Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 228

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн

Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/, нийслэлийн

Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын

газар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                     Х.Батсүрэн

                                     Б.Мөнхтуяа

                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-ын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704... дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0121 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0226 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц,

Хариуцагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О нар,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0121 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.2, 54 дүгээр зүйлийн 54.7, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус баримтлан “нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704... дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-ын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0226 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0121 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-ын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичиг, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704... дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-т даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 17550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

           Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль тогтоомжийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

4. Тендерт “М” ХХК-д 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд тухайн тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах ёстой байсан. Харин захиалагч буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс гэрээг байгуулалгүй тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дууссан тул гэрээ байгуулах эрх авсан гэх нэхэмжлэгч компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацаанд багтааж захиалагчийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйд холбогдуулан ажлын 5 өдрийн дотор Сангийн яаманд гомдол гаргах, улмаар Сангийн яамнаас гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалттай байсан. ...Хуульд заасан гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг мэдсээр атал уг эрхээ хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй “М” ХХК-ийг халамжилж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болж чадаагүй.  

5. Магадлалд “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/09 дүгээр тогтоолоор нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын 2016 онд санхүүжих дүнг 2,958,200,000 төгрөгөөр тогтоосон байна” гээд улмаар тухайн мөнгөн дүн нь “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын төсөв мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй байна. Учир нь нийслэлийн 2016 оны төсвийн тодотголд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын төсөв гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй бөгөөд тухайн төсвийн тодотголд дурдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын 2016 онд санхүүжих 2,958,200,000 төгрөгийг ямар ажилд зарцуулах талаар төсвийн задаргааг баталсан нийслэлийн Засаг даргын захирамж гэх зүйл гараагүй. Гэтэл төсөв нь нийслэлийн 2016 оны төсвийн тодотголд байгаа мэтээр, Засаг дарга тухайн ажилд зарцуулах мөнгөн дүнг баталсан мэтээр хийсвэрээр дүгнэлт хийсэн.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.1-д “захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна” гээд 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.5-д “тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” гэж заасныг зөрчин “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын төсөв нь албан ёсоор батлагдаагүй байхад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/36 дугаар тушаалаар тухайн тендерийн үйл ажиллагааг зохион байгуулсан, улмаар гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус болсон. ...Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0226 дугаар магадлалыг хүчингүй болгохыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2/776 дугаар албан бичгээр “...гэрээ байгуулах эрх олгох тухай 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2/70-1 дугаар албан бичгийг хүчингүй болгосон тухай”-г нэхэмжлэгч “М” ХХК-д мэдэгдсэн, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ буцаах тухай” 06/630 дугаартай албан бичгээр “...нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 дугаар захирамжаар ...төсөл, арга хэмжээний санхүүжилтийг зогсоох тухай үүрэг болгосныг зөрчсөн, ...хөрөнгийн эх үүсвэргүй тул гэрээг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах боломжгүй” гэж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт мэдэгдсэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралт”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НХААГ-17/01... дугаартай тендер зарлаж, зохион байгуулсан, нэхэмжлэгч “М” ХХК нь “...гэрээ байгуулахаас татгалзсан нь хууль бус, ...хууль зөрчсөн, гэрээ байгуулах эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх албан бичгүүдийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгуулах, “НХААГ/201704...” дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

8. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/221 дүгээр захирамжаар эрх олгосны дагуу “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НГХДБГ-02/20... дугаар тендер”-ийг зохион байгуулах Гэр хорооллын дэд бүтцийн газар нь уг “тендер шалгаруулалт”-ыг 2 дахь удаад “гэрээ шууд байгуулах арга”-аар зохион байгуулж, “үнийн санал ирүүлэх” урилгыг 2017 оны 1 дүгээр 02-ны өдөр 3 аж ахуйн нэгжид хүргүүлсэнээр “үнийн санал” /2,603,206,900 төгрөг/-аар нэхэмжлэгч “М” компани шалгарч, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр “гэрээ байгуулах эрх” авсан боловч гэрээ байгуулагдаагүй, уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг дахин зохион байгуулахаар нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжаар шийдвэрлэсний дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нээлттэй тендер зарлаж, зохион байгуулсан ба уг тендерт нэхэмжлэгч оролцсон боловч “шаардлагад нийцээгүй” гэх үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсан, Үнэлгээний хороо нь уг тендерт “үнийн санал” /2,228,029,966 төгрөг/-аар гуравдагч этгээд “О” ХХК-ийг шалгаруулж, “гэрээ байгуулах” зөвлөмж гаргасан зэрэг үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Төсвийн талаарх нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.а/-д “...батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “тухайн жилийн төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилтийг түр зогсоож болно; 34.3.2-т тухайн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй”, 65 дугаар зүйлийн 65.1.4-т “орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох хуульд нийцүүлэн байгуулах” гэж тус тус заасан байна.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолоор 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй байх арга хэмжээ авахыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан, уг тогтоолыг нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлж 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” А/616 дугаар захирамжаар 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй байхыг бүх шатны төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосон, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 4/09 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажил”-ыг шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулан баталж, 2016 онд төсвөөс санхүүжүүлэх дүнг тогтоосон, үүний дараах 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай” 6/11 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар уг ажлыг 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтын “шилжих” гэсэн хэсэгт оруулан, мөн онд санхүүжүүлэх дүнг тус тус баталжээ.

11. Эндээс үзвэл, уг ажил, зарцуулах төсвийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу баталсан хэдий ч нийслэлийн Засаг даргаас “зогсоосон байсан” арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах шийдвэрийг гаргаагүй, санхүүжих төсвийг захиран зарцуулах эрхийг олгоогүй байхад “захиалагчийн хяналт”-ыг хэрэгжүүлэх нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Үнэлгээний хорооны “зөвлөмж”-ийг үндэслэн “М” ХХК-д “гэрээ байгуулах эрх” олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5-д “тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” гэж заасныг зөрчсөн, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.2-т заасан эрхээ хэрэгжүүлж гаргасан нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 дугаар захирамжид нийцэхгүй байна.

12. Иймд, захиалагчийн хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь нэхэмжлэгч “М” ХХК-тай байгуулах гэрээг батлуулахаар ирүүлсэнийг дээрх үндэслэлээр уг гэрээг “баталгаажуулах”-аас татгалзаж, буцаасан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2017 оны 06/630 дугаар албан бичиг, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын “гэрээ байгуулах эрх” олгосон шийдвэрээ “хүчингүй” болгосон 2017 оны 2/776 дугаар албан бичиг /шийдвэр/ зэрэг нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн бөгөөд гэрээ байгуулах асуудал буюу тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, гэрээ байгуулах эрх авсан нэхэмжлэгчид чиглэсэн зэргээр захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байх тул эдгээр актуудыг захиргааны хэргийн шүүх хянана.

13. Харин, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 дугаар захирамжаар төсвийн шууд захирагч нарт “хэрэгжээгүй байсан төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга, хэмжээний санхүүжилт”-ийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс зогсоох үүрэг өгсөн, эдгээрийн “санхүүжилтийн эрх” нь нээгдээгүй /олгогдоогүй/ байхад захиалагчийн хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь нэхэмжлэгч “М” ХХК-д “гэрээ байгуулах эрх олгосон” нь буруу тул үүний үр дагавар болох “гэрээ байгуулж, баталгаажуулах” эрх зүйн боломжгүй учир эдгээр актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

14. Үүний зэрэгцээ, нэхэмжлэгч нь гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан атлаа захиалагчаас хуульд заасан хугацаанд “гэрээ байгуулахгүй байсан”-нд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “тендерт оролцогч нь ...хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй .../бол/ ...ажлын 5 өдрийн дотор эрх бүхий этгээдэд гомдол гаргана” гэж заасны дагуу мөн хугацаанд гомдол гаргаагүй, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дахин зарлан, зохион байгуулж явуулсан уг тендерт өөрөө оролцсон нь захиргааны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээс гадна тус компанийн “тендер”-ийг шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр татгалзсан асуудлаар гомдол гаргаагүй атлаа “тендер шалгаруулалтыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”-оор заасан байх тул маргаан бүхий захиргааны актууд хууль зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй.

16. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийсэн, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэсэн, хэрэглэх ёсгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь зүйл, заалтыг хэрэглэсэн, тендер шалгаруулалттай холбогдуулж захиалагчид эсхүл захиалагчийн шийдвэрт гомдол гаргах хугацаа, гомдлыг хэлэлцэх журам, уг ажиллагаанд тендерт оролцогчийн оролцоог хангах зэрэг асуудлыг мөн хуулиар тусгайлан зохицуулсан байхад Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр буруутгасан, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй зэргээс нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хангаж шийдвэрлэх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцэхгүй байна.

17. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг дотогш чиглэсэн, гэрээг хүлээн зөвшөөрч баталгаажуулах боломжгүйг мэдэгдсэн агуулгатай гэсэн дүгнэлт хийж, тус албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

18. Учир нь уг албан бичгээр “гэрээ байгуулах”-ыг зөвшөөрөөгүй нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн бөгөөд захиргааны байгууллагын нэг талын хүсэл зориг илэрхийлэгдсэн тул  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан захирамжилсан үйл ажиллагаа мөн юм.

19. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, тухайн харилцааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

20. Харин, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ “...шийдвэрийг уламжилсан, мэдээллийн шинжтэй” гэж буруу дүгнэж, захиргааны акт биш гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

21. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь уг албан бичгээрээ “гэрээ байгуулах эрх” олгосон шийдвэрээ “хүчингүй” болгосон нь эрх зүйн шууд үр дагавартай бөгөөд гэрээ байгуулах эрх авсан нэхэмжлэгчид чиглэсэн зэргээр захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байх тул дээрх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан буруу.

22. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн “нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 2/776 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэсэгт уг шаардлагыг “хэрэгсэхгүй” болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд “О” ХХК-ийн өмгөөлөгч Ж.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0226 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0121 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 ба 2 дахь заалтыг нэгтгэж, “1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.5, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” НХААГ/201704... дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, “3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтыг дугаарыг 3” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ