Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 181/2019/01667/и |
Дугаар | 2006 |
Огноо | 2019-11-29 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2006
Э.Ө-ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01942 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Ө-ий хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 10 680 383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.У, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Жилийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дөрвөн хүнийг эрүүл мэндээс гадна эд хөрөнгөөр хохирол учруулсан. Шүүгдэгч надад хохирлын мөнгө өгөх сонирхолтой байсан. Гэтэл дундуур нь өмгөөлөгч орж ирээд үнэхээр хохироож байна. Энэ зун би үнэхээр амарсангүй. Мөн миний биеийн байдал асар их муудаж байна. 1 500 000 төгрөгийн эмчилгээ хийлгэлээ гэхэд өгөх үү яах уу гэж надаас асуухад нь би өг гэж хэлсэн. Б.М нь би ажил хийж таны хүүхдүүдийг эрүүл байлгана гэж хэлсэн. Хагалгаанд орох болоод мөнгө хэрэгтэй гэж хэлэхэд төлнө гэж хэлсэн ч одоо болтол төлсөн юм байхгүй. Өмнөх шүүх хурал дээр худлаа хэлээд байсан. Би нэг ширхэг ч баримт давхардуулаагүй. Би 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болсон ослын материалыг 2018 оны 10 дугаар сарын 20-ны хооронд өгөхдөө зөндөө баримт дутуу үлдээснийг нь нөхөж гаргаж өгсөн. Гэтэл баримт нь давхардсан байна гээд яриад байна. Зөрүүтэй гэдгийг нь ойлгохгүй байна. “Хаан банк” ХХК-д мөнгөө тушаагаад баримтыг авсан. Шүүх хуралдаан болно гээд энэ зун нэг ч удаа хотоос гарч агаар салхинд гараагүй. Эрүүгийн шүүх хурал дээр төлнө гэсээр байгаад шийдвэр гаргуулсан. Би энэ хүүхдэд итгээд С.О өмгөөлөгчтэй яриад шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон. Би наад хүүхдэдээ ял шийтгэл эдлүүлвээ надад хэрэгтэй шүү, Б.М миний дүү ажил хийгээд эгчтэй мөнгө олж өгч туслаарай гэж ийм нөхцөлд байдалтай байсан. Шүүхийн тогтоол 2019 оны 02 дугаар сард гарсан, одоо 2019 оны 10, 11 дүгээр сар болчихсон. Яагаад сард 500 000 төгрөгийн цалинтай ажил хийж болохгүй гэж, эрүүгийн шүүх хуралдаанаар 1 500 000 төгрөгийн ажилд орсон гэдэгт бид итгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Эрүүгийн хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэмтлийн зэрэг хохирогчийн буруутай үйлдэл байсан. Б.М-ийн үйлдэл хэрвээ хүний амь насыг хохироосон бол 10 000 000 төгрөгийн асуудал яригдахгүй байсан. Өмнөх шүүх хурал дээр хариуцагч тал хариу тайлбар өгөөгүйн улмаас нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай болсон. Шаардлагатай нотлох баримтуудыг эрүүгийн хэргээс авчирч хавтаст хэрэгт оруулсан. Энэ нь нотлогдохгүй баримтууд биш. НӨАТ-ын баримт дээр хүний нэр бичигдэж гардаггүй. Хохирогч Э.Со хувьд ослын улмаас хичээлдээ яваагүй. Зайлшгүй хичээлээ нөхөх шаардлагатай болсон. Тэгээд хүүхдээ өдөр өнжүүлэхэд хамруулсан. Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлд заавал өнжүүлэх тусгай зөвшөөрөл гэхгүйгээр соёл, урлаг, гоо зүйн тусгай зөвшөөрөл аваад боловсролын тухай гэрчилгээн дээр байгаа. 1 320 000 төгрөгийн өдөр өнжүүлэх төвд хамрагдсан гэдэг нь саяны тодорхойлолт болон мөнгө өгсөн баримтаар нотлогдож байна. 10 000 000 төгрөгийн баримт давхцаагүй. Иргэний хуулийн 228 дугаар зүйл дээр гэм хорын хохирлыг нэхэмжлэх талаар заасан. Үүний дагуу 10 680 383 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйл дээр гэм хорын хохирлыг хэрхэн арилгах талаар заасан байгаа. Мөн ослын улмаас энэ хүмүүсийг тээвэрлэж ирсэн Х.Ганбаатар гэдэг хүнд ослын газраас тээвэрлэлтийн мөнгийг шилжүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.О өмгөөлөгч 1 500 000 төгрөгийн цалинтай ажилд орсон гэж ярьж байна, би нэг ч ийм зүйл яриагүй. Шүүхийн шийтгэх тогтоол магадлал энэ дээр байна. Өдрийн 40 000 төгрөгөөр туслах ажилтан хийж байгаа гэж хэлсэн. Сард 1 500 000 төгрөгийн цалин авдаг гэж нэг ч өгүүлбэр хэлээгүй. Өмгөөлөгч хүний хувьд авто осол гарсан гэм буруутай зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хүнийг нийгмээс тусгаарлах нь үр дагаварт хүрэхгүй. Энэ хүүхэд 18 насанд дөнгөж хүрсэн хүүхэд байсан. Хүргэн ахынхаа машиныг аваад зам тээврийн осол гаргасан нь буруу. Гэхдээ хүүхдүүдэд хохирол учрахад Э.Ө-ий буруутай үйлдэл байгаа. Шийтгэх тогтоолд ч дурдсан мөн иргэний хуулийн холбогдох заалтуудад байгаа. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хор уршгийг нэмэгдэхэд нөлөөлсөн. Энэ хүмүүс хүүхдүүддээ зориулалтын бүс зүүлгээгүй. Дээр нь хүүхдийн суудал байхгүй, 2 хүүхдийг юманд ороогоод арын суудалд хэвтүүлсэн нь гэмтэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан мөн өөрөө хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй. Бид нар хохирлыг төлөх ёстой гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих асуудлыг нотолсон байх ёстой. И-баримтан дээр хэний ч нэр байхгүй, энд тэндээс аваад ирсэн и-баримтууд ч юм билүү. Тухайн үед осол гарснаас хойш 2019 оны 02 дугаар сарын бүх баримтууд энэ байна гээд гаргаад ирсэн. Гэтэл тухайн үед гаргаж ирээгүй баримтууд гаргаж ирчхээд нэхээд байдаг. Гэтэл энэ дотор зарим нэг зүйл давхацсан харагдаад байгаа. Эмчилгээ сувилгаанд хэвтсэн бол бүгдийг нь төлье. Гэхдээ хөдөөнөөс ирсэн ах эгч нарынх нь замын зардлыг төлөхгүй. Нийт 14 930 000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байгаа. Учир нь аав, ээжийнхээ машиныг 11 000 000 төгрөгөөр зарж, бүгдийг нь өгсөн. Энэ хүүхдэд ямар ч хөрөнгө байхгүй. Зүгээр нэг оюутан байсан. Одоо сургуулиасаа гараад туслах ажилтан хийж байгаа. Их, дээд сургууль төгссөн хүн шиг өндөр цалин авдаг гэсэн нотлох ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлын тэмдэглэл авагдсан. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 174 тоот тэмдэглэлд би буруутай, хүүхдийн зориулалтын сандал байхгүй мөн бүс хэрэглээгүй ийм учраас хор уршиг нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг хохирогч болон хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Хавтаст хэргийн 181 дүгээр талд Б.Содбилэгийн эмчилгээний баримтууд байгаа. Гаднаас авсан эм тарианы баримтуудыг бүгдийг нь буюу 294 510 төгрөг төлсөн. Мөн хавтаст хэргийн 194 дүгээр талд авагдсан Э.Ө-ий гаднаас авсан эм тарианы 147 099 төгрөгийн баримт байхгүйгээр гаднаас авч хэрэглэсэн гээд энэ баримтуудыг өгсөн. Бусдад нь и-баримт байгаа нь үнэн. Тэгэхээр 839 910 төгрөгийн гаднаас авсан гэсэн эм тарианы мөнгийг өгсөн. И-баримт бол нотлох баримт мөн. Өвдсөн зовсон нь үнэн. Яагаад нотлох баримт нэхээд байгаа юм гэхээр и-баримтад хүний нэр байхгүй. Ямар үндэслэлээр нэг өдөр 375 000 төгрөгийн эм тариа авч байгаа юм. Яагаад нэг өдөр 174 000 төгрөгийн баримт авсан юм. Нэгдүгээрт эм хэрэглэх эмийн жор байх ёстой. Хэрвээ жор хураагаад авсан бол өвчтөний карт байх ёстой. Ямар эм тариа хэрэглэ гэж бичиж өгсөн юм. Нотлох баримт байхгүй болохоор маргаж байгаа юм. Монгол улсын эмийн стандарт гэж байгаа 53/76/2014 гэсэн стандарт дээр эмчийн жороор юм уу эсвэл өвчтөний картаар эм олгоно. Нэг эмийн жор дэр өвчин намдаах мансуурахтай холбогдсон нэг эмийг бичнэ. Нэхэмжлэгч анх шүүх хуралд ирэхдээ бүх баримтуудаа гаргаж ирлээ гэж хэлж байсан. Тийм учраас 500 000 гаруй төгрөг дээр маргасан. Хүүхэд өвдсөн нь үнэн бид 800 000 гаруй төгрөгийг төлсөн. Мөн гаднаас эм тариаг авах болсон үндэслэлээ юугаар нотолж байгаа юм. Эмчийн жортой 9 шаардлага байгаа. Жоронд заавал үлдэх хувь гэж байдаг. Энэ баримт хэрэгт байхгүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй учир төлөхгүй. Нийт 2 164 125 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Бид 3 000 000 төгрөг дээр тохиролцох боломж байна уу тэгвэл энэ хүүхэд ажил хийгээд эгч дүүсээс нь аваад төлье. Хурал эхэлснээс хойш ямар ч мөнгө төлөөгүй гэсэн бид нар 1 000 000 төгрөгийг төлсөн баримтаа хэрэгт өгсөн. Үүнийг оруулбал бид нар 3 000 000 гаруй төгрөг төлсөн байгаа. 2 164 125 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд 3 000 000 төгрөг өгөх боломжтой гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Мэс гэм хорын хохиролд 7 743 355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Өед олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2 937 028 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 138 844 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Б.М давж заалдах гомдолдоо:
… Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Эмчилгээний зардал болон сувиллын зардал 3 120 700 төгрөг гэсэн нь ойлгомжгүй байна. Уг мөнгөний хэд нь эмчилгээний зардал болох нь тодорхойгүй байна.
2. Э.Ө-ий цаашид эмчлүүлэх баримтад “Хайрын билэг-2” сувилалд 2 том хүн 2 хүүхэд 10 хоног сувилуулах зардалд 1 750 000төгрөг нэхэмжилснийг оруулж тооцсон байна. Гэтэл уг сувилалд 10 хоног сувилуулах мөнгийг төлөөгүй байдаг тул цаашид сувилуулна гэж нэхэмжилснийг хангаж шийдсэн нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Түүнчлэн Д.Ба-ийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 135 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 91 400 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 41 500 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 87 200 төгрөг юунд шилжүүлсэн нь нотлогддоггүй тул 355 100 төгрөг хасах ёстой байсан.
3. Эмийн сангаас авсан эм 971 780 төгрөг шилжүүлэхээр шийдсэн гэтэл эмийн сангаас 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүртэл авсан гэх 551 9 75 төгрөгийн зардал нь Э.Ө, Б.То, Б.Со нарын эмчилгээнд зориулж бичигдсэн эмчээс бичсэн эмийн жоргүй өвчний картгүй эмийн сангаас авсан гэх хэвлэмэл баримтуудыг харьяа татварын албанаас баталгаажуулсан баримтгүй байхад 971 780 төгрөгийн баримтаас хасч тооцоогүйд гомдолтой байна.
4. Монгол улсын эмийн жорын маягт жор бичилт ММ35376:2014 стандартад эмийг эмчлэх эрх бүхий хүний их эмч эмийн жор маягтад 3-аас илүүгүй сэтгэцэд нөлөөлж эмийн жорын маягтад 2-оос илүүгүй мансууруулах эмийн жорын маягтад 1 эм бичнэ гэсэн заалтыг зөрчиж өдөрт 74 805 төгрөгөөс 194 000 төгрөгт олон тооны эм авсан баримтууд шүүхэд өгсөн нь эмчийн үзлэг тэмдэглэгээ өвчний түүхэд бичигдээгүйгээр нотлогдохгүй байгаа болно. Мөн Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хийгдсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хурлын өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүртэл 551 975 төгрөгийн 14ш баримтыг өгөөгүй үлдээсэн байдал нотлогдоогүй. “Хаппи фарм” ХХК эмийн сангаас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн баримтыг өгчихөөд дараагийн өдрийн баримт өгөөгүй орхигдуулсан гэдэг нь илтэд үндэслэлгүй тул шүүх хурлын өмнө авсан гэх 551 975 төгрөгийн баримтыг зөвшөөрөхгүй нэхэмжлэгч өөрөөр ч эдгээр баримтуудыг хасуулъя гэж байсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буюу сувилуулахад 1 750 000 төгрөг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүх хурлын өмнө аваад өгөөгүй байсан гэх 551 975 төгрөгийн баримтыг нотолж чадаагүй тул хасч тооцох үндэслэлтэй.
5. “Гүүд пуш” хүүхдийн мэдрэлийн их эмчтэй өдөр өнжүүлэхийн төлбөрт 1 322 000 төгрөг төлсөн гэх баримтууд нотлогдож тогтоогдож чадахгүй байхад Га З гэх хүн рүү юун шилжүүлсэн нь тодорхойгүй 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 160 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 140 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 320 000 төгрөг, 2019 оын 02 дугаар сарын 25-ны өдөр 245 000 төгрөг нийт 865 000 төгрөгийг өдөр өнжүүлэхийн төлбөрт төлсөн байна.
6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 174 дугаартай Шийтгэх тогтоолд жолооч Э.Ө нь “Toyota Rav 4” маркийн 17 84 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зөвхөн өөрөө хамгаалах бүс зүүж 10 нас хүрээгүй 2 хүүхдийг нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэж явсан нь хүүхдүүдийн эрүүл мэндэд учирсан хохирол нэмэгдэхэд шууд нөлөөлсөн гэдгийг тодорхойлсон тул хохирлын хэмжээнээс хасч багасгах үндэслэлтэй байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Иргэний Хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг хянан үзэж нотлогдож тогтоож чадаагүй 1 750 000 төгрөг, 355 100 төгрөг, 551 975 төгрөг, 1 322 000 төгрөг буюу бүгд 3 975 000 төгрөгийг 7 743 355төгрөгнөөс хасч 3 768 355 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Ө нь хариуцагч Б.Мд холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ осол гаргасны улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 10 680 383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.М нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийнхээ улмаас нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд гэм хорын хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй, харин гэм хорын хохирлын хэмжээ, зардлын тухайд зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгчийн шаардсан 10 680 383 төгрөгийн зардлаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үнэ 1 582 436 төгрөг, шүдний эмнэлгийн зардал 130 000 төгрөг, Налайх-Оргил худалдааны төвөөс бараа худалдан авсны үнэ 34 692 төгрөг, утлагын аппаратны үнэ 1 099 900 төгрөг, нийт 2 937 028 төгрөгийн зардал нь ослын улмаас гэмтэж бэртсэн Б.Со, Б.То нарын эмчилгээний зардал гэж үзэхээргүй байх бөгөөд шүүх уг зардлыг гэм хорын хохиролд тооцогдохгүй талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь зөв үнэлсэн байна.
Нэхэмжлэгч нь эмийн зардалд 971 780 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөрт 1 322 000 төгрөг, сувиллын зардалд 1 370 700 төгрөг, ослын газраас эмнэлэгт хүргүүлсэн жолоочийн хөлс 100 000 төгрөг, шатахууны зардал 210 000 төгрөг, хүүхдүүдээ асарч сувилах чөлөө авсны улмаас цалин орлогоор хохирсны зөрүү 2 018 875 төгрөгийг тус тус нэхэмжлэхдээ холбогдох баримтаар нотолсон, уг зардлууд нь Б.Со, Б.То нарын эмчилгээ сувилгаа, хичээл сургуульд шууд зарцуулагдсан гэж үзэхээр байх тул нийт 5 993 355 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрээр гаргуулсан дээрх зардлаас 551 975 төгрөгийн эмийн зардлыг эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад төлөгдсөн байхад давхардуулж гаргасан гэж, 355 100 төгрөгийг Херблайфын зөвлөх н.Б-т шилжүүлсэн баримттай гэж, 1 322 000 төгрөг нь өдөр өнжүүлэхийн зардал гэдэг нь эргэлзээтэй гэж эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч 551 975 төгрөгийн эмийн зардал нэхэмжилснээ эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад хариуцагчаас төлсөн зардалд ороогүй болохыг баримтаар нотолсон, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар нэхэмжлэлийн тайлбарыг няцаасан, өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Түүнчлэн 355 100 төгрөгийг н.Б-гийн дансанд шилжүүлсэн ч, уг гүйлгээний утга нь “сорвины тос, кальцийн бэлдмэл, дархлаа сайжруулах коктейл, витамин Е” гэсэн байгааг Б.Со, Б.То нарын эрүүл мэндийг нөхөн сэргээхэд шаардагдах эм бэлдмэл гэж үзэх үндэслэлтэй.
Мөн 1 322 000 төгрөгийг 6 удаагийн баримтаар өдөр өнжүүлэхийн зардалд төлсөн нь хэрэгт авагджээ. /хх-36, 42, 45, 53, 55, 72/
Харин хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан сувиллын зардалд нэхэмжилсэн 1 750 000 төгрөгийн баримт нь бодитоор гарсан зардал биш болохыг нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд тодруулсан тул уг зардлыг хариуцагчаас гаргуулсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар цаашид бодитоор гарсан зардлыг гэм хор учруулсан этгээдээс шаардахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/01942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7 743 355 төгрөг” гэснийг “5 993 355 төгрөг” гэж, “2 937 028 төгрөгийн” гэснийг “4 687 028 төгрөгийн” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “138 844 төгрөгийг” гэснийг ”110 843 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 78 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
А.ОТГОНЦЭЦЭГ