Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 640

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.А,

хохирогч С.Б,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 1706 0250 80143 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, ажилгүй, ам бүл, хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.А, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны гадна талын зам дээр С.Б маргалдан улмаар хамар хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би машинаасаа юм авах гээд гарахад шүүгдэгч миний машиныг шүргэсэн. Тэгээд би шүргэчихлээ гэж хэлэхэд намайг мөргөсөн. Тэгээд миний хамрыг гэмтээсэн. Маргааш нь хохирол дээр тохиролцъё гээд байсан. Би 1 сая гаран төгрөгийн хагалгаанд орох ёстой байгаа. Миний хамрын салст цаашаагаа цөмрөөд орсон байгаа гэв.

Хохирогч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан Хуаран хотхоны гадна баруун талд зогсоол дээр өөрийн УНМ улсын дугаартай автомашинаа зогсоолд байрлуулж байтал миний машиныг өөр УНМ улсын дугаартай бага оврын жийптэй Д.Б гэх жолоочтой хамт явсан Г.А гэх 30 орчим насны залуу маргалдаж нүүрэн тус газарт толгойгоороо нэг удаа мөргөж, гараараа нүүрэн тус газарт маань нэг удаа цохисон. Хамрын мөгөөрсөн ясны цөмрөлттэй, хамрын шулуун яс баруун тийш муруйсан гэмтэл хувийн “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлэхэд илэрсэн. Эмчилгээний зардал 2.500.000 төгрөг болно гэсэн. Энэ зодсон А гэдэг залуугаас эмчилгээний төлбөрөө гаргуулан авч эмчилгээгээ яаралтай хийлгэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-10 дугаар хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед өөрийн  УНМ улсын дугаартай Хонда маркийн автомашинтайгаа найз А хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны урд зам дээр явж байсан юм. Би автомашинаа байрлуулах гээд ухрах үедээ хойд талд байсан Тоёота Приус маркийн автомашиныг шүргэчихсэн юм. Тэгээд ослын гэрлээ асаагаад буух гэтэл Тоёота Приус машины жолооч гэх Б гэх залуу бууж ирээд миний машины хаалга руу өшиглөсөн. Тэгтэл А уг залууг цохисон бололтой уг Б гэх залуугийн хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би А салгаад машиндаа суулгасан. Тэгээд Б А бид нар гэмтлийн эмнэлэг орж Бын хамрыг үзүүлэхэд хамар нь хугарсан байна гэсэн. Тэгэхэд А Бын хамарны мөнгийг эмчилгээний зардлыг нь төлнө, цагдаад мэдэгдэхгүй гэж тохирсон боловч одоо эмчилгээний зардал дээрээ тохирч чадахгүй цагдаад хандсан юм шиг байна лээ. Миний хувьд Б автомашиныг өөрийн автомашинаараа шүргэсэн асуудлаа Бтай тохиролцоод гуперийнх нь засварын мөнгийг нь төлчихсөн юм. Б нь миний машиныг өшиглөсөнд л А уурлаад цохисон гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹12849 дүгнэлтэд “С.Б биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 19 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.А прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Г.А ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч нь хамрын хугарлыг засуулсан, эмчлүүлсэн талаархи баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.