| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/02203/И |
| Дугаар | 181/ШШ2024/01603 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/01603
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2024/01603 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хүсэлтээр 1985 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 39 настай, У.М /РД:-/-ыг албадан эмчлэх газарт явуулахыг хүссэн хүсэлтийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,
Гуравдагч этгээд: У.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас У.Мыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд оршин суугч У.М нь ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Гэр бүлийн хүчирхийллээр 3 удаа баривчлагдаж, 15 удаа эрүүлжүүлэгдэж байсан. Байнга бүлэг бөөгнөрөл үүсгэж, хорооны иргэн Б-тэй нийлж архи ууж тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, байнга согтуу явдаг. Түүний архины хамааралтай болох нь эмнэлгийн байгууллагын магадлагаар тогтоогдсон, хорооны нийгмийн ажилтнууд архины эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан тул архины албадан эмчилгээнд явуулах саналтай байна гэв.
2.Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэлэх зүйл байхгүй. Архи ууснаа хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын У.Мыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар нь У.Мыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус Цагдаагийн газар нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-т зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
Гуравдагч этгээд У.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архи согтууруулах ундаа байнга хэрэглэж агсам согтуу тавьдаг, бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг, F10.3 буюу архинд согтуурах донтой болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, холбогдогчоос авсан мэдүүлэг, Д.М, О.Т, Г.Г нарын итгэх хуудас, гэрч Б.А-ийн мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагаа, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд У.М нь архинд донтох эмгэгтэй болох нь Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан У.М /РД:-/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар У.М /РД:-/-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар У.М /РД:-/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ