байтал зүүн урд талын уулзвар дээр “Lexus RX” маркийн автомашин зүүн гар тал руугаа дохио өгөөд ертөнцийн зүгээр урагш эргэх үйлдэл хийх үедээ миний эсрэг урсгалын 2 дугаар эгнээгээр чигээрээ хойш явж байсан “Toyota prius 30” маркийн автомашинтай мөргөлдөөд улмаар “Toyota prius 30” маркийн автомашин нь миний урсгал руу орж ирээд 1 дүгээр эгнээнд явж байсан миний машины зүүн урд талаас маш хүчтэй мөргөсөн. ...” /хх 27/,

иргэний нэхэмжлэгч Л.Аийн “...Тухайн өдөр осол болсны дараа аав над руу утсаар залгаж осол болсон талаар мэдсэн. Миний төрсөн дүү Л.О энэ машиныг анх миний нэр дээр худалдаж авсан. ...” /хх 34/,

гэрч Л.Огийн “...Яргайтын замд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр явж байтал миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас туслах замаар “Lexus RX-450” автомашин төв замын 2 дугаар эгнээ рүү орж ирээд миний автомашины баруун урд талын дугуй болон хаалга хэсэг рүү урд талаараа мөргөсөн. Тэгээд миний жолоодож явсан автомашин эсрэг урсгал руу шидэгдээд эсрэг урсгалд өөдөөс 1 дүгээр эгнээгээр ирж явсан машины зүүн урд тал руу зүүн урд талаараа мөргөсөн. ...” /хх 37/,

шүүгдэгч Б.Сын “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны туслах замаас төв зам руу орж, зүүн эргэхээр дохио өгөөд зогсож байгаад 1 дүгээр эгнээний машин надад зам тавьж өгөхөөр нь урагшилж 1 дүгээр эгнээгээ хааж зогсоод 2 дугаар эгнээ болон эсрэг замын урсгалыг хараад зогсох үед “Toyota prius 30” маркийн машин миний машины урд хэсгийг мөргөөд цааш эсрэг урсгалд орж “Toyota prius 20” маркийн машиныг мөргөсөн. ...” /хх 109/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6174 дугаартай шинжээчийн “...Э.Оын биед ахар сүүлний 1, 2 дугаар нугаламын хугарал, цээж, хэвлий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 51/ гэх дүгнэлт,

мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 172 дугаартай “...Жолооч Б.С нь “Lexus RX-450” маркийн 07-78 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Жолооч Л.О, Б.Т нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. ...” гэх магадлагаа /хх 95-96/,   

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-11/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 12, 13/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх 56-59, 76-78/, “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 65-69/ зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Сыг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 10 цаг 40 минутын орчим “Lexus RX-450” маркийн 07-78 УНЭ улсын дугаартай автомашиныг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн замд жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Toyota Prius-30” маркийн 10-40 УАН улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар “Toyota Prius-30” маркийн 10-40 УАН улсын дугаартай автомашин нь эсрэг урсгалд өөдөөс явж байсан “Toyota Prius-20” маркийн 09-01 УБН улсын дугаартай автомашиныг мөргөсөн үйлдлийн улмаас зорчигч Э.Оын эрүүл мэндэд хүндэвтэр, “Toyota Prius-30” маркийн 10-40 УАН улсын дугаартай автомашины эзэмшигч Л.Ат 4.878.000 төгрөгийн, “Toyota Prius-20” маркийн 09-01 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Тад 4.043.800 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, тогтоогдсон үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Сын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Оын эрүүл мэндэд хүндэвтэр, Л.Ат 4.878.000 төгрөгийн, Б.Тад 4.043.800 төгрөгийн тус тус хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ “...автомашин түрээсэлсэн гэх зардал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан “эд хөрөнгийн хохирол”-д тооцогдохгүй бөгөөд хамааралгүй юм. ... иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-т заасан “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сос 2.700.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Тад олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэм хор, хохирол, хор уршиг хэмээх ойлголтууд нь өөр өөр утгаар илэрхийлэгддэг бөгөөд эрх зүйн зөрчил бий болсон, түүний шууд болон шууд бус үр дагавраас үйлдэлтэй бий болдог.

Гэм хор нь хохирол, хор уршиг гэсэн ойлголтыг өөртөө багтаах бөгөөд хохирол гэмт хэрэг үйлдсэн, нэр төрд халдсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх зэрэг эрх зүйн зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд шууд учирсан үр дагавар байдаг бол хор уршиг нь хохирлын улмаас үүсэх үр дагаврыг хэлдэг.

Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх, мөн тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах тус тус үүрэгтэй талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж болдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүх хэрэг маргаан шийдвэрлэх үедээ хуульд заасан шийдвэрлэвэл зохих асуудлуудад дүгнэлт хийдэг бөгөөд, ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянадаг.

Хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1570 дугаартай түрээсийн гэрээ/хх 203/-ний 3.2-т “түрээслүүлэгч тал түрээслэгч талд нэг өдрийн 30.000 төгрөг буюу нэг сарын 900.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцов”, 3.2.1-т “төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 22-ны дотор ХААН банк 5028217111 тоот дансанд сар сараар төлнө” гэж заасан нөхцөл биелэгдсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгч Б.Т нь уг автомашины ослоос үүдэн бусдаас 1 жилийн хугацаагаар автомашин түрээслэхээр гэрээ байгуулсан байх боловч түрээсийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, түрээслүүлэгч нь мөнгө авсан талаар баримт, нотолгооны хувьд эргэлзээ бүхий байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Иймд, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-т “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сос 2.700.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Тад олгосугай” гэснийг хүчингүй болгов.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Т нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “автомашин түрээсэлсэн гэх зардал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан “эд хөрөнгийн хохирол”-д тооцогдохгүй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг нь иргэний эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах тухай зохицуулалт байх тул автомашин түрээсэлсэн зардлыг хариуцах хууль зүйн үүрэг үүсгэхгүй” гэсэн үндэслэлийг давж заалдах гомдолдоо заасан бөгөөд давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн энэ үндэслэлээр бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгосон тул гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/736 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Хохирогч Э.Оын цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэснийг “Хохирогч Э.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч Б.Т, Л.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР