Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/787

 

 

 

 

 

 

     2021           9              1                                        2021/ДШМ/787

 

 

М.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Цэрэндорж,

хохирогч Ц.Ггийн өмгөөлөгч Б.Дагиймаа,

шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/420 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Мт холбогдох 2005016250200 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.М,

Шүүгдэгч М.М нь 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадаа байсан хашааг буулгасан гэх шалтгаанаар “Бүрд 39” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Гтай маргалдаж, улмаар өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун чамархайн хуйх, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэн дэх цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Маас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Гд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.М нь өөрийн үйлдсэн гэм буруу болоод шүүхээс оногдуулсан ял шийтгэлд маргахгүй, харин өөрийн биеийн эрүүл мэндэд учирсан гэмтэл болоод хохирол, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нөхцөл байдалд маргаантай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэ давж заалдах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа гэмт хэргийн гарсан шалтгаан нөхцөл, хохирогчийн буруутай үйлдэл зэргийг харгалзан үзэж шүүхээс ял шийтгэл оногдуулах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Г нь шүүгдэгч М.Мт гэмтэл учруулсанг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаартай, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5197 дугаартай дүгнэлтийг шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Чимэд-Очир нь гаргасан атал улсын яллагч хэргийг шүүхэд шилжүүлэхдээ зарим яллагдагчийн үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шудрага ёсны зарчимд үл нийцсэн тул давж заалдах гомдол гаргах болоод байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж зааснаар Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүхий л ажиллагааг хийж, шинжээчийн дүгнэлтийг эцэслэн тогтоолгох, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан тайлбар мэдүүлгийг нэмж тодруулан нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь тогтоох, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбодсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхэд дээрх нөхцөл байдлын тухайд гомдол болоод хүсэлтийг гаргасан хэдий ч шүүхээс хүлээж аваагүй нь миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул 2005016250200 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Ггийн өмгөөлөгч Б.Дагиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн биед учирсан хохирлын талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үйл явдал болохыг харсан Тэмүүжин, Янсанжав, Дагина гэх гэрч нарын мэдүүлэг, байрны гадаах камерын бичлэг хэрэгт авагдсан. Тухайн баримтуудаас шүүгдэгчийн баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, зүүн гарын шуу, цээжинд цус хурсан гэх гэмтлүүд тогтоогдсон. Шүүгдэгч нь хохирогчийг чирээд, газар дарж унагасан үйл баримт тогтоогдсон. Хохирогч нь шүүгдэгчийн эсрэг ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй, биеэ хамгаалаад доошоо суусан байдалтай байдаг. Шүүгдэгчийн биед учирсан гэмтлүүд нь хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулах үед үүссэн гэмтэл байж болзошгүй гэсэн байдлаар шүүх хуралдаан дээр хэлэлцүүлэг явагдсан. Өглөө нь шүүгдэгчийг цохисон үйлдлийн талаар шүүгдэгч ярьдаг боловч хохирогч нь шүүгдэгчийг цохисон зүйл байхгүй. Шүүх хуралдааны явцад “өглөө нь цээжинд цус хурсан зүйл болоод орой нь зодоон болсон юм уу” гэхэд шүүгдэгч хохирогч нарын хэн аль нь “өглөө нь бид хоёрын хооронд маргаан зодоон болоогүй, орой нь хохирогч нь СӨХ-ны даргын хувьд хорооноос ирсэн шаардлагыг биелүүлэх үүднээс шүүгдэгчид шаардлага тавихад, зодоон болсон” гэж хариулсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 6 дугаар сард гарснаас хойш хохирол, төлбөрийг төлсөн зүйл байхгүй. Энэ асуудал дээр хохирогч нь маш их гомдолтой байгаа” гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагаа дуусах үед Ц.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн шинжгүй, тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Зарим яллагдагчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ М.Мын биед Ц.Г нь болгоомжгүйгээр гэмтэл учруулсан байна гэсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг. Өөрийгөө хамгаалсан, хариу үйлдэл хийж болгоомжгүйгээр гэмтэл учруулсан. Мөн энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болсон. Зарим яллагдагч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг шүүгдэгчид 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр танилцуулсан. Тухайн үед өмгөөлөгч авах эрхийг нь тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.М нь 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “39 дүгээр байрны гадаа байсан хашааг буулгасан” гэх шалтгаанаар “Бүрд 39” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Гтай маргалдаж, улмаар үснээс нь зулгаан газар унагаах, өшиглөх зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун чамархайн хуйх, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэн дэх цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Ц.Ггийн “...М.М орой 19 цагийн үед ирээд байрны нөгөө талаас надад хандаад “энэ хашааг яах гэж буулгаж байгаа юм бэ” гээд орилоод байсан. ...Би гэр лүүгээ орох гээд явж байсан чинь үүдэнд нэг хог байхаар нь аваад бункерт хийх гээд явж байхад М.М гүйж ирээд намайг гараар үсдээд чирээд шатнаас буулгасан. Тэгж зууралдаж явсаар байгаад хэсэг машин дунд орсон бөгөөд тэндээ газар унагаагаад бос гээд хөлөөрөө хэвлий, хажуу бөөр лүү өшиглөөд байсан. ...” /1хх 107-110/,

 

гэрч Т.Тийн “...М.М гэх хүн ирээд миний хашааг буулгалаа гээд чулуу, мод шидээд байсан. ...М.М хашаа тойроод араас нь ирээд шууд үснээс нь зулгаагаад нөгөө буулгаж байсан хашааны зүг буюу байрны баруун тал руу чирсэн. Тэгээд зодоод байсан. Энэ үед Ц.Г дарга гараас нь салах гээд байсан бөгөөд “намайг тавиач, битгий ингэ л дээ” гээд байсан. ...Харин М.Мын өөдөөс нь огт цохиж зодсон зүйл байхгүй. ...” /1хх 39-40/,

 

гэрч Э.Оын “...Дүү гадаа хүмүүс хэрэлдээд байна гээд цонхоор харж байснаа “манай эгч М.М байна, хурдан гаръя” гэж хэлсэн. ...Намайг дүүгийн хамт очиход манай эгч нэг эмэгтэйг үснээс нь зуурсан байдалтай, нөгөө хүн гараас нь зуурсан байдалтай байсан. ...” /1хх 43-44/,

 

шүүгдэгч М.Мын “...Ц.Г орц руу орох гээд явж байсан. Үсээ задгай тавьсан байхаар нь үснээс нь атгаад дугтараад шатаар буугаад нурааж байсан хашаа руу явж байхад Ц.Г өдөр өсгийтэй гутал өмссөн байсан тул өсгий нь тээглээд газар унасан. ...” /1хх 207-209/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Ц.Ггийн биед баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, дагзны баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5088 дугаартай дүгнэлт /1хх 70-71/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 659 дугаартай дүгнэлт /1хх 84-86/, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 834 дугаартай дүгнэлт /1хх 88-91/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 52-57/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Мын хохирогч Ц.Гтай маргалдаж, улмаар үснээс нь зулгаан газар унагаах, өшиглөх зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн “...хохирогч Ц.Г нь шүүгдэгч М.Мт гэмтэл учруулсанг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаартай, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5197 дугаартай ... тус тус дүгнэлтээр тогтоосон байхад яллагч хэргийг шүүхэд шилжүүлэхдээ зарим яллагдагчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шудрага ёсны зарчимд үл нийцсэн тул давж заалдах гомдол гаргах болоод байна. ... Эрүүгийн хэргийг прокурорт буцааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад шүүгдэгч М.М нь тодорхой шалтгааны улмаас хохирогч Ц.Гтай маргалдаж, улмаар үснээс нь зулгаан газар унагаах, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх бөгөөд хохирогч Ц.Ггийн хувьд М.Мын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй, харин түүний хүч хэрэглэсэн үйлдлээс мултрах, хүч хэрэглэсэн үйлдлийг зогсоох үйл хөдлөл хийжээ.

           

Иймд прокурорын тогтоолоор Ц.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна гэж үзэв.   

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ болон түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 550 нэгж буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

            Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид торгох ял оногдуулсан заалтдаа уг ялыг биелүүлэх хугацааг заасан нь логик дараалал, хууль зүйн техникийн хувьд алдаатай байна гэж үзээд зөвтгөв.

 

Шүүгдэгч М.М нь хохирлоо нөхөн төлөхөө өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлж байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/420 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/420 дугаартай шийтгэх тогтоолоор М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                    Т.ӨСӨХБАЯР