| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03695/И |
| Дугаар | 182/ШШ2024/02769 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/02769
| 2024 06 12 | 182/ШШ2024/02769 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар /РД:6465714/-ын хүсэлттэй,
Гуравдагч этгээд: Д.А.
Нэхэмжлэлийн шаардлага: ******* архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэд ахлагч Д.Эрдэнэбаяр,
Гуравдагч этгээд *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газраас шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.А нь Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 1-р гудамж, 04 тоотод байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, агсам тавьж удаа дараа зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадлагаагаар 1 дүгээр зэргийн донтолттой байх тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэж гудамж талбайд тасарч унах зэргээр өөрийн эрүүл мэнд амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэдэг, ар гэртээ агсам согтуу тавьж амгалан тайван байдал алдагдуулж, гэртээ хүмүүс цуцлуулан бүлэг бөөгнөрөл үүсэж өндөр настай эхийнхээ эрүүл мэнд амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймээс түүнийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна. Аав нас барсан, ээжтэйгээ нэг хашаанд амьдардаг. Ээжийгээ харж хандах шаардлагатай байх тул архины эмчилгээнд явах хүсэлгүй байна. Архи уудаг нь үнэн, цаашид дахиж архи уухгүй засарна. Хүргэн ахтайгаа хамт Сэлэнгэ аймагт барилгын ажил хийхээр тохиролцсон байгаа. Одооноос дахиж архи хэрэглэхгүй, өөрийгөө архи уугаад ямар зан авир гаргаж байгааг ухаарсан. Хүмүүсийн хэлж байгаа үнэн. Архи уугаад байвал ар гэрийнхэн орхиж би хэн ч биш болно гэдгээ өнгөрсөн гурав хоногт бүрэн ухаарсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газраас ******* албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
Иймд хуульд заасан дээрх нөхцөл байдал бүрдсэн, түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын гаргасан хүсэлтийг хангаж, ******* захиргааны журмаар албадан эмчлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг баримтлан ЦД86041116 регистрийн дугаартай, эрэгтэй, Хаад боржигин овогт *******ыг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт зааснаар ******* албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дах хэсэгт зааснаар ******* албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА