Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/952

 

 

 

 

 

 

  2021             11              4                                          2021/ДШМ/952

 

 

Б.Б, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батболд,

хохирогч Б.Э,

шүүгдэгч Б.Б, М.Б нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/985 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, М.Б нарт холбогдох 1806092441355 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Б,

2. М.Б,

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын задгайд байрлах хохирогч Б.Эын хашааны дай, банз моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 499.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын задгайд байрлах хохирогч Б.Эын хашааны дай, банз моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 664.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нарыг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, М.Б нар нь өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн хохирлын 100900005406 тоот дансанд Б.Боос байршуулсан 65.000 /жаран таван мянган/ төгрөгийг, М.Бээс байршуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Эод /РД:АА64110317/ олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрч М.Т “...Манай доод айлын үл таних Бумбалай (Б.Б) хоёр хүний хамт машинтай ирээд ачиж байсан...” гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт Б.Б ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэж авч явсан талаар шалгаж тогтоогоогүй, тухайн тээврийн хэрэгслийг битүүмжлэх байсан эсэх,  ямар хоёр хүнтэй авч байсан эсэх асуудал тодорхойгүй байна. Яллагдагч Б.Б, М.Б нарын мэдүүлэгт үндэслэн гаргасан үнэлгээ болох 1.165.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн “Дамна” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б32-18-1884 дугаартай үнэлгээнд 18 ширхэг дай мод 6 метрийн урттай гэсэн гээд бодоход энэ гаргасан үнэлгээний тайлан бодит байдалтай нийцээгүй байгаа юм.

Яллагдагч Б.Б “...би тухайн үед Б.Эын хашаанаас 64 ширхэг 3 см-ийн банз, шургааг 4 ширхэг, дай мод 18 ширхгийг авсан...” гэж мэдүүлсэн. Эдгээр моднууд түүний хашаанд хураалгаастай байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан боловч хэрэгт эд мөрийн баримтаар тооцож аваагүй.

Яллагдагч М.Б “... 16 ширхэг дай, 10 гаран банз л байгаа байх. Жорлонгоо энэ айлын банзаар хадсан. Дай мод нь 6 метрийн урттай. Банз нь 2 метрийн урттай...” гэж мэдүүлсэн байсан. Энэ хоёрын мэдүүлснээр нийт дай мод 34 ширхэг, хашааны маань 1 хавтсанд 2 ширхэг дай мод, 35 ширхэг банз мод, 1 ширхэг шонгийн шургааг ордог.

Яллагдагч Б.Б, М.Б нарын хулгайлсан 34 ширхэг дай мод нь 17 ширхэг хавтасны дай мод болно. Нэг хавтаст дай мод 2 ширхэг, шон мод 1 ширхэг, банз нь 35 ширхэг ордог. Энэ 17 хавтасны 595 ширхэг банз байх ёстойгоос 2 этгээдийн авсан гэх 74 ширхэг банзыг хасахад үлдсэн 521 ширхэг банзыг мөрдөн шалгах явцад шалгаж тогтоогоогүй.

Эдгээр банз, дай мод, шонгуудыг миний зүгээс Б.Б, М.Б нарт худалдаж борлуулсан болж таарч байна уу?. Учир нь, надад хохирлын мөнгө гэж 600.000 төгрөг өгсөн болно. Шүүхийн хохирлын дансанд байршуулсан гэх нийт 565.000 төгрөгөөр дээрх моднуудыг худалдан борлуулсан мэт байна. Яллагдагч нарын хашаанд хураалттай, хатсан моднуудыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэг эцэслэн шийдвэрлэсний дараа хэрхэх талаар шийдвэр гаргадаг баймаар байна.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Батболдод хашааны бүтэн баригдсан гэрэл зургийг миний зүгээс өгсөн боловч одоо хавтаст хэрэгт хавсаргаагүй бололтой. Уг зураг хаана байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Гэрч Х.Э, М.Т нарын мэдүүлгээр хашаа бүрэн гүйцэд баригдсан гэдэг нь тодорхой буюу нотлогдож байгаа.

Эцэст нь яллагдагч Б.Б миний барьсан хашааны банз, дай мод, шон зэргийг өөрийн хашаандаа ангилаад хураасан байсан. Өмнө нь авсан моднуудыг яасныг мэдэхгүй. Эдгээр моднуудыг яах гэж байгаа талаар мэдүүлэг аваагүй. Хашааны моднуудыг аваад шатаадаг, зарж борлуулдаг байсан эсэхийг тодруулаагүй. Тухайн үед Баянзүрх дүүргийн шуурхай албаныхан ирээд жижиглэнгээр түлэхэд бэлдсэн банз, сүх зэргийн зургийг газар дээр нь гэрэл зургаар баримтжуулж байсан. Б.Б, эгч Эрдэнэчимэг нарын тус тусын гэрт түлээний дөрвөлжин саванд түлэхээр бэлдсэн болон түлж байсан зургийг мөн гэрэл зургаар баримтжуулж авч байсан.

Энэ хашааг 2014 оны 11 дүгээр сард барьсан ба 2017 оны 12 дугаар сар хүртэл уг хашаа нь бүрэн гүйцэд байсан. 2018 оны 11 дүгээр сард гомдол гаргаснаар дээрх нэг жилийн хугацаанд эдгээр хүмүүс нь хашааны маань моднуудыг байнга хулгайлан авч, тухайн хугацаанд амьдралын эх үүсвэр болгон амьдарсан гэж үзэж байна.

Иймд хэргийг зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 6 сараар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хэргийг зүйлчилж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б, М.Б нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуульд зааснаар хэргээс учирсан хор уршгийг бодит зардлаар тооцдог. Хэрэгт авагдсан баримтаар үнэлгээг гаргаад шүүгдэгч нар өөр өөрийнхөө учруулсан хохирлоо төлсөн. 2 жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад бүлэглэн үйлдсэн, автомашин хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хэрэг 2019 оны 9 дүгээр сард болсон. Анхан шатны шүүхээс хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольсон. Уг ял нь шүүгдэгч нарт хүндэдсэн. Учир нь, шүүгдэгч нар нь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугийн талаар маргадаггүй, хохирол төлбөрөө төлсөн. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой. ...” гэв.

Прокурор Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. 2018 оны 10 дугаар сард Б.Бид холбогдуулан хохирогч гомдол гаргаснаар Цагдаагийн шуурхай алба очин хэргийн газрын үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлж, Б.Бийн хашаанд байсан дай мод зэргийг тоолж, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирлыг гаргуулсан. Уг хэрэг нь 3 жил гаруй шалгагдсан. Нөхөн үзлэгээр М.Б нь хашааны банзаар жорлонгоо барьсан байна гэдгийг илрүүлэн банзнуудыг тоолж хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч нарыг хохирогчийн хашааны банзыг бүгдийг нь авсан хэрэгт яллах боломжгүй гэж дүгнэсэн. Хохирогчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогчийн гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/985 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Б, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан боловч тухайн хуулийн зүйл ангид 6 сараас 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тусдаа байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй байна...” гэж хууль хэрэглээний хувьд тодорхойгүй тайлбар хийжээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлэн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулах үүрэгтэй.

Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус зохицуулсан ба ийнхүү оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх хууль ёсны шаардлагатай. 

Нөгөө талаар, Эрүүгийн хууль нь төрөлжсөн хууль болохын хувьд Эрүүгийн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудаас бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлогдоно. Харин Өршөөл үзүүлэх тухай хууль нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх зорилготой, нэг удаагийн үйлчлэлтэй хууль юм.

Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа дээр дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний үүднээс тайлбар хийлгүйгээр тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд зорчих эрхийг хязгаарлах ял байгаа гэсэн шалтгаанаар Өршөөл үзүүлэх хуулийг хэрэглэх шаардлагагүй мэтээр илтэд хуулийн зорилго, үзэл баримтлал, дүгнэлт хийх дараалалд анхааралгүй хандсанаас шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заажээ.

Мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.6-т “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”  бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарахаар зохицуулжээ.

Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохоор заасан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, М.Б нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/985 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, М.Б нарт холбогдох 1806 09244 1355 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.Б, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                          ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР