Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/809

 

 

 

 

     2021           9               14                                       2021/ДШМ/809

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/827 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006031460701 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Б,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 28-наас эхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” ХХК-ийн маркетингийн дизайнераар ажиллах хугацаандаа, албан тушаалын байдлаа ашиглан байгууллагын хэрэгцээнд ашиглах зориулалттай, өөрт нь итгэмжлэн хариуцуулсан техник хэрэгслүүдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаартай шаардах хуудсаар хүлээн авч, компаниас удаа дараа шаардахад буцаан өгөхгүй, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж завшсан гэмт хэрэгт,

мөн 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Тийн Канон 5 ди-2 загварын зургийн аппаратыг цаасны компанид захирлаар ажиллаж байгаа, камер хэрэгтэй тул 2 сая төгрөгөөр зарчих гэж хуурч мэхлэн урьдчилгаа төлбөр гэж 250.000 төгрөг өгч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, 1.004.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Баярболдоос Канон 5 ди-2 загварын зургийн аппаратыг 4 хоногийн хугацаатайгаар түрээслэх нэрийдлээр хуурч, түрээсийн мөнгө гэж 400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, 1.254.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гын Сони А7 Эс-3 загварын зургийн аппарат, Ронин ар эс 2 загварын дүрс тогтворжуулагчийг 3 хоногийн хугацаатайгаар түрээслэх нэрийдлээр хуурч, түрээсийн мөнгө гэж 280.000 төгрөгийг дансаар шилжүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, 6.176.928 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсгийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 4 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баас 19.193.000 төгрөг гаргуулж, “Скай ресорт” ХХК-д 15.365.000 төгрөг, хохирогч Б.Г /ук95040616/-д 2.220.000 төгрөг, хохирогч Э.Т /ук97030330/-т 754.000 төгрөг, хохирогч М.Баярболд /кг00241316/-д 854.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдолдоо: “...А.Б миний бие өөрийн эзэмшсэн мэргэжил боловсролоо сайн эзэмшиж, суралцаж, түүнийгээ ашиглаж хурдан хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж, өөрийн хөдөлмөр, цалин хөлс болон гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр аль болох богино хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, мөн тодорхой хэмжээний хохирлоо шууд төлж чадахаа илэрхийлсэн боловч шүүх бүрэлдэхүүн чухам ямар эх үүсвэрээр хэрхэн яаж, хэдий хугацаанд төлөх нь тодорхойгүй, бодит бус байна хэмээн үзэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Миний холбогдсон хэрэг ямар учраас 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болсон шалтгааныг, мөн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг ямар шалтгаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байгааг тус тус ойлгохгүй байна.

Миний бие нь хоригдох хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн талаар ухамсарлан ойлгож, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.

Миний бие нь нярай хүү, эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд ээж болон эмээ, эхнэр, хайртай хүүдээ санаа зовж, маш их санаж байна. ... хохирлоо бүрэн төлж барагдуулж чадна гэдгээ илэрхийлж байна. ...” гэжээ.

 

Хохирогч “Скай Ресорт” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А.Б нь хохирлыг төлөх талаар ямар нэгэн бодитой арга хэмжээ аваагүй. Бидний зүгээс хэд хэдэн хүсэлт тавьсан боловч ирж уулзаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаснаас хойш нилээн хугацаа өнгөрсөн боловч санаачилага гаргаж байгаагүй. Иймд шүүгдэгч А.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б нь Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэхтэй холбоотой давж заалдах гомдол гаргасан байна. Завших гэмт хэрэг нь хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэй учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаагүй. Залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалттай. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж заасан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж заасан байна. Би томилолтоор орж байгаа учраас давж заалдах гомдолд дурдсан өршөөл үзүүлэхтэй холбоотой асуудал дээр нь тайлбар хэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол нэмж нэгтгэнэ, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан. Өршөөл үзүүлэх тухай хууль нэгэнт батлагдсан тул хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд залилах гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 28-наас эхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” ХХК-ийн маркетингийн дизайнераар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын хэрэгцээнд ашиглах зориулалттай, өөрт нь итгэмжлэн хариуцуулсан техник хэрэгслүүдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаартай шаардах хуудсаар хүлээн авч, компаниас удаа дараа шаардахад буцаан өгөхгүй, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж завшсан гэмт хэрэг,

мөн 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Тийн Канон 5 ди-2 загварын зургийн аппаратыг цаасны компанид захирлаар ажиллаж байгаа, камер хэрэгтэй тул 2 сая төгрөгөөр зарчих гэж хуурч мэхлэн, урьдчилгаа төлбөр гэж 250.000 төгрөг өгч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, 1.004.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Баярболдоос Канон 5 ди-2 загварын зургийн аппаратыг 4 хоногийн хугацаатайгаар түрээслэх нэрийдлээр хуурч, түрээсийн мөнгө гэж 400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, 1.254.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гын Сони А7 Эс-3 загварын зургийн аппарат, Ронин ар эс 2 загварын дүрс тогтворжуулагчийг 3 хоногийн хугацаатайгаар түрээслэх нэрийдлээр хуурч, түрээсийн мөнгө гэж 280.000 төгрөгийг дансаар шилжүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, 6.176.928 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч “Скай ресорт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н /1хх 9-10/, хохирогч Б.Г /1хх 104-105/, Э.Т /1хх 161-162/, М.Баярболд /1хх 186-187/,

гэрч Д.Э /1хх 12-14/, М.Э /1хх 108-109/,

шүүгдэгч А.Б /1хх 84-85, 115-117, 163-164, 188-189/ нарын мэдүүлгүүд,

“Скай ресорт” ХХК-ийн 01/181 дугаартай албан бичиг /1хх 6/, “Скай ресорт” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, шаардах хуудасны хуулбар, техник хэрэгслийн жагсаалт /1хх 27-29/, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, үндсэн хөрөнгийн карт, падаан, шаардах хуудас /1хх 47-57/, ломбардны бүртгэлийн мэдээлэл /1хх 75-79/, “Скай ресорт” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 104 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /1хх 92/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №БЗД3-20-487 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 23-25/, “Дамно” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №БЗД3-21-125 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 112-113/, “Дамно” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №БЗД3-21-126 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 166-167/, “Дамно” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №БЗД3-21-127 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 191-192/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч А.Б “...Миний холбогдсон хэрэг ямар учраас 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болсон шалтгааныг, мөн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг ямар шалтгаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байгааг тус тус ойлгохгүй байна.

...хохирлоо бүрэн төлж барагдуулж чадна гэдгээ илэрхийлж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн шинжийн хувьд, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс хууль болон гэрээгээр, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр эд хөрөнгөө шилжүүлж, тухайн эд хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэснийг эд хөрөнгө хууль ёсоор шилжүүлсэн гэж үзнэ.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах эрх бүхий этгээдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч, тэдгээрт үүрэг чиглэл өгөх төсвийн ерөнхийлөн захирагч, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул зэрэг албан тушаалтан нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь “Скай ресорт” ХХК-ийн захирлын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дугаартай тушаалаар маркетингийн дизайнераар томилогдож, ажил үүргийн хүрээнд компанийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцан ажиллаж байхдаа завшсан нь “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн хүндрүүлэн үзэх шинжийг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Б нь “Скай ресорт” ХХК-д маркетингийн дизайнераар ажиллахдаа өөрийн ажлын шууд хэрэгцээнд хэрэглэдэг эд хөрөнгийг завшсан нь завших гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжтэй байна гэж үзэв.

Иймээс прокуророос А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэв.

Хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгч А.Бд ял шийтгэл оногдуулав.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл/Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих/-ийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ...” гэж, 

мөн хуулийн 4 дүгээр зүйл/Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх/-ийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,

мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заажээ.

Дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэм хэмжээ хоорондын уялдаа, нэг мөр ойлгож хэрэгжүүлэх агуулгаас үзэхэд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиход мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг хангасан байхаар заажээ.

Харин шүүгдэгч А.Бын хувьд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Гэвч, түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал нь өөриийнх нь санхүүгийн чадавх, эд хөрөнгийн байдал, төлбөрийн чадварыг тодорхойлсон баримтаар заавал баталгаажсан байх шаардлагыг хангаагүй буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлаа бодитой нотлож чадаагүй байх тул Өршөөлийн хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жил 6 сар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан агуулгад нийцүүлэн багасгав.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч А.Бын гаргасан давж заалдах гомдлын “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/827 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос А.Бд холбогдох завших гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “..., бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд ...” гэсэн хэсгийг “..., бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч А.Быг тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 4 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 2 жил 3 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бын гаргасан давж заалдах гомдлын “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР