Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0858

 

 2023         11           20                                    128/ШШ2023/0858

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө******* овогт Б*******ын А*******, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* нарын хоорондын Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

    1.  Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар Б.А*******ын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 235 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
    2.  Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01-08/3269 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хүргүүлсэн.
    3. Нэхэмжлэгч Б.А*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 15******* дугаар бүхий 235 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх” тухай нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 15******* дугаар бүхий 235 м.кв газрын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг тус тус үндэслэн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгожээ. Ковид-19-ийн хөл хорио, мөн хил гааль хаалттай байсан нь тухайн газрыг гэрээний дагуу ашиглах бололцоо олгоогүй бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн юм. Энэ тайлбарыг миний бие өмнө нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргаж улмаар үйл ажиллагааг 2023 оноос эхлүүлэх болохыг мэдэгдэж байсан. Гэтэл нийслэлийн Засаг дарга уг хүндэтгэн үзэх шалтгааныг үл харгалзан газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасан газар эзэмшигчийн эрхийг зөрчиж байна.

Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэж, мөн 40.1.1-д “удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж нөхцөлийг заасан бөгөөд уг нөхцөл бүрдээгүй байхад газар эзэмших гэрээ цуцалсан нь хууль бус юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна.” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалттай ашиглахаар 235 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай гэрээ байгуулан эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Захирамж гэрчилгээ гарснаас хойш зориулалтын дагуу ашиглахаар 2019 оны 7 сарын 04-ний өдөр Б******* компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэтэл ковид өвчний улмаас 2019 оны сүүлээр бүх бизнес хил гааль хаагдаж мөн хорио цээр тогтоож барилгын материалын үнэ өсөж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Ингээд бид гэрээний хугацааг хойшлуулах хүсэлт гаргаад 2023 онд дахиж шинээр байгуулж явахаар харилцсан тохирсон байсан. Өнгөрсөн хугацаанд газрын дуудлага худалдааны үнэ газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Ер нь бол ковид өвчнөөс болж бизнес хөрөнгө оруулалтын гэрээ хорио цээрийн дэглэм үүсээд үүний улмаас газрыг зориулалтын дагуу ашиглах жил орчим хугацааны зүйл улс даяар зогсонги байдалтай байсан. Үүний дараа гэрээг шинэчлэх байдал дахиж үүссэн байгаа” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А*******ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 15******* дугаар бүхий 235 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэн Б. А*******д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 15******* дугаар бүхий 235 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01-09/4429 дугаар албан бичиг, мөн Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 214 дүгээр нийтлэлд хэвлүүлэн мэдэгдсэн болно.

Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.4-д “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023  оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

Иймд маргаан бүхий захирамж нь хуульд нийцэн гарсан үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгож Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1******* дугаар нэгж талбарын 235 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сэргээгдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 235 м.кв газрыг худалдааны зориулалттай 15 жилээр эзэмшихээр болсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/09/3429 дугаартай албан бичиг мөн Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 214 дүгээр нийтлэлд хэвлүүлнэ нийтэлсэн болно. Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх гэж заасан, 4.1.4-д газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх гэж заасан. Хуулийн 39.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40.1.6-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон гэж заасан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Иймд маргаан бүхий захирамж хуульд нийцэж гарсан үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Б.А*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 15******* дугаар бүхий 235 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “Ковид-19-ийн хөл хорио тогтоосон, хил гааль хаалттай байсан нь тухайн газрыг гэрээний дагуу ашиглах бололцоогүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон  хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
  2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 15******* дугаартай 235 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай Б.А*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ олгосон байна.
  4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

            5.1. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан

            - “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно,

            - “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг уг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Нийслэлийн газрын албатай байгуулсан байна.
  2. Б.А******* нь газар эзэмшүүлэх нийслэлийн Засаг даргын дээрх шийдвэрийн дагуу газар эзэмших гэрээ байгуулагдсанаас хойш маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл хугацаанд тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой худалдаа, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж бариагүй, газраа ашиглаагүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/2133 тоот албан бичигт хавсаргасан маргаан бүхий газрын сансрын зураг, анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан фото зургууд, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
  3. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь Б.А*******ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, маргаан бүхий А/623 дугаар захирамж нь хариуцагч нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавих” үүргийг биелүүлж гарсан хууль ёсны акт байна. Учир нь:
  4. Нэхэмжлэгч Б.А******* нь дээрх 6 дахь хэсэгт дурьдсан гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшил газраа гэрээнд заасан “худалдаа үйлчилгээ”-ний зориулалтаар ашиглаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзнэ.

            9.1. Нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээ “...зориулалтын дагуу ашиглахаар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Баянзүйл” ХХК-тай хамтран барилга барихаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэтэл Ковид-19 цар тахлын улмаас барилга барихад шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлүүд авах ажилд хүндрэл гарсан, хилийн боомтууд хаагдсан, барилгын материал тоног төхөөрөмжийн хомсдол, үнийн өсөлт зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн улмаас хамтран ажиллагч компанид хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэхэд саад учирсан” гэж тайлбарлах боловч хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжих боломжгүй болсон нь газар эзэмшигчийг газраа зориулалтын дагуу ашиглах үүргээс чөлөөлөхгүй.

            Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.1-т “гэрээний нөхцөлийн дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж тус тус заасан нь газар эзэмшигчийн үүрэг тул газар эзэмшигчид хуулиар ногдуулсан үүргийг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан өөр этгээдийн эрхэд хамааруулан дүгнэх үндэслэлгүй.

            9.2. Нэхэмжлэгч талаас “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай байсан гэж тайлбарлан маргах боловч цар тахал тархсан нийтэд илэрхий нөхцөл байдал нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилсэн гэж тооцоход нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 тоот захирамжаар Б.А*******д газар эзэмших эрх олгосноос хойш 1 жил 8 сар, маргаан бүхий акт гарах хүртэл мөн 1 жил 6 сар, нийтдээ 3 жил гаруй хугацаа байсан байх тул газраа эзэмшиж, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй.

            10. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газрыг ашиглах хугацааг уг газрын эзэмших эрхийг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар олгосноос хойш тооцно” хэмээн тайлбарлах боловч маргаан бүхий газрыг Б.А*******д эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/99 дүгээр захирамжийн Б.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх тул газрыг ашиглах талаарх газар эзэмшигчийн үүрэг нь сүүлд гарсан актаас хойших хугацаанд хэрэгжинэ.

            11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 15******* дугаар бүхий 235 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан Б.А*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 15******* дугаар бүхий 235 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ