Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 00141

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар,
шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доной овогт Ш.Сд холбогдох эрүүгийн 1715000840021 дугаартай, 132/2017/0129/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багт малын эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Дашинчилэн суманд оршин суух, Доной овогт Ш.С.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.С нь Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутагт гэртээ өөрийн хамтран амьдрагч Ц.Халиуныг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус тус зодож, хутга барин ална гэж айлган сүрдүүлж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар яваад 05-ны шөнө гэртээ ирж охин дээрээ очиход Халиун ирчихсэн байсан. Тэгээд охин бид хоёрыг гэрт хүргээд өгчих гэсэн чинь Халиун бид хоёрыг хүргэж өгчихөөд явах гэхээр нь “чи гэртээ бай, явуулахгүй” гэснээс бид хоёр маргаад би түүнийг буйдан дээр дарж унагаад ширээн дээр байсан хутга авч 2-3 далайж байгаад цохиж зодсон нь үнэн. Маргааш нь Цагдаагийн байгууллагад эгч Одончимэг нь өргөдөл бичээд өгчихсөн байсан.
Халиун охин бид хоёрыг тоохгүй гадуур яваад, гэр орныхоо ажил төрөлд хойрго ханддаг болсноос бидний хооронд хэрүүл маргаан гардаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би охинтойгоо хамт байдаг, намайг эзгүйд манай аав, ээж хардаг юм. Хөнгөн ял онооож өгнө үү гэх мэдүүлэг,
1715000840021 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Ц.Халиуны өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүүхэдтэйгээ уулзах гээд хадмындаа очтол С Улаанбаатар хотоос аавындаа ирчихсэн байхад нь таарсан. Тэгтэл С чи охин бид хоёрыг гэрт хүргээд өгчих гэхээр нь би хүргэж өгөөд буцах гэхэд С чи гэртээ байхгүй хаашаа явах гээд байгаа юм гээд уурлаад миний үснээс зулгааж хоолой боогоод янхан гичий гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд намайг буйдан дээр хэвтүүлээд хутгаар миний дээрээс далайгаад байсан. Тэгээд машины түлхүүр, цүнхийг авчихаад чи одоо явбал эгчийгээ дуудчихна гээд гэрээ дотроос нь түгжээд явуулахгүй байж байгаад өглөө 08 цагийн үед явуулсан. 2017 оны 7 сарын 10-ны өдөр С намайг зодож хэл амаар доромжилсноос хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа юм. С бид хоёр 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа 2015 оноос хойш архи уухаараа байнга хэл амаар доромжилдог. Сүүлдээ эрүүл байхдаа ч хэл амаар доромжилж би байнгын гэр бүлийн хүчирхийлэлтэй амьдарч байгаа гэх мэдүүлэг /хх-14 тал/.
Гэрч С.Эрдэнэ-Очирын өгсөн: Ш.с, Ц.Халиун нар манай багийн иргэн байгаа юм. Би энэ хоёрын хувийн амьдарлын талаар сайн мэдэхгүй, бидний гэр хол байдаг. Ш.С нь дуу цөөтэй, архи согтууруулах ундааны зүйл хааяа уучихсан явж байгаа харагддаг. Би Ш.С ойр дотно байгаад байдаггүй болохоор зан байдлын талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Гэрч Н.Одончимэгийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ байж байтал манай дүү Ц.Халиун манай гэрт ирээд урд шөнө Ш.Сугарсүрэн намайг хэл амаар доромжилж, зодож, надруу хутга барьж ална гэж дайрсан гэж хэлсэн юм. Тэгээд Халиуны биеийг харахад нь зарим нэг газраа хөхөрч, хавдсан байдалтай байсан. Урьд өмнө нь Ш.Сугарсүрэн Ц.Халиуныг удаа дараа зоддог байсан ба эрүүл байсан ч хүнтэй хардаж зоддог байсан юм. Тэр талаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэхээр манай дүү Ц.Халиун цагдаагийн байгууллагад хэлүүлдэггүй байсан. Ш.С архи согтууруулах ундааны зүйл уух дуртай, Ц.Халиунааг тогтмол ямар нэгэн хүнтэй хардаж агсам тавьж, хэрүүл маргаан хийгээд байхаар манай дүү Ц.Халиун болон бид нарт хүртэл хэцүү байдаг юм гэх мэдүүлэг /хх 17-18 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 242 дугаартай
1. Ц.Халиуны биед зүүн бугалага, зүүн дал, зүүн суга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-16 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, мөрдөгчийн санал /хх-2 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-24-28 тал/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 29-47 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч Ц.Халиунд агсан тавьж, байнгын шинжтэй түүний бие эрх чөлөөнд нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ц.Халиуны өгсөн мэдүүлгүүд, 2017 оны 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус эхнэр Ц.Халиуныг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан талаарх шүүх эмнэлгийн шинжээчийн 242 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ш.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Сугарсүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Халиуны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Ш.Сугарсүрэнд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Сугарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Доной овогт Ш.С гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцан догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг журамлан шүүгдэгч Ш.Сг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.Сугарсүрэн нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй, нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, устгасан тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад тус тус даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД