Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2004

 

Л.С-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01984 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.С-ын  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1976 дугаар шийдвэрээр Л.С , Л.Б  нараас 70 973 498 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Х”  ХХК-аар Л.С-ын  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байр, 00 тоот  хаягт байрлах 2 өрөө 49.65 м.кв орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар 80 634 600 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ажиллагаа хийж үнэлэгдсэн үнийн дүнгийн 70 хувь болох 56 444 220 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахад санал болгох доод үнийг тогтоосон байна. Энэхүү мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.М , Л.С д 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэн. “Х”  ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байр, 00 тоот  хаягт байрлах 2 өрөө 49.65 м.кв орон сууцыг өнөөдрийн зах зээлээс үнээс хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Х”  ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1976 дугаар шийдвэрээр Л.С , Л.Б  нараас 70 973 498 төгрөгийг гаргуулж, “Х банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.С , Л.Б  нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байр, 00 тоот  хаягт байрлах, 49.65 м.кв орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 18291290/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18291290/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 160 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Х банк” ХХК хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний “Х”  ХХК-аар үнэлүүлэхэд уг орон сууцыг 80 634 600 төгрөгөөр үнэлсэн тул мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/9323 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Л.С д 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 56 444 220 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/05376 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Л.С-ын  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэргэсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.С-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг "...тухайн үнэлгээний шинж байдал, онцлог, зориулалтыг харгазан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасан боловч "Х" ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ онцлог, зориулалтыг харгалзан үзээгүй хийсвэрээр үнэлэлт өгч хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байхад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага байгаа талаарх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, гэх үндэслэлээр нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх хуулийг буруу тайлбарлан хэргэлсэн, нотлох баримтыг хангалттай бүрэн цуглаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргаж байна.

Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Л.С  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2018/01976 дугаартай шийдвэрээр Л.С , Л.Б  нараас 70 973 498 төгрөгийг гаргуулж, “Х банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 183/ГХ2018/01154 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 18291290 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 31-34/

 

Барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах 1 өрөө 49.65 м.кв орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 18291290/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18291290/02 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна. /хх47,50/

 

Дээрх хураагдсан эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Л.С  нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, төлбөр төлөгч Л.Б  нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үнийн саналаа ирүүлжээ. /хх 52, 55/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч үнийн талаар харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч “Х банк” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хөндлөнгийн үнэлгээчин томилуулах хүсэлт гаргасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 109 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна.

   /хх 54, 66/

 

            Шинжээч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 61 дүгээр байр, 00 тоот  хаягт байрлах 1 өрөө 49.65 м.кв орон сууцыг 80 634 600 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

            Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ