Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/950

 

 

 

 

     2021           11              4                                        2021/ДШМ/950

 

Т.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Э.Э,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Х.Гантулга,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/892 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Мд холбогдох 27,10 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.М,

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 63 дугаар байрны хойд талын замд “Тоуоtа Рrius-41” маркийн 79-65 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчиж, явган хүний замаар явж байсан явган зорчигч Э.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Мд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Т.Мын №758902 дугаартай жолооны үнэмлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Мд буцаан олгож, шүүгдэгч Т.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Эт эмчилгээний зардалд 2.150.000 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч Э.Э нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Маас жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн байцаалтын шатнаас Банзрагч гэж өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч маань 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд очиж хэргийн материалтай танилцсан байдаг. Би хохирол төлбөртэй холбоотой баримтуудаа өмгөөлөгчид өгсөн учир шүүхэд гарган өгч, миний эрхийг хамгаална гэж итгэж байсан ч шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээс хойш утас нь холбогдолгүй алга болсон. Шүүхээс хурал болохоос нэг хоногийн өмнө буюу 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хурлын тов мэдэгдэхэд би Өвөрхангай аймагт явж байна, шүүх хуралдаандаа оролцоно, манай өмгөөлөгч бас оролцоно, би холбогдоод хэлье гэсэн боловч шүүхээс намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Би энэ аваарын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, одоо ч бусдын туслалцаагүй явж чадахгүй дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хуульд хэргийн оролцогчид 3-аас доошгүй хоногийн өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр зохицуулсан боловч шүүхээс миний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүх хуралдаанд мэтгэлцэн оролцох эрхийг хязгаарласан, прокурор хохирогчийг оролцуулах хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг шүүх хүлээн авалгүй хууль бус шийдвэр гаргажээ.

Надад шүүх хуралдаанд оролцох боломжит хугацаанд мэдэгдсэн бол би өмгөөлөгчгүй байсан ч оролцох байсан. Миний эрүүл мэнд, ажил эрхэлж ахуй амьдралаа авч явах, хүүхдээ харж хандах боломжгүй байгааг шүүх мэдэлгүй хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж бодож байна. Шүүгдэгч манай байрны хажуу байр хэрнээ өдийг хүртэл нэг ч ирээгүйд гомдолтой явдаг. Шүүх хуралдааны товыг тулгаж мэдэгдсэнтэй холбогдуулан шүүхийн тамгын газарт гомдол гаргасан боловч шүүгчийн туслахад захиргааны шийтгэл оногдуулахаас өөр арга хэмжээ авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна.

Шүүхээс гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн атал ял шийтгэл оногдуулалгүй Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцон хуульд заасан үндсэн болон нэмэгдэл ял шийтгэлийг оногдуулан ялаас өршөөн хэлтрүүлэх зохицуулалттай гэж ойлгосон боловч шүүхээс Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүх ялаас чөлөөлсөн бол цаашид дахин эмчлүүлэх шаардлагатайг минь харгалзан хохирол төлүүлэхтэй холбогдуулан албадлагын арга хэмжээг хэрэглэж болох байсан ч орхигдуулсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн гэж би итгэдэг.

Хүн болгон хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж бодсон боловч миний хувьд хуулиар олгогдсон эрхийг энэ мэтээр хязгаарлан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан гэж үзэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн оролцогчдыг бүгдийг оролцуулан гэм буруу, хохирол, хор уршгийн асуудлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.М “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Х.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.М болон надад шүүх хуралдааны өмнөх долоо хоногийн баасан гарагт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хохирогч болон түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг тухайн өдөр мэдэгдсэн байх гэж бодож байна. Шүүх хуралдаан болохоос 14 хоногийн өмнө хэргийн материалтай танилцахад “шүүх хуралдааныг удахгүй товлоно, ажлаа зохицуулж байгаарай” гэж хэлж байсан. Шүүх хуралдаан болох өдөр хохирогчийн өмгөөлөгч нь шүүгчийн туслахтай утсаар ярьж байсан боловч хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж шүүх дүгнээд хохирогч болон түүний өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хохирогч нь “Синдерелла клиник” эмнэлэгт гоо сайхны хагалгаа буюу хөлийнхөө хугарлын сорвийг арилгуулах мэс ажилбар хийлгүүлэх хүсэлтэй байдаг. Уг мэс ажилбарт 10.465.000 төгрөгийн зардал гарна гэсэн үнийн санал байдаг. Уг төлбөрийг гаргуулах саналтай байдаг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Уг үнийн саналыг гаргасан нь бодит зардал биш, ирээдүйд гарах зардал юм. Баруун шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтлийн улмаас үүссэн сорвийг арилгуулах зардал юм. Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэх, гэм хороо арилгах үүргийг буруутай этгээдээс шаардах эрхтэй. Эмнэлгийн байгууллага, шинжээч эмчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хохирогчийн эрхийг зөрчөөгүй, иргэний журмаар нэхэмжлэх боломжтой талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугийн талаар маргаагүй, хохиролд 2.150.000 төгрөг буюу хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд 1.257.788 төгрөгөөс илүү хохирол төлсөн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа учраас өршөөл үзүүлж шийдвэрлэсэн нь хууль үндэслэлтэй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 63 дугаар байрны хойд талын замд “Тоуоtа Рrius-41” маркийн 79-65 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчиж, явган хүний замаар явж байсан явган зорчигч Э.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Эийн “...Явган хүний замаар явж байтал нэг машин миний ард талаас намайг хашлагатай хавсарч мөргөсөн. Тухайн үед тэр тээврийн хэрэгсэл боржур давах гээд хойшоо ухарч байсан. ...” /хх 20-22/,

гэрч Г.Ун “...Би 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 63 дугаар байрны зүүн талд байрлах “Баялаг” нэртэй дэлгүүр дотроо байхад 14 цагийн үед гадаа хүн орилоод байхаар нь гараад хартал цагаан өнгийн автомашин зам хөндлөн зогссон байдалтай, нэг эмэгтэй хүн машины баруун талд газар орилоод сууж байсан. ...” /хх 70/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “...Э.Эийн биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, шилбэ тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. ...” гэсэн 4724 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 77-78/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-15/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Мыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Мын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчиж, явган хүний замаар явж байсан явган зорчигч Э.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Хохирогч Э.Э “...Шүүхээс хурал болохоос нэг хоногийн өмнө буюу 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хурлын тов мэдэгдэхэд би Өвөрхангай аймагт явж байна, шүүх хуралдаандаа оролцоно, манай өмгөөлөгч бас оролцоно, би холбогдоод хэлье гэсэн боловч шүүхээс намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. ... шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцон хуульд заасан үндсэн болон нэмэгдэл ял шийтгэлийг оногдуулан ялаас өршөөн хэлтрүүлэх зохицуулалттай гэж ойлгосон боловч шүүхээс Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЗ/1984 дугаартай захирамжаар /хх 158-159/ яллагдагч Т.Мд холбогдох 2103 00133 0162 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товложээ.

Хавтас хэргийн 160 дугаар хуудсанд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсны дараа “хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Банзрагч нарт утсаар хуралдааны товыг мэдэгдэхэд ойлголоо” гэсэн баримт,

мөн 162 дугаар хуудсанд “хохирогч Э.Эт хуралдааны товыг 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр мэдэгдэхэд өмгөөлөгчтэйгээ утсаар яриад хэлье гэсэн, мөн түүний өмгөөлөгч Б.Банзрагчид хуралдааны товыг мэдэгдэхэд хойшлуулах хүсэлтээ мэйлээр явуулья” гэсэн баримт,

  мөн 163 дугаар хуудсанд “хохирогч Э.Эийн өмгөөлөгч Б.Банзрагчид хуралдааны товыг 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэхэд хуралдаанд оролцох шаардлага байхгүй гэсэн хариу өгсөн бол шүүх хурлын дараа хохирогч Э.Эийн нөхөр гэх хүн 91057006 дугаарын утаснаас холбогдож, өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй байж болно, хохирогчгүй шүүх хурал болох үндэслэл байхгүй гэж хэлсэн” гэсэн баримт тус тус авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйл/Хохирогч шүүх хуралдаанд оролцох/-ийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй" гэж тус тус заасан бөгөөд хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байх тул анхан шатны шүүх дээрх хуульд заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйл/Шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүйн холбогдол/-ийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүх хуралдаан дээр улсын яллагчаас хохирогчийг шүүх хуралдаанд хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээд хохирогчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байгааг оролцогч нарт танилцуулсан байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Иймд, хохирогч Э.Эийн намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 2.150.000 төгрөг өгснөөр гэм хорын хохирлыг төлсөн байна.

Дээрх тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Энэ зүйлд заасан шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна” гэж,

мөн хэсгийн 22.4.1-т “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж тус тус заасан хэм хэмжээний хүрээнд тайлбарлана.

 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хэм хэмжээг хэрэглэх ойлголт нь шүүгдэгч Т.Мд холбогдох хэргийн хувьд, шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсны дараа ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж үзлээ.

Иймд, хохирогч Э.Эийн Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.М нь баримтын хүрээнд гэм хорын хохиролд тооцон хохирогч Э.Эт 2.150.000 төгрөг төлсөн талаар болон нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогчоос гаргасан нотлох баримтыг үнэлж хохирлыг шийдвэрлэх боломжгүй талаар тус тус дүгнэлт хийж, цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйл/Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэлэлцээгүй орхисны холбогдол/-ийн 2 дахь хэсэгтИргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зохицуулалтад нийцсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх хохирогчийн эрхийг зөрчөөгүй байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/892 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР