Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 146/ШШ2024/00077

 

 

                                                 Зохигчийн эвлэрлийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум,***** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, **** овогт ********* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, ***** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, ***** овогт ******

Өвөрхангай аймаг, Хархорин сум, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, **** овогт *****,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, ***** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, ***** овогт ****** нарт холбогдох Өвөрхангай аймгийн Хархорин сумын аялал жуулчлалын гудамжинд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан ***** нарын хүн амьдрах зориулалттай монгол гэр, түцийг албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, хохирол 31,805,115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **** /цахимаар/, хариуцагч **** /цахимаар/, ******, хариуцагч нарын өмгөөлөгч **** /цахимаар/, иргэдийн төлөөлөгч *****, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ***** нь Хархорин сумын Засаг даргын тамгын газрын даргатай ***** тоот “Аялал жуулчлалын гудамжинд худалдаа үйлчилгээ, цайны газрын зориулалттай барилга барих гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу Өвөрхангай аймаг, Хархорин сумын аяпал жуулчлалын гудамжинд худалдаа үйлчилгээний зориулалттай 4 барилга, цайны газрын зориулалтай 4 барилгыг ******** өдрийн дотор барьж ашиглалтад оруулах байсан билээ. Гэтэл аялал жуулчлалын гудамжинд худалдаа үйлчилгээ явуулдаг иргэн ****** нар нь дээрх гэрээний дагуу миний барилгын ажил үйлчилгээ явуулах эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахын зэрэгцээ хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Тодруулбал, ***** нар нь намайг байшин бариулахгүй гэж тухайн барилга баригдах газарт 5 ханатай гэр, түц зөвшөөрөлгүй барьж, хашааны хаалгаар намайг ачаа тээвэрлэн оруулахыг хориглож өөрсдийн автомашиныг хаалга таглаж тавьсан. Иймд ***** өдөр байгуулагдсан “Аялал жуулчлалын гудамжинд худалдаа үйлчилгээ, цайны газрын зориулалттай барилга барих гэрээ”-г хэрэгжүүлэхэд саад учруулаад буй ***** нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан нэг Монгол гэр, нэг Түцийг албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлж, мөн **** нарын хууль бус үйлдлүүдээс шалтгаалж би Засаг даргатай байгуулсан гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг явуулах боломжгүй болсоноос гадна надад их хэмжээний хохирол учирч би тус хохирлуудыг төлж барагдуулсан. Иймд ***** нараас надад учирсан бодит хохирол болох 31,805,115 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цайны газрын барилгыг би барихаар болсон. Нөгөө талын худалдааны зориулалттай барилгыг хоршоо барихаар тохиролцсон байгаа. Энэ 4 барилгын байрлалд өөрчлөлт орохгүй гэдэг дээр зөвшилцөж байгаа юм. Шүүх хуралдаанд шинээр эвлэрлийн гэрээг гаргаж өгнө гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **** шүүх хуралдаанд: Өмнөх шүүх хуралдаан дээр эвлэрэх хугацаа олгоно уу гээд хойшлуулсан. Талууд харилцан, тохиролцож сумын Засаг даргатай уулзаад эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Иймд шүүх энэ гэрээг баталж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Эвлэрлийн гэрээг тайлбарлавал хэрэгт авагдсан **** Засаг даргатай *****дугаартай гэрээ байдаг. 1 гэрээ нь худалдаа үйлчилгээний зориулалттай 4 барилга барих гэрээ, нөгөө гэрээ нь цайны газрын зориулалттай 4 барилга барих гэрээ буюу нийтдээ 2 өөр газар 8 барилга барих зориулалттай гэрээ байдаг. Цайны газрын зориулалттай барилгыг *** барих, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг хариуцагч нар барихаар тохиролцсон байгаа. Хамгийн гол нь хүн амьдрах зориулалттай монгол гэр, түц зэргийг сайн дураараа буулган дахин зөвшөөрөлгүйгээр барихгүй, орц, гарцыг таглаж саад учруулахгүй байхыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч хохирол 31,805,115 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.  Хэрэв нэхэмжлэгч **** цайны газрын зориулалттай барилгыг барихад саад учруулбал гэрээг хүчингүй болгож шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэв.

Хариуцагч **** шүүх хуралдаанд: Бид тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хариуцагч **** шүүх хуралдаанд: Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч **** шүүх хуралдаанд: Эвлэрлийн гэрээг тохиролцож байгуулсан тул зөвшөөрч байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч *** шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна, бид эвлэрлийн гэрээ байгуулсан.  гэв.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** нарт холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын аялал жуулчлалын гудамжинд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан **** нарын хүн амьдрах зориулалттай монгол гэр, түцийг албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, хохирол 31,805,115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа бид тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талаас хохирол 31,805,115 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын аялал жуулчлалын гудамжинд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан хүн амьдрах зориулалттай монгол гэр, түцийг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэхийг зөвшөөрч байна. Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч нар болон хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын аялал жуулчлалын гудамжинд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан хүн амьдрах зориулалттай монгол гэр, түцийг албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч **** Өвөрхангай аймгийн Хархорин сумын аялал жуулчлалын гудамжинд барилга барих хэсэгт ямар нэг байдлаар саад болохгүй. Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн зохигчийн эвлэрлийн гэрээнд

            1.1 Өвөрхангай аймаг, Хархорин сумын аялал жуулчлалын гудамжинд цайны газрын хэсэгт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан хариуцагч **** нарын хүн амьдрах зориулалттай Монгол гэр, түцийг албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх тухай шаардлагын хүрээнд хариуцагч нар нь тухайн газар барьсан Монгол гэр, түцийг сайн дураар буулгаж, дахин зөвшөөрөлгүйгээр  нэхэмжлэгчийн цайны газрын 4 барилга барих хэсэгт гэр, сууц зэргийг барихгүй, орц гарцыг ямар нэгэн байдлаар таглахгүй байх ба нэхэмжлэгч **** худалдаа үйлчилгээний зориулалттай, цайны газрын зориулалттай 4 тооны барилга барихад хариуцагч нар саад болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв.

            1.2 Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***** нарын үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт нэмж барихаар нэхэмжлэгчид эрх олгосон Хархорин сумын засаг даргатай байгуулсан ****-ны өдрийн ... тоот Аялал жуулчлалын гудамжинд худалдаа үйлчилгээний барилга барих гэрээний дагуу барих 4 барилгыг барихгүй бөгөөд дээрх хэсэгт хариуцагч нар барилга барих бөгөөд үүнд нэхэмжлэгч ямар нэг хэлбэрээр саад учруулахгүй байхаар тохиролцов.

            1.3 Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** нараас 31,805,115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзав.

            1.4 Хариуцагч **** нар нэхэмжлэгч *** 4 барилга барих ажилд, нэхэмжлэгч нь хариуцагч **** нарын худалдаа үйлчилгээний нэмж барих 4 барилгад саад учруулбал энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамааран дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар харилцан тохиролцов гэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд шүүх шийдвэр гаргахаас өмнө талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан.

            Шүүх хуралдаанд зохигчоос эвлэрлэх хүсэлтэй байгаагаа танилцуулсан тул эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авч эвлэрэх эсэхийг тодруулахад шаардлагагүй, шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг байгуулна гэж тайлбар гаргасан.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хохиролд 31,805,115 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч **** нар нэхэмжлэгч **** Өвөрхангай аймаг Хархорин сумын Аялал жуулчлалын гудамжинд худалдаа, үйлчилгээний барилга барих хэсэгт саад учруулахгүй байх, барьсан Монгол гэр, түцээ буулгахыг зөвшөөрсөн тайлбарыг тус тус гаргасан тул зохигч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн гэж дүгнэж зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн зохигчийн эвлэрлийн гэрээний 1.1, 1.3-т нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцсон хэдий ч 1.2-т нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйл тохиролцсон байх тул энэ эвлэрлийн гэрээг үнэлээгүй бөгөөд харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож эвлэрч байгаа тайлбарыг үндэслэн зохигчийн эвлэрлийг баталсан болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** олгох нь хуульд нийцнэ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

            1. Нэхэмжлэгч **** 31,805,115 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч **** нар нэхэмжлэгч **** Өвөрхангай аймгийн Хархорин сумын аялал жуулчлалын гудамжинд худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга барих хэсгийн газарт  зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан гэр, түцээ буулгаж газрыг нь чөлөөлж өгөхийг зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.

            3.  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                              Э.ДУЛМАА

                                     ШҮҮГЧИД                              Ц.ДАГИЙМАА

                                                                                    Б.САРАНТУЯА