Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 112/ШШ2023/0045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: .......... аймгийн ...........  сумын иргэн С.Р,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Д,

Хариуцагч: ........... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С,

Хариуцагч: ....... аймгийн ******* О.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Х нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийг шилжүүлэх захирамж, газар эзэмших гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч  ........... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь  ........ аймгийн *******,  ........ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан ...... аймгийн ....... сумын ......... багийн 192 м.кв бүхий газрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших гэрээ болон холбогдох материалын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх захирамж, газар эзэмших гэрчилгээ олгохыг даалгахаар маргаж байна.

2. Нэхэмжлэгч С.Р нь иргэн Л.О-н Улсын бүртгэлийн ............ дугаартай, Нэгж талбарын .......... дугаар бүхий ........... аймгийн .............. сумын .......... багийн 192 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ.

3. С.Р нь газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр .......... аймгийн *******т цахим хүсэлтийг, 2022 оны 06 дугаар сарын 07,  22-ны өдөр ......... аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад өргөдөл гаргасан боловч газар эзэмших эрхийг түүнд шилжүүлээгүй байна.

4. Иймд С.Р нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

5. Нэхэмжлэгч С.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ........ сумын иргэн С.Р миний бие иргэн Л.О-с 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу ...... аймгийн .......... сумын ......  баг, ........ тоот 98 м.кв талбайтай орон сууцыг ........ аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/408 тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын .............  дугаар бүхий ......... аймгийн ........... сумын ........ багт орон сууцны зориулалтаар олгогдсон 192 м.кв газрын хамт худалдан авсан. Орон сууцыг 48 сая төгрөгөөр, газар эзэмших эрхийг шилжүүлж авахдаа 2 сая төгрөг, нийт 50 сая төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Худалдан авснаас хойш тус хаягт гэр бүлийн хамт амьдарч байна.

......... аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/408 тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын ....... дугаар бүхий ....... аймгийн ....... сумын ........ багт орон сууцны зориулалтаар олгогдсон 192 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Л.О-с шилжүүлэн авч ....... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авах холбогдох материал, өргөдлийг гаргаж өгсөн боловч ямар ч хариу надад өгөхгүй байж байгаад ......... аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 408 дугаар албан тоотоор хүсэлтэд дурдсан газрын эрхийг шинээр болон шилжүүлэн олгох боломжгүй учир нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан гэсэн үндэслэлгүй татгалзсан хариу өгсөн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тал тайлбар гаргахдаа *******д удаа дараа нэхэмжлэгчийн хүсэлтийг явуулсан боловч одоог хүртэл шийдвэр гараагүй учир манай байгууллага газар эзэмших эрхийг шилжүүлж гэрчилгээ олгох боломжгүй гэсэн байна.

Газрын албан дээр очихоор ******* мэднэ, бид мэдэхгүй гэдэг. Өргөдөл өгөөд өргөдлийн хариугаа авъя гэхээр хариу өгдөггүй. Хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сард өгөх боломжгүй гэсэн бичиг өгсөн. Түүний дараа ******* руу орж уулзсан. 2021 оны 12 дугаар сарын 06-нд авсан газрын гэрчилгээ одоо хүртэл гарахгүй байна, та үүнийг шийдэж өгөөч гэхэд газрын даамал мэднэ. Д.А-р шийдүүл. Шийдэж өгөхгүй бол дараа дараагийнхаа арга хэмжээг авч өгөх газарт нь өг, би мэдэхгүй байна гэж хэлсэн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга намайг нэрээ өөрчлүүлээд ир гэсэн. С.Р гэдэг нэрийг өөрчлөөд ир гэсэнд нь гомдолтой байна. Иймд ......  аймгийн *******д .......... аймгийн ....... сумын ........ багийн 192 м.кв бүхий газрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших гэрээ болон холбогдох материалын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх захирамж гаргахыг даалгах, ......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тухайн газрын эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ...... аймгийн ******* болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг хариуцагчаар татсан. ....... аймгийн ......... сумын .......... багийн 192 м.кв бүхий газрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн газар эзэмших гэрээ байгуулж Л.О-с авсан. Тухайн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж, газар дээр амьдарч байгаа. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар Л.О-н хувьд газар эзэмших эрхээ шилжүүлэх эрхтэй. Үүний дагуу иргэн С.Р-д эрхээ шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу холбогдох материалаа бүрдүүлж *******т өгсөн боловч ямар ч хариу өгөхгүй байсаар 07 дугаар сарын 21-ний өдөр тухайн маргаан бүхий газар хот төлөвлөлтийн газарт хамаарч байгаа учраас газар эзэмших эрх олгох боломжгүй гэсэн агуулга бүхий албан тоотыг иргэн С.Р-д өгсөн. Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Тухайн газрыг С.Р нь эзэмшиж байгаа. *******т удаа дараа очиж уулзаж, хандсан боловч тодорхой хариу өгдөггүй. Одоогоор хариуцагч ******* нь манайх *******д холбогдох баримтыг өгсөн гэж байгаа. Нэхэмжлэгч шүүхэд ирэх хүртэл тухайн асуудал ямар шатандаа явж байгаа талаар иргэн хүний хувьд мэдэх боломжгүй, мэдээлэлгүй байсан. ******* тухайн газрыг олгохоос татгалзсан хариу өгсөн гэж ойлгож байна. Өнөөдөр тайлбар хэлэхдээ тухайн үед хот төлөвлөлтийн ажил явагдаж бүх хүмүүст олгох боломжгүй байсан гэж байгаа боловч тухайн бичигт дурдсан агуулга нь танайх хот төлөвлөлтийн газарт хамаарч байх тул олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас манайх татгалзах зүйлгүй, холбогдох баримтаа *******д өгсөн гэж байна. Энэ хүний хувьд ******* О.А-тай биечлэн очиж уулзахад *******тайгаа харьц, тэр хүмүүс шийдвэр гаргахгүй бол дараа дараагийн шатандаа ханд гэсэн байдаг. ******* захирамж гаргахгүй байгаа үйл баримт харагдаж байна. Ингээд Газрын тухай хуулийн 38.3-т зааснаар ******* газар эзэмших эрх шилжүүлэх болон холбогдох бусад материалыг үндэслээд хариу шийдвэр захирамж гаргах ёстой байсан. Гэтэл *******ас татгалзсан талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар ******* захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдож байна. Энэ нь С.Р-н ашиг сонирхлыг зөрчиж байх тул захиргааны акт гаргахгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээний дагуу энэ хүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаар ........... аймгийн Засаг даргын Тамгын газар татагдсан боловч ямар нэгэн тайлбар гаргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2.1-т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн тайлбараа гаргаж өгөх, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хэргийн оролцогч тайлбар үндэслэлээ нотолсон нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Тэгэхээр яагаад захиргааны акт гаргахгүй байгаа талаар тайлбараа гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгохоор байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг удирдлага болгон иргэн С.Р-д ......... сумын ....... багийн 192 м.кв бүхий газар эзэмших эрхийг олгох захирамж гаргахыг .......... аймгийн *******д даалгаж, .......... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .......... аймгийн ******* Р.Ц-н 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 151 дугаар захирамжаар иргэн С.В-д ахуйн зориулалтаар 385 м.кв газрыг олгосон. Тухайн иргэний хүсэлтээр уг газрыг 2017 оны 11 сарын 10-ны өдрийн А/408 дугаар захирамжаар Л.О, нэхэмжлэгч С.Р-н нөхөр болох К.Е нарт 192 м.кв-аар 2 хуваан газар эзэмших эрхийг шилжүүлж газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн.

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Л.О нь газар эзэмших эрхээ иргэн С.Р-д шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшигчийн эрхийн хүрээнд тухайн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт захирамжийн төсөл, бусад холбогдох бичиг баримтуудыг хүргүүлсэн. Үүнээс хойш гарсан захирамжаас иргэн С.Р-н нэр хасагдаж гарч ирсэн.

Нэхэмжлэгч С.Р нь тус газарт 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эрх шилжүүлэх газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх тухай хүсэлтээ дахин ирүүлсэн. Уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр............ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 479 дугаартай албан тоотоор хүргүүлсэн. Үүнээс хойш одоог хүртэл С.Р-тэй холбоотой захирамж, албан бичиг манай байгууллагад ирүүлээгүй байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж заасан. Иймд нэхэмжлэгч С.Р болон Л.О-н хүсэлтийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас тодорхой шийдвэр гараагүй учраас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газар эзэмших эрхийг шилжүүлж, газар эзэмших гэрчилгээ олгох боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

............. сумын иргэн С.Р нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ........ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан тус аймгийн ......... сумын ....... багийн 192 м.кв газрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших гэрээ болон холбогдох материалын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлж, газар эзэмших гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ...... аймгийн *******д холбогдуулан тус аймгийн ....... сумын ......... багийн 192 м.кв газрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших гэрээ болон холбогдох материалын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх захирамж гаргахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

1. Шүүх хуралдааны ирцийн талаар:

Хариуцагч ........... аймгийн ******* 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/1498 дугаар албан бичгээр Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.З-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон боловч 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/1554 дугаар алба тоотоор итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-с татгалзаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Л.Х-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тул хуульд заасан нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагаа хийсэн.

2. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааныг товлон зарласан боловч хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х хүрэлцэн ирээгүй тул ирээгүй оролцогчийг шүүх хуралдаан оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Анх аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 151 дүгээр захирамжаар иргэн С.В-д НААҮ-ны байрны баруун талд байрлалтай 385 м.кв газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд тус газраас 192 м.кв газрыг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Л.О-д шилжүүлсэн болох нь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/408 дугаар захирамж, захирамжийн 6 дугаар хавсралт Л.О-н эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг,  2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №............. дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ........... дугаар  гэрчилгээтэй .......... нэгж талбар газрыг эзэмшиж байгаа тогтоогдож байна.

5. Иргэн Л.О өөрийн эзэмшилд байгаа хүчин төгөлдөр гэрчилгээтэй тус аймгийн .......... сумын ..........багийн 192 м.кв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч С.Р-д шилжүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр .... бүртгэлийн дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай 98 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан иргэн Л.О-с С.Р худалдан авсан байгаа нь хавтаст хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байна. 

6. Нэхэмжлэгч С.Р тус аймгийн ....... сумын ..........багийн 192 м.кв газрыг иргэн Л.О-той байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар гэрээ болон холбогдох материалыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2021 оны 12 дугаар сарын 08-нд цахимаар, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргасны дагуу аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 479 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэст “..Л.О өөрийн эзэмшлийн ....... нэгж талбар газрыг иргэн С.Р-д шилжүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг үндэслэн шийдвэрлэж өнгө үү. Газар эзэмших гэрээг дүгнэн, шийдвэрийн төслийн холбогдох баримтын хамт хүрүүлэв” гэсэн албан бичгийг газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийн төслийн хамт хүргүүлж байсан нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байгаа боловч тухайн асуудлыг шийдвэрлээгүй байна.

 7.Нэхэмжлэгч С.Р дахин Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2023 оны 06 дугаар сарын 22-нд “...байрныхаа газрын гэрчилгээг гаргуулахаар 2 жил хөөцөлдөөд одоог хүртэл шийдэж өгөөгүй. Миний энэхүү байдлыг харгалзан үзэж байрны маань газрын гэрчилгээг шийдэж өгнө үү. Бид байр цалингийн зээлтэй учир банкнаас өдөр бүр залгаж гэрчилгээ гаргуулахыг нэхэж байна” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргасан. Аймгийн ******* нь иргэн С.Р-н гаргасан өргөдөлд хариу ирүүлээгүй боловч 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 408 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст “Аймгийн *******, Засгийн газрын 1111 төвд ирүүлсэн өргөдлийг судлан үзээд дараах хариуг хүргүүлж байна ...иргэн ... С.Р-н хүсэлтэд дурдагдсан байршилд газрын эрх шинээр болон шилжүүлэн олгох боломжгүй байна. Учир нь Барилга хот байгуулалтын яамны захиалгаар .......... аймгийн төв “............ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” ажлыг “Н” ХХК гүйцэтгэж байна. Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 24.2-д зааснаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг түр зогсоосон тул газрын эрх шилжүүлэх боломжгүй байна” гэх хариуг хүргүүлжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 408 дугаар албан бичгийн талаар шүүх хуралдаанд “Тухайн үе аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байхад тэр хугацаанд газар эзэмших, эрх шилжүүлэх, барьцаанд өгөхийг агентлагаас түр хугацаагаар зогсоосон байсан ...одоо өгч байгаа” гэж тайлбараас үзэхэд маргаан бүхий газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан газар гэж үзэхгүй бөгөөд 2024 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж байх үед газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байсан байна.

9. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т  “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг хавсарган ирүүлнэ” гэж заасан.

10. Харин хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны ******* хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”,  38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” нөхцөл байдлыг шалгаад хуулийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны ******* шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж зааснаар шийдвэр гаргахаар байна.

11. Нэхэмжлэгчийн тухайд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдэл, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газрын гэрчилгээ зэрэг  холбогдох баримтыг бүрдүүлэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2021 оны 12 дугаар сарын 08, 2022 оны 06 дугаар сарын 07,  2023 оны 06 дугаар сарын 22-нд удаа дараа хүсэлт гаргаж байсан, харин аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас С.Р-д газар эзэмших эрх шилжүүлэх талаар захирамжийн төсөл болон бусад материалуудтай хамт 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар хүргүүлсэн боловч захирамжаас иргэн С.Р-н нэр хасагдсан. Дахин 2022 оны 06 дугаар сард иргэн С.Р хүсэлт гаргасны дагуу Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст албан бичиг захирамжийн төсөл хүргүүлсэн байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-н шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

12. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлж, тус газраас иргэн С.Р-н хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 14, 2022 оны 06 дугаар сарын 07-нд захирамжийн төслийг боловсруулан хүргүүлсэн боловч аймгийн ******* тухайн хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэх, актыг гаргахаас үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3. 38.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

13. Иймд иргэн С.Р-н газрын эрх эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, .......... сумын ..........багийн 192 м.кв бүхий газрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох материалын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх акт гаргахыг аймгийн *******д, тухайн акттай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч  С.Р-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ........ аймгийн .......... сумын ..........багийн 192 м.кв бүхий газрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон холбогдох материалын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх акт гаргахыг аймгийн *******д, тухайн акттай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалттын газрын даргад тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн *******ас 35100, хариуцагч аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ