Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/MA2017/0543

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр             Дугаар 221/МА2017/0543          Улаанбаатар хот

 

“******* ******* *******” ХХК-ийн                                                                          нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******-*******, хариуцагч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарнай нарыг оролцуулан хийж, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.*******, П.******* нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 354 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******-*******гийн давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан ******* ******* Тасаг Монгол ХХК-ний нэхэмжлэлтэй Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.*******, П.******* нарт холбогдох Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 06 дугаар актыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******-******* давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 354 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.  Нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж  байна. 1. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэх дүгнэлт өгөхдөө Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримталжээ. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг маргааны ямар хэсэгт холбогдуулан хэрэглэж байгаа нь тодорхойгүй байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэлийг хэн нь төлөх, хэзээ төлөх, хэрхэн төлөхтэй холбоотой маргаан огт байхгүй атал хуулийн энэ заалтыг Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт барьсан нь хууль бус байна. 2.            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримталсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийг "шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан" гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч "******* Дачин *******" ХХК-ийн хувьд шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан гэж үзэх үндэслэл огт байгаагүй юм. Учир нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Матад-ХХ, Тамсаг-XXI талбайд газрын тос олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээний Аравдугаар зүйлийн 10.4-(1)-д "Гэрээлэгч болон оролцон гүйцэтгэгчийн гадаадын ажиллагсад нь Монголын Засгийн газраас ногдуулах орлогын татвар, аливаа нийгмийн даатгал болон аливаа улс төрийн байгууллагын татвар, хураамжаас чөлөөлөгдөнө" гэж харилцан тохиролцсон. "******* Дачин *******" 1997 оноос хойш дээрх гэрээний дагуу татварын болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа тогтмол зөв гаргаж, тайлагнаж, Монгол Улсад төлөх татвар, төлбөр, хураамжийг шийдвэрлэж ирсэн, өмнөх Засгийн газрууд, түүний харьяа байгууллага, албан тушаалтнууд ч гэрээний дээрх заалтыг зөвшөөрч, татварын болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хүлээн зөвшөөрч ирсэн. Иймд "******* Дачин *******" XXK уг гэрээний дагуу хятад ажилчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн гэж үзэж чөлөөлөгдсөн байдлаа тайланг гаргаж ирсэн байхад орлогоо нуусан болон бууруулсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл уг гэрээгээр зохицуулж эрх олгож ирсэн бодит байдлыг анхаарч үзээгүй шууд зөрчил гаргасан гэдгээр хэт нэг талыг барьж буруутгасан, энэ нь зөрчил гаргах шалтгаан нөхцөл болсон талаар анхааралгүйгээр санаатай нуусан, бууруулсан гэж дүгнэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан" гэж нотлох баримтыг илт буруу үнэлж, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Тодруулбал, нэхэмжлэгч компани зөвхөн 2013 - 2014 оны хооронд гадаадаас ажиллах хүч оруулж ирж ажиллуулаагүй Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан тэр үеэс эхлэн гадаад ажиллагсдыг ажиллуулсан тухайн үед гэрээний дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй чөлөөлөгддөг байхад гэнэт яагаад хууль зөрчсөн уг гэрээ хамаагүй гэж тайлбарлан дүгнэж байгаа нь бодит байдлыг анхаарч үзээгүй, хариуцагч ямар байдлаар акт тавьсныг үнэлээгүй нь буруу болсон. 4. Нэхэмжлэгч нь Засгийн газраас эрх олгосны дагуу Газрын тосны хэрэг эрхлэх газар болон Австрали Улсын "Команд Петролиум" Лтд, Монгол Улсын Цагаан шонхор Ойл корпораци, Соко ******* Монголиа Инк нарын хооронд байгуулсан Матад-ХХ, Тамсаг-ХХ1 талбайд газрын тос олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээг олон улсын гэрээ гэж маргаагүй. Харин уг гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т "Монгол Улсад байнга оршин суудаг, тус улсын аль нэг байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн ... Монгол Улсын олон улсын гэрээнд еереөр заагаагүй бол нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид хамрагдана" гэж заасан байсан. "Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын Хэлэлцээрийг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр баталснаар 2 орны хооронд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Уг хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т "Энэхүү зүйлийн 1 дүгээр заалтыг үл харгалзан Хэлэлцэн тохирогч Улсын Засгийн газар /БНХАУ-ын Засгийн газар гэж ойлговол/ буюу орон нутгийн эрх барих байгууллагын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон түүнтэй адилтгах бусад төлбөрт Хэлэлцэн тохирогч Улсад татвар 'Хятад Улсад/ оногдуулна гэж, мөн хэлэлцээрийн 19 дүгээр зүйлийн 2-ын б-д "гэхдээ уг хувь этгээд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад байнга оршин суугч бөгөөд тэр улсын харъяат нь бол дээр дурдсан тэтгэвэрт зөвхөн хэлэлцэн тохирогч Улсад татвар ногдуулна" гэж, мөн зүйлийн 3-т "Хэлэлцэн тохирогч Улсын Засгийн газар буюу орон нутгийн эрх барих байгууллагаас аж ахуйн үйл ажиллагаа явуулахтай холбоотой алба хашсаны хувьд олгосон төлбөр, тэтгэвэр нь энэхүү хэлэлцээрийн 15, 16, 17 ба 18 дугаар зүйлд хамаарна” гэж тус тус заажээ. Энэхүү хэлэлцээрийн заалтуудын агуулга нь тэтгэвэр төлөх улс нь тэтгэвэр болон түүнтэй адилтгах төлбөрт татвар /шимтгэл/ оногдуулан төлөхөөр тохирсон явдал болно. "Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын Хэлэлцээр нь Олон Улсын гэрээний тухай хуулийн дагуу олон улсын гэрээ мөн тул Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 4 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу энэхүү хэлэлцээрийг дагаж мөрдөх ёстой атал анхан шатны шүүх эдгээр эрх зүйн үр дагавар бүхий нөхцөлүүдэд дүгнэлт өгөхгүй маргааныг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлаж, хэрэглээгүй байна. “Нэхэмжлэгч ******* ******* Тамсаг" XXK нь энэхүү гэрээний 10.4-т заасны дагуу Гэрээлэгчийн оролцон гүйцэтгэгч болно. 5. Анхан шатны шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ "нийгмийн даатгал" гэж юу болох, түүний зорилгыг ойлгож мэдсэний үндсэн дээр  1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн "Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын Хэлэлцээр, Нийгмийн даатгалын тухай хуулийг тайлбарлаж, хэрэглэх ёстой байсан. Нийгмийн даатгал гэж даатгалын санг шимтгэл төлж бүрдүүлэх, уг бүрдсэн сангаас буцаад даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэлдэг. Хятад иргэд Монгол Улсад 1-9 сарын хугацаагаар ажиллахдаа Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь тэр этгээд Хятад Улсад шимтгэл төлөөгүйд тооцогдож, хоёр улсын хэлэлцээрээр ийнхүү хятад иргэд богино хугацаагаар ажиллахдаа шимтгэлийг өөрийн улсдаа төлөхөөр харилцан тохирсон байдаг. Ийм ч учраас хэрэгт хятад иргэд өөрийн харьяалах Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тэтгэврийн шимтгэл төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх энэ баримтад дүгнэлт, үнэлэлт өгөхгүй хэргийг шийдвэрлэхдээ, ямар үндэслэлээр нотлох баримтыг үнэлэхгүй талаар дүгнэлт хийгээгүй байна. "******* Дачин *******" XXK-ийн төсөл дээр ажилласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэд нь өөрийн харьяалах улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалд хамрагдаж байгаа учир эдгээр иргэдийг давхардуулан шимтгэл төлөхийг шаардсан нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь хууль бус үйлдэл юм. Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох 5 төрлийн тэтгэмжийн шаардлагад заасан хугацаанд ажиллаагүй буюу байнгын шинжтэй орлого олоогүй, түр хугацаагаар Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлсэн, өөрийн улс болох Хятад улсдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тэдгээр иргэдийг заавал даатгуулах ёстой байсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Энэ заавал даатгуулах байнгын шинжтэй орлогод хамаарахгүй байхад энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй.

6.         Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр хийгдсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтыг илт үндэслэлгүй Олон улсын гэрээ биш гэх шалтгаанаар энэхүү асуудлыг өнгөц байдлаар шийдвэрлэж байгаа нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлэх эсэх, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх тухай асуудал яригдах цаашлаад төслийг хэрэгжүүлэгч болон Монгол улсыг төлөөлөн гэрээ байгуулсан Төрийн захиргааны байгууллагуудын хооронд зөрүүтэй, үл ойлголцох асуудлууд гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

7. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үйлчлэл дуусгавар болоогүй, Монгол Улсын Засгийн газраас уг гэрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авахтай холбоотой өөрчлөлт оруулах талаар санал огт гаргаагүй, Засгийн газраас нь гэрээний энэ заалтыг мөрдөхгүй талаар манайд мэдэгдээгүй, ийм нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх уг гэрээний эрх зүйн үр дагаварт дүгнэлт хийхгүй маргааныг шийдвэрлэсэн нь хууль ёсны биш болжээ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн боловч  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу маргаан бүхий актаар ногдуулсан алдангийг өршөөн хэлтрүүлээгүй байх тул холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “... Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн л бол албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр хуульчилсан ... шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй ... Бүтээгдэхүүн хуваах гэрээ ... Олон улсын гэрээ биш нь ... нотлогдож байна ... Бүгд Найрамдах Хятад Ард Улстай нийгмийн даатгалын асуудлаар ямар нэгэн хэлэлцээр, санамж бичиг байхгүй болох нь тогтоогдож байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэж маргаан бүхий захиргааны актаар төлбөр ногдуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

            Хариуцагч Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 06 дугаар актаар “******* ******* *******” ХХК-ийн 2013-2014 оны санхүүгийн баримт, нийгмийн даатгалын тайлан, захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, бусад холбогдох баримтад үндэслэн Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг шалгаж, 2013, 2014 онуудад ажилласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ажилчдад олгосон 4 257 088 800 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй зөрчил илэрсэн гэж үзэн төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 979,130,424 төгрөгийн нөхөн төлбөр, шимтгэлийн дүнгээс 489,565,212 төгрөгийн алданги, нийт 1,468,695,636 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна”, 4.2.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” гэж заажээ.

Дээрх хуулийн агуулгаас үзвэл “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол” гэх нөхцөл нь зөвхөн гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамааралтай байна.

Харин гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаагаас бусад тохиолдолд гадаадын иргэнийг ажиллуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар заавал төлөх үүрэгтэй байна.

            Хэрэгт авагдсан “******* ******* *******” ХХК болон “Ди Кю И интернэйшнл” ХХК-нарын хооронд байгуулагдсан 2013 оны Хөдөлмөрийн ерөнхий гэрээ[1] нь Монгол Улсын Гадаадын иргэний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг үндэслэж байгуулагдсан байх ба гэрээний 1.1-д “энэхүү гэрээ нь гүйцэтгүүлэгч ба гүйцэтгэгч нарын хоорондын хөдөлмөрийн болон бусад харилцааг зохицуулна”, 1.2-т “Гэрээний хугацаа ба нөхцөлүүд нь Монгол Улсын ...Нийгмийн даатгалын хууль ... хууль тогтоомжууд ...ий дагуу байна”, 3.8-д “Гүйцэтгэгч /******* ******* ******* ХХК/ нь өөрийн ажилчдын ... нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ... тэтгэмж нэмэгдэл зэрэг бүхий л зардлыг хариуцна” гэжээ.

            Түүнчлэн, Гадаадын иргэн, харьяатын газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 02/538 дугаар албан бичиг, түүний хавсралт[2], Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “... “******* ******* *******” ХХК-ийн 2013, 2014 онуудад БНХАУ-аас Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр манай байгууллагад хүсэлт гаргаж байсан ...” гэх № 10/17 дугаар албан бичиг[3], мөн Монгол Улсын Засгийн газраас  2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн № 184, 337, 2014 оны № 53, № 171   дүгээр тогтоолуудаар нийт 3250 гадаадын иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасан “HG ангиллын визийг олгож байснаас үзвэл тэдгээр иргэд нэхэмжлэгч компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилласан, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

            Иймд Монгол Улсын Гадаадын иргэний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг үндэслэн “******* ******* *******” ХХК болон “Ди Кю И интернэйшнл” ХХК нарын хооронд 2013 онд байгуулагдсан “Хөдөлмөрийн ерөнхий гэрээ”-нд гэрээний нөхцөлүүдийг заасан хэсэгт Монгол Улсын Нийгмийн даатгалын хуулийн дагуу байхаар, түүнчлэн ажилчдын бүхий л зардал тэр дундаа нийгмийн даатгалын зардлыг гүйцэтгэгч “******* ******* *******” ХХК хариуцахаар тодорхой заасан байх тул Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу тус компанид “ажиллуулсан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр үүрэг болгосон хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Байгууллага нь гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээний биелэлт, гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтний талаарх тайлан, мэдээг батлагдсан маягтын дагуу улирал тутам гаргана. Цуцлагдсан болон сунгасан гэрээний тухай мэдээллийг тухай бүр гаргаж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүний эрх олгосон байгууллагад албан ёсоор ирүүлж байна” гэж заасны дагуу гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болох нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь гэрээний биелэлт, гадаад ажилчид нь хөдөлмөр эрхэлж байгаа эсэх тухай тайлан, мэдээг улирал бүр гаргаж байх үүрэгтэй.

Гэтэл тус үүргээ зөрчин нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-аас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд ажил хөдөлмөр эрхэлсэн, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олсон эсэхтэй холбоотой баримтыг нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгөөгүй байх тул хариуцагч нар шимтгэл ногдох орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсоныг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн энэ талаар нэхэмжлэгч маргаагүйг дурдав.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын Хэлэлцээрийн дагуу ... нийгмийн даатгалын шимтгэлийг Хятад Улсад төлнө ... тус хэлэлцээр нь Олон Улсын гэрээний тухай хуулийн дагуу олон улсын гэрээ мөн ...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь,

1991 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцэн тохирч баталсан “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээрт “татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлыг урьдчилан сэргийлэхийг эрмэлзэн БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар дараах зүйлийг хэлэлцэн тохиров” гэж зорилго, хүрэх үр дүнг тодорхойлон хамрагдах этгээд, хамрагдах татварын төрлүүдийг нэрлэн зааж, татварын төрөл тус бүрээр хэрхэн тооцож, оногдуулахтай холбоотой асуудлаар тохирсон байх бөгөөд тус хэлэлцээрийн 18 дугаар зүйлд “...тэтгэвэр түүнтэй адилтгах бусад төлбөрийг хэлэлцэн тохирогч улсын Засгийн газар, орон нутгийн эрх барих байгууллагын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон бусад түүнтэй адилтгах бусад төлбөр...”  гэж тодорхойлсныг Нийгмийн даатгалын тухай хуулийн агуулгад нийцүүлэн тайлбарлах үндэслэлгүй, хариуцагч нараас нэхэмжлэгч компанийн ажилчдад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож шимтгэл төлөөгүйг зөрчил гэж үзэж Нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд төлбөр ногдуулж, хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүйн дээр дээрх хэлэлцээрээр тодорхойлсон “татвар” гэх ойлголтыг Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ” гэж заасан байх тул  нийгмийн даатгалын шимтгэлийг татвар гэж үзэх боломжгүй байна.

Иймд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж болох нь түүнчлэн өөрийн компанидаа БНХАУ-ын иргэдийг ажиллуулсан болох нь тогтоогдож байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу тэдгээр иргэдэд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож, албан журмаар мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу зохих шимтгэлийг суутган авч төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна” гэж заасныг үндэслэн төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тус шимтгэлийн дүнгээс алданги тооцож ногдуулж төлүүлэхээр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Харин маргаан бүхий актаар ногдуулсан 489,565,212 төгрөгийн алданги нь захиргааны хариуцлагын нэг төрөлд хамаарч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг мөн актаар ногдуулсан алдангиас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч компанийн албан ёсны нэр нь “******* ******* *******” ХХК гэсэн байтал шүүх шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт “******* ******* Тасаг Монгол” ХХК гэж бичиглэлийн алдаа гаргасныг зөвтгөж өөрчлөв.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******-*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 354 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “******* ******* Тасаг Монгол” ХХК...” гэснийг “... “******* ******* *******” ХХК...” гэж өөрчлөн, “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “******* ******* *******” ХХК-ийг Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актаар ногдуулсан 489,565,212 төгрөгийн алданги төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэх заалтыг нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******-*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

   ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

                              ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ