Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч С.С,

хохирогч П.Б,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн 1706 01566 0125 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын өдөр төрсөн, настай,  боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Б, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Цэргийн төв эмнэлгийн 4 давхарт хохирогч П.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүгдэгчийн ахтай нь нийлээд 15 жил амьдарч байгаа. Манай хүн 8 дугаар сарын 7-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн. Бид нар уг нь салсан байсан. Би шүүгдэгчийн ахыг хэт их архи уугаад байна, одоо хоёуулаа хоёр тийшээ болъё гээд би ээжийндээ хоёр сар байсан. Тэгээд би найз нөхдөөсөө танай хүний бие муу байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр ирээд нөхрөө 8 дугаар сарын 12-17-ны өдөр хүртэл сахисан. Тэгээд Цэргийн эмнэлэг дээр 8 дугаар сарын 20-ноос 28 өдөр хүртэл сахисан. Энэ хооронд би хоол унд, эм тариа, дуртай идэх юмыг нь бүгдийг нь аваачиж өгч сахиж байсан. Би эмчээс нөхрийгөө биеийн байдлыг асуухад энэ хүн өнөөдөр ч гарч болно, 30-ны өдөр ч гарч болно. Одоо 100 хувь танай хүнээс чинь шалтгаална. Чи ер нь нөхрийнхөө оношийг мэдэж байна уу гэхэд нь би огт мэдэхгүй байна гэхэд танай нөхөр чинь архины гүн хордлогод орсон. Мөн цусан хангамж нь дутагдсанаас болж тархинд нь нөлөөлж байгаа. Тиймээс сувилалын газарт эмчлүүл гэсэн. Тэгээд шүүгдэгч орж ирсэн. Эмч ахыг чинь сувилалын газарт эмчлүүл гэж байна, Онцгой байдлын алба өөрийн гэсэн сувилалын газартай байдаг учир манай хамт олноос 500.000 төгрөгийг өгнө гэж байна. Тиймээс чи бичиг баримтыг нь бүрдүүлж ир, тэр хооронд би ахтай чинь байж байна. Бид нар цаг алдаж байхаар сувилалын газарт хандсан нь дээр байх гэхэд шүүгдэгч битгий солиор янхан, гичий минь чамд яахаараа 500.000 төгрөг өгдөг юм гэж уурлаад байсан. Тэгэхээр нь би миний дүү хоёулаа эмнэлэгт хэрүүл хийгээд яах вэ гээд шатаар доошоо уруудаад явж байхад нэгэнт миний үснээс татаад авахаар нь би чи яаж байгаа юм бэ гэхэд чам шиг юмыг би явуулмааргүй байна, чи наанаа зогсож бай гээд баруун талын чихнээс бариад ээмгийг маань суг татаад, ээмгийг маань халаасандаа хийсэн. Тэр хооронд шүүгдэгчийн нөхөр нь харж байсан. Миний баруун талын чихнээс цус годройтоод байсан. Тэгээд би гарахад дотор маань муухайраад байхаар нь түргэн дуудсан. Шүүгдэгч миний охиныг дарамталсан. Одоо ахынх нь биеийн байдал тааруу байгаа гэв.

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ах маань Онцгой байдлаас тэтгэвэртэй гарсан болохоор Цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед ах маань сахиуртай байсан учир нөхөр маань сахидаг байсан. Хохирогч уг нь манай ахын эхнэр. Ахын маань бие муу байхад охинтойгоо хаяад явсан байсан. Тэгээд ахын маань бие муудаад хөл дээрээ явж чадахгүй болоход бид нар очиж, ах дүү, ажлын хамт олон нь бүгдээрээ тусалж дэмжиж байсан. Тэгээд 3-4 хоногийн дараа хохирогч, охинтойгоо эмнэлэг дээр ирсэн. Ирээд 1-2 хоног л сахисан байх. Тэгээд ажилтай гэж яваад ажил дээрээ ахыг маань сахиж байгаа гэж чөлөө авч худал хэлээд яваад байсан юм билээ. Манай ахыг нөхөр, хуурай ах нь сахиж байсан. Тэгээд хохирогч ахын маань бичиг баримтыг надаас нэхсэн. Би өөрөө ахыгаа эмнэлгээр авч явж байсан болохоор надад бичиг баримт нь байсан. Би өгөхгүй гэхэд манай хамт олон ахад чинь 500.000 төгрөгийн хандив өргөх гэж байгаа. Бичиг баримт нь хэрэгтэй болоод байна. Канондуулж авах гэсэн юм гэхээр нь би өгөхгүй гэсэн. Тэрнээс болж бид нар муудалцсан. Хохирогчийг худал хэлсэнг хамт олон нь, тэтгэвэртэй гарсан ахмадын зөвлөл, ахын маань дотны хүмүүс гэрчлээд байгаа. Би ч бас хамт олон дээр нь очиж асуусан. Салаан дарга, ангийн даргатай нь уулзсан. Тэгтэл манай хамт олноос мөнгө өгөх шийдвэр гараагүй гэж хэлсэн. Наад Б чинь худал яриад яваад байна гэсэн. Манай ах хөл дээрээ босож чадахгүй 20 хоног эмнэлэгт сахиуртай байхад худал ярьж бичиг баримтыг нь нэхсэн. Би хохирогчид гомдол тээж явж байсан болохоор хохирогчтой муудалцсан. Би хохирогчийг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Хэл амаараа ойлгоцож чадаагүй. Хохирогч ах бид нарыг өнчин болохоор дээрэлхэж байдаг. Хохирогч ахыг маань хөөнө, орхиж явна. Би ахтайгаа хоёулаа байдаг гэв.

Хохирогч П.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн төв эмнэлэгт би нөхрийгөө эргэхээр очтол манай нөхөр 08 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгээс гарна гэж хэлсэн. Тэгтэл эмч нь таны нөхөр архаг архины хордлоготой байна. Сэргээн засуулах сувилалд явуул гэж хэлэхэд манай нөхрийн дүү болох Б уурлаад би чамд ахынхаа бичиг баримтыг өгөхгүй гэхээр нь би хэлэхдээ манай байгууллагаас 500.000 төгрөг өгнө гэсэн би нөхрийгөө эмчлүүлнэ гэж хэлсэн чинь Б надад хэлэхдээ тань шиг янханд танай байгууллага яахаараа мөнгө өгдөг юм гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь хоёулаа байгууллага дотор хэрэлдээд яах вэ гарч байгаад эв зүйгээ олъё гэж хэлээд шатаар доош бууж байтал Б миний үснээс зулгаагаад баруун талын чихэнд байсан ээмгийг минь суга татаад миний чихийг сэтэлсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд өргөдлөө өгсөн юм” гэх мэдүүлэг. /хэргийн 20-26 дугаар хуудас/,

Гэрч Л.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр би эхнэр Б хамт түүний ах Ганбатыг эргэх гээд Цэргийн төв эмнэлэг дээр ирсэн. Ингээд 4 давхарын 1 платанд Ганбатын хоолыг нь өгөх гээд орсон чинь Г эхнэр Б ирчихсэн байсан. Хоолыг нь өгөөд сууж байсан Б, Г бичиг баримтыг авах хэрэгтэй байна, манай ажлаас Гд 500.000 төгрөг өгөхөөр болсон гэж худлаа ярьж бичиг баримтыг нь авах гээд байхаар нь манай эхнэр уурлаад бичиг баримтыг өгөхгүй гэж хэлсэн. Б, Б хоёр гараад коридорт 4 давхарын шатан дээр хэрэлдээд Б манай эхнэр рүү шүлсээ хаяаад янз бүрийн үгээр доромжлоод байсан. Тэр 2 бие биенийхээ энгэрээс барьцалдахаар нь би голоор нь ороод салгасан. Салгасны дараа бие биенийгээ цохих гээд гар нь энд тэндгүй яваад байсан. Тэгээд л чихийг нь сэтэлчихсэн юм шиг байна лээ. Намайг салгах үед манай эхнэр Бийн яг хаанаас нь барьсан байсныг би анзаараагүй. Би голоор нь ороод салгах үед Бийн ээмэг нь үсрээд явчихсан. Би яг яагаад ээмэг нь мултарсаныг хараагүй бөгөөд анзаарах боломж өгөхгүй тэр хоёр, хоёр талаас бие биеийгээ гэмтээчих гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹10973 дүгнэлтэд “П.Бийн биед баруун чихний омогт шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 30 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.