Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/04359

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/04359

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, хороо, гудамж, хотхоны байрны  тоотод оршин байх Т******* н******* СӨХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, хороо. хороолол, гудамж  хотхоны байрны тоотод оршин суух О******* Г*******ын Б*******т холбогдох,

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 748,364.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Р*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т******* н******* СӨХ нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж, гэрчилгээгээ авч, үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хамтран эзэмшиж ашигласаар байгаа боловч СӨХ-д төлбөл зохих төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д сууц өмчлөгчид ногдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээ гэж тодорхойлсон байдаг.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх;, Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 147.1, 17.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасны дагуу нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой.

Т*******н******* СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Т*******н******* СӨХ-ны төлбөрийг хог-2800, лифт-4000, цэвэрлэгээ-3500, жижүүр-5000, баримт-150, засвар үйлчилгээ 1 мкв-200 төгрөг, дундын гэрэл-1000 төгрөг байхаар баталгаажуулан баталсан. Үүний дагуу тэрээр сард хог-2800, цэвэрлэгээ-3500, жижүүр-5000, баримт-150, засвар үйлчилгээ 12,429.40 төгрөг, лифт-4000 дундын гэрэл-2500 төгрөг буюу нийт 30,379.40 төгрөгийг төлөх ёстой болно.

Үүнээс өмнө жижүүрийн төлбөрийг 10,000 төгрөг байсныг уг тогтоолоор 5,000 төгрөг болгон бууруулсан. Тус СӨХ нь байгуулагдсан цагаас эхлэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг СӨХолбоодын Дээд зөвлөлөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-нд баталсан жишиг үнийн хамгийн доод хэмжээгээр тогтоож, оршин суугчдаас төлбөрийг авсаар ирсэн. Мөн 2020 оны 12 дугаар сард Засгийн газраас цахилгааны төлбөр хогны мөнгийг чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулан тус СӨХ-оос сууц өмчлөгч нарын хогны төлбөр 2800 төгрөгийг 2021 оны 01 сараас хасаж тооцсон болно.

Гэтэл 36А байр 24 тоот 62,147 мкв орон сууцанд оршин суугч Д******* овогтой Б нь дээрх хуульд заасан СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой зардалд сар бүр төлөх ёстой төлбөрөө 2021 оны 04 сараас 2023 оны 05 дугаар сарыг дуустал нийт 26 сарын хугацаанд төлөөгүй, энэ нь хуримтлагдсаар 748,364.40 төгрөг болсон байна.

Түүнд дээрх хуулиудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, үүний улмаас СӨХ-ны үйл ажиллагаанд саад учирч татварын болон ус дулааны өр төлбөрийн дарамтад орж, бусад сууц өмчлөгчид СӨХ-ноос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй байх нөхцөл үүсэж байгаа болно.

Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд төлөх ёстой 748,364.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Т******* н******* СӨХ нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж СӨХ-ний дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардал төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Тус нэхэмжлэлийн үл зөвшөөрч доорх хариу тайлбарыг гаргаж байна.

Т******* н******* хотхоны оршин суугч, сууц өмчлөгч миний бие 2019 оноос хойш тус орон сууцанд амьдарсан бөгөөд Т******* н******* СӨХ нь хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаггүй, оршин суугчдаас удаа дараа шаардлага тавихад биелүүлдэггүй. Тухайлбал:

СӨХ нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8.2-заасны дагуу дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна гэсэн заалтыг биелүүлдэггүй. Оршин суугчид хуулийн 8.2 заасны дагуу ээлжит бус хурлыг зохион байгуулахаар СӨХ-оос ухуулга (СӨХ-ын даргыг татан буулгахгүй гэж оршин суугчдаас нууцаар гарын үсэг авдаг, орцны цэвэрлэгээг тогтмол хийдэг гэсэн санал авч гарын үсэг зуруулах гэх мэт) хийж ирц бүрддэггүй.

Мөн СӨХ нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.10.5-д заасан бүх гишүүдийн хуралд удирдах зөвлөлийн тайлан тавих үүргийг огт биелүүлж байгаагүй тул оршин суугчдын дунд дундын өмчлөлийн эд хөрөнгийн орлогыг өөр зүйлд зарцуулсан гэх хардлага төрөөд удаж байна.

Мөн хуулийн 15.3-д заасны дагуу холбооны сангийн хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний болон бусад нийтлэг зардлаас өөр зүйлд зарцуулахыг хориглоно гэх заалтыг зөрчиж байгаа юм. СӨХ нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө, орчны газарт засвар шинэчлэлт хийхгүй удаж байгаа, лифт ажилладаггүй, орцны код ажилладаггүй, хүүхдийн тоглоомын талбайд засвар хийгээгүй удаж байгаагаас эвдэрхий тоглоомд олон хүүхэд бэртэж гэмтэж байгаа, оршин суугчдын машины бүртгэл байхгүйгээс хэт олон машин зогсоолд зогсож машин мөргөж өмнө шүүхээр явж хохирлоо барагдуулж байсан, орцны ариун цэврийн байдал, хогийн овоорлоос болж бүх орц, давхарт жоом үүрэлсэн байдалтай байна.

Иймд СӨХ нь хууль заасны дагуу бүх гишүүдийн хурлыг хуралдуулж тайлангаа тавих, СӨХ-ны даргыг сольж өөрийн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл дундын өмчлөлийн хөлсийг төлөх боломжгүйг мэдэгдэж байна.

Мөн СӨХ дарга нь оршин суугчдын тавьсан шаардлагыг бүрэн хүлээн авч тогтмол ажил хийдэг байх шаардлагатай юм гэв.

 

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* н******* СӨХ нь хариуцагч Г.Б*******т холбогдуулан 748,364.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг 2021 оны 4 дүгээр сараас хойш төлөөгүй улмаас сууц өмчлөгчдийн холбооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаагаас гадна бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Т******* н******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх удирдлага хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаагаас гадна санхүүгийн тайлангаа бүх гишүүдийн хурлаар тайлагнаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дахь хэсэгт Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ гэж тус тус зохицуулсан.

Баянзүрх дүүргийн хороо,  хороолол,  байрны оршин суугчдын хурлын тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т******* н******* Сууц өмчлөгчдийн холбоо-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэж дугаартай гэрчилгээг олгосон байх ба Т******* н******* сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн Ч.Г*******ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр нотлогдож байна./х.х-ийн 4 дэх талд/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт гүйцэтгэх захирлын эрх, үүргийг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 12.4.4 дэх хэсэгт энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар Нарлаг сансар сууц өмчлөгчдийн нэрийн өмнөөс тус холбооны гүйцэтгэх захирал Ч.Г******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхтэй байна.

Хариуцагч Г.Б******* нь Баянзүрх дүүргийн хороо,  хороолол,  гудамж т******* н******* хотхоны байрны орон сууцны өмчлөгч, тус орон сууцанд оршин суудаг талаар маргаагүй ба тэрээр Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 4 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болох 748,364.40 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг хариуцагч төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнтэй маргахгүй байна. /х.х-ийн 7 дахь талд/

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргийг зохицуулсан байх тул хариуцагч Г.Б******* нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх удирдлагыг сольж, тайлангаа тайлагнасны дараа төлбөрийг төлнө гэж тайлбарлаж байх бөгөөд уг үндэслэлээр хариуцагчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан бөгөөд мөн зүйлийн 7.2.4-д удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан.

Хариуцагч нь бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хуралдаандаа оролцон тайлангаа танилцуулахыг шаардах, гаргасан тайлантай танилцах эрхтэй тул тайлангаа тавихгүй байгаа гэсэн үндэслэлээр мөн хариуцагчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн тайлбараар түүнийг орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Б*******ээс 748,364.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* н******* сууц өмчлөгчдийн холбоонд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,511 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******ээс 22,511 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* н******* сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б*******ээс 748,364.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* н******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,511 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******ээс 22,511 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* н******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ