Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2017/00016

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын 2-р багт орших, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ад холбогдох,

нөхөн төлбөр 3.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Байгаль хамгаалагч , , Цагдаагийн тасгийн цагдаа , ЗДТГазрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн нар сумын төвийн баруун урд талын замд эргүүл шалгалт хийх явцдаа 2 дугаар багийн иргэн З.*******ыг 2016 оны 9 сарын 11-ний өдөр шалгасан. Шалгалтаар З.******* нь ан агнах зөвшөөрөл байхгүй үед 9 тарвага агнаж, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ...иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 2 сарын 25-ны өдрийн А-61 дүгээр тушаалын 1-д ..бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн тоо толгойг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шар үнэг, хярс үнэгийг, тоо толгой нь хорогдож байгаа байдлыг харгалзан тарвагыг тус тус Монгол орны нийт нутгаар, тал хээрийн саарал чонын тоо толгой багасч... агнахыг 3 жилийн хугацаатай хориглосугай гэсэн шийдвэрүүдийг зөрчсөн тул Байгаль хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3-д ..энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна, Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9-д заасан ...зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан, энэ хуулийн 26.3-т заасан ан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...торгоно гэж заасны дагуу 9 тарвагыг улсын орлого болгон хурааж 384.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ..амьтны тухай хууль тогтоомж зөрчсний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, 37 дугаар зүйлийн 37.2-т ...амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно, 37 дугаар зүйлийн 37.4-д ... ан амьтан агнах эрхийн бичиг гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн түүнчлэн зөвшөөрөлгүй ан амьтан агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдуулна гэж заасны дагуу эр тарвага 5x170.000x2=1.700.000 төгрөг, эм тарвага 4x200.000x2=1.600.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Иймд З.*******аас 9 тарваганы нөхөн төлбөр болох 3.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын ******* *******ас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 3.300.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Уг мөнгийг 2017 ондоо багтааж төлөх болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* Х.Баттулга нь хариуцагч З.*******аас амьтны аймагт учруулсан хохирол 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч З.******* нь 2016 оны 9 сарын 11-ний өдөр хориглосон үед 9 тарвага агнасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2016 оны 9 сарын 26-ны өдрийн 0024953 дугаартай нөхөн төлбөрийн тасалбар, 2016 оны 9 сарын 26-ны өдрийн 04 дугаартай улсын байцаагчийн акт зэрэг бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Иймд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг хариуцагч З.******* хариуцах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2, мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ёстой.

Нэхэмжлэгчийн тогтоосон нөхөн төлбөр 3.300.000 төгрөгийг хариуцагч З.******* төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулах-аар заажээ. Иймд хариуцагч З.*******аас амьтны аймагт учруулсан хохирол 3.300.000 төгрөгийг гаргуулж Байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч З.******* нь амьтны аймагт учруулсан хохирол 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг Байгаль хамгаалах санд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 33.875 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ