Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч М.Ц,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.М холбогдох эрүүгийн 1706 0011 50027 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын өдөр аймагт төрсөн, настай,  бүрэн боловсролтой, ажилгүй, ам бүл, хамт дүүрэг, дугаар хороо, гудамж, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.М, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс караоке”-ны 4 дугаартай өрөөнд хохирогч Б.Энхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хохирогч гээд байгаа залуу надад мөнгөний өртэй байсан. Би мөнгөө авч чадалгүй их удаан явсан. Энэ талаараа цагдаагийн байгууллагад хэлж шалгуулаагүй. Надаас зугтааж яваад тэр өдөр таарсан. Ийм хэрэг үйлдсэндээ би гэмшиж байгаа гэв.

Хохирогч Б.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “Намайг танил М нь утсаар 23 цагийн орчим дуудаад найзтайгаа байна, Сансарын Жи Эс караокед байна гээд би очсон. М нь С гэх найзтайгаа 1 шил 0.75 литрийн Хар Чингис уугаад, М Баянхонгор руу ажлаар явна гэхээр нь дахиад нэг шил архи аваад хуваагаад ууж байхад М миний толгой руу шууд цохисон, би зүгээр л дуулаад сууж байсан. Тэгээд толгой руугаа цохиулчихаад би шууд гараад цагдаа дуудсан, караокены залууг цагдаа дууд гэхэд дуудахгүй байсан. Тэгээд цагдааг хүлээж байхад М над руу ална хядна гээд дайраад байсан. Би Мтэй өр ширний асуудал байхгүй, урьд нь М бид хоёр хамт архи ууж байгаад М нөүтбүүкийг 100.000 төгрөгөөр тавьсан юм. Тэр өдөр хамт ууж байгаад М намайг согтуу байхад зодсон байсан энэ талаар мэдэж байгаа хүн байхгүй. Тэгээд би чи ийм зан гаргаж байгаа бол би чиний нөүтбүүкийг авч өгөхгүй гэсэн энэ асуудал дээр өс санасан байж магадгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Ц.С мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Жи Эс караокед Мэдэхгүй бид хоёр ороод 1 цаг аваад 0.75 Хар Чингис архи уугаад сууж байхад М би нэг залууг дуудчий гэхэд би яах юм бэ гэхэд ойрхон явж байна гэнээ гэсэн. Тэгээд удаагүй байхад нөгөө залуу орж ирсэн тэгээд дуулаад байж байхад М тэр залуутай юм ярьж байгаад “энэ өмнө нь намайг тооцоон дээр нь үлдээгээд найз нь гутлаа тайлаад өгсөн” гэж надад хэлээд найзтайгаа маргалдаж байгаад барьцалдаад авсан. Би салгах гээд дундуур нь ортол М найзынхаа толгой руу нэг удаа архины шилээр цохисон, тэгээд тэр залуугийн толгойноос цус гарсан. М өөр байдлаар тэр залууг зодоогүй. Удалгүй цагдаа ирээд М болон түүний найз залууг аваад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹8513 дүгнэлтэд “Б.Э биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Мд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.Мд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.