Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 126/2017/0030/З |
Дугаар | 235 |
Огноо | 2018-05-21 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 235
Д.С-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын
Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0204 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Д.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар,
Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай захирамжийн “нэг”-ийн 3-т заасан “2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж” гэснийг хүчингүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0204 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Д.С-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийн “Нэг” дэх хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 204 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэж, иргэн Д.С миний Үндсэн хуулиар олгогдсон “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх”, “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” зэрэг эрх, эрх чөлөөг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар дараах гомдол гаргаж байна.
4. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон миний эзэмшлийн 900 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахдаа ямар нэг байдлаар газар эзэмшиж буй иргэн надад мэдэгдээгүй бөгөөд энэ талаар албан ёсны захирамж, тогтоол, шийдвэрийн талаар мэдээлэл огт ирүүлээгүй, урьдчилсан мэдүүлсэн талаар албан тоотыг хүлээн аваагүй нь “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг зөрчсөн нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан.
5. Тус шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т тус тус заасныг үндэслэн иргэн Д.С би Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн дагуу харьяалах дээд шатны албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г-д миний өмгөөлөгч болох Ц.Б-ын өгсөн хүсэлтийн хариуг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2059 дүгээр албан бичгээр ирүүлсэн захиргааны актыг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төпүүлэх”, “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” зэрэг Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахыг хүссэн бөгөөд тухайн захиргааны актыг 2010 онд мэдсэн, захирамжийн хуулбар хувийг гардаж аваагүй гэдэг нь анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан П.Г-ийн зөрүүтэй мэдүүлэг, захиргааны актыг гардуулсан болон гардуулсан талаарх баримт үйлдээгүй нь “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, ажилтан ноцтой зөрчсөн нь нотлогдож байгаа болно.
6. Захиргааны байгууллага, албан тушаалтан буюу Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга, түүний тамгын газар, газрын даамал П.Г нарын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн Д.С миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг бодит үнэнд нийцэхгүй, мэдээгүй байх нөхцөл боломжгүй байдлыг анхан шатны шүүх анхаараагүй гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нь төрийн иргэний өмнө хүлээх үүргийг цалгардуулсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмаар хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжийг тасалдуулсан нь анхан шатны шүүхэд авагдсан нотлох баримтуудаар нотлогдсоныг давж заалдах шатны шүүх хэрэгсээгүй.
7. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамж нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна” гэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг зөрчсөн ба улсын бүртгэлд тусгуулсан нотлох баримт байхгүй, байгаа учир тус захирамж хүчин төгөлдөр захиргааны актийн шинжийг агуулаагүй.
8. 2003 оны Газрын тухай хуулийн “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иргэн Д.С миний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахад мэдээллийн шуурхай байдал тухайн үед огт байгаагүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа, тэдгээр түшмэдийн буруугаас газар эзэмших эрх минь ноцтой зөрчигдсөн гэж иргэний хувьд үзэж шат шатны шүүхийн байгуулагад зөрчигдсөн эрхээ хангуулахаар гомдол гаргаж байгаа болно.
9. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Д.С миний бие Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2059 дүгээр албан бичигт үндэслэн төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр хуулиар олгогдсон 30 хоногтоо багтаан нэхэмжлэл гаргасаныг, “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д заасныг баримтлан Захиргааны хэргийн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн зорилттой нийцэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж үзсэн нь “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг хянан үзэлгүй шийдвэрлэсэн байх ба Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон миний эзэмшлийн 900 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахдаа ямар нэг байдлаар газар эзэмшиж буй иргэн надад мэдэгдээгүй бөгөөд энэ талаар албан ёсны захирамж, тогтоол, шийдвэрийн талаар мэдээлэл огт ирүүлээгүй, урьдчилан мэдүүлсэн талаар албан тоотыг хүлээн аваагүй нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй болно.
10. Хэдий тухайн үед одоогийн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагүй ч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамж нь Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газрын тухай хууль, бусад холбогдох эрх зүйн хэм хэмжээнүүдийг ноцтой зөрчсөн нь анхан шатны шүүхэд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүй хэргийн өнгөн талыг хянан үзэж магадлал гаргасан нь иргэн Д.С миний Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж, иргэн надад сөрөг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгохдоо урьдчилан мэдэгдээгүй, сонсгоогүй, байгаль орчны үнэлгээ хийлгэсэн эсэх, хийлгээгүй байх шалтгаан нөхцөлийг тодруулаагүй, тайлбар аваагүй, шаардлагатай нотлох баримт цуглуулах байтугай миний газар эзэмших эрхийн талаарх захиргааны байгууллага, албан тушаалтан, архивын материал ч огт байхгүй байгаа нь санаатайгаар тус материалыг устгаж, шат шатны шүүхэд гаргасан удаа дараагийн хариу тайлбартаа намайг хууль бусаар газар эзэмших гэрчилгээ олж авсан мэтээр /хулгайн замаар газрын гэрчилгээ олж авсан хэмээн байнга дурдсан/ гүжир гүтгэлэг хийж, Эрүүгийн хуулийн “гүтгэх” гэмт хэргийг хийж байгааг харгалзан үзэлгүй шудрага бус магадлал гаргасанд гомдолтой байна.
11. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Архивын газраас удаа дараа лавлагаа авахыг хүссэн боловч мөн л архивлагдсан эх материал байхгүй учир өгөх боломжгүй гэж мэдэгдэж байсан албан тоотыг эх хувиар нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтын хүрээнд өгсөн бөгөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Н.Б нь тус сумандаа өөрийн эзэмшлийн шатахуун түгээх газрыг үр хүүхдүүдтэйгээ хамтран ажиллуулдаг ашиг сонирхлын зөрчил нь шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмших эрх хүссэн миний үйл ажиллагаатай зөрчилдөж байгаа учир хувийн эрх ашгийн үүднээс албан тушаалаа урвуугаар ашиглан иргэн надад цаг хугацаа, эд хөрөнгө, сэтгэл зүйн ноцтой хохирол учруулж байгаа болно.
12. Мөн төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, төрийн үйл ажиллагаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн анхан шатанд Үндсэн хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаас гадуур явагдаж байгаагийн хамгийн тод жишээ Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга, түүний тамгын газрын үйл ажиллагаанаас харагдаж байгааг Монгол Улсын Дээд шүүхээс хянан үзэж, хууль тогтоомжийн хүрээнд Д.С миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
14. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Д.С Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжид гомдол гаргах хугацааг сэргээж, хүчингүй болгуулахаар ... Засаг даргад хандаж, улмаар аймгийн Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2059 тоот албан бичгээр уг захирамжийг үндэслэлгүй тухай хариу өгчээ. Аймгийн Засаг даргын ... албан бичгээс үзэхэд Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 38 дугаар захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй бөгөөд уг захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэсэн хариу өгч нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг дахин шинээр тоолох үндэслэлтэй...” гэж хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
15. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэснийг гомдол гаргагч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2-т заасан хугацаанд гомдлоо гаргасан болон захиргаанаас гомдлын зөвшөөрөгдөхүйц байдал /гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.2, 93 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бол/ болон үндэслэл бүхий байдлыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн төдийгүй тухайн гомдлын үндэслэлт байдлыг аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрөөгүй байхад хөөн хэлэлцэх хугацаатай маргаагүй гэх үндэслэлээр уг хугацааг тасалдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
16. Захиргааны актад гомдол гаргах, гомдол гаргах хугацааг нөхөн сэргээх, гомдлыг хянан шийдвэрлэх журмыг Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр бүлгээр тусгайлан зохицуулсан байх бөгөөд 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гарснаас хойш 7 жилийн дараа гомдол гаргасан, энэ тохиолдолд захиргаанаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй /хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацаа хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх/ бөгөөд захиргаанаас гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх хуулийн хэрэглэх ёстой эдгээр зүйл, заалтыг хэрэглэлгүйгээр, харин захиргаанаас “хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээсэн” мэтээр дүгнэж, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д зааснаар “хугацааг дахин шинээр эхлэн тоолох үндэслэлтэй” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан” гэх утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
17. Түүнчлэн, маргаан бүхий актыг мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар бодит үнэнд нийцэхгүй, мэдээгүй байх боломжгүй нөхцөл байдал, нотлох баримтын талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий актыг мэдэх боломжгүй байсан, захиргаа албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ ноцтой зөрчсөн” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-8-д заасан гомдлыг хангах боломжгүй.
18. Мөн тогтоолын Тодорхойлох хэсгийн 10-12-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл нь захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн дүгнэх асуудалд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
18. Иймд, шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0204 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ