Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2019/00021

 

 

М.П-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 137/ШШ2019/00174 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Айраг сум, 2 дугаар багт оршин суух, 1996 онд төрсөн, 23 настай, эмэгтэй, Боржигин овогт Мөнхбаярын Пүрэвсүрэн /РД:ЕА96011802/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У сургуульд холбогдох,

Ажлаас буруу халсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 826 084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч М.П-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тус сургуульд зураг зүй, дизайн технологийн багшаар ажиллаж байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа ирэхэд сургуулийн захирал дуудаад ажлаас халсан тушаалыг танилцуулсан. Би тушаалд дурдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 826084 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2 удаагийн сургалт болон биеийн байдлаас хамаарч 2019 оны 04 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд “Усан будгийн техник ажиллагаа” сэдэвт сургалтад суусан. 2019 оны 04 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд оношилгоо хийлгэж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төвд хагалгаанд орсон. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл гадуур боолт хийлгэсэн. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан эхний жилийн үндсэн сургалтанд хамрагдаж, энэ хугацаанд шүүхэд хандаж чадаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг шүүхэд гаргасан тайлбартаа: М.П нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирлын тушаалаар зураг зүй, технологийн багшаар түр томилж, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 6 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах эсэх талаар сургуулийн багш нарын хурлаар хэлэлцсэн боловч багш нар цаашид хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй гэж үзсэн. Мөн М.П-г хичээлийн жил дуустал ажиллуулаад дараа нь цаашид ажиллуулах эсэх асуудлыг яръя гээд багш нарын хурлыг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хуралдуулсан боловч багш нар хүлээн зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй, харин удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэггүй, сурагчидтай ажиллах арга барил муу, хичээлийн хөтөлбөр батлуулдаггүй, үүний улмаас хүүхдүүд хохироод байна гэсэн асуудал яригдсан учраас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн гэрээг цуцалсан. М.П-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т зааснаар нэхэмжлэгч М.П-гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 826084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.П нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч М.П давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нэхэмжлэгч намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх тодорхой шалтгаан байсаар байхад хариуцагчийн тайлбараар асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Усургуулийн захирлын 2019 оны Б/04 дугаар тушаал илт хууль зөрчсөн. Одоо Усургуульд технологийн багшгүй сурагчид хохирч байгааг анхааран үзнэ үү. Шинэхэн төгсөж ирсэн надад дадлага туршлага дутмаг байсныг үгүйсгэхгүй. Гэвч цаана нь хүүхдүүдийн сурах эрх ашиг хохирч байгааг анхааран үзнэ үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл буюу маргааны талаар гомдол гаргах хугацааг тодорхойлсон хуулийг баримталж хэргийг шийдвэрлэхдээ буруу шийдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар...” гэж заасан байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу гэвэл хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар М.П 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халах тушаалыг хэдий авсан боловч үргэлжлүүлээд 2 сургалтад суугаад явсан байдаг. Тушаал гарчихсан байхад ажлаа эрхлээд яваад байгаа юм. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг дээр гол авч үзэх зүйл бол М.П нь хагалгаанд орсон байна. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэх ёстой байсан гэж үзэж байгаа. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсгийг барьж байгаа юм бэ гэхээр хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх яах ёстой вэ гэдгийг хуулиар зааж өгсөн. Хугацааг сэргээнэ гэж заасан болохоос биш хугацааг сэргээхгүй хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн заалт байхгүй байна. Энэ хүн яагаад ажлаа хийгээд яваад байсан юм гэхээр захирал нь за чи байж бай, хэдий тушаал гарсан ч гэсэн би чиний тушаалыг өөрчилж болно гэсэн байдаг. Захирлын зөвшөөрлөөр энэ сургалтуудад хамрагдсан байдаг. Сүүлийн мэргэжил дээшлүүлэх гэдэг дээр урьд нь цахимаар юмнуудаа боловсруулаад өгдөг байсан. Тэгээд сургалт зарлагдсан хугацаанд захирал нь мэдэгддэг юм байна. Захирал нь мэдэгдээд зөвшөөрлийг нь олгоод явуулдаг. Нэг талаасаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болчихсон юм шиг. Тушаал шийдвэр нь гараад энэ хүнийг ажлаас нь чөлөөлчихсөн юм шиг. Ийм эргэлзээтэй байдал гаргасан учраас нээрээ ч тушаал шийдвэрийг маань өөрчлөх юм болов уу, буцаагаад намайг ажилд авчих юм болов уу, би хоёр ч сургалтад хамрагдаад ирлээ гээд очихоор байж бай би чиний тушаалыг өөрчилж болно шүү гээд байдаг. Болно шүү гэсэн мөртлөө тушаалаа өөрчлөхгүй байсан. 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 7 сар ажилласан байдаг. Талууд хоорондоо туршилтын хугацаа дууссан байна гээд санал гаргаад сунгах уу, сунгахгүй юу гэдэг асуудал яригдах ёстой. Тушаалын гол үндэслэл тийм байдаг. Туршилтын хугацаа нь дууссан учраас сунгагдахгүй нөхцөл бололцоо үүссэн учраас тушаалаар шийдсэн. Эдгээр нөхцөл байдлаас харахад хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан байна. Энэ хүний эрүүл мэндэд хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон учраас мэс ажилбар хийгдсэн байна. Мэс ажилбар хийгдэхдээ шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Энэ бол хариуцагч талаас гаргасан хүсэлт төдий боловч үүн дээр шинжээч юу гэж дүгнэсэн бэ гэхээр 4 долоо хоног хөдөлмөрийн чадвараа алдана гэсэн байдаг. 4 долоо хоног нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш тооцох юм бол 2019 оны 5 сарын сүүл ч хүртэл гарахаар байна. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг давж заалдах шатны шүүх харж үзнэ үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгчийн өнөөдрийн давж заалдах шатны шүүхэд яриад байгаа зүйл үндэслэлгүй юм. Урьд нь миний гаргаж байсан хариу тайлбарт ч ийм хариу тайлбар өгөөгүй. Намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Улаанбадрах сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ч надад ийм мэдээлэл өгөөгүй. Энэ хүн тушаалаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр аваад тэр чигтээ ажлаа ч хүлээлгэж өгөөгүй, хамаг зүйлийг нь цоожилчихоод яваад өгсөн. Ажлаа хүлээлгэж өг гээд дуудахаар би сургалтад сууж байна гээд ирдэггүй байсан. Түүнээс биш чи сургалтад суугаад ир, ирэхээр чинь чиний гэрээг шинээр байгуулна гэдэг зүйл огт яригдаагүй. Энэ бол худлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу М.П нь тушаалаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авсан байдаг. Үүнээс хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргана гээд хуульд заасан байгаа. Үүнийг 12 хоногоор хэтрүүлсэн байдаг. Үнэхээр өвчтэй, зовлонтой байсан юм уу гэхээр хүндээр өвчилсөн байхыг шүүх шаарддаг. Тэгээд хүндээр өвчилсөн юм уу гэхээр мухар олгойн хагалгаанд орсон байна гээд эмнэлгийн байгууллагаас өвчний түүхийг авахад гарч ирсэн. Үүн дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Уг шинжээчийн дүгнэлтэд ухамсарт ухаан, үйлдэл хийх боломжтой байсан гэж байгаа. Шүүхэд нэхэмжлэлээ бичээд өгөх боломжтой хугацаа байсан. Мөн энэ хугацаанд өөрөө 2 удаагийн сургалтад хамрагдаад явсан байдаг. Эмнэлэгт хэвтэж байх үед нь телевизээс ярилцлага авахаар очсон байгаа юм. Тэгэхэд машинд зүгээр сууж байгаад ярилцлага өгсөн иймэрхүү байдал байгаа болохоор үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.П нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ерөнхйи боловсролын сургуульд холбогдуулан ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажлаас буруу халсан үеийн олговорт 826084 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл /гомдол/ гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг эс зөвшөөрч хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн гэрээг цуцалсан, ...шүүхэд хандах боломжтой байсан тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч М.П эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

         Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.П-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргаанд холблгдох хуулийг зөв хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

         Хариуцагч буюу Усургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ... Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, ... “Байгууллагын дотоод журам”-ын 10.2.2, 10.2.3, Хамтын гэрээний 3.5, Хөдөлмөрийн гэрээний 3.1.1.5, 3.1.1.6, 3.3.1, 3.3.2-т заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусч цаашид сунгагдах боломжгүй гэж үзэн нэхэмжлэгч М.Птэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тус сургуулийн технологийн багшийн ажлаас халжээ.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас халсан шийдвэрийг гарсан өдөрт нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гардаж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байх ба нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргаж дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.

         Нэхэмжлэгч нь ийнхүү хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж хугацааг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан байх ба анхан шатны шүүх хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж хугацааг сэргээн тогтоогоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасантай нийцсэнээс гадна энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

           Энэ нь нэхэмжлэгч М.П нь 2019 оны 04 дүгээр сарын 12, 13, 05 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд тус тус сургалтад хамрагдсан гэх боловч энэхүү нөхцөл байдал нь хүний хувийн зохион байгуулалттай холбоотой буюу өөрөөр хэлбэл шүүхэд гомдлоо гаргах, эсхүл сургалтад хамрагдах сонголт нь хувь хүний асуудал бөгөөд сургалтад хамрагдсан явдлыг шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм.

         Харин нэхэмжлэгч М.П нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 29-ний өдрүүдэд эрүүл мэндийн шалтгааны улмаас Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн боловч дээрх өдрүүдээс бусад өдрүүдийг эрүүл мэндийн шалтгаантай шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

        Мөн нэхэмжлэгч М.П нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа ажил олгогч буюу хариуцагчийн төлөөлөгчийг ажилд эгүүлэн авахаар итгэл үнэмшил төрүүлснээс хугацаа хэтрүүлсэн гэх боловч түүний энэхүү тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

         Иймд хугацааг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлгүй ба нэхэмжлэгч буюу ажилтан нэгэнт ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг ажлаас халсан шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.

          Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтуудад хэргийн оролцогч өөрөө буюу хариуцагч байгууллага өөрийн хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан бичмэл нотлох баримтанд тавигдах шаардлагад нийцээгүй, мөн анхан шатны шүүх хариуцагч талаас ирүүлсэн CD-г шинжлэн судлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан журмыг зөрчсөн /үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, нотолгооны ач холбогдол тодорхойгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй/ зэргээс дээрх нотлох баримтууд нотлох чадвараа алдсан байна.

         Гэхдээ нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээс шүүхээс ажлаас халсан үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болсон тул энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч М.П-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 137/ШШ2019/00174 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.П-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ