Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/785

 

 

 

 

      2021         9               1                                        2021/ДШМ/785

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Азжаргал,

хохирогч Д.Аын өмгөөлөгч О.Одхүү,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/453 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бт холбогдох эрүүгийн 2011015101150 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1098 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн;

 

Шүүгдэгч Б.Б нь:

1. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Манлайбаатартай танилцаж, түүнд өөрийгөө “Оюу толгой" компанийн аж ахуйн албанд ажилладаг гэж итгүүлэн түүнийг “Оюу-толгойд ажилд оруулж өгнө, найзын төрсөн өдөр болоод байна, мөнгө хэрэг болоод байна, Оюу-толгой руу дизель мотор авч явуулах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Б.Манлайбаатараас 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын талбайн орчимд явж байхдаа 500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн 5026434830 дугаарын Хаан банкны дансаар,

2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 100.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури захын орчимд бэлнээр,

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн дэргэд байхдаа шилжүүлснийг өөрийн 5026434830 дугаарын Хаан банкны дансаар тус тус авч, нийт 4.6000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Хохирогч М.Вийг “...“Оюу толгой”-д ажилд оруулна, хахуульд нь 400.000 төгрөгийг чиний өмнөөс шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас М.Вөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Нисдэг машин худалдааны төвийн АТМ-ээс 600.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн 5026434830 дугаарын Хаан банкны дансаар авсан,

3. Хохирогч З.Гыг “...“Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас З.Гаас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 400.000 төгрөг, мөн эхнэрийнхээ данснаас тухайн өдрөө 80.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5026434830 дугаарын дансаар, нийт 480.000 төгрөгийг авсан,

4. Хохирогч Б.Аг “...“Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, хэн нэгэнтэй утсаар ярьж тохирч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Б.Агаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг дэнж худалдааны төвийн АТМ-ээс 300.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5026434830 дугаарын дансаар авсан,

5. Хохирогч Г.Зийг “...“Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Г.Зоос 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Оргил худалдааны төвийн АТМ-ээс 100.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5026434830 дугаартай дансаар авсан,

6. Хохирогч А.Ад “фургон автомашин зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас А.Агаас 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-1 тоотод байхдаа машины урьдчилгаа мөнгө гэж 1.200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5026434830 дугаарын дансаар авсан,

7. Хохирогч О.Дыг “ажилд оруулж өгнө, 1.900.000 төгрөгийн үнэтэй мотоциклыг 1.000.000 төгрөгөөр хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас О.Даас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байрны 82 тоотоос интернэт банкаар шилжүүлснийг өөрийн 5026434830 дугаарын дансаар авч, нийт 1.3000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Хохирогч Д.Ат “Баянхонгор аймгаас 500 ямаа худалдан авч байгаа, 2 хоногийн дараа мөнгийг чинь шилжүүлэн өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Д.Ааас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын циркийн талбай дээр байхдаа 5.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5026434830 дугаарын дансаар авсан,

9. Хохирогч Б.Быг “...“Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Б.Баас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5а байрны гаднаас интернэт банкаар шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5026434830 дугаарын дансаар авч, нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Хохирогч Ц.Гд “Хятадаас зураг, бичдэг камер оруулж ирэн зарж байгаа юм, зургийн камераа Монгол руу оруулж ирэх гэсэн чинь зардлын мөнгөгүй болчихоод байна, тэр барааг ирэхээр нь зараад ашгаас нь хуваана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Ц.Гаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас 1.100.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5026434830 дугаарын дансаар авсан,

11. Хохирогч Б.Пыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Б.Поос 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар төв эмнэлгийн АМТ-ээс 300.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5026434830 дугаартай дансаар авсан,

12. Хохирогч С.Гыг “Дундговь аймгаас үхрийн мах, айраг зэргийг хямдхан оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас С.Галтбаяраас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 325.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн орчимд явж байхдаа 50.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5026434830 дугаартай дансаар авч, нийт 875.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Хохирогч А.Ат “2 ширхэг мотоцикл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас А.Ааас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосон цэнгэл сумын Хаан банкнаас 2.500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн найз Н.Даваахүүгийн Хаан банкны 5016513827 дугаартай дансаар авч, нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 19.855.000 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Бт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 215 хоногтой болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Баас нийт 19.855.000 /арван есөн сая найман зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Манлайбаатарт 4.600.000 төгрөг, хохирогч М.Вт 600.000 төгрөг, хохирогч З.Гад 480.000 төгрөг, хохирогч Б.Ад 300.000 төгрөг, хохирогч Г.Зтод 100.000 төгрөг, хохирогч А.Ад 1.200.000 төгрөг, хохирогч О.Дд 1.300.000 төгрөг, хохирогч Д.Ат 5.000.000 төгрөг, хохирогч Б.Бт 1.500.000 төгрөг, хохирогч Ц.Гд 1.100.000 төгрөг, хохирогч Б.Пт 300.000 төгрөг, хохирогч С.Галтбаярт 875.000 төгрөг, хохирогч А.Анхбаярт 2.500.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон 215 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндэдсэн, мөрдөн шалгах ажиллагаа дутуу, яллах талыг хэт барьсан, нотолбол зохих байдлыг огт шалгаагүй зэрэг зүйлүүд дээр маргаж, дараах тайлбар хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

1. 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр прокурор М.Энхбаатар нь намайг шалгагдах явцад архи уугаад алга болдог гэж ор үндэслэлгүй гүтгэсэн. Миний бие нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс шалгагдан цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байгаад 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр анхан шатны шүүхээр орж ял шийтгүүлсэн.

2. 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ямар үндэслэл, ямар шалтгаан дээр хэний гаргасан хүсэлтийн дагуу хийж байгааг огт мэдээгүй. Миний өмгөөлөгч О.Анхбаяр ямар үндэслэл гаргаж хэлэлцүүлэг зарлах хүсэлт гаргасан зэрэгтэй танилцалгүй ирсэн байдал нь прокурор М.Энхбаатар нь анхан шатны шүүхийн шүүгч болон өмгөөлөгч, яллагдагч, хуулийг үл тоож яллах талыг барьж байгаагийн бас нэг илрэл юм.

3. Надад холбогдох хэрэгт миний ажил хийж байсан тухай болон зан байдал зэрэгт ямар ч гэрчийн мэдүүлэг аваагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй.

4. Хэрэг бүртгэлт нээж прокурор, шүүхийн шатанд очих хүртэл мөрдөгч, дэслэгч Мария нь нотолбол зохих байдлыг огт шалгаагүй.

5. Б.Б намайг ажил хөдөлмөр эрхэлж байсан гэдгийг үгүйсгэж байсан шалтгаан нь “Хас авдар” ХХК-д ажиллаж байсан ч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төлөөгүй ч хамт ажиллаж байсан хүмүүс болон ажил хийж гүйцэтгэж байсан газрууд зэргээс гэрч болон бусад нотолбол зохих байдлуудыг мөн авч үзээгүй, “Хас авдар” ХХК-д ажиллаж байсан гэх тодорхойлолтыг нотлох баримт гэж үзээгүй.

6. Махны бизнес хийж байхад 2019 оны оноос хойш сар бүр тогтмол өрхийн хэрэгцээндээ мах авдаг байсан хүмүүсийг огт судлаж үзээгүй, нотолбол зохих байдлыг мөн шалгаагүй. Яллах талыг барьж, эрх зүйн байдлыг дордуулсан.

7. Намайг бусдаас авсан мөнгөөрөө 2018 оноос хойш амьдарч байсан гэж үзэж буруутгаж ялласан. Гэтэл нотолсон нэг ч үг өгүүлбэр, нотлох баримт байхгүй.

Миний бие бусдаас авсан мөнгөө өөрт зарцуулсан зүйл огт байхгүй ба мөрдөгч, прокурор нараас байгаа гэж үзэж байгаа боловч бас л нотолбол зохих байдлыг огт шалгаагүй, яллах талыг барьж хувийн байдлаар хандсан.

8. Хохирогч Амарбаясгаланд холбогдох хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн болгож, 2020 оны үйлдлийн тоог нэмж шүүхэд танилцуулсан. Уг үйлдэл нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болсон.

9. Мөрдөгч, дэслэгч Мария болон прокурор М.Энхбаатар нар нь яллах талыг хэт барьж мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж, ... хувийн амбицаар хандсан эл үйлдэл нь хууль ёс, хүний эрхийг зөрчиж байна.

Иймд мөрдөгч, прокурор нар нь хуулийг буруу ашиглаж, яллах талыг хэт барьсан, хуулийг үл хүндэлсэн, зүйлчлэл хүндэдсэн, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Шийтгэх тогтоолын 22 дугаар нүүрт “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь шүүгдэгч нэг төрлийн гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, тодруулбал, залилах гэмт хэргийг тодорхой хугацаанд олон удаагийн давтамжтайгаар бусдын эд зүйлийг шунахайн сэдэлтэйгээр өөрийн болгож, бусдад хохирол учруулж үйлдсэн байдаг онцлогтой.” гэжээ.

Дээрх хууль зүйн дүгнэлтээс харахад анхан шатны шүүх гэмт этгээдийн гэмт хэргийг хэдэн удаа үйлдсэн тоонд анхаарал хандуулж байна. Бас өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон байх нь Б.Бын үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх гол үндэслэл байжээ хэмээн ойлгогдохоор байна.

Гэтэл хавтаст хэрэгт Б.Бын бусдыг залилж олсон мөнгө нь түүний амжиргааны гол эх сурвалж болсон гэдгийг нотолсон баримт байдаггүй, ядаж түүний ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын газрын хамт олноос гэрчийн мэдүүлэг авах замаар Б.Бын амьдралын хэв маяг, амьжиргааных нь гол эх сурвалж нь ямар орлогоос хэрхэн бүрдэж байсныг тогтоох гэсэн ямар ч ажиллагаа хийгдээгүй байдаг.

Б.Бын хувийн байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохдоо төрийн хэдэн байгууллагаас иргэний бүртгэл, тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө, банкны дансны лавлагаа зэргийг авах байдлаар тогтоосон. Эдгээр лавлагааны баримтууд Б.Б нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хангалттай, бүрэн дүүрэн тогтоосон баримтууд болохгүй юм.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанд илүүтэй ач холбогдол өгсөн байдаг. Гэтэл дээрх нийгмийн даатгалын лавлагаа эсрэгээрээ Б.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс авдаг байсныг нотолж байна. Өөрөөр хэлбэл, Б.Бын бусдыг залилж авсан мөнгө нь түүний цорын ганц орлогын гол эх сурвалж байгаагүй гэсэн үг юм.

Мөн 2020 онд Б.Б нь “Хас авдар” ХХК-д ажиллаж байсан талаарх нөхцөл байдлыг мөрдөгч, прокурорын зүгээс хангалттай сайн шалгаж тогтоогоогүй.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Тамжид нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Быг ажил дээрээс нь буюу “Хас авдар” ХХК-ийн байран дээрээс саатуулан авч явж, тухайн өдрөө гэрчээр мэдүүлэг авахад эрхэлсэн ажил гэдэг хэсэгт “Хас авдар” ХХК-д ажилладаг хэмээн тэмдэглэгдсэн байна. /2хх 48/

Мөрдөгч Т.Тамжид нь Б.Баас мэдүүлэг авсныхаа дараа тухайн өдрөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч И.Марияд Б.Быг шилжүүлэн өгсөн байдаг.

Шүүгдэгч Б.Б хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд улсын өмгөөлөгчтэй байсан бөгөөд уг өмгөөлөгч нь Б.Быг баривчлагдан саатуулагдах хүртлээ ажил хөдөлмөр эрхэлж байсныг нь мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргах замаар тогтоолгох боломжтой байсаар атал хүсэлт, гомдол гаргалгүй байсаар хугацаа алдаж, хэрэг шүүхэд шилжсэн байна. Ингэснээр Б.Быг цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтууд хэрэгт авагдаагүй өнгөрсөн байдаг. Үнэндээ өмгөөлөгчийн хүсэлттэй, хүсэлтгүй мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдал болоод хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нэгэн зэрэг эргэлзээгүй тогтоож байх үүрэгтэй. Гэтэл энэ хэргийн тухайд мөрдөгч, прокурор нь Б.Бын хөнгөрүүлэх талын нотлох баримтыг огт цуглуулалгүй шүүгдэгчийн шударгаар шүүгдэх эрхийг зөрчсөн байдаг.

Өмгөөлөгч миний бие, Б.Бт шүүхийн шатнаас өмгөөллийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд шүүгдэгчтэй цагдан хорих байранд анх уулзахад Б.Б нь цагдан хоригдох хүртлээ “Хас авдар” ХХК-д ажиллаж байснаа хэлсэн бөгөөд үүнийх нь дагуу тухайн байгууллагаас лавлагаа авахад энэ нь үнэн байсан. Энэ нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байгаа талаар шүүх хуралдаан дээр өмгөөлөх талаас хэлээд байхад анхан шатны шүүх зүйлчлэл өөрчлөгдөж болзошгүй энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, 2020 оны 3 дугаар сараас 12 дугаар хүртэл хугацаанд Б.Б цалинтай, орлоготой байсан гэсэн үг юм. Энэ нь хохирогч нараас авсан мөнгө, түүний орлогын гол эх сурвалж болж байх ёстой, бас амин зуулга, амьжиргаагаа залгуулдаг байх ёстой гэсэн хуулийн хүндрүүлэх шинжийг бүрэн үгүйсгэж байгаа хэрэг юм.

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 34 дүгээр талд Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчид сэжигтнээр байцаагдсан тэмдэглэл байх бөгөөд уг тэмдэглэлийн биеийн байцаалт хэсэг дээр Б.Б нь өөрийгөө “Хас авдар” ХХК-д туслах ажилтан хийдэг” хэмээн мэдүүлсэн байна. Бас 1 дүгээр хавтасны 36 дугаар талд Б.Б нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мөн л өөрийгөө “Хас авдар” ХХК-д ажилладаг гэж хэлж байжээ. Шүүгдэгч өөрийгөө ажил эрхэлдэг гэж мэдүүлсээр байхад энэ талаар шалгаагүй байгаа нь мөрдөгч, прокурорын зүгээс хэргийн бодит үнэнийг тогтоох, нотолбол зохих байдал буюу хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулиар хүлээсэн үүргээ умартсаныг харуулж байна.

Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийг хүндрүүлэхдээ “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж бичсэн байдаг. Ингэхдээ байнга үйлдэх, эх үүсвэр болгох гэдэг хоёр ойлголтыг дунд нь таслалгүй бичсэн. Энэ бол, энэхүү хүндрүүлэх шинж нь харилцан хамаарал бүхий хоёр ойлголтоос бүрдэх нэг цогц ойлголт гэсэн утга юм.

Гэтэл анхан шатны шүүх байнга үйлдсэн гэдэг ойлголтод илүү анхаарал хандуулж, үүнийгээ 3 буюу түүнээс дээш хэмээн ойлгож байна. Харин амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголт бол зөвхөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо амжиргаагаа залгуулж байхыг ойлгохоос гадна дээд шүүхийн тайлбараас харахад гэмт этгээд амар хялбараар амьдрах гэсэн шунахайн сэдэл бүхий хувийн байдалтай, бусдыг залилдаг байдал нь бүр гэмт зан үйлийн шинжтэй амьдралын хэв маяг болсон байхаар байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт этгээдийн хувийн байдлыг сайтар тогтоох шаардлагатай гэсэн үг юм. Гэтэл энэ хэрэг дээр Б.Бын амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдалтай гэдгийг тогтоосон зүйл юу ч байдаггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

Б.Бт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн болох талаар нийт 5 багц асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтэд нэг бүрчлэн дурьдан бичиж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн байдаг.

Үүнд:

1.   Нэгдүгээр хавтаст хэргийн 122-125, 188-189, 250 дугаар хуудсанд,

Хоёрдугаар хавтаст хэргийн 39, 99 дүгээр хуудсанд,

Гуравдугаар хавтаст хэргийн 198-200 дугаар хуудсанд,

Дөрөвдүгээр хавтаст хэргийн 28-32 хуудсанд тус тус байх нотлох баримтуудын зарим нь хуулбар хувь байх бөгөөд бас эдгээр нотлох баримтуудыг хэн, хэзээ, хаанаас, хэрхэн хураан авсан тухай тэмдэглэл огт байхгүй байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хүулбарлан авна.” гэж,

16.10 дугаар зүйлд “Нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шийдвэрлэх гээд 1-т Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Нэгдүгээр хавтаст хэргийн 127-132 дугаар хуудсанд байх таньж олуулах ажиллагааны тэмдэглэлтэй танилцахад мөрдөгч нь яагаад зургаар таньж олуулах ажиллагааг явуулах болсон шалтгаан тодорхойгүй байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар бол таньж олуулах ажиллагааг заавал биечлэн явуулах ёстой бөгөөд гуравхан тохиолдолд биечлэн явуулахгүй байж болохоор заасан. Гэвч хуульд заасан гурван төрлийн нөхцөл байдал үүсээгүй байхад мөрдөгч нь зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн байна. Энэхүү хууль зөрчсөн таньж олуулах ажиллагааны үр дүнг прокурор яллахдаа ашиглаж байгаад гомдолтой байна.

3. Нэгдүгээр хавтаст хэргийн 15, 133, 190-191 дугаар хуудсанд Б.Манлайбаатар, М.В, З.Г,

Хоёрдугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудсанд Г.З,

Гуравдугаар хавтаст хэргийн 59 дугаар хуудсанд Д.А,

Дөрөвдүгээр хавтаст хэргийн 212 дугаар хуудсанд С.Галтбаяр нарыг хохирогчоор тогтоосон байх бөгөөд эдгээр оролцогч нар яллагдагчаас хохирлоо буцаан нэхэмжилсэн мэдүүлэг өгсөөр байхад нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хун, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасан байдаг. Дээрх заалтаас дүгнэвэл хохирсон этгээд хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардлага гаргасан тохиолдолд түүнийг иргэний нэхэмжлэгч хэмээн үзэж, хохирол төлүүлэх эрхийг нь хангах үүднээс иргэний нэхэмжлэгчээр тогтоох ёстой байтал энэхүү эрхийг нь эдлүүлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлж хууль зөрчсөн байна.

4. Хоёрдугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлийн нүүрний доод хэсэгт үзлэгт оролцсон хүмүүсээр гарын үсгийг нь зуруулаагүй.

Гуравдугаар хавтаст хэргийн 207-208 дугаар хуудсанд байх Б.Баас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийн нүүрний доод хэсэгт гарын үсэг зуруулаагүй. Дөрөвдүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд Ц.Гыг хохирогчоор тогтоосон тэмдэглэлийн нүүрний доод хэсэгт гарын үсэг зуруулаагүй.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хун хуудасны нүүр түс бүрд гарын үсэг зурна.” гэснийг зөрчсөн байна.

5. Гуравдугаар хавтаст хэргийн 160, 165, 168, 172 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлтэй танилцахад хохирогч З.Г, Г.Зт, А.А, н.Довжиннамжил нарт хэргийн материал танилцуулаагүй.

Тавдугаар хавтаст хэргийн 96-131 хүртэл хуудсанд мөрдөгч нь мөн л хохирогч нарт хэргийн материал огт танилцуулалгүй хэргийг прокурорт шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийг бүхэлд нь уншиж судлахад хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулахгүй байж болох заалт огт байхгүй байна. Харин ч эсрэгээрээ хэргийн материалыг оролцогч нарт заавал танилцуулж байх хуулийн хатуу шаардлага уг зүйлээс илт ажиглагддаг. Учир нь, 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж заасан байна. Дээрх хэсгийг дүгнэвэл хохирогч нарт танилцуулаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих, улмаар нотлох баримтаас хасуулах, шүүх уг баримтыг шинжлэн судлах боломжгүй байдалд хүргэх зэргээр эрх зүйн ноцтой үр дагавар үүсгэх бүрэн боломжтой нь харагдаж байна. Хуулийн шаардлага ийм өндөр болсон байхад мөрдөгч нь энэхүү залилах гэмт хэргийн ихэнх үйлдлүүдийг ердөө хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга төдийхнөөр нотолчихоод дээрх цугларсан баримтуудаа хохирогч нарт танилцуулаагүй нь туйлын болчимгүй, хууль зөрчсөн үйлдэл юм.

Гэтэл анхан шатны шүүхээс хууль зөрчигдсөн талаарх дээрх 5 багц асуудлыг анхаарч үзээгүй бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Бын эрхийг ноцтой зөрчиж байна. Дээрх бүгдээс дүгнэхэд Б.Бын гэмт үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Аын өмгөөлөгч О.Одхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдааны үеэр зөвхөн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирлыг төлөхөөр шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлыг төлөөгүй. Байнгын худлаа ярьдаг. Маш олон жил болж байхад нэг ч хүний хохирлыг барагдуулаагүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтмол оролцож байгаа. Хохирлоос хэсэгчлэн төлсөн ч гэсэн эх зүйн байдал нь дээрдэх талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарт хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсанаар гэм буруугийн талаар маргахгүй гэсэн байна. Одоо гэм буруугийн талаар ярьж байгаа нь ач холбогдолгүй. Гэмт хэргийн зүйлчлэл тохирсон. Д.Аын хувьд олон жил хохирч байгаа. Урьд танилцсан итгэлийг ашиглаад залилсан. Д.Аын хувьд хохирол, гомдолтой үүнийг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа.” гэв.

 

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. Үргэлжилсэн үйлдлээр нийт 13 иргэнээс 19.855.000 төгрөгийг өөртөө залилан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгон ашигласан, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бусаар өөрийн болгож амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж үүнийгээ амьдралынхаа эх үүсвэр болгосон нөхцөл байдал тогтоогдсон учраас хэргийн зүйлчлэл тохирсон. Иймд хэргийн зүйлчлэл өөрчлүүлэх талаар гаргасан тайлбар үндэслэлгүй. Хохирогч нараас авсан мөнгөө хувийн хэрэгцээнд зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Ажил хөдөлмөр эрхэлдэг байсан боловч хохирогч нарын хохирлыг төлөх арга хэмжээ аваагүй, төлөх санаа зорилго байхгүй. Төрсөн эцгээс нь мэдүүлэг авахад өмнө нь залилангийн гэмт хэрэгт холбогдож байсан, өмнөх хэргийнх нь хохирлыг төлж байсан, одоо бол төлж чадахгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Хамтран амьдарч байсан эмэгтэйнхээ эгчийг нь залилсан асуудал тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзээд хүлээн аваагүй. Хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд ковидын нөхцөл байдлын улмаас тусгаарлалтад байгаа учраас танилцах боломжгүй байна гэдэг талаар тайлбарласан нь хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч нь хэргийн оролцогч нарт хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Мөрдөгч нь зохих арга хэмжээг авсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд ажилд оруулж өгнө, авто машин зарна, ямааны болон зургийн аппаратны наймаа хийж байгаа, мөнгөний хэрэг гарлаа, үхэрийн мах зарна гэх зэрэг аргаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авч, нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 19.855.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Манлайбаатар /1хх 16-17/, хохирогч М.В /1хх 134-135/, хохирогч З.Г /1хх 192-194/, хохирогч Б.А /2хх 5-6/, хохирогч А.А /2хх 105-106/, хохирогч О.Д /2хх 210-212/, хохирогч Д.А /3хх 60-61/, хохирогч Б.Б /3хх 205-206/, хохирогч Ц.Г /4хх 38-39/, хохирогч Г.З /2хх 46-47/, хохирогч Б.П /4хх 127/, хохирогч С.Галтбаяр /4хх 214-215/, хохирогч А.Анхбаяр /5хх 13-14/, гэрч Д.Хорол-Эрдэнэ /2хх 116-117/, гэрч Ч.Энхзолбоо /5хх 15-16/, гэрч Ц.Отгонтунгалаг /4хх 42-43/, гэрч Д.Цогбадрах /2хх 217-218/, гэрч М.Ганзориг /5хх 17-18/, гэрч Н Даваахүү /5хх 25-26/ нарын мэдүүлгүүд,

хохирогч Б.Манлайбаатарын эзэмшлийн Төрийн банк дахь 10670011617 дугаарын дансны хуулга /1хх 39-40/, Хаан банкнаас ирүүлсэн “ВЮ89112097 регистрийн дугаартай Батжаргал овогтой Б.Б нь 5026434830 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 5026434830 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 83-91/, хохирогч М.Вийн 5023434265 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 122-125/, хохирогч М.Вөөр яллагдагч Б.Быг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 127-132/, Хаан банкнаас ирүүлсэн “ВЮ89112097 регистрийн дугаартай Батжаргал овогтой Б.Б нь 5026434830 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 5026434830 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 149-155/, хохирогч З.Гын 5037298587 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга болон мөн хохирогчоос гаргаж өгсөн Ж.Цэвэлмаагийн 5033355755 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 188-189/, хохирогч Б.Агийн 5376079602 дугаарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 250/, Хаан банкнаас ирүүлсэн “ВЮ89112097 регистрийн дугаартай Батжаргал овогтой Б.Б нь 5026434830 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 5026434830 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 25-26/, хохирогч Г.Зоос гаргаж өгсөн Шонхор овогтой Уртнасангийн Хаан банкны 5033632118 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 39/, Хаан банкнаас ирүүлсэн “ВЮ89112097 регистрийн дугаартай Батжаргал овогтой Б.Б нь 5026434830 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 5026434830 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 60-68/, шүүгдэгч Б.Бын Хаан банкны 5026434830 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 69/, хохирогч А.Агаас гаргаж өгсөн “Д.Хорол-Эрдэнэ гэх хүний дансаар Б.Бын данс руу 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөг шилжүүлсэн” талаарх Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2хх 99/, шүүгдэгч Б.Бын Хаан банкны 5026434830 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 132-137/, хохирогч О.Дийн Хаан банкны 5006779946 дугаарын дансны хуулга /2хх 138-142/, гэрч Д.Цогбадрахын эзэмшлийн Хаан банкны 5040169407 дугаарын дансны хуулга /2хх 143-151/, Хаан банкнаас ирүүлсэн “ВЮ89112097 регистрийн дугаартай Батжаргал овогтой Б.Б нь 5026434830 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 5026434830 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 112-113/, шүүгдэгч Б.Бын Хаан банкны 5026434830 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 200/, хохирогч Б.Бын Хаан банкны 5009352505 дугаарын дансны хуулга /3хх 220-222/, “Хаан” банк, иргэн Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5030629209 дугаартай “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар /4хх 28/, хохирогч Ц.Гы эзэмшлийн Хаан банкны 5013183595 дугаарын дансны хуулга /4хх 30-32/, Хаан банкнаас ирүүлсэн “ВЮ89112097 регистрийн дугаартай Батжаргал овогтой Б.Б нь 5026434830 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 5026434830 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 51-52/, хохирогч С.Галбаярын эзэмшлийн Хаан банкны 5063590090, 5026384605 дугаартай дансны хуулга /4хх 193-196/, хохирогч А.Анхбаярын Хаан банкны 5901026463 дугаартай Хаан банкны дансны хуулга, Малчны зээлийн гэрээний хуулбар /5хх 47-50/, гэрч Н.Даваахүүгийн 5016513827 дугаарын Хаан банкны дансны хуулга /5хх 66-67/, шүүгдэгч Б.Бын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /1хх 84-91/,

хохирогч Б.Манлайбаатараас Б.Бтай тухайн үед гар утсаар, мессежээр харилцаж байсан гэх баримтуудын хуулбар /1хх 41-48/, хохирогч А.Анхбаярын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 2-6/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б “...Миний бие бусдаас авсан мөнгөө өөрт зарцуулсан зүйл огт байхгүй, мөрдөгч, прокурор нар нь хуулийг буруу ашиглаж, яллах талыг хэт барьсан, хуулийг үл хүндэлсэн, зүйлчлэл хүндэдсэн, хэний хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь тодорхой биш, хувийн байдлыг шалгаагүй, нотолбол зохих байдлыг шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол,

түүний өмгөөлөгч О.Анхбаяр “...Гэтэл хавтаст хэрэгт Б.Бын бусдыг залилж олсон мөнгө нь түүний амжиргааны гол эх сурвалж болсон гэдгийг нотолсон баримт байдаггүй, ядаж түүний ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын газрын хамт олноос гэрчийн мэдүүлэг авах замаар Б.Бын амьдралын хэв маяг, амьжиргааных нь гол эх сурвалж нь ямар орлогоос хэрхэн бүрдэж байсныг тогтоох гэсэн ямар ч ажиллагаа хийгдээгүй байдаг. ... хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү. ...

1. Нэгдүгээр хавтаст хэргийн 122-125, 188-189, 250 дугаар хуудсанд, хоёрдугаар хавтаст хэргийн 39, 99 дүгээр хуудсанд, гуравдугаар хавтаст хэргийн 198-200 дугаар хуудсанд, дөрөвдүгээр хавтаст хэргийн 28-32 хуудсанд тус тус байх нотлох баримтуудын зарим нь хуулбар хувь байх бөгөөд бас эдгээр нотлох баримтуудыг хэн, хэзээ, хаанаас, хэрхэн хураан авсан тухай тэмдэглэл огт байхгүй байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж,

16.10 дугаар зүйлд “Нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шийдвэрлэх гээд 1-т Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Нэгдүгээр хавтаст хэргийн 127-132 дугаар хуудсанд байх таньж олуулах ажиллагааны тэмдэглэлтэй танилцахад мөрдөгч нь яагаад зургаар таньж олуулах ажиллагааг явуулах болсон шалтгаан тодорхойгүй байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар бол таньж олуулах ажиллагааг заавал биечлэн явуулах ёстой бөгөөд гуравхан тохиолдолд биечлэн явуулахгүй байж болохоор заасан. Гэвч хуульд заасан гурван төрлийн нөхцөл байдал үүсээгүй байхад мөрдөгч нь зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн байна. Энэхүү хууль зөрчсөн таньж олуулах ажиллагааны үр дүнг прокурор яллахдаа ашиглаж байгаад гомдолтой байна.

3. Нэгдүгээр хавтаст хэргийн 15, 133, 190-191 дугаар хуудсанд Б.Манлайбаатар, М.В, З.Г, хоёрдугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудсанд Г.З, гуравдугаар хавтаст хэргийн 59 дугаар хуудсанд Д.А, дөрөвдүгээр хавтаст хэргийн 212 дугаар хуудсанд С.Галтбаяр нарыг хохирогчоор тогтоосон байх бөгөөд эдгээр оролцогч нар яллагдагчаас хохирлоо буцаан нэхэмжилсэн мэдүүлэг өгсөөр байхад нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хун, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасан байдаг. Дээрх заалтаас дүгнэвэл хохирсон этгээд хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардлага гаргасан тохиолдолд түүнийг иргэний нэхэмжлэгч хэмээн үзэж, хохирол төлүүлэх эрхийг нь хангах үүднээс иргэний нэхэмжлэгчээр тогтоох ёстой байтал энэхүү эрхийг нь эдлүүлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлж хууль зөрчсөн байна.

4. Хоёрдугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлийн нүүрний доод хэсэгт үзлэгт оролцсон хүмүүсээр гарын үсгийг нь зуруулаагүй.

Гуравдугаар хавтаст хэргийн 207-208 дугаар хуудсанд байх Б.Баас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийн нүүрний доод хэсэгт гарын үсэг зуруулаагүй. Дөрөвдүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд Ц.Гыг хохирогчоор тогтоосон тэмдэглэлийн нүүрний доод хэсэгт гарын үсэг зуруулаагүй.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хун хуудасны нүүр түс бүрд гарын үсэг зурна.” гэснийг зөрчсөн байна.

5. Гуравдугаар хавтаст хэргийн 160, 165, 168, 172 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлтэй танилцахад хохирогч З.Г, Г.Зт, А.А, О.Довжиннамжил нарт хэргийн материал танилцуулаагүй.

Тавдугаар хавтаст хэргийн 96-131 хүртэл хуудсанд мөрдөгч нь мөн л хохирогч нарт хэргийн материал огт танилцуулалгүй хэргийг прокурорт шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийг бүхэлд нь уншиж судлахад хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулахгүй байж болох заалт огт байхгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн онц хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт.

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж байсан гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг авч үздэг.

Шүүгдэгч Б.Бын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд “ажилд оруулж өгнө, авто машин зарна, ямааны болон зургийн аппаратны наймаа хийж байгаа, мөнгөний хэрэг гарлаа, үхэрийн мах зарна” гэх зэрэг аргаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 19.855.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, залилж авсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан байдал тогтоогдоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Быг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хавтас хэргийн материалаас үзэхэд, өмгөөлөгч О.Анхбаярын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байх бөгөөд энэ нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч Б.Бын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэлийн тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал, ажиллаж байсан компанийн тодорхойлолт зэргийг хэрэгт нотлох баримтаар бүрдүүлсэн байх бөгөөд энэ хүрээнд шүүгдэгч Б.Бын хувийн байдалд дүгнэлт хийх боломжтой гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, шүүгдэгч Б.Быг 13 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхлэж,  19.855.000 төгрөгийн хохирол учруулсан байдлыг тогтоосон байх тул мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзнэ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 122-125, 188-189, 250 дугаар хуудсанд, хоёрдугаар хавтаст хэргийн 39, 99 дүгээр хуудсанд, дөрөвдүгээр хавтаст хэргийн 28-32 хуудсанд тус тус байх нотлох баримтууд нь дансны хуулга байх бөгөөд Хаан банкны дардас дарагдсан,  харин гуравдугаар хавтаст хэргийн 198-200 дугаар хуудсанд авагдсан баримт нь хохирогч Б.Баас гаргаж өгсөн баримт байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.1-т “таньж олох хүн таньж олуулах ажиллагаанд саад учруулж болзошгүй, 9.2-т таньж олох хүний дүр төрх эрс өөрчлөгдсөн, 9.3-т таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй” тус тус тохиолдолд зургаар таньж олуулахаар заасан бөгөөд таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд уг үндэслэлүүдийн алинаар нь уг ажиллагааг хийснээ заагаагүй байх бөгөөд цаашид тодорхой зааж, хуульд заасан журмыг хэрэгжүүлж ажиллахыг мөрдөгч анхаарвал зохино.

Гэмт хэргийн улмаас шууд хохирсон этгээдийг хохирогчоор тогтоосон бол иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхээ мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны үед хэрэгжүүлж, тухайн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр түс бүрд гарын үсэг зурна.” гэж заасан бөгөөд хоёрдугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн нүүрний доод хэсэгт, гуравдугаар хавтаст хэргийн 207-208 дугаар хуудсанд байх Б.Баас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийн нүүрний доод хэсэгт, дөрөвдүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд Ц.Гыг хохирогчоор тогтоосон тэмдэглэлийн нүүрний доод хэсэгт тус тус гарын үсэг зуруулаагүй байна.

Цаашид мөрдөгч хуульд заасан шаардлага нэг бүрийг хэрэгжүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд мөрдөгч нь хохирогч З.Г, Г.Зт, А.А, О.Довжиннамжил нарын гар утасны дугаарлуу нь мессеж бичиж, хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн тухайд шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд шууд заасан зөрчлүүд мөн хамаарахаар хуульчилсан.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэдтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог.

Давж заалдах гомдолд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгч нь хуулийг хэрхэн буруу ашиглаж, яллах талыг хэт барьж, хуулийг үл хүндэлж, зүйлчлэлийг хүндрүүлсэн талаарх баримт авагдаагүй, мөн мөрдөн шалгах ямар ажиллагаа дутуу хийгдсэнээс шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлсөн, эсхүл дурдсан үндэслэлүүд нь хэрхэн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн талаарх хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй зэргээс үзвэл шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогч А.А нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр /2хх 98/ өргөдөл гаргаж, 2019 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр 1.200.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /2хх 99/-ийн баримтууд авдагдсан байх бөгөөд яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн холбогдлын 6 дугаарт бичигдсэн “...А.Агаас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр...” гэсэн техникийн шинжтэй алдааг “...А.Агаас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр...” гэж өөрчлөх нь зүйтэй болохыг дурдаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч Б.Быг 215 хоног цагдан хоригдсон болохыг дурдсан байх боловч шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 198 /нэг зуун ерэн найм/ хоног цагдан хоригдсон байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бт шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/453 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 215 хоногтой болохыг дурдаж, ...” гэснийг “Шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 198 хоногтой болохыг дурдаж, ...” гэж өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР