Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 118/ШШ2023/0032

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч     Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******гийн *******

Хариуцагч: Завхан аймгийн ******* нарын хооронд үүссэн ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.******* /онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага:

1.1 Үндсэн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах гэж тодорхойлсон.

1.2 Нэмэгдүүлсэн шаардлага: ******* сумын Засаг даргын албан тушаалд  эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах гэжээ. /Хавтаст хэргийн 229 дүгээр хуудсанд/

2.  Хэргийн нөхцөл байдал:

2.1 Нэхэмжлэгч Ю.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаалд тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/66 дугаар захирамжаар түр, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар жинхлэн томилогдож,  2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан.

2.2 Завхан аймгийн *******ас ******* сумын *******тай хамтран ажиллах гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр байгуулж, 2023 оны салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсан.

2.3 Завхан аймгийн ******* /Г.*******/-ын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Ю.*******г ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан.

3. Маргаж буй үндэслэл:

3.1 Нэхэмжлэгчээс “...сумын Засаг даргын ажлын тайланг зохих ёсоор гаргуулж, дүгнээгүй,  төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, ажлын цаг баримтлаагүй гэх зөрчлийг захирамжийн үндэслэлд дурдсан нь огт үндэслэлгүй бөгөөд ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, аудитын албан шаардлагатай танилцуулаагүй...” гэж маргасан.

3.2 Хариуцагчаас ”...******* сумын ******* нь төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь 2023 оны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийг үнэлсэн үнэлгээгээр, төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ зөрчсөн нь ******* сумын 2022 оны төсвийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар, зохих ёсны зөвшөөрөл, томилолтгүйгээр ажил тасалсан нь баримтаар тус тус тогтоогдсон тул огцруулах үндэслэлтэй ...” гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар ******* сумын *******ас огцруулсан. Аймгийн Засаг даргын захирамжийг дараах дөрвөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт, үнэлгээ хийсэн тухай асуудал байгаа. Үнэлгээг хагас жилээр сумын иргэдийн Хурлаар оруулж тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлт өгсний дараа дээш нь явуулдаг хууль, журамтай. Үүний дагуу сумын Тамгын газрын дарга энэ үнэлгээг оруулж ирж надад танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулж явуулдаг. Хийгдсэн ажил болон бусад зүйлүүд нь хангалтгүй байсан учраас би дахин боловсруулах үүрэг даалгавар өгөөд гаргасан. Гэтэл сумын Тамгын газрын дарга албажаагүй тайланг цахим программаар явуулсан. Тэр тайланг үндэслээд 7 сард аймгийн Засаг даргын захирамж гараад зөвхөн ******* сумд энэ хяналт, шинжилгээ, үнэлгээ зэргээр шалгалт явуулсан. Мэдээж ******* хуулийн хүрээнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх бүрэн эрхтэй ч энэ хяналт, шинжилгээ, үнэлгээг үндэслэлтэй жигд явуулах ёстой. Хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгалтыг 7 сард үндсэндээ зохион байгуулалттайгаар хийсэн гэж би ойлгож байгаа. Зөвхөн ******* сумд хийсэн, хийхдээ намайг яг байхгүй хойгуур хийсэн. Тэр албажаагүй тайланг үнэлсэн тул үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэх юм бол сумын иргэдийн Хурлаар ороод, энэ үнэлгээг тодорхой хэмжээнд албажуулаад явуулах ёстой. Гэтэл сумын иргэдийн Хурал 6 сард улирлын хуралдаанаа хийж амжаагүй. Яагаад гэвэл сумын иргэдийн Хурлын төлөөлөгчдөөс санал гарсан учраас хуралдаан нэг удаа хойшилсон, дараа нь бас дахиад нөгөө намынхаас нь санал гаргаж хойшлуулсан. Ингээд үндсэндээ 8 сар гартал хуралдаан хийж амжаагүй. Тийм учраас 7 сарын 24-нд халагдсан хүн би тэр хуралдаанд орох боломжгүй болсон. Энэ хуралдаан 8 сарын 7-нд хийгдсэн байх. Тэгэхээр үнэлгээ гэж яригдаад байгаа өнөөдрийн энэ хууль бус энэ надад тулгаад байгаа зүйл нь хууль зөрчсөн тул би хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт, аудитын дүгнэлтийг үндэслэж энэ захирамжийг гаргасан. Аудитын дүгнэлтээр сануулах арга хэмжээ авахыг аймгийн *******д санал болгосон. Сум хөгжүүлэх сангийн зээл ард иргэдэд ажлын байр гаргах болон бусад байдлаар дэмжих зорилготой, намайг сумын Засаг даргын ажлыг 2021 оны 12 сарын 16-нд авахад дээрх санд 300 сая төгрөгийн зээлтэй, 504 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэрнээс хойших хугацаанд прокуророос болон бусад хуулийн байгууллагуудаас энэ зээлийг төлүүлэх тал дээр шаардлага тавьж ажилласнаар одоо төлөгдөөд бараг зуугаад сая төгрөг цугласан. Сумын хөгжлийн сангийн зээлийг төлүүлэхэд санаачилга гаргасангүй гэж буруутгаад байгаа учраас үүнийг би ярьж байна. Манай сумын тухайд сум хөгжүүлэх сангийн зээл их асуудалтай. Сумын ******* болон орлогч даргаар ажиллаж байсан хүн залилангийн шинжтэй зүйл хийгээд цагдаа дээр шалгагдсан. Жишээ нь, ******* гэдэг хүн одоо зээл авсан юм уу гэхээр зээл авсан нь нотлогддоггүй. Овог, нэр нь зөрөөтэй эсвэл нэг ижил хүний нэрэн дээр зээл аваад өөр хүний данс руу орсон байх жишээтэй гэх мэт зөрчлүүд байсан. Зээл төлүүлэх болон зээлдэгчийг тодруулах гэх мэт олон шалтгааны улмаас зээлийн төлөлт асуудалтай байсан. Гэхдээ харьцангуй сайн буцаан төлүүлсэн. Аудит энэ дээр голчлон үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлуудыг бүртгээгүй асуудал үүсдэг. Энэ бол ганцхан ******* сум дээр үүсээд ч байгаа асуудал биш. Ковидын нөхцөл байдалтай холбоотой гадаад дотоодын худалдан авалт хийх болон маш олон шалтгааны улмаас удааширсан одоо ч гэсэн цувраад явж байгаа. Энэ талаар мэдээж хуулийн хүрээндээ шаардлага тавих, бичиг тоот хүргүүлэх гэх мэт ажлууд хийгдсэн байгаа юм. Манай сумын тухайд хууль ёсны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралгүй үндсэндээ хоёр жил гаран явсан. Үүний улмаас сумын орон нутгийн хөгжлийн сангаас хийгдэх ажлууд иргэдийн Хурлаар шийдвэр гаргаж мөнгө нь гардаг учраас тэрэнтэй холбоотой удааширсан, татварын давсан орлогууд ерөөсөө зарцуулагдаагүй хоёр жил гаран болсон гээд маш хүнд нөхцөлд бид үйл ажиллагаа явуулж ирсэн. Тийм учраас ийм зөрчлүүд дээр сануулах арга хэмжээ авч өг гэсэн байгаа. Ерөнхий аудиторын дүгнэж хэлснээр нийт 24 сумын 12 сум дээр ийм асуудал үүссэн, сануулах арга хэмжээ ав гэдгийг албан бичгээр өгсөн гэдэг. Гэтэл ганцхан миний тухайд захирамж гарсан, захирамжийг аймгийн Тамгын газрын фейсбүүк групп болон бусад сайтуудаар явуулсан. Энэ бол маш зохион байгуулалттай, ямар санаа агуулгатай вэ гэдгийг ойлгохгүй байгаа. Хүний нэр төртэй холбоотой асуудал, аудитын дүгнэлтийг хүмүүс маш эмзгээр хүлээж авсан, энэ хүн хэмжээлшгүй их идэж уугаад ингээд халагдаж байгаа юм байна гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал шүүхээр нотлогдоогүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад үнэхээр бүхэл бүтэн хуулийн хэлтэстэй, Тамгын газар ингэж явуулах нь зөв байсан юм уу? Аудитын дүгнэлт албажчихсан, албан ёсны ерөнхий аудиторын дүгнэлт байхад, мөн халагдах үндэслэл биш байхад намайг халж байгаад маш их гомдолтой. Гуравдугаарт, цаг бүртгэлийн асуудал. Яг дотоод үйл ажиллагаа дээрээ би байнга байдаг хүн. Хөдөө орон нутагт төрийн албыг хашиж байгаа дунд шатны улсууд ажлаа хийхгүй, манай өмнөх дарга халагдаад шүүхээр асуудал нь явж байсан учраас түр томилсон хүн байсан. Хөдөө орон нутагт төрийн албан хаагчийн сахилга батыг сайжруулъя, төрийн ажлыг бас нэг бололцооны хэмжээнд явуулъя гэдэг байдлаар нэлээд хариуцлагатайгаар тулж ажиллаж, Тамгын газрын даргыг ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байна гэдэг шаардлагыг би тавьдаг. Гэтэл төрийн албанд олон жил болчихсон хүмүүс бол хэцүү байдаг юм билээ. Цаг бүртгэлийн асуудлыг хурууны хээ болон царайгаар таньж бүртгэдэг байсныг болиулаад шинэ аппликэйшнээр бүртгэж туршиж үзсэн. Онлайнаар хаанаас ч ажлаа хийх боломжтой бүх зүйлүүдийг багтаасан тийм аппликэйшн. Одоо үүгээр цаг бүртгэлээ явуулъя гэтэл энэ нь тодорхой хэмжээний төлбөр төлдөг тул мөнгөгүй, боломжгүйн улмаас энэ хэрэгжээгүй. Тэр цаасан цаг бүртгэлийг харах юм бол би үндсэндээ огт ажил хийгээгүй хүн гэж харагдаж байна. Тэгэхээр энэ нь нотлох баримт болох ямар ч шаардлага хангахгүй. Цаг бүртгэсэн гэх тэр Отгонбаяр гэж хүн бүүр сүүлд ажилд орсон хүн. Тэгээд ч тэр цагийн бүртгэл дээр тамга тэмдэг ямарваа нэгэн баталгаажуулсан юм байхгүй. Дөрөвдүгээрт, гадаад томилолтын асуудал ярьсан. Ажлын байран дээр байдаггүй дур зоргоороо явсан гэж. Би энэ ажилд орохоос өмнө нэлээдгүй гадаад харилцааг үүсгэж, Япон улстай бас нэлээн харилцаатай, боловсролын чиглэлээр ажил хийж байсан. ******* сумын иргэдийн хэн ч гэрчлэх байх. Харин би Засаг даргын ажлыг аваад нэг ч удаа гадаад томилолтоор яваагүй. Бид нар боловсролын шинэчлэл гэдэг зүйлийг сумын хэмжээнд хийгээд яам болон Боловсролын ерөнхий газар гурван удаа хүлээн зөвшөөрсөн, сургуулийн менежмент гэдэг зүйлийг түрүүлж хийж байна гэдгийг ярьж хүлээн зөвшөөрсөн. Үүний үр дүнд ******* сум ирээдүй болсон хүүхэд багачуудын хувьд олон зүйлүүд хийгээд явж байгаа. Би энэ албан тушаалыг эрхлээгүй байхдаа хөрөнгө оруулалт болон бусад ажлыг угаасаа явуулж байсан. Япон улсад хэдэн жилийн турш санал тавьсан учраас Япончууд маш их судалгаа явуулж байж хариу өгсөн. Энэ оны 7 сард энэ ажлаар Япон луу явах болсон. Бид багш нараа явуулах гээд байгаа байхгүй юу. Токио хотын Чойпүгийн боловсролын газарт 07 сарын 03-аас 05-ны хооронд ирэх шаардлагатай гэсэн тул гэнэт шахуу явсан. Гэхдээ түүнээс өмнө би аймгийн *******ар томилогдсон *******тай хотод нэг төслийн сургалт дээр уулзахдаа энэ тухайгаа ярьсан. Дараа нь би яг явах гэж байхдаа уулзах гээд очиход ажилтай байсан учраас олдоогүй. Би мессеж бичсэн, залгасан. Тэгээд аймгийн Тамгын газрын даргаас албан ёсны томилолт авч, Японы элчинд бусад холбогдох шаардлагатай бичиг баримтуудыг өгөөд явсан. Тэгэхээр дураараа явсан зүйл огт байхгүй. Миний харж байгаагаар эдгээр дөрвөн үндэслэлээс гадна өрөөсгөл юмнууд маш их байгаа, би одоо цөмийг нь тайлбарлаж амжихгүй. Тэгэхээр энэ дөрвөн зүйлээр захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан... Манай сум газар нутгийн тухайд Төв аймгийн нутаг дээр Улаанбаатар байдаг шиг, Завхан аймгийн төв ******* сумын нутаг дэвсгэр дээр байдаг. Үүнтэй холбоотойгоор газрын болон түгээмэл тархацтай ашигт малтмалын маргаан маш их гардаг. Байгаль орчин талаасаа хариуцлагагүй болон хууль бус үйл ажиллагаа маш олон жил үргэлжилсэн байсныг таслан зогсоосон. Хуулийн хүрээнд энэ шаардлагуудыг тавьсан. Ийм зүйлтэй холбоотой аймгийн удирдлагуудтай зөрчилдөөн үүсэж байсан тэрийг үгүйсгэхгүй. Голын ай сав газраас 200 метрт хайрга олборлож болохгүй гэдгийг хэлсэн. Удаа дараа хууль бус үйл ажиллагааг биелүүлэхийг шаардаад түүнийг нь биелүүлэхгүй болохоор ийм шийдвэр гарсан болов уу? гэж ойлгож байна... Иймд ******* сумын Засаг даргыг огцруулах тухай Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж, бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагыг хангаж өгнө үү  гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргыг огцруулсан. Энэ захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, мөн 2023 онд аймгийн *******ас ******* сумын *******тай байгуулсан гэрээ, аудитын шаардлага зэргийг үндэслэж гаргасан байдаг. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 24.4-д заасан аймаг, нийслэл хотыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт суурилсан орон нутгийн онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлнэ гэж заасан. Энэ баримт бичигт заасан орон нутгийн үзүүлэлтийг жигд ханган биелүүлээгүй Засаг даргыг огцруулна гэж уг хуульд заасан. Мөн энэ Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан 206 дугаар тогтоолоор бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх журмыг баталсан байна. 206 дугаар тогтоолын 4.3-д зааснаар бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх, хяналт тавих, мэдээлэх үүргийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх шатны ******* хариуцна, 7.7.4 сум дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн ярьж байгаагаар тухайн үед энэ сумын Тамгын газраас гаргасан хяналт, үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. Дутуу тайлагнасан байсан учраас дахин боловсруулах үүргийг сумынхаа Тамгын газрын даргад өгсөн. Мөн энэ 2020 оны 206 дугаар тогтоолын дагуу тухайн сумынхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг зөвхөн ******* хариуцна гэсэн байгаа. Түүнээс Тамгын газрын дарга бол хариуцах ямар нэгэн чиг үүрэг байхгүй. Мөн энэ журмын 7.7.4-д зааснаар бол хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлангаа сумынхаа иргэдийн Хуралд танилцуулах ёстой. Гэтэл энэ бүрэн боловсруулаагүй дахин боловсруулах үүрэг өгсөн учраас сумын иргэдийн Хуралд танилцуулах боломжгүй. ******* сумын иргэдийн Хуралд хяналт, үнэлгээ хийсэн тайлан огт танилцуулагдаагүй байхад сумын Засаг даргын Тамгын газрын дарга дур мэдэж тайланг аймгийн Тамгын газарт явуулсан нь өөрөө хууль бус үйлдэл. Дээрх журмыг сумын Тамгын газрын дарга зөрчсөн. Засаг даргын захирамжид дурдсанаар ******* сумын ******* *******г төлөвлөлтийн баримт бичигт заасан салбарын үзүүлэлтийг жигд ханган биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас огцруулсан. Энэ үнэлгээг сумын ******* зөвшөөрөөгүй, иргэдийн Хуралд танилцуулаагүй байхад сумын Тамгын газрын дарга дур мэдэн явуулсан. Тэгэхээр үндэслэлгүйгээр аймгийн Тамгын газар энэ хэрэгжилтийн тайланг дүгнэсэн. Энэ Засаг даргын төлөөлөгчийн хариу тайлбарт Төсвийн тухай хуулийн 61, 61.1, 39.1 дэх хэсгийн дагуу аймгийн ******* болон сумын ******* нар гэрээ байгуулсан. Энэ гэрээнд заасан салбарын чиг үүргийг жигд ханган биелүүлээгүй гэдэг үндэслэлээр огцруулсан гэсэн байдаг. Аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэл хэсэгт 2023 оны гэрээний талаар бол огт дурдаагүй. Харин энэ төлөвлөлтийн баримт бичигт дурдсан салбарын үзүүлэлтийг жигд ханган биелүүлээгүй гэдэгт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 24.4-д заасан үүрэг үндэслэлүүд орсон байгаа. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, хамтран ажиллах гэрээ гэдэг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон Төсвийн тухай хуулиудаар ялгаатай зохицуулсан байгаа... Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 24.4 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн 4.1.6, 4.1.10-т заасан төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь Засгийн газрын гишүүнийг болон энэ хуулийн 4.1.7, 4.1.12-т заасан төлөвлөлтийн баримт бичигт туссан орон нутгийн үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргыг огцруулах үндэслэл болно гэсэн байгаа. Мөн хуулийн 4.1.7."Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт суурилсан орон нутгийн онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг гэсэн байгаа. 4.1.12 Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр" гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн хавсралт баримт бичгийг гээд. Эдгээр заасан төлөвлөлтийн баримт бичигт туссан орон нутгийн үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргыг огцруулах үндэслэл болно гэж хуульд тодорхой заасан байдаг. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор хэзээ, хэзээ яаж тайлагнах вэ? гэдэг нь журамлагдсан асуудал байгаа. Гэрээ гэж яриад байгаа асуудал нь Төсвийн тухай хуулиар зохицуулагддаг байгаа. Төсвийн тухай хуулийн 39.1-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн *******тай энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулж болно гэсэн. Энэ хуулийн 61.1 дэх хэсэгт зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйл, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэнэ гэсэн байгаа. Тэгэхээр Төсвийн тухай хуульд заасан төлөвлөлтийн баримт бичиг, хариуцагчийн төлөөлөгчийн яриад байгаа гэрээ хоёр нь өөр хоорондоо зөрүүтэй зохицуулалттай... Цаг ашиглалтын асуудалд *******тай хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.13, 3.14 заалтуудыг үндэслэсэн. Гэтэл сумын Тамгын газрын даргаас аймгийн *******д гаргаж өгсөн баримтаас харахад ажлын цагийг үнэн зөв бүртгэж байсан уу гэдгийг харж дүгнэх боломжгүй. Мөн тэр гадаад томилолт авахдаа дээд шатын Тамгын газраас авсан байхад заавал дээд шатны *******ас зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэл яригдаад байгаа.Тэр талаарх нотлох баримт ойлгомжтой байгаа. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаар тушаал нь хууль зөрчиж гарсан учраас ******* сумын Засаг даргыг огцруулах тухай уг захирамжийг хүчингүйд тооцож, ******* сумын Засаг даргын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын тасарсан бичилт, нөхөн төлөлт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8.3 дахь заалтад аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тавигдах шаардлагыг заасан. Үүний дагуу аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн, орон нутгийнхаа хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн улсын, бүсийн орон нутгийн хөгжлийн зорилтуудтай уялдуулан бодлогын баримт бичгийг боловсруулсан. ******* сумын ******* Ю.*******гийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үнэлэлт, дүгнэлт өгснөөр тухайн сумын Засаг даргын ажлыг дүгнэх үндэслэл болохгүй. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хууль тогтоомжид заасан хугацаанд жилд нэг удаа буюу тухайн жилийн 12 сарын 05-ны дотор танилцуулж, үнэлэлт дүгнэлт авдаг. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2 дахь заалтын дагуу аймгийн төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулахтай уялдуулан аймгийн ******* өөрийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн урт, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтээ Хуралд тайлагнан, үнэлэлт дүгнэлт авч, дараа оны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлуулдаг. Нэхэмжлэлд дурдсан төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан салбарын үзүүлэлтээ жигд ханган ханган биелүүлээгүй гэснийг үндэслэлгүй гэж үзсэн нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 17.1 дэх заалттай хамааралгүй гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн *******ас сумын *******тай байгуулсан 2023 оны гэрээний салбарын чиг үүргийг жигд ханган биелүүлээгүй, гэрээнд тусгагдсан хүлээх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн аймгийн *******, ******* сумын *******тай байгуулсан 2023 оны гэрээний хагас жилийн хэрэгжилтэд Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 10-ны А/221 тоот захирамжаар баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 6 дугаар зүйлийн 6.7 дахь заалтын дагуу хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж үнэлэлт дүгнэлт өгсөн... Бодлогын бичиг баримттай холбоотой Засгийн газрын дээрх  206, 374 дүгээр тогтоолуудаар баталсан журамд зааснаар 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хагас жилийнхийг, жилийн эцсийнхийг 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор сумын ******* хүргүүлнэ гэдгийг энэ хүн мэдэхгүй байна. Тэгэхээр энэ хүний тухайд огт хийж гүйцэтгэж гарын үсэг зурж байгаагүй юм шиг байх юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж харагдаж байгаа...а  Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1304/84/84/A1370331/ЗАА-2023/01/НА-СТА-ТТЗ дугаар албан шаардлагатай танилцаж байгаагүй гэх боловч ******* сумын ******* Ю.******* өөрөө уг зөрчилтэй танилцаж зөвшөөрсөн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг ЗАА-2023/01/НА-СТА ТТЗ аудитын кодтой, ******* сумын Засаг даргын 2022 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд дүгнэлт өгч, Орон нутгийн хөгжлийн сан, Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналтыг хэрэгжүүлээгүй /179,295,512.00 төгрөг/ зөрчил илэрсэн тул алдаа зөрчлийн бүртгэлийн маягтад танилцаж, зөвшөөрсөн гарын үсэг зурж тамгаа дарсан байна. Аудитын байгууллага уг зөрчилд "хариуцлага тооцуулах" албан шаардлагыг аймгийн *******д ирүүлсний дагуу ******* сумын *******д хариуцлага оногдуулсан... Завхан аймгийн ******* Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачилгаар хуульд заасан журмын дагуу бодлогын хэрэгжилтийг үнэлсэн үнэлгээг үндэслэн Ю.*******г огцруулсан. Энэ үнэлгээг хяналт, шинжилгээ, үнэлгээнийхэн, агентлаг байгууллагууд үнэлээд гаргаж ирсэн... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж, бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Ю.*******гийн нэхэмжлэлийг шүүх дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар “Төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй, 2022 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлын цаг баримтлаагүй” хэмээн Ю.*******г ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулахаар шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

3. Уг захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, 66 дугаар зүйлийн 66.1, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгүүд, “******* сумын *******тай 2023 онд хамтран ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.13, 3.14 дэх хэсэг, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1304/84/84/А1370331/ЗАА-2023/01/НА-СТА-ТТЗ дугаар албан шаардлага зэргийг үндэслэсэн.  

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “******* энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан хүрээнд хариуцагч Завхан аймгийн *******ас дээрх маргаан бүхий захирамжийг гаргасан байна.

5. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог бүх шатны Засаг даргын албан тушаал төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаас үзэхэд бүх шатны Засаг даргын эрх зүйн байдлыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох хуулиар тогтоохоор хуульчилжээ.

 6. Бүх шатны Засаг даргын эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцааг  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан ба дээд шатны *******ас доод шатны Засаг даргыг огцруулах, хариуцлага тооцох үндэслэл журмыг уг хуулийн 64, 65 дугаар зүйлд дараах байдлаар нарийвчлан зохицуулсан.

 7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны *******, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна: 64.2.1.******* гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон;  64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн; 64.2.3.энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан; 64.2.4.******* өөрөө огцрох хүсэлтээ гаргасан; 64.2.5.энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр” гэжээ.

8. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т “Дээд шатны *******, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана...”, 65 дугаар зүйлийн 65.1-д “*******д дараах үндэслэлээр хариуцлага тооцно: ...65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны *******, Ерөнхий сайд үзсэн” гэж заасан.

 9. Эдгээр заалтуудаас үзэхэд аймгийн ******* нь сумын Хурлаас дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т зааснаар сумын Засаг даргыг огцруулах санал гаргасан тохиолдолд огцруулах эсэхийг шийдвэрлэхээр, харин үүнээс бусад тохиолдолд буюу 64.2.1, 64.2.2, 64.2.5-т заасан үндэслэлээр сумын Засаг даргыг өөрийн санаачилгаар огцруулахаар байна.

 10. Тодруулбал, ******* бол хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болон нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлж төрийг төлөөлж байдаг онцлог субъект бөгөөд хууль, тогтоомж болон дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн  үүрэг, даалгаврыг биелүүлээгүй доод шатны Засаг даргыг өөрийн санаачилгаар огцруулах бүрэн эрхийг  аймгийн *******д хуулиар олгосон байна.

11. Энэ маргааны тухайд буюу Завхан аймгийн Засаг даргын 2023 оны Б/18 дугаар захирамжаар Ю.*******г ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасан буюу “Хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэр, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” гэж үзжээ.

12. Мөн маргаан бүхий захирамжид Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Энэ хуулийн ...4.1.7, 4.1.12-т заасан төлөвлөлтийн баримт бичигт туссан орон нутгийн үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргыг огцруулах үндэслэл болно” гэж заасныг үндэслэсэн байх ба уг зохицуулалтаас үзэхэд бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан орон нутгийн үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй тохиолдолд Засаг даргыг албан тушаалаас огцруулахаар байна.

13. Нэхэмжлэгч Ю.******* нь ******* сумын Засаг даргын албан тушаалд Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/66 дугаар захирамжаар түр, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар жинхлэн томилогдож,  2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллажээ. /Хавтаст хэргийн 163, 164 дүгээр хуудас/

14. Ийнхүү томилогдон ажиллах явцад нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “******* сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “******* сумын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөө”-г тус тус баталсан бөгөөд уг үндсэн чиглэл, хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Завхан аймгийн *******ас ******* сумын *******тай 2023 онд хамтран ажиллах гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр байгуулж, гэрээний хавсралтаар ******* сумын Засаг даргын 2023 оны салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө буюу дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг баталгаажуулж, хэрэгжилтийг 2023 оны эхний хагас жилийн байдлаар үнэлж дүгнэсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 21-22, 30-54, 96-108, 140-141, 177-200, 215-228 дугаар хуудсанд/

15. Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар сумын ******* нартай байгуулсан 2023 оны хамтран ажиллах гэрээний хагас жилийн хэрэгжилтийн үнэлгээний дүнг баталгаажуулсан байх ба ******* сумын Засаг даргын тухайд 48.7 хувьтай дүгнэгдсэн байна. /Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудсанд/

16. Завхан аймгийн *******ас ******* сумын *******тай 2023 онд хамтран ажиллах гэрээний 5.1-д “Гэрээний биелэлтийг хавсралтад тусгагдсан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн хамт ирүүлнэ”, 5.2-д “Сумын ******* гэрээний хагас жилийн биелэлтийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсийн биелэлтийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газраас боловсруулсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу ирүүлнэ гэж заажээ. /Хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд/

17. Нэхэмжлэгч Ю.******* нь дээрх гэрээний дагуу хэрэгжилтийн тайланг 2023 оны 06 дугаар сарын 15-ны дотор Завхан аймгийн *******д хүргүүлэх үүргийг хүлээсэн боловч “Сумын Тамгын газрын дарга тайланг бүрэн боловсруулаагүй” гэх шалтгаанаар тайланг хүргүүлээгүй талаараа тайлбарласан.

18. Гэвч дээрх 2023 оны хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн дүн нэгтгэл болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг ******* сумын Засаг даргын ажлын алба буюу Тамгын газраас нь 2023 оны 06 сарын 23, 25-ны өдрүүдэд гаргаж хүргүүлснээр ******* сумын Засаг даргын хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүрэг болон бодлогын баримт бичигт туссан салбарын үзүүлэлтийг хэрхэн хэрэгжүүлснийг хариуцагч Завхан аймгийн *******ас үнэлж дүгнэсэн байна. /Хавтаст хэргийн 30-54, 124-140 дүгээр хуудсанд/

19. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206, 2021 оны 374 дүгээр тогтоол, Завхан аймгийн Засаг даргын 2021 оны А/221 дүгээр, 2022 оны А/293 дугаар тогтоолуудаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Завхан аймгийн *******, түүний Тамгын газраас сумдын ******* нартай байгуулсан хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөний биелэлтийг 2023 оны эхний хагас жилийн байдлаар үнэлж, үнэлгээг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар баталгаажуулсныг буруутгах боломжгүй.

20. ******* сумын ******* Ю.*******гийн тухайд Завхан аймгийн *******тай 2023 онд хамтран ажиллахаар байгуулсан гэрээ болон хавсралт төлөвлөгөөг 48.7 хувиар хэрэгжүүлсэн хэмээн үнэлэгдсэн нь дээд шатны *******ас өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, салбарын үүргийг жигд ханган биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан үндэслэлээр ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан нь хууль зөрчөөгүй байна. /Хавтаст хэргийн 21, 22 дугаар хуудсанд/

21. Дээрх хамтран ажиллах гэрээний хавсралт болох байгаль орчин, биеийн тамир спорт, газар зохион байгуулалт, боловсрол шинжлэх ухаан, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил, нийгмийн даатгал, мал аж ахуй гэх зэрэг салбарын чиглэлээр гүйцэтгэх ажлуудыг нарийвчлан төлөвлөсөн “******* сумын Засаг даргын 2023 оны салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө” гэх баримт нь төлөвлөлтийн баримт бичигт хамаарна. /Хавтаст хэргийн 177-204 дүгээр хуудсанд/

22. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт суурилсан орон нутгийн онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг ойлгох”-оор байна.

23. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Завхан аймгийн болон ******* сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Завхан аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, ******* сумыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, сумын *******тай хамтран ажиллах гэрээ, 2023 оны салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримтууд нь төлөвлөлтийн баримт бичигт хамаарахаар байх ба тэдгээр баримт бичигт туссан үүргийг болон салбарын үзүүлэлтийг жигд ханган биелүүлээгүй гэж дээд шатны *******ас “үзсэн” тохиолдолд доод шатны Засаг даргыг огцруулах үндэслэл болохоор байна.

24. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д “Аймаг, нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг: ...9.10.4-д “******* сум, дүүргийн түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдааг хангах, үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймгийн ******* харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 60.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” гэж заасан тул сум орон нутгийн түвшинд төлөвлөлтийн баримт бичигт заасан үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаад аймгийн ******* хяналт тавих, үр дүнг үндэслэн өөрийн санаачилгаар хариуцлага хүлээлгэх бүрэн эрх хэмжээтэй юм.

25. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө “огцруулах” үндэслэл, журам, шийдвэрлэх байдлыг тусгайлан зохицуулсан. Тодруулбал,  доод шатны Засаг даргыг “огцруулах” эсхүл “эс огцруулах”-аар шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн *******д ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байна.

26. Хариуцагч Завхан аймгийн ******* нь “төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй” гэх үндэслэлээр Ю.*******г ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар улс төрийн албан тушаалд хамаарч буй учир доод шатны Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд “чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх”-тэй холбогдон гарсан бодлогын шийдвэр /улс төрийн шийдвэр/-т шүүх эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй.

27. Захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь “огцруулсан” шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг “хэлбэр”-ийн талаас шалгах хүрээгээр хязгаарлагдах ба доод шатны ******* хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гэх асуудал нь түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах үндэслэл болохоор байна.

28. Хариуцагч Завхан аймгийн ******* нь нэхэмжлэгч Ю.*******г ******* сумын Засаг даргын албан тушаалаас “огцруулах”-аар шийдвэрлэхдээ түүнээс урьдчилан тайлбар аваагүй, санал гаргах боломж олгоогүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй, тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хариуцагч аймгийн *******ас хэрэгжүүлэх үүрэггүй тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

 29. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийг огцруулах хуульд заасан үндэслэл бүрдсэн байх тул хариуцагч Завхан аймгийн *******ас маргаан бүхий захирамжийг гаргахдаа  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6,  26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхгүй, тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хариуцагч аймгийн *******ас хэрэгжүүлэх үүрэггүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас маргасан нь үндэслэлгүй юм.

30. Иймд дээрх дүгнэлтүүдээр Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 64.3, 66 дугаар зүйлийн 66.1, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасантай тус тус нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

31. Аудитын шаардлага болон ажлын цаг баримтлаагүйтэй холбоотой үндэслэлийн тухайд:  Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/75, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1301/А/236 дугаар тушаалуудаар батлагдсан хуваарийн дагуу Завхан аймгийн сумдын 2022 оны төсвийн тайланд аудит хийжээ.

32. Сумын ******* Төсвийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.20-д заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд мөн хуулийн 14.2-д заасан эрх үүргийг буюу тухайн орон нутгийн төсвийг удирдах, хэрэгжилтийг зохион байгуулж,  хяналт тавих үүргийг хүлээсэн.

33. Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас ******* сумын Засаг даргын дээрх үүргийн хэрэгжилтэд 2022 оны байдлаар хийсэн аудитын үр дүнг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1304/84/84/А1370331/ЗАА-2023/01/НА-СТА-ТТЗ дугаар албан шаардлагаар Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтууд болон холбогдох журмыг зөрчиж “Орон нутгийн хөгжлийн сан, Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналтыг хэрэгжүүлээгүй”-тэй холбоотой 179 295 512 төгрөгийн зөрчил илэрсэн хэмээн ******* сумын *******д сахилгын шийтгэл ногдуулахыг Завхан аймгийн *******д даалгажээ. /Хавтаст хэргийн 20, 57-63 дугаар хуудсанд/

34. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж зааснаас үзэхэд уг баримт бичгийг зөрчлийг дахин гаргуулахгүй, зогсоох зорилгоор үйлддэг байна.

35. Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1304/84/84/А1370331/ЗАА-2023/01/НА-СТА-ТТЗ дугаар албан шаардлагаар ******* сумын *******д шууд төлбөр тогтоогоогүй хэдий ч төсөвтэй холбоотой хуулиар хүлээсэн хяналтын үүргээ хэрэгжүүлээгүйг тогтоосон гэж үзэхээр байх бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65 дугаар зүйлийн 65.1-д “*******д дараах үндэслэлээр хариуцлага тооцно: ...65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны *******, ...үзсэн”, 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны *******, ...доод шатны Засаг даргыг огцруулна: ...64.2.5.энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр” гэж заасан тул төсвийн талаарх хууль тогтоомжоор өгөгдсөн үүргийг биелүүлээгүй Ю.*******г ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах нэг үндэслэлд дээрх аудитын шаардлагыг хамааруулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

36. Харин Ю.*******г ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах нэг үндэслэл болгосон “ажлын цаг баримтлаагүй” гэх зөрчлийг хариуцагч Завхан аймгийн *******ас бүрэн шалгаж тогтоогоогүй, шалгах ажиллагааг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын гарын үсгээр баталгаажаагүй цаг бүртгэлийн хуудасны хуулбар баримтаар хязгаарласныг зөвтгөх боломжгүй. /Хавтаст хэргийн 23-29 дүгээр хуудсанд/

37. Завхан аймгийн *******ас ******* сумын *******тай 2023 онд хамтран ажиллах гэрээний 3 дахь хэсэгт сумын Засаг даргын үүргийг тусгасан ба 3.13-т “Албаны болон хувийн ажлаар гадаад улсад, бусад аймаг руу явахдаа албан ёсоор мэдэгдэж удирдамж, хөтөлбөрөө батлуулж, зөвшөөрөл авна”, 3.14-т “Аймгийн *******, түүний тамгын газраас өгсөн үүрэг, чиглэлийг цаг алдалгүй шуурхай, чанартай хэрэгжүүлж ажиллана” гэжээ. /Хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд/

38. Ю.******* салбарын үзүүлэлтийг хангаагүй, ажлын цаг баримтлаагүй нь дээрх гэрээний 3.13, 3.14-д заасан үүргийг зөрчсөн хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан.

39. Хариуцагч нь Ю.*******г 2023 оны 4, 5, 6, 7 саруудын зарим өдрүүдэд ажиллаагүй гэж үзсэн мөртлөө шалтгаан нөхцөлийг тодруулж, баримтаар нотлоогүй, 2023 оны 06 дугаар сарын 26-аас 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Япон улс руу зайлшгүй зорчих шалтгаантай байсан эсэх, томилолтын хуудсыг Завхан аймгийн *******ас бус түүний Тамгын газрын даргаас олгосон  эсэх зэргийг судалж, баримтаар тогтоолгүйгээр Ю.*******г сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, огцруулах нэг үндэслэл болгосон нь  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох зарчимд нийцээгүй хууль бус байна.

40. Нэхэмжлэгч Ю.*******гийн ажил тасалсан хугацаа, нөхцөл байдлыг хариуцагчаас нэгэнт баримтаар нотолж, бүрэн дүүрэн тогтоогоогүй тул уг үйл баримттай холбогдуулан шүүхийн ажиллагаагаар баримт цуглуулж хожим тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.

41. Түүнчлэн Ю.******* төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтийг жигд хангаагүй нь тогтоогдсон бөгөөд энэ үндэслэлээр хэмээн ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан нь үндэслэлтэй хэмээн шүүхээс дүгнэсэн тул “ажлын цаг баримтлаагүй” гэх сахилгын зөрчлийг тогтоогоогүй гэх үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хэвээр үлдээх боломжгүй гэж үзлээ. /Хавтаст хэргийн 23-29 дүгээр хуудсанд/

42. ******* сумын тухайд батлагдсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг тус сумын Засаг даргын Тамгын газраас шаардан гаргуулахад Аймгийн *******тай байгуулсан гэрээ болон хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийн нэгтгэл, ******* сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ******* сумын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тэдгээрийг баталсан тогтоол, ******* сумын Засаг даргын Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилт гэх баримтуудаас гадна ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/07 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөтөлбөр батлах тухай” А/31 дүгээр тушаалууд, ******* сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах хөтөлбөр, ******* сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, уг хэрэгжилтийг дүгнэсэн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоол гэх баримтуудыг ирүүлсэн бөгөөд тэдгээр нь Ю.*******г ******* сумын *******ас огцруулахтай холбоотой энэ хэрэгт ач холбогдолгүй байх тул үнэлээгүй болно. /Хавтаст хэргийн 79-95, 109-112 дугаар хуудсанд/

43. Мөн маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаас хойш үүссэн үйл баримттай холбогдуулан хэргийн оролцогч нараас гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлэх шаардлагагүй болно. /Хавтаст хэргийн 17, 18, 71-78 дугаар хуудсанд/

44. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 17.1-д зааснаар аймгийн ******* үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ...танилцуулаагүй байж сумын Засаг даргыг төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй гэсэн үндэслэлээр огцруулсан нь үндэслэлгүй...” гэх тайлбарыг тусгасан.

 45. Энэ хэрэгт нэхэмжлэгч Ю.*******гийн Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу ******* сумын Засаг даргыг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр албан тушаалаас огцруулахтай холбоотой маргаан хэлэлцэгдсэн тул хариуцагч Завхан аймгийн *******ас үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилт, тайланг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, үнэлүүлж, дүгнүүлсэн эсэхтэй холбоотой үйл баримт энэ хэрэгт хамааралгүй, энэ талаар нотлох баримт цуглуулах шаардлагагүйг мөн  дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.17, 64 дүгээр зүйлийн 64.2.5,  64.3, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий Ю.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ