Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/786

 

 

 

 

   2021            9               1                                       2021/ДШМ/786

 

Г.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Г.Мт холбогдох 2107000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.М,

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Их ам 27-02 тоотод Д.Бтай маргалдаж, улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалснаас эрүүл мэндэд нь цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэлдээ: “...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдан 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан атал шүүх шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсны дараа уг ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна. Учир нь, шүүгдэгч Г.М нь 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон ба түүнд холбогдох хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул тус хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой атал анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр шүүгдэгчид ял оногдуулж, тухайн оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгчид ял оногдуулж эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолд “шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт холбогдох эрүүгийн 2107000000101 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” гэж өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа ялтанд хэрэглэх ёстой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Их ам 27-02 тоотод хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалснаас эрүүл мэндэд нь цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бы “...Пиво дуусах гэж байхад Г.М над руу уурлаад хэрүүл хийх гээд байсан. Тэгээд Г.М уурлаад надтай хэрэлдээд байж байтал Баярмаа эгч босож ирээд Г.М, Баярмагнай хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргачихсан. ...Г.М орж ирээд “та хоёр явалдаад байгаа юм биш үү” гээд над руу уурлаад байсан. Тэгэхээр нь би хэвтэж байгаад босоод зогстол Г.М над руу хүрч ирээд баруун гартаа байсан хутгаараа миний цээжний зүүн талд хатгачихсан. Тэгээд Баярмаа эгч миний цээжнээс гарч байсан цусыг тогтоохоор арчиж цэвэрлээд эмнэлэг, цагдаа дуудсан. ...” /хх 16/,

гэрч Ж.Оын  “...Д.Баас хэнд хутгалуулсан, юу болсон тухай асуухад “Г.М намайг хутгалсан” гэсэн бөгөөд Баярмаагаас юу болсон талаар асуухад “эхнэр нь Д.Быг хутгалчихсан” гэж хэлсэн. ...” /хх 21/,

 

гэрч В.Бийн “...Хаалгаа нээж оруулахад Г.М “та хоёр унтаад байгаа юм уу, та хоёр заваарлаа” гээд манай хоолны шүүгээний хамгийн дээд талын шургуулганд байсан хар иштэй жижиг хутгыг авч, газар орж засаад унтах гэж байсан Д.Бы цээжний зүүн хэсэгт нь нэг удаа хутгалсан. ...” /хх 23-25/,

 

Г.Мийн яллагдагчаар өгсөн “...Д.Б миний дургүйг хүргээд байхаар нь бид хоёр хэрэлдэж байтал Баярмаа гэх эгч нь нөхөр бид хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. ...Би оронгуутаа Д.Б руу уурлаад “чи яахаараа намайг хөөж гаргадаг юм” гэж хэлэхэд Д.Б газар засаад хэвтэж байсан орноосоо босоод ирсэн. Тэгэхээр нь би хоолны хэрэгсэл хийдэг шүүгээг нь онгойлгоод жижиг хар иштэй хутга байхаар нь аваад Д.Бы цээжинд хатгачихсан. ...” /хх 55/ гэсэн мэдүүлгүүд,

Д.Бы цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дугаартай дүгнэлт /хх 33-34/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Мийн хохирогч Д.Бы цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, цээжинд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор У.Дэндэвдорж “шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Мт холбогдох хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ тохиолдолд шүүгдэгч Г.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлаас хамаарч, түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Мт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлжээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 340000 төгрөг өгснөөр гэм хорын хохирлыг төлсөн байна.

Дээрх тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

 

Энэ зүйлд заасан шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна” гэж,

мөн хэсгийн 22.4.1-т “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж тус тус заасан хэм хэмжээний хүрээнд тайлбарлана.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хэм хэмжээг хэрэглэх ойлголт нь шүүгдэгч Г.Мт холбогдох хэргийн хувьд, шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсны дараа ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

2. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                    Т.ӨСӨХБАЯР