Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/951

 

 

 

 

     2021           11              4                                        2021/ДШМ/951

 

О.Төд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Амарсанаа,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Э.Чингис, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/967 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Б.Гэрэл-Очир нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар О.Төд холбогдох 11. дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Т,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ, 2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Стай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хутга буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн түүний хэвлий тус газарт хутгалсны улмаас Д.Сн эрүүл мэндэд хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, нийт ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.С нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Төөс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Тийн хувьд үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн бөгөөд гэм буруу дээр огт маргаагүй, харин өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцсон болно. Харин шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.16, мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний агуулга нь шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар байр сууриа нэгтгэж, хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжийг ашиглах, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл гэм буруугүй гэж үзвэл цагаатгах зэргээр өөрсдийн өмгөөллийн үйл ажиллагааг нэг мөр тодорхойлж, тухайн асуудалд шүүхээс дүгнэлт хийлгүүлэх байдлаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа асуудал юм. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн талаар хоорондоо зөрүүтэй өөр өөр өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. О.Т нь мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд өмгөөлөгчгүй оролцож ирсэн ба хэрэг шүүх дээр шилжсэний дараа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан учраас нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргаж чадаагүй, мөн хохирогчид гэмтэл учруулснаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд ч түүнийгээ илэрхийлдэг.  Гэрч Энх-Амгалангийн “Намайг очих үед Д.С, О.Т 2 согтолттой байсан. Хоорондоо маргаад байхаар нь салгах гэтэл агсраад байхаар нь орхисон юм. Нойр авахаар хэвтэж байтал нэг нэгнийгээ хутгаллаа” гэх мэдүүлэг авагдсан бөгөөд энэхүү гэрч нь яг хэрэг учрал болох үеийг хараагүй байдаг. /хх 60/ Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2106003370464 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолдоо 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 812 дугаарын шинжээчийн дүгнэлтийн талаар “шинжээч эмч дүгнэхдээ анх учрах үедээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн нь эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж, гэмтлийн зэргийг нэг мөр тогтоолгох шаардлагатай” гэсэн байхад мөрдөгч нь прокурорын тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй байдаг. Хэрэг учрал болох үед Р, Э, Т, Г гэх зэрэг хүмүүс байсан тухай хохирогч, гэрч нарын мэдүүлэгт ч гардаг бөгөөд тэднийг огт гэрчээр асуугаагүй. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр О.Тийн гэрчээр “...гэр рүү ороход нэлээд хэдэн хүмүүс рүү агсраад байхаар нь болиулах гээд авч гарах гэтэл надтай маргалдаад эхэлсэн, ... гэрт байхад гутлын түрийнд нь хутга байх шиг байсан” гэх мэдүүлэгт хохирогчид хутга байсан эсэх, юунаас болж маргалдсан эсэхийг гэрт байсан бусад гэрчүүдээс асууж тодруулах боломжтой байсан ч энэ ажиллагааг огт хийгээгүй. /хх-67/

Хохирогч Д.С нь 0,81 хувийн согтолттой байсан баримт авагдсан ч хохирогч нь “юу ч санахгүй байна” гээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан тухай мөрдөгчийн тэмдэглэлээс өөр мэдүүлэг өгдөггүй. /хх 13-14/

Хохирогч Д.С “Т, Г гэх хүмүүстэй архи уусан, ... санахгүй байна” /хх 44/,

гэрч Э.П “Хүргэн ах Д.С тэр хашаанд байрлах гэр рүү ороод 3 цаг орчим алга болсон, тэр үед би гэрт ороогүй...” /55/, /хохирогчийн садан төрлийн холбоотой хүн байхад хууль сануулаагүй/,

2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Тухайн айлд очиход өмнө нь таньдаг байсан 2 залуу архи ууж байхаар нь цуг хувааж уусан. О.Т ирснийг санахгүй байна, ... дүү П, найз Э нар тэгж хэлсэн” /хх 50/ гэж тус тус мэдүүлсэн.

Гэрч П, хохирогч Д.С нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан ч шүүх оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэрэг гарах болсон шалтгаан, сэдэлт, шалтгаант холбоог тогтоох, хэрэг учрал гарах үед байсан бусад гэрчүүдийг огт асуугаагүй зэрэг зайлшгүй мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоох ёстой ажиллагааг дутуу хийсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэдэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцсон ч шүүх хүлээж аваагүй болно. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч О.Төд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх хэм хэмжээ буюу тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 1.2-т заасан байдлыг харгалзан үзсэн байх боловч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлийг хэрэглээгүй, энэ талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд миний үйлчлүүлэгч О.Т нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлэн ял оногдуулах хэм хэмжээг хэрэглээгүй талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ял оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Учир нь, О.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг дараах байдлаар хангаж байна. О.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөлийн тухайд тохиолдлын шинжтэй болохыг нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон, мөн хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, одоо хохирогчийн биеийн эрүүл мэнд ямар нэг үлдэц хор уршиггүйгээр бүрэн эдгэрсэн, мөн О.Т нь ам бүл 6, эхнэр, 4-н хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрхөөс ганцаараа хөдөлмөр эрхэлдэг юм.

Түүний хувийн байдлын тухайд, 0-13 насны 4-н хүүхэдтэй бөгөөд түүний эхнэр Б.Лхагвасүрэн болон бага охин Б.Номин-Эрдэнэ нарын тухайд байнгын асаргаа, эмчилгээ шаардлагатай байгаа юм. Мөн О.Т нь ажилд хичээнгүй зантай бөгөөд түүний хувьд өөрийн ажилладаг байгууллага хамт олондоо нэр хүндтэй ажилтан юм.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж, хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Болормаа өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор А.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс дүгнэлт хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол тус бүрд нь тайлбар хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болно” гэж заасан байдаг. Прокурор болон анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй байна гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн гэм буруу нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ, 2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Стай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хутга буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн түүний хэвлий тус газарт хутгалсны улмаас Д.Сн эрүүл мэндэд хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Сн “...2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр самар түүх ажилд явахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелд байдаг айл руу 22 цагийн үед эхнэрийн дүү Э.Пүрэвсангийн хамт очсон. Тэнд урьд нь таньдаг байсан 2 залуу архи ууж байхаар нь цуг архи уусан. Тэгж байтал О.Т араас ирсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэлээд согтсон байсан. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. О.Т гэдэг хүн гэмтэл учруулсан гэж Пүрэвсан, Энх-Амгалан нар хэлсэн. ...” /хх 50-52/,

гэрч Э.Пийн “...2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө хүргэн ах Д.Сн хамт самар түүх ажилд явах зорилготой Монелийн хуучин эцсээс дээшээ байрлах айлын хашаанд 22 цаг өнгөрөөгөөд очсон. Хүргэн ах Д.С тэр хашаанд байрлах гэр рүү ороод 3 цаг орчим болсон. Тэр үед би гэрт ороогүй, хашаан дотор байсан ачааны машинд хөнжил, хоол хүнсээ ачилцаж байсан. Тухайн гэрт юу болсон талаар, хэн хэнтэй хэдэн шил архи уусан талаар би мэдэхгүй байна. Учир нь, тэр гэрт би ороогүй. Хүргэн ахын найз О.Т хүргэн ахын орсон гэрт ороод 5 минут орчим болсны дараа хоорондоо хэрэлдээд гараад ирсэн. Хүргэн ах Д.Сн найз Энх-Амгалан бид хоёр О.Т, Д.С хоёрыг маргалдаад байхаар нь болиулах гэж оролдсон боловч хоорондоо маргалдахаа болихгүй байсан учир хашаанаас гаргасан. Би тэр хоёртой хамт гарсан. Тэр хоёр хашаанаас гараад 15 орчим минутын дараа муудалцахаа болиод эвлэрээд тэврэлдээд байсан. 5 минутын дараа буцаж самарт явна, явахгүй гэсэн шалтгаанаар муудалцаад зодолдоно гээд хувцаснуудаа тайлаад байсан. Хоорондоо маргалдаад барьцалдаж аваад дээгүүрээ хоёулаа нүцгэн байсан үед О.Т өмдний халааснаасаа хутга гаргаж ирээд хоёр удаа хутгаараа далайгаад хүргэн ах Д.С руу дайрсан. Д.С ах “намайг хутгалчихлаа” гээд орилоод байхаар нь очоод гэр рүү Амгаа Д.Сг авч орсон. Тэгээд унаа дуудаад Д.С ахыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн үед О.Т бид нартай хамт эмнэлэг явсан. ...” /хх 55-57/,

гэрч Б.Эийн “...2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр самарт явах ажилтай 23 цагийн үед Монелд байдаг айл руу очсон. Тухайн айлын хаяг тоотыг мэдэхгүй. Намайг очих үед Д.С, О.Т хоёулаа согтолттой байсан. Хоорондоо маргаад байхаар нь салгах гэтэл бие бие рүүгээ агсраад байхаар нь орхичихсон юм. Тэгээд нэг мэдэхэд хашааны гадаа гараад хоорондоо эвлэрээд тэврэлдээд байсан. Түүнээс хойш удаагүй байх гэрт ороод нойр авах гээд хэвтэж байтал хүмүүс “нэг нэгнийгээ хутгалчихлаа” гээд бужигнаад эхлэхээр нь очоод хартал Д.С дээгүүрээ нүцгэн, цамцаараа цээж хэсэгтээ дарчихсан цус болчихсон байсан. О.Тийг гэр рүү хүмүүс аваад орсон байх. Тэгээд би сандраад машинтай хүн дуудаад гэмтлийн эмнэлэг рүү Д.Сг авч очсон. ...” /хх 60-62/,

шүүгдэгч О.Тийн яллагдагчаар өгсөн: “...Надтай урд өмнө нь барилга дээр ажилладаг байсан найзууд болох Д.С, Энх-Амгалан нар хамт самарт явах уу гэж асуусан. Тэгэхээр нь тэгье гээд хамт самарт явахаар тохиролцсон. Ингээд тэр өдөр 22 цагийн үед Эрдэнэцогтын хамт самарт явахаар Энх-Амгалантай утсаар яриад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелд байдаг айлд утсаар нь залгаад очсон. Эрдэнэцогт бид хоёрыг очиход тэнд самарт явах гэж байсан Д.С, мөн өмнө нь самарт явж байсан танихгүй ганц хоёр хүн байх шиг байсан. Тэнд байж байхад машин нь арай явах болоогүй байна гэхээр нь хашаан дотор нь машинтай нь ойрхон байж байсан. Эрдэнэцогт бид хоёрыг очиход тэнд самарт явна гэж байсан хүмүүс архи ууцгааж байсан. Тэгээд гадаа нь хүлээж байхдаа замдаа хэрэглэнэ гээд авчихсан байсан 2 шил архийг Эрдэнэцогт болон танихгүй хоёр залуутай хамт уусан. Тэгээд архиа дуусгаад эхлээд ууж байсан хүмүүсийн гэрт ороход Д.С тэр гэрт байсан хүмүүс рүү агсраад байсан. Тэгэхээр нь би болиулах гээд очиход өөдөөс эсэргүүцээд чамд хамаагүй гээд над руу дайрч давшилсан. Тэгээд тэр гэрт Д.С бид хоёр муудалцаад гэрээс гарсан. Гэрээс гараад Д.С намайг ална тална гээд бид хоёр хэсэг муудалцаж байгаад эвлэрсэн. Тэгээд дахиад хашааны гадаа ярьж зогсож байгаад муудалцаад барьцалдаж авахад Д.С гутлын түрийндээ гараа хийх шиг харагдсан. Тэгэхээр нь би  тэр өдөр бас ууланд самарт яваад хоол унд хийхэд хэрэг болно гээд эвхдэг хутга /тонгорог/ халаасандаа хийчихсэн байсан. Тэр хутгаа гаргаж ирээд хутгатай гараараа савчуулсан. Тэгсэн Д.С бас өөдөөс дайраад нэг мэдэхэд би хатгасан байсан. Тэр үедээ би хатгасан гэдгээ мэдээгүй. Сүүлд нь хутгалчихлаа гэж Д.С хэлсний дараа 2-3 зүсчихсэн байсан. ...” /хх 84-86/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “...Д.Сн биед хэвлийн хөндий руу нэвтэрч нарын гэдэс чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, хэвлийн хагалгаа хийгдсэн байдал, баруун бугалга, зүүн мөрний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, шингэн хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн мөр, баруун бугалгын шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой. ...” гэсэн 812 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 70-71/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 238 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх 9-12/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Тийн согтуурсан үедээ Д.Стай маргалдаж, улмаар хэвлий тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Н.Болормаа “...Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2106003370464 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолдоо 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 812 дугаарын шинжээчийн дүгнэлтийн талаар “шинжээч эмч дүгнэхдээ анх учрах үедээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн нь эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж, гэмтлийн зэргийг нэг мөр тогтоолгох шаардлагатай” гэсэн байхад мөрдөгч нь прокурорын тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй байдаг.

Хэрэг учрал болох үед Р, Э, Т, Г гэх зэрэг хүмүүс байсан тухай хохирогч, гэрч нарын мэдүүлэгт ч гардаг бөгөөд тэднийг огт гэрчээр асуугаагүй.

2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр О.Тийн гэрчээр “...гэр рүү ороход нэлээд хэдэн хүмүүс рүү агсраад байхаар нь болиулах гээд авч гарах гэтэл надтай маргалдаад эхэлсэн, ... гэрт байхад гутлын түрийнд нь хутга байх шиг байсан” гэх мэдүүлэгт хохирогчид хутга байсан эсэх, юунаас болж маргалдсан эсэхийг гэрт байсан бусад гэрчүүдээс асууж тодруулах боломжтой байсан ч энэ ажиллагааг огт хийгээгүй. /хх-67/

Хохирогч Д.С нь 0,81 хувийн согтолттой байсан баримт авагдсан ч хохирогч нь “юу ч санахгүй байна” гээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан тухай мөрдөгчийн тэмдэглэлээс өөр мэдүүлэг өгдөггүй. /хх 13-14/

Гэрч Э.П “Хүргэн ах Д.С тэр хашаанд байрлах гэр рүү ороод 3 цаг орчим алга болсон, тэр үед би гэрт ороогүй...” /55/, /хохирогчийн садан төрлийн холбоотой хүн байхад хууль сануулаагүй/,

Гэрч П, хохирогч Д.С нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан ч шүүх оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэрэг гарах болсон шалтгаан, сэдэлт, шалтгаант холбоог тогтоох, хэрэг учрал гарах үед байсан бусад гэрчүүдийг огт асуугаагүй зэрэг зайлшгүй мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоох ёстой ажиллагааг дутуу хийсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэдэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд “... дээрх баримтуудаас дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: О.Т нь ... Д.Стай ... маргалдаж, ... хутга хэрэглэн ... хүнд зэргийн гэмтэл учруулсан байна, шинжээч эмч дүгнэхдээ анх учрах үедээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн нь эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж, гэмтлийн зэргийг нэг мөр тогтоолгох шаардлагатай, ... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь илэрхий байх тул О.Тийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заасан зохицуулалтын хүрээнд шинжээч томилж, хохирогч Д.Сн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэлт гаргуулсан байна.

Прокурорын тогтоолд заасан дээрх үндэслэлүүд нь хоорондоо зөрчилтэй болсон байх бөгөөд өвчний түүх, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогч Д.Сн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэлгүй байна.

Гэрч Э.П нь шүүгдэгч О.Т, хохирогч Д.С нарыг хооронд маргалдаж, бие биендээ хүч хэрэглэсэн үйлдлийг хажуунаас нь харж байсны хувьд гэрчээр тодорхой мэдүүлэг өгсөн бол гэрч Б.Э нь шүүгдэгч О.Т, хохирогч Д.С нарыг хоорондоо маргалдаж байхад хажууд нь байсан, харин шүүгдэгч О.Т хохирогч Д.Сг хутгалах үед хажууд нь байгаагүй талаар мэдүүлжээ.

Шүүгдэгч О.Т нь яллагдагчаар “...Тэгээд дахиад хашааны гадаа ярьж зогсож байгаад муудалцаад барьцалдаж авахад Д.С гутлын түрийндээ гараа хийх шиг харагдсан. Тэгэхээр нь би  тэр өдөр бас ууланд самарт яваад хоол унд хийхэд хэрэг болно гээд эвхдэг хутга /тонгорог/ халаасандаа хийчихсэн байсан. Тэр хутгаа гаргаж ирээд хутгатай гараараа савчуулсан. Тэгсэн Д.С бас өөдөөс дайраад нэг мэдэхэд би хатгасан байсан. ...” /хх 84-86/ гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч Э.Пийн мэдүүлгээс зөрүүтэй байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч О.Т нь “Тэгээд дахиад хашааны гадаа ярьж зогсож байгаад муудалцаад барьцалдаж авахад Д.С гутлын түрийндээ гараа хийх шиг харагдсан. ...” гэж мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь өөрийгөө аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн болох талаар мэдүүлсэн боловч түүний согтуурсан үедээ, бусадтай зодолдоно гээд хувцасаа тайлж, барьцалдсан үедээ өмдний халааснаасаа хутга гарган хэд хэдэн удаа хутгалсан үйлдлийг аргагүй хамагаалалтын шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.  

Иймд, Р, Э, Т, Г гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “...Учир нь, О.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг дараах байдлаар хангаж байна. О.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөлийн тухайд тохиолдлын шинжтэй болохыг нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон, мөн хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, одоо хохирогчийн биеийн эрүүл мэнд ямар нэг үлдэц хор уршиггүйгээр бүрэн эдгэрсэн, мөн О.Т нь ам бүл 6, эхнэр, 4-н хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрхөөс ганцаараа хөдөлмөр эрхэлдэг юм.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж, хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Н.Болормаа нь хэргийг прокурорт буцаах агуулгатай гомдол гаргасан бол өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хуульд зааснаас доогуур ял оногдуулах агуулга бүхий гомдол гаргажээ.

Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Н.Болормаа, Б.Гэрэл-Очир нарын гаргасан давж заалдах гомдлууд нь хоорондоо агуулгын хувьд зөрчилтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч, шүүгдэгч нарт давж заалдах гомдлын зөрчилтэй байдлаас үүсэх хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, тодруулахад өмгөөлөгч нар нь тус тус гомдлоо, харин шүүгдэгч О.Т нь өмгөөлөгч Н.Болормаагийн гомдлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл/Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх/-ийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж,

Мөн зүйл, хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус заасан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Н.Болормаа нар хэргийг прокурорт буцаах давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж, дэмжиж оролцсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцлийг хангахгүй байх тул уг зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгад нийцсэн гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Н.Болормаа, Б.Гэрэл-Очир нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/967 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Н.Болормаа, Б.Гэрэл-Очир нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 59 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР