Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/862

 

 

 

 

     2021           9               23                                       2021/ДШМ/862

 

Т.А, С.С, Г.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Т.А, С.С, Г.Б нарт холбогдох 2008023370053 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т.А,

2. С.С,

3. Г.Б,

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогт” төвийн 1 давхарт байрлах нийтийн караоке дотор С.Стай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа иргэн Ц.Бгийн толгой хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.С нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогт” төвийн 1 давхарт байрлах нийтийн караоке дотор Т.Атай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Г.Б нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогт” төвийн 1 давхарт байрлах нийтийн караоке дотор “эхнэр М.М руу пивоны шил шидлээ, хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгаанаар Т.Аын толгой, хүзүү хэсгээр гараараа алдлан боосноос эрүүл мэндэд нь хүзүү, цээж, баруун чихэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Г.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Т.А, С.С нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн зодож, эд хөрөнгө устгаж, гэмтээж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, С.С нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Т.А, С.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Ааас 100.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Бд олгож, шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ц.Б, М.М, Б.Б нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогч Т.Аын “зүүлт гинж” гэмтсэн тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг зааж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан бичгийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт дараах үйл баримт тогтоогдсон. С.С нь пивоны бакал, хундага зэргийг унагааж хагалсан гэх үйлдлийг хийсэн боловч хохирогч М.Мгийн биед халдаагүй, түүн рүү чиглэсэн үйлдэл хийгээгүй болох нь шүүгдэгч С.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, камерын №3 20200805_231120 гэсэн нэртэй бичлэг, хавтас хэрэгт авагдсан хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-21/-д давхар тусгагдсан. Дээрх баримтуудаас гадна шинжээчийн “...М.Мгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /1хх 103/ зэргээс үзэхэд Г.Б нь хохирогч Т.Аын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах үед Т.Аын зүгээс бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон хийгээгүй, халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болоогүй байсан байна.

Нөгөө талаас Г.Б нь пивоны бакал шидсэн С.Сг бус хохирогч Т.Аыг хүзүү хэсгээр нь боох, ширээн дээр дарах, чихэнд цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд бусдын биед Г.Б түрүүлж халдсан байдаг бөгөөд түүний дээрх биед халдсан үйлдэлд шүүгдэгч С.С нь Г.Бг эсэргүүцэн нүүрэн тус газарт нь цохих зэрэг үйлдэл үзүүлсэн байдаг.

Тухайн караокены хоосон заалны хэсгийг харуулсан №2 20200805_230722 камерын бичлэгт “...хамгийн доод талд хохирогч Ц.Б, дээр нь Т.А, дээр нь С.С нар давхаралдан унахад дэргэд нь зууралдсан боловч унаагүй, Г.Б зогсож байсан бөгөөд С.С босоод холдоход тухайн цаг хугацаанд Т.А нь Ц.Бг цохиж байх үед Г.Б нь Т.Аыг араас нь 2-3 удаа цохиж байгаа бичлэг авагдсан байх тул Т.Аын биед эмэгтэй хүн халдаагүй болох нь тогтоогдсон. Энэ тухай хавтас хэрэгт авагдсан хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-21/-д давхар тусгагдсан байгаа болно.

Дээрх цохиулсан гэх үйлдлийг хохирогч Т.А хэн цохисон талаар хараагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “...миний хажуугаас нэг эмэгтэй цохисон” /1хх 70/, шүүхийн хэлэлцүүлэгт “Миний үснээс Ц.Б зулгаасан юм чинь чихэнд үүссэн гэмтлийг Ц.Б учруулсан байх” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгт авагдсан Т.Аын араас 2-3 удаа цохиж буй үйлдлийг “Т.А нь миний гарыг бариад тавихгүй байсан болохоор гараа сугалж авах зорилгоор огцом хөдөлсөн” гэж мэдүүлсэн боловч тухайн цаг хугацаанд Т.А нь Г.Бгийн гарыг барих боломжгүй, доороо давхралдаж унасан хохирогч Ц.Бгийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх идэвхтэй үйлдлийг хийж байсан.

Дээрх баримтуудаар Т.Аын үснээс Ц.Б зулгаасан боловч чих рүү нь цохиогүй, Г.Б нь Т.Аын чих рүү цохиж, хүзүү хэсгээр боож, хүзүүнд зүүж байсан гинжийг таслах зэргээр эрүүл мэндэд нь хүзүү, цээж, баруун чихэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь тогтоогдож байхад шүүх камерын бичлэгийг үнэлээгүй байна.

Шүүх Г.Бгийн гэм буруутайг тогтоосон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шаардлагыг хангаагүй буюу тус хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Яллах дүгнэлтийн хэргийн товч агуулга хэсэгт Г.Бд холбогдох гэмт хэрэг бичигдээгүй байх тул тогтоох хэсэгт гэмт хэрэгт ялласан нь хууль зүйн шаардлага, логик утга агуулгаараа зөрчилтэйд тооцогдоно” гэж дүгнэж, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байх бөгөөд хэрэв прокурорын яллах дүгнэлт хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа бол хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.

Шүүх Г.Бгийн үйлдсэн гэмт хэргийн субъектив талын шинжийг дүгнэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан үйл баримтуудыг буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. Хэрвээ анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжгүй гэж үзэх юм бол хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогт” төвийн 1 давхарт байрлах нийтийн караоке дотор С.Стай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа иргэн Ц.Бгийн толгой хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.С нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогт” төвийн 1 давхарт байрлах нийтийн караоке дотор Т.Атай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Мгийн “...надруу юм шидэхээр нь манай нөхөр Г.Б миний урдуур ороод тухайн хүмүүсийг холдуулах гэтэл эсэргүүцэж элдвээр хэлж дайрсан. ... Тухайн үед манай зөөгчийн нөхрийн дээр ягаан цамцтай эмэгтэй суугаад шээгээд чамайг доромжилж байна гэх зэргээр танхайрсан. ...” /1хх 35/,

хохирогч Ц.Бгийн “...тухайн үед текэн дээр зогсож байснаа М.М руу пивоны шил, стакан зэрэг шидээд манай эгч прокурор, та нарыг өмнөө сөхрүүлнэ гэх зэргээр дайраад байсан. Тухайн хоёр эмэгтэй юм шидлээд байхаар нь М.Мгийн найз залуу бид хоёр бариад авсан, тэгтэл ягаан цамцтай эгч нь миний чихнээс болон гарнаас хазаад, миний толгойгоор ширээ цохиод, дээрээс дараад газар унагаасан. Тэгээд дээр суучихаад над дээр шээчихсэн. Над дээр шээчихлээ гэж хэлтэл яадгийн албаар шээсэн юм гэх зэргээр хэлж доромжилсон. ...” /1хх 42, 46-47, 50/,

хохирогч Б.Бийн “...манай хүргэн Г.Б танихгүй 2 эмэгтэйг хамтад нь толгой хэсгээр нь тэвэрсэн, “та 2 битгий агсан согтуу тавиад бай”, манай караокенээс гар гээд түлхээд байсан. Тэгсэн тэр 2 эмэгтэйн нэг өндөр махлаг цагаан саарал цамцтай эмэгтэй манай караокены текний тавцангаас татаад тавихгүй, пиздаанууд минь гээд чангаар орилоод байсан. Тэгээд тэр 2 эмэгтэйг болиулах гээд манай ажилтан Мөөгий, Ээгий, Мажигсүрэн болон түүний нөхөр Ц.Б, хүргэн Г.Б бид нар агсан согтуу тавиад байсан 2 эмэгтэйг караокенээс гаргах гэсэн зуураад тавихгүй пиздаа, лаларууд минь миний эгч прокурор, танай энэ караокег чинь хаалгана гээд орилоод байсан. ...Цагаан саарал цамцтай, өндөр махлаг эмэгтэй нь манай ажилтан Мажигсүрэнгийн нөхөр Ц.Бг нийтийн караокены буйдан дээр түлхэж унагаагаад дээр нь гараад цохиж зодож эхэлсэн. Тэгсэн манай хүргэн Г.Б салгах гэсэн чинь тэр эмэгтэй би шээчихээд босно гээд орилоод байсан, тэгсэн Ц.Б миний дээрээс шээчихлээ гээд орилоод байсан. Манай хүргэн Г.Б тэр Ц.Бгийн дээр байсан эмэгтэйг салгах гээд цамцнаас нь татсан чинь тэр эмэгтэй улам орилоод дайраад байсан, тэгсэн хар цамцтай, махлаг, дунд зэргийн өндөртэй эмэгтэй хажуу талаас нь орж ирээд манай хүргэн Г.Бг барьж аваад зууралдаад байсан. ...Тэгсэн манай хүргэн Г.Б цагаан саарал цамцтай, өндөр махлаг хүүхнийг Ц.Бгийн дээрээс салгаад ширээн дээр дараад одоо боль, битгий эд зүйл эвдээд бай, битгий агсан согтуу тавиад бай, одоо тайвшир гэж хэлээд тэр эмэгтэйг босгосон. Тэгсэн тэр өндөр махлаг эмэгтэй нь дахиад орилоод агсан согтуу тавиад хар цамцтай дундаж нуруутай хүүхэн нь нийтийн караокены ширээн дээр агсан согтуу тавиад орилоод байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...” /1хх 85-86/,

гэрч Б.Мийн “...би буцаад караоке руу орсон чинь тэр 2 эмэгтэй пиздаа, лалар чинь, миний эгч прокурор, танай караокег хаалгана гээд орилоод байхаар нь би одоо боль гэсэн чинь пиздаа минь чи зайл гэхээр нь би өндөр махлаг, цагаан саарал цамцтай эмэгтэйг баруун гар хэсэгт нь цохисон чинь тэр эмэгтэй миний хөл рүү өшиглөөд авсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн баруун гар хэсэгт нь 2 удаа алгадсан чинь Б.Б эгч боль, гараад цагдаа дууд гэсэн. Би караокенээс гараад зочид буудалд ороод цагдаа дуудаад буцаад караоке руу орсон чинь Ц.Б надад миний дээрээс энэ өндөр, тарган, цагаан саарал цамцтай эмэгтэй нь дараад цохиж зодоод, миний дээрээс шээсэн гэж хэлсэн. ...” /1хх 89/,

гэрч П.Эийн “...Тэгээд би зочид буудлаас гараад нийтийн караоке руу орсон чинь Г.Б танихгүй 2 эмэгтэйг толгой хэсгээр нь хамтад нь тэвэрсэн, тэр 2 эмэгтэй пиздаа, лалар гэх мэтээр хэл амаар доромжлоод Г.Бгийн үснээс нэг нь зулгаагаад цохиод байсан. Тэр 2 эмэгтэйн өндөр, махлаг, цагаан саарал цамцтай эмэгтэй нь манай эгч прокурор, танай караокег хаалгана гээд орилоод байсан. Тэгсэн намхан, хар цамцтай эмэгтэй нь Г.Бгийн үснээс зулгаагаад цохиод байсан. Тэгээд би зочид буудалд үйлчлэгч байхгүй байсан болохоор би караокенаас гараад явсан, цааш юу болсон талаар би мэдэхгүй байна. ...” /1хх 92/,

гэрч Б.Мын “...Тэгсэн Г.Б агсан согтуу тавиад байсан 2 эмэгтэй хүнийг хүзүү хэсгээр нь хамтад нь тэвэрсэн байдалтай, тэр 2 эмэгтэй пиздаа, лалар гээд орилоод байсан. Тэгээд удалгүй шууд буцаж гараад зочид буудал дотор орж байж байгаад буцаад орсон чинь нийтийн караокены баруун хойд талд байх буйдан дээр Ц.Бг өндөр, махлаг, цагаан саарал цамцтай эмэгтэй дарсан, дээрээс нь цохиж байсан. Тэгсэн Ц.Б миний дээрээс шээчихлээ гээд орилоод байсан чинь Г.Б тэр эмэгтэйг салгасан. Тэгээд би буцаад гараад явсан. ...” /1хх 95/,

шүүгдэгч Г.Бгийн гэрчээр өгсөн “...би Т.А, С.С гэх хүмүүсийг цохиж зодоогүй. Т.А, С.С хоёр манай караокенаас гарахгүй хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би гаргах гээд Т.Аын баруун гарны суган доогуур нь гараа оруулаад хамт явж байсан С.С хоёрыг гараа холбоод тэвэрсэн. Бусдаар цохиж, зодсон зүйл байхгүй. Ц.Бгийн гарнаас Т.А хазсан, мөн Ц.Бг сандал дээр хэвтүүлээд дээрээс нь дараад толгой хэсэгт нь цохиод байсан. Тэгэхээр нь би салгасан чинь Ц.Б миний дээрээс шээсэн гээд орилоод байсан. Манай эхнэр М.М руу С.С гэх эмэгтэй пивоны шил шидээд, мөн текэн дээр байсан архины жижиг хундага шидсэн. ...Би өөрийн эхнэр М.М болон эд хөрөнгөө хамгаалах зорилгоор агсам тавьсан согтуу 2 эмэгтэйн хөдөлгөөнийг хязгаарласан. ...Тухайн эмэгтэй өөрөө миний гар хөлнөөс татаж, үснээс зулгаасан. ...” /хх 79-80, 160/,

шүүгдэгч С.Сгийн гэрчээр өгсөн “...Тэгсэн үйлчлэгч гэх эрэгтэй нь ирээд тооцоог ширээн дээр шидсэн. Тэгэхээр нь Т.А бид 2 текэн дээр очоод нэг хүүхэнд танай үйлчлэгч ямар соёлгүй хүн бэ гэж хэлсэн. Тэгсэн текэн дээр байсан эмэгтэй надад хамаагүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь Т.А бид 2 чи юу яриад байгаа юм, танайх үйлчилгээний газар шүү дээ, ийм зантай хүмүүс байдаг юм уу гэж хэлээд байж байсан. ...Нэг залуу гарч ирээд боогоод хойш чирээд байсан. ...нилээд байж байгаад боохоо больсон. Тэгсэн цаанаас нь нэг эмэгтэй хүн гарч ирсэн. ...Удалгүй цагдаа ороод ирсэн. ...” /1хх 74/,

шүүгдэгч Т.Аын гэрчээр өгсөн “...Тэр тооцооны хуудас өгсөн залуу өгөхдөө шидэж өгсөн. ...найз С.С тэр эмэгтэйд танайх соёлтой үйлчлэхгүй байна гэж хэлээд нэг юм шидэх шиг болсон. ...Тэгсэн 1 залуу босч ирээд намайг барьж авах гээд би цааш түлхээд, ... тэгсэн С.С бид 2-ыг хүзүүгээр тэврээд боосон. ...гарыг нь тавиулах гээд чадахгүй байсан. ...Тэгсэн хажуунаас тооцооны хуудас өгсөн залуу ирээд миний баруун шанааны үснээс зулгаахад нь би тэр залуугийн цамцнаас бариад авсан. ...Миний хажуугаас нэг эмэгтэй цохисон. ...” /1хх 70/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 7916 дугаартай “...Ц.Бгийн биед хамар ясны хугарал, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 108-109/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-21/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А, С.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн зодож, эд хөрөнгө устгаж, гэмтээж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж, Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.А, С.С нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Цогт” төвийн 1 давхарт байрлах нийтийн караоке дотор пивоны шил, стакан шидэж, пизда, лалар гэх зэрэг үг хэрэглэн бусдыг зодсон, мөн дарж унаган дээр нь шээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Т.Аын хохирогч Ц.Бгийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгч Т.А, С.С нарт ял шийтгэсэн ялын төрөл, түүний хэмжээ нь тохирсон байна.

Харин Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Т.А, С.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Прокурор Г.Лхагвасүрэн “...Шүүх Г.Бгийн гэм буруутайг тогтоосон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан, ...яллах дүгнэлтийн хэргийн товч агуулга хэсэгт Г.Бд холбогдох гэмт хэрэг бичигдээгүй байх тул тогтоох хэсэгт гэмт хэрэгт ялласан нь хууль зүйн шаардлага, логик утга агуулгаараа зөрчилтэйд тооцогдоно” гэж дүгнэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй. ... Шүүх Г.Бгийн үйлдсэн гэмт хэргийн субъектив талын шинжийг дүгнэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан үйл баримтуудыг буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. ...иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, хэрвээ анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжгүй гэж үзэх юм бол хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгасан байх бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг хэлэлцэх, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байдлыг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Т.А, С.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Цогт” төвийн 1 давхарт байрлах нийтийн караоке дотор пивоны шил, стакан шидэж, пизда, лалар гэх зэрэг үг хэрэглэн бусдыг зодсон, мөн дарж унаган дээр нь шээсэн тэдний гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоохын тулд эсрэг хүч хэрэглэсэн Г.Бг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гэхдээ, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Харин Г.Бгийн Т.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг “Аргагүй хамгаалалт”-ын шинжийг хангасан гэж үзэж, Г.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгов.

Иймд прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэснийг “Г.Бд  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР