| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/00457/И |
| Дугаар | 181/ШШ2024/01346 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/01346
| 2024 04 02 | 181/ШШ2024/01346 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би
Нэхэмжлэгч: *******, *******, Энхтайваны өргөн чөлөө 10/5 хаягт байрлах Д ХХК /РД:6081436/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, А ХХК /РД:6452574/-д холбогдох,
28,883,808 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Д Монгол ХХК нь агаарын болон далайн, авто зам, төмөр замаар экспорт болон импортын тээвэрлэлтийг хийж гүйцэтгэдэг тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэг юм. Манай харилцагч компани болох А ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүдээр дамжин Улаанбаатар хүртэл дугаартай ачаа тээвэр хийлгэсэн. Аийн тээвэрлэлтийн хөлс 28,883,808 төгрөг болсон байна. Манай компаниас Ат төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, мэдэгдэл, төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байсан. Мөн талууд тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж хариуцагч компани нь 28,883,808 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч байсан болно. Гэвч А ХХК-ийн өнөөдрийг хүртэл тус тээвэрлэлтийн хөлсийг төлж барагдуулаагүй байна.
Иймд А ХХК-иас тээвэрлэлтийн хөлс 28,883,808 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...А ХХК нь Норвеги улсын Tova As компанийн бүтээгдэхүүний хайрцагны сав баглаа боодлын дизайн хэвлэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд цар тахлын улмаас БНХАУ-д хэвлүүлсэн бүтээгдэхүүний хайрцагны бэлдэцийг тээвэрлэж чадахгүй хүнд нөхцөлд ороод байсан билээ. Тухайн үед бид удтал судалсны дараа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д ХХК-д 39.9 м3 хэмжээтэй ачааг БНХАУ-ын Эрээн хотоос тээвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Мөн тус компаниас ачаа тээвэрлүүлэх хүлээн авсан бөгөөд тухайн үеийн хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан сар дамжин үргэлжилсэн. Гэтэл дээрх ачаа нь ирэхдээ ихээхэн гэмтэлтэй ирсэн байдаг ба ачааг хүлээн авагч Tova As компанийн зүгээс гэмтсэн ачааны төлбөрийг хэрхэн барагдуулах талаар удаа дараа санал гомдол гаргаж, тээвэрлэгч компаниас даатгалаар нөхөн төлөх боломж байгаа эсэхийг тодруулахыг хүссэн. Тээврийн компаниас уг ачааг тээвэрлэх явцад тээвэрлэж явсан машиин нь онхолдсоны улмаас ачаа гэмтсэн байна, даатгалаар хохирол барагдуулах боломжгүй гэдэг хариултыг өгснөөс шалтгаалан тээврийн төлбөр төлөх асуудал удааширсан болно. Бид хэдийгээр тус компанийн автомашины жолоочийн хариуцлагагүй байдлын улмаас ачаа гэмтэлтэй ирж захиалагч талдаа их хэмжээний төлбөр төлсөн хэдий ч Д Монгол ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүн 28,883,808 төгрөгийн төлбөрийг 6 сарын дотор тэнцүү хэмжээгээр хуваан төлөх нөхцөлтэйгөөр эвлэрэн шийдвэрлэх хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 28,883,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн үнийн 28,883,808 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 4,813,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 4,815,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4,815,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4,815,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 4,815,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 4,810,808 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн 28,883,808 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 4,813,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 4,815,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4,815,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4,815,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 4,815,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 4,810,808 төгрөгийг тус тус төж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 302,369 төгрөгөөс 151,184.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 151,184.5 төгрөгийг, хариуцагч А ХХК-иас 151,184.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ