Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/949 

 

 

 

 

 

 

    2021           11              4                                        2021/ДШМ/949                                                                              

 

С.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан,

С.А, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Үнэнсайхан,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Х.Еркебуланы бичсэн дүгнэлттэй шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэсэн С.Ад холбогдох хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.А,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Ад шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.А нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Еркебулан бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.У нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг шаардах” нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад, мөн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 000018 дугаартай тогтоолыг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаа, Ө.Сарангэрэл, Р.Амарбаясгалан нар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б.У биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд “гэмтлийн шалтгаант гурвалсан мэдрэлийн баруун 1 дүгээр салааны гэмтэл болон сэтгэлийн хямралаас давамгайлсан үүдэлтэй гурвалсан мэдрэлийн архагшсан өвдөлт эмгэг учирчээ. Уг эмгэг нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр учирсан гэмтлээс үүссэн байх боломжтой. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гарчээ.

Улмаар хохирогч Б.У нь дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу прокуророос 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1 дугаартай тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг харьяа мөрдөх байгууллагаар гүйцэтгүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ахлах прокурорын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатар, Ч.Эрдэмболор, Ш.Цэцэгмаа нар 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.У биед шинжилгээ хийхэд “2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч эмчийн үзлэгээр Б.У биед тархи доргилт, баруун, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогджээ. Одоо Б.У биед баруун хөмсөгний дотор хэсэг, зүүн хөмсөгний дотор дээд хэсэгт сорви, гурвалсан мэдрэлийн баруун нэгдүгээр салааны гэмтэл тогтоогдлоо. Б.У биед учирсан гурвалсан мэдрэлийн баруун нэгдүгээр салааны гэмтэл нь баруун хөмсөгний дотор дээд хэсгийн шархны улмаас хэрэг болсон гэх 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр үүссэн байх боломжтой. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 471 дугаартай шинжээчийн дүгнэлт гарснаас хойш эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн гэх бичиг баримт үгүй байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан байх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гарсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч нарын 471, 647 дугаартай дүгнэлтийн агуулгад дурдагдсан нөхцөл байдлуудыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан болох үед мэдэгдээгүй байсан буюу тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзнэ.

Иймд С.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1806091802063 дугаартай хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

 

Шүүгдэгч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Ан өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч нарын 471, 647 дугаартай дүгнэлтийн агуулгад дурдагдсан нөхцөл байдлуудыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан болох үед мэдэгдээгүй байсан буюу тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж заасан байдаг. Гэтэл прокурор гэмтэл тогтоогдсоны дараа Эрүүгийн хуулийн хүнд ялтай зүйлийг хэрэглэх үндэслэл бий болсон талаар прокурор дүгнэлтдээ тусгаагүй. Үүнээс болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох үндэслэлгүй болсон. Мөн шинэ байдал илэрсэн хугацааг тусгаагүй. Тухайн нөхцөл байдал илэрснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн эсэхийг тогтоох ёстой. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Ан өмгөөлөгч Г.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Батсайхан өмгөөлөгчтэй санал нэг байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор С.Ад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хохирогч Б.У нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл Б.У нь гэм хорын хохирлыг арилгуулахаар иргэний журмаар нэхэмжлэл гаргасан байдаг. 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар Уянгын хүсэлтээр шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн гишүүн, Мэдрэл судлалын тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Амарбаясгаланд дүгнэлт гаргахыг даалгасан байдаг. Үүний улмаас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 471 дүгээр дүгнэлтээр гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж дүгнэсэн. Амарбаясгалан эмч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13485 тоот дүгнэлтийг үндэслэн дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахдаа тусгасан санал, нотлох баримт гэж үзвэл Амарбаясгалан эмчийн шүүхээс тогтоосон асуулгад хариулахдаа “өөрийн мэдлэг ур чадварт тулгуурлан, мөн хэрэгт авагдсан бусад эрүүл мэндийн байгууллагын магадалгаа, үзлэг, оношилгоонд тулгуурлан эмнэл зүйг тогтоож байна гэж ойлгож байна” гэсэн байдаг.  2 дахь асуулгад хариулахдаа “гурвалсан мэдрэлийн судасны 1 дүгээр салааны гэмтлийн он цагт хамаарахгүй, хүндэвтэр зэрэгт шилжихгүй. Хүндэвтэр гэдэгт ужгирсан, удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн, эсвэл мэс заслын эмчилгээ хийлгэсэн бол шилжиж болно. Манай өвчтөний гэмтэл нь стресээс их хамаарч байна, хүндэвтэр зэрэгт шилжих боломжтой” гэсэн байдаг. 4 дэх асуулгад “өвчтөн гэмтэл авсан даруйдаа мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагагүй, харин архагшсан эмийн эмчилгээнд засал аваагүй тохиолдолд мэс засал хийлгэх ёстой. Манай өвчтөн эмийн эмчилгээг хангалттай тогтвортой хийгээгүй байна. Эмийн болон сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай” гэж хариулсан байдаг. Уянгын биед үүссэн хүндэвтэр зэргийн гэмтэл нь С.Ан үйлдэлтэй ямар нэгэн шалтгаант холбоогүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолоор С.Аг хохирогч Б.У биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат болох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянах ажиллагаа нь шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг хэлбэрэлтгүй тогтооход чухал баталгаа болж өгдөг.

Хэргийг сэргээн шалгах үндэслэлд, нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч тухайн үед мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна.

Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадах учиртай.

Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцэд нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлэгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13485 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.У биед тархи доргилт, баруун, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

 

Харин 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаартай “2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч эмчийн үзлэгээр Б.У биед тархи доргилт, баруун, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогджээ. Одоо Б.У биед баруун хөмсөгний дотор хэсэг, зүүн хөмсөгний дотор дээд хэсэгт сорви, гурвалсан мэдрэлийн баруун нэгдүгээр салааны гэмтэл тогтоогдлоо. Б.У биед учирсан гурвалсан мэдрэлийн баруун нэгдүгээр салааны гэмтэл нь баруун хөмсөгний дотор дээд хэсгийн шархны улмаас хэрэг болсон гэх 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр үүссэн байх боломжтой. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 471 дугаартай шинжээчийн дүгнэлт гарснаас хойш эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн гэх бичиг баримт үгүй байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан байх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх 96-102/ гарчээ.

 

Дээрх 647 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Б.У биед учирсан гурвалсан мэдрэлийн баруун нэгдүгээр салааны гэмтэл нь 1667 дугаартай өмнөх дүгнэлтийг гаргахад мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгох хууль зүйн үндэслэл үүсч байна.

 

2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзэх үндэсэл болжээ. 

 

Иймд прокурор Х.Еркебуланы бичсэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгаж байгаа хэргийг прокурорт буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Х.Еркебуланы бичсэн дүгнэлттэй шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэсэн С.Ад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР