| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00353/И |
| Дугаар | 138/ШШ2024/00368 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2024/00368
| 2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 138/ШШ2024/00368 | Дорнод аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт өөрийн байранд байрлах, 9030786 регистрийн дугаартай, Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багт оршин суух, ЖМ85113096 регистрийн дугаартай, Хатагин овогт Намхайн Ган-Эрдэнэд холбогдох,
“Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 1 071 500 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн “******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Цахиурт гэх газарт сайжруулсан шороон замаар 58-59 ДОА улсын дугаартай, Тоёота ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж зорчигч Ч.Чулуунбат, Д.Оюунтунгалаг нарын амь насыг хохироосон”-ны улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. 58-59 ДОА улсын дугаартай Тоёота ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч Дорнод аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төв, Дорнод аймаг дахь Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг авсан байх ба үүнд зарцуулсан 1 071 500 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд *******эс 1 071 500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* /утас:89400700/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Прокурорын газраас нэхэмжилсэн 1 071 500 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******д холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 071 500 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 071 500 төгрөгийг “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан” талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 071 500 /нэг сая далан нэгэн мянга таван зуу/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 15 133 төгрөгийг /1 071 500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 266 төгрөгийн 50 хувь/ гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА