| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2108000000418 |
| Дугаар | 2021/ДШМ/808 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., 10.1.2.1., 10.1.2.7., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/808
2021 9 14 2021/ДШМ/808
О.Бод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Ю.О.Б,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/752 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж, шүүгдэгч О.Б нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар О.Бод холбогдох 2108000000418 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
О.Б,
Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 19-ний орой 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 8-320 тоот хашаанд Ж.Дыг өөрийн эхнэр Б.Атай хардаж, түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвслэх, хүрз, мод зэргийг ашиглан цохих зэргээр олон удаагийн үйлдэл, давтамжтайгаар цаг гаруй хугацаанд зодож, эрүүл мэндэд нь маш олон тооны шарх гэмтлийг учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт,
мөн дээрх газар, цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Аг бусадтай хардаж, түүнийг газар унагаах, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун эгэмний зулгаралт, хоёр хөх, нуруу, баруун ташаа, гуя, баруун өгзөгний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
мөн дээрх газар, цаг хугацаанд иргэн А.Мыг “хаалга тайлсангүй” гэх шалтгаанаар түүний амьдрах байшингийн төмөр хаалгыг эвдэх, вакум цонхыг хагалах зэргээр гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Быг хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алах гэмт хэргийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар О.Бод 15 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бод оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дахь хэсэгт тус тус зааснаар О.Бод оногдуулсан 15 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын цагдан хоригдсон 102 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч О.Бын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Жд 3.922.300 төгрөг, хохирогч А.Мд 310.000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч А.М нь иргэний нэхэмжлээсээ татгалзсан, хохирогч Б.А нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Жы машины лизингийн төлбөр 12.300.000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч нас барснаас хойш гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар О.Боос нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хүрз 1 ширхгийг, хүрзний хугархай иш 2 хэсэг модыг тус тус устгахаар шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж давж заалдах гомдолдоо “...О.Бод оноосон 15 жил 2 сарын хорих ялыг хөнгөн, бага гэж үзэж, уг хэргийг дахин хянаж, оноосон ялыг 20 жилээс дээш байх ёстой гэж үзэн эсэргүүцэж байна.
Ялтан О.Б нь талийгаачийг удаан хугацаанд тамлан зовоон зодож байхад хажууд нь хараад зогсож байсан Б.А, А.М, Мөнхцэцэг гэх эдгээр хүмүүс хүүгийн минь амийг аврахаас татгалзаж, эмч, цагдаагийн тусламж дуудаагүй. Энэ хүмүүсийн мэдүүлэг зэргээс үзэхэд урьдчилан тохиролцож, үгсэн хуйвалдаж, зөвхөн миний хүүгийн амь насыг хөнөөх зорилготой байсан нь тодорхой байна. Эдгээр хүмүүсийг хэн нь ч ямар ч арга хэмжээ шийтгэл аваагүйд маш их гомдолтой байна.
Талийгаач 3 дугаар сарын 16-нд ажлын хувцасаа хар өнгийн цүнхэнд хийгээд аваад гэрээсээ гарсан. 3 дугаар сарын 16, 17-нд хаана, хэнтэй байсан нь тогтоогдоогүй, О.Бын эхнэр Б.А мэдэж байгаа. Энэ талаар огт дурсаагүй, мэдүүлэг аваагүй.
Талийгаачийн өмсөж явсан хувцас, цүнх, иргэний үнэмлэх, гар утас, жолоочийн үнэмлэх, банкны карт зэрэг биедээ авч явсан эд зүйлс одоо хүртэл олдоогүй. Эдгээрийг мөрдөн байцаагчид удаа дараа хэлсэн боловч шийдвэр гаргаагүй.
...Эцэг би хүүгийнхээ нас барсан айл, газар орчныг зааж өгөх хүсэлтийг 3 дугаар сарын 22-нд гаргасан боловч мөрдөгч уг газрыг зааж өгөхөөс татгалзсан. 5 дугаар сарын 10-нд очиход ямар нэг эд мөрийн баримт байгаагүй. Мөрдөн байцаагч хэрэг болсон газрыг надаас олон хоног нуусанд гомдолтой байна.
Мөн шүүхийн тогтоолын 6-д:
“2021 оны 3 дугаар сарын 20-нд цогцосын гадна үзлэгээр талийгаач нас бараад 20-24 цаг болсон байна” гэснийг эсэргүүцэж байна. Үүнийг тодруулах,
мөн тогтоолд талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэдгийг эсэргүүцэж байна.
Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй, Б.А, А.М, Мөнхцэцэг нар цагдаад мэдэгдээгүй болох нь тогтоогдсон гэх боловч эдгээр хүмүүсийн энэ үйлдэлд гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоож өгнө үү. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг хүсэж байна.
Мөн хохирогч “Би хүүгийнхээ төлж байсан машины мөнгө байгаа бөгөөд шүүхийн тогтоолд заасан гэм хорыг нотолж чадаагүйд хүрсэн. Талийгаачийн бичиг баримт иргэний үнэмлэх олдоогүй учраас миний бие иргэний нэхэмжлэл гаргах боломжгүй болсонд гомдолтой байна.
Талийгаачийн эцэг нь болох Б.Ж хүүгийнхээ төлөө шаналж, эцэг хүний хувьд хичнээн хэцүү байгааг та бүхэн ойлгож, минй сэтгэл санааны хохирол болох 12.300.000 төгрөгийг ялтан О.Боос гаргуулж өгөхийг хүсье. Би өөрийн ганц хүүгээ алдсан эцэг хүний хувьд эцэсээ хүртэл амьсгаагаа тасартал үнэний төлөө явах болно. Хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн ялтанд зохих ял шийтгэлийг оногдуулахын төлөө өөрийгөө үл хайрлан явах болно. Та бүхэн миний гомдлыг тунгаан үзээд зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. ...” гэжээ.
Шүүгдэгч О.Б давж заалдах давж заалдах гомдолдоо “...миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 15 жил хаалттай хорих ангид ял эдлэхээр шийтгүүлсэн.
Иймд миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. О.Б миний бие талийгаачийн аав, ээж, эх, эгч, дүү нараас үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж байна. О.Б миний бие 2011 оноос 2021 он хүртэлх хугацаанд “Тэргүүн Саруул” зам гүүрийн ХХК-д ажилладаг байсан. Ар гэр амьдралаа авч явдаг байсан. Эхнэр Б.А ажилгүй, бага насны хоёр хүүхэдтэй. Амьдарч байгаа аав, ээж хоёр минь өндөр настай, бага насны хоёр хүүхэдтэйг минь харгалзан үзэж, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хорих ялын хугацааг багасгаж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. О.Б нь гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гурван бага насны хүүхэдтэй, эхнэр Б.А нь архины хамааралтай хүн байдаг. Шүүгдэгч О.Б нь хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байдаг. Бусдад төлөх төлбөргүй. Иймд хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Бод ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулсан нь хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцсэн гэж үзсэн. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт үйлдэл дээрээ маргаагүй. Эдгээр нөхцөл байдлууд хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа хэдий ч шүүгдэгч нь нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн санаатай гэмт хэргийг үйлдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дүгнэсэн байдаг. Машины лизинг буюу 12.300.000 төгрөгтэй холбоотой асуудлаар цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгч болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 19-ний орой 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 8-320 тоот хашаанд Ж.Дыг өөрийн эхнэр Б.Атай хардаж, түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвслэх, хүрз, мод зэргийг ашиглан цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь олон тооны шарх гэмтлийг учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг,
мөн дээрх газар, цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Аг бусадтай хардаж, түүнийг газар унагаах, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун эгэмний зулгаралт, хоёр хөх, нуруу, баруун ташаа, гуя, баруун өгзөгний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
мөн дээрх газар, цаг хугацаанд иргэн А.Мыг “хаалга тайлсангүй” гэх шалтгаанаар түүний амьдрах байшингийн төмөр хаалгыг эвдэх, вакум цонхыг хагалах зэргээр гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жы “...би эрүүл саруул байсан хүүгээ бусдын гарт зодуулан, олон тооны шарх үүсгэсэнд гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна. ...” /1хх 47/,
хохирогч А.Мын “...манай байшингийн бүргэд хаалганы бариул хугараад, нугас нь эвдэрсэн, самбар нь салаад хонхойгоод хаагдахгүй болсон. Мөн гал тогооны хэсгийн жижиг вакум цонхны гадна талын дан шил хагарсан байсан. ...” /2хх 14/,
хохирогч Б.Агийн “...манай нөхөр О.Б нь намайг газар унагааж чирээд, дээрээс өшиглөөд чи муу хэнтэй хамт яваад байгаа юм, гэртээ ирдэггүй юм уу гэх зэргээр хэлж зодож байгаад хашаанаас гарах шиг болохоор нь би босоод Мөнхцэцэг эгчийн гэр рүү ороод хаалга түгжсэн. ...” /1хх 169/
гэрч Б.Агийн “...манай нөхөр буцаж ирээд Мөнхцэцэг эгчийн хаалгыг хүчтэй нүдэж, цонхыг нь хагалаад хаячихсан. ...Ж.Дыг гэрийн үүдээр гарахтай нь зэрэгцээд О.Б татаж аваад газарт унагаад дээрээс нь өшиглөөд газарт байсан мод шиг юмаар цохиод Ж.Дыг аймаар болтол нь зодоод байсан. ...Ж.Ды толгойноос цус их гарч байсан бөгөөд хамаг юм нь хавдаж, хүн харах эцэсгүй болчихсон цус нөжтэйгөө холилдсон байсан. ...” /1хх 169-170, 2хх 38/,
гэрч М.Мийн “...Б.Агийн нөхөр О.Б нь манай байшингийн зүүн талд байх гал тогооны өрөөний вакум цонхыг хагалсан. Тэгэхээр нь би Б.А, түүний найз Ж.Д нарыг гарч учраа ол гээд гэрээсээ гаргасан. ...Тэр хоёрыг гарсны дараа О.Б нь Б.А болон түүний найз Ж.Д нарыг зодоод байх шиг байсан. ...ойролцоогоор нэг цаг орчим тэр хоёрыг зодож байгаад өөрөө яваад өгсөн байсан. ...” /хх 177-178/,
шүүгдэгч О.Бын “...би Ж.Ды нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон, мөн нуруун дундуур нь модоор цохьсон, цээжин биеийг нь ноцолдож байгаад зулгалсан, ноцолдож байх үед хэд хэдэн удаа газар унасан. ...Би түүнийг үхэлд хүргэхийг хүсээгүй. Өөрийн гаргасан үйлдэлд харамсаж байна. ...” /1хх 191, 245/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 567 дугаартай “...Талийгаач Ж.Ды цогцост гавлын баруун чамархай, зулай, суурийн баруун дунд хонхор, ухархайн дээд хана, үнэрийн мэдрэлийн ялтас хамарсан хугарал, баруун чамархайн хатуу хальсны дээрх, зүүн чамархай, дагзны хатуу хальсны доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэн, тархины гүүр, уртавтар тархи, бага тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн доод урд хэсэг болон духны дэлбэнгийн суурь хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хажуу урд хэсгийн эдийн няцрал, цус харвалт, толгойн хуйхан доорх духны баруун хэсэг, баруун зулай, чамархай, зүүн чамархайн хэсгийн цус хуралт, зүүн хацар, хамар ясны хугарал, өвчүүний хоёр талд баруун 2, 3 зүүн 1, 2, 3 дугаар хавирга завсрын булчингийн цус хуралт, духны зүүн хэсэг, баруун нүдний гадна дээд хэсэг, баруун чамархайн ар дээд хэсэгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр талын шанаа, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний баруун хэсэг, зүүн чих, хүзүү, баруун дал, мөр, бугалга, тохой, шуу, бугуй, сарвуу, цээжний зүүн ар хэсэг, зүүн дал, мөр, бугалга, шуу, сарвуу, шодой, хуухнаг, хоёр талын өгзөг, хөлийн цавь, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, баруун нүдний гадна хэсэг, зүүн хацар, шанаа, эрүү, чих, хүзүү, хоёр гарын мөр, тохой, шуу, сарвуу, аюулхай, баруун ташаа, цавь, гуя, өвдөг, шилбэ, зүүн ташаа, өвдөг, шилбэ, шодойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. ...Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай байна. ...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ... Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 2.8 промили, ходоодны шингэнд 2.8 промили, шээсэнд 3.3 промили илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. ...” гэсэн дүгнэлт /1хх 50-55/,
эргүүлийн офицер Х.Тулгын бичсэн илтгэх хуудас /1хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 6-18/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-26/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2657 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 91-92/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 98-99/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 981 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1хх 104-111/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 983 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1хх 127-135/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар дүгнэлт /2хх 3-4/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.Б нь амь хохирогч Ж.Дыг өөрийн эхнэр Б.Атай хардаж, улмаар түүнийг согтуурсны улмаас спиртийн зүйл цусанд 2.8 промили, ходоодны шингэнд 2.8 промили, шээсэнд 3.3 промили буюу хүчтэй зэргийн согтолтоос эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвслэх, хүрз, мод зэргийг ашиглан цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулан амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар,
мөн өөрийн эхнэр Б.Аг бусадтай хардаж, түүнийг газар унагаах, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
мөн иргэн А.Мыг “хаалга тайлсангүй” гэх шалтгаанаар түүний амьдрах байшингийн төмөр хаалгыг эвдэх, вакум цонхыг хагалах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 310.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж “...О.Бод оногдуулсан 15 жил 2 сарын хорих ялыг хөнгөн, бага гэж үзэж, уг хэргийг дахин хянаж оногдуулсан ялыг 20 жилээс дээш байх ёстой гэж үзэн эсэргүүцэж байна.
Ялтан О.Бын талийгаачийг удаан хугацаанд тамлан зовоож зодож байхад хажууд нь хараад зогсож байсан Б.А, А.М, Мөнхцэцэг гэх эдгээр хүмүүс хүүгийн минь амийг аврахаас татгалзаж, эмч, цагдаагийн тусламж дуудаагүй, энэ хүмүүсийн мэдүүлэг зэргээс үзэхэд урьдчилан тохиролцож хуйвалдсан, зөвхөн миний хүүгийн амь насыг хөнөөх зорилготой байсан нь тодорхой байна. Эдгээр хүмүүсийг хэн нь ч ямар ч арга хэмжээ шийтгэл аваагүйд маш их гомдолтой байна.
... Мөн тогтоолд талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэдгийг эсэргүүцэж байна.
... Мөн хохирогч “Би хүүгийнхээ төлж байсан машины мөнгө байгаа бөгөөд шүүхийн тогтоолд заасан гэм хорыг нотолж чадаагүйд хүрсэн. Талийгаачийн бичиг баримт иргэний үнэмлэх олдоогүй учраас миний иргэний нэхэмжлэл гаргах боломжгүй болсонд гомдолтой байна.
Талийгаачийн эцэг нь болох Б.Ж хүүгийнхээ төлөө шаналж эцэг хүний ... хувьд хичнээн хэцүү байгааг та бүхэн ойлгож, минй сэтгэл санааны хохирол болох 12.300.000 төгрөгийг ялтан О.Боос гаргуулж өгөхийг хүсье. ...” гэсэн,
шүүгдэгч О.Б “... аав, ээж хоёр минь өндөр настай, бага насны хоёр хүүхэдтэйг минь харгалзан үзэж, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хорих ялын хугацааг багасгаж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн газарт үзлэг хийж, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авч, шинжлэх ухааны үүднээс тодорхой болгох асуудлуудын хүрээнд шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд буюу хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч О.Бын гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах байдлаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж,
мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Бод холбогдох хэргийг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жы машины лизингийн төлбөр 12.300.000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар О.Боос нэхэмжлэх эрхтэй болохыг заасан нь хууль зөрчөөгүй бөгөөд түүний эрхийг хязгаарлаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар О.Быг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасан үндэслэл, зарчмын агуулгад нийцсэн байна гэж үзэв.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж, шүүгдэгч О.Б нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.
Харин О.Б нь гэм буруугаа зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч О.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/752 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар О.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Бод оногдуулсан 15 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бод оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.
4. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж, шүүгдэгч О.Б нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР