| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2023/0704/З |
| Дугаар | 128/ШШ2023/0869 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2023/0869
2023 11 21 128/ШШ2023/0869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн “урьдчилсан хэлэлцүүлэг” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХБНГУ-ын иргэн З******* Ч******* Н*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******,
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Н*******, Э.Ц******* нарын хоорондын нийгмийн даатгалтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, Ө.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1. ХБНГУ-ын иргэн З******* Ч******* Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С*******гаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандан “... Ч.Н*******гийн тэтгэвэр олголтыг зогсоосныг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.
2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/89 тоот албан бичгээр “... Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээргүй, түүнчлэн ХБНГУ-ын иргэн З******* Ч******* Н******* нь Монгол Улсад амьдардаггүй тул түүний өндөр насны тэтгэврийн олголтыг зогсоосон нь үндэслэлтэй байна. Харин иргэн Ч.Н*******гийн тэтгэврийг түүнийг Монгол Улсад оршин суух хугацаанд олгох боломжтой” гэх хариуг хүргүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******гөөс 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газарт холбогдуулан “ХБНГУ-ын иргэн З******* Ч******* Н******* /*******/-ийн өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон хариуцагчийн шийдвэрийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн, З******* Ч Н******* нь Монгол Улсын иргэн байх үедээ 1980-1996 онуудад Монгол Улсын Нийтийн аж ахуй, үйлчилгээний яам, Засгийн газрын Төрийн ордны үйлчилгээний газар, НАХЯ, "Е*******” зэрэг байгууллагуудад хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан даатгуулагчийн хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болсон учир Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан юм.
Гэтэл 2023 оны 5-р сараас Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын даргын шийдвэрээр тэтгэвэр олголтыг нь зогсоосныг мэдээд дээд шатны албан тушаалтан болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад төлөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргасан ба “З******* Ч Н******* гадаад улсын иргэн тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын даргын бичмэл бус шийдвэрээр тэтгэвэр олголтыг нь зогсоосон” гэсэн утгатай хариуг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/89 тоот албан бичгээр өгсөн тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудит, мониторингийн газрын даргын уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр тус шүүхэд хандаж байна.
1. З******* Ч Н******* нь Монгол Улсын иргэн байх үедээ хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр тэтгэвэр авах эрхтэй болж, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэврээ авч байсан. Гэтэл хариуцагч нь хуульд заагаагүй буюу түүнд хамаарахгүй үндэслэлээр шийдвэр гаргаж тэтгэвэр олголтыг нь зогсоосон байна. 1-рт, З******* Ч Н******* нь Монгол Улсын хуульд заасан эрх бүхий даатгуулагч мөн бөгөөд хуульд заасан хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх шаардлагуудыг хангасан тул тэтгэвэр тогтоолгосон байх ба эдгээр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Гадаад улсын иргэн болсон нь тэтгэвэр тогтоолгосны дараа болсон үйл баримт юм.
2. Өндөр насны тэтгэвэр тэтгэвэр олгох хугацаа бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн сар хүртэл байхаар байна. Иймээс Н*******гийн тэтгэврийг зогсоох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан эдгээр үндэслэл байхгүй байна. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргах нь тухайн шийдвэр нь хууль бусад тооцогдох үндэслэл болно. Өндөр насны тэтгэврийн эрх зүйн харилцааны зохицуулалт бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль бөгөөд түүнд өндөр насны тэтгэврийг дээр дурьдснаас өөрөөр зогсоох заалт, үндэслэл байхгүй байна.
З. Ч.Н*******гийн тэтгэвэртэй холбоотой харилцаа нь аль ч талаараа олон улсын эрх зүйн харилцаанд хамаарахгүй тул түүнд олон улсын эрх зүйн зохицуулалт үйлчлэхгүй болно. Тиймээс Монгол Улсын Үндсэн Хуульд заасан иргэний эдлэх эрхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 01/89 тоот гомдлын хариуд дурьдагдсан “өндөр наслах”, “эд мөнгөний тусламж авах”, “Монгол Улсад хууль ёсоор суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байна”, “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно”, Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг мөрдөнө” зэрэг заалтууд нь нэхэмжлэгчийн тэтгэврийг зогсоох үндэслэлд хамаарахгүй юм.
4. Хариуцагч захиргааны шийдвэр гаргах хуульд заасан журмыг зөрчиж уг шийдвэрээ гаргажээ. Тухайлбал, гарцаагүй байдал бий болоогүй байхад шийдвэр гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Ч.Н*******гийн оролцоог хангаагүйн дээр бичмэл бус хэлбэрээр гаргах хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад амаар чиглэл өгөх байдлаар гаргасан байна.
5. Шударга ёсны зарчмын хувьд Ч.Н*******д Монгол Улсын иргэн байх үедээ Монгол нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийнхээ төлөө авч байсан тэтгэврийг нь зогсоож, одоо иргэн нь болсон ХБНГУ-ын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрхгүй хоцорч байгаа тул түүнчлэн хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл хангалттай байсаар байхад үйл ажиллагааг зөвтгөж болохгүй юм.
Иймд Ч.Н******* нь өндөр насны тэтгэврээ авч чадахгүй болсноос амьжиргааны эх үүсвэргүй болж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь илт хөндөгдөж байх тул түүний тэтгэвэр олголтыг зогсоох талаар гаргасан хариуцагчийн бичмэл бус шийдвэр нь уг шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэлгүй байсан гэх үндэслэлээр хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар олгогдсон итгэмжлэлийн дагуу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө энэхүү нэхэмжлэлийг гаргав” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Н******* нь Монгол Улсын иргэн байхдаа нийгмийн даатгалын шимтгэл төлж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн учраас 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаснаар өндөр насны тэтгэвэр тогтоогдож тэтгэвэр нь олгогдож байсан юм. Үүний дараа Герман улсын иргэн болоод тэтгэврээ үргэлжлүүлэн авахдаа 2023 оны 5 дугаар сараас тэтгэвэр зогсоосныг мэдсэн байгаа. Ингээд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад Нийгмийн даатгалын ерөнхий газраас чиглэл өгсний дагуу зогсоосон гэсэн хариу өгсөн. Ингээд бид Нийгмийн даатгалын ерөнхий газар очоод тодруулга хийгээд тийнхүү зогсоосон болохыг нь мэдээд гомдлоо гаргасан. Улмаар гадаад улсын иргэн болсон учраас холбооны бүгд найрамдах улстай нийгмийн халамжийн салбарт гэрээ хэлэлцээр байхгүй учраас тэтгэврийг нь зогсоосон гэсэн хариу өгсөн. Бид нэхэмжлэлийнхээ шаардлагыг өндөр насны тэтгэвэр олголтыг нь зогсоосныг хууль бусад тооцуулж хүчингүй болгох гэсэн шаардлага гаргаж байгаа.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудит газрын зүгээс бичмэл бус хэлбэрээр шийдвэр гарсан гэсэн тайлбар өгсөн. Энэ шийдвэрийг эрх зүйн хувьд зөрчилтэй хуульд нийцээгүй байна гэж үзээд хүчингүй болгох шаардлага гаргаж байна. Яагаад гэхээр захиргааны байгууллага шийдвэрээ гаргахдаа хуульд үндэслэх ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоох, олгох, тэтгэврийг түр зогсоох буюу түдгэлзүүлэх тэтгэврийг бүрмөсөн зогсоож тэтгэврийн харилцааг дуусгавар болгох нь тус тусдаа харилцаа байна. Эдгээрийн аль нэг тохирох хуулийн зохицуулалтыг үндэслэн шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Шүүхэд өгсөн хариу болон бидэнд өгсөн гомдлын хариунаас үзвэл тухайн Ч.Н*******гийн тэтгэврийн олголтыг түр зогсоосон эсхүл бүр мөсөн зогсоосон нь тодорхой бус байна. Гэхдээ тайлбар гомдлын хариуны агуулгаас үзвэл түр зогсоосон буюу түдгэлзүүлсэн гэж ойлгогдохоор байгаа. Дараа нь Монгол Улсад ирэхдээ тэтгэврээ сэргээж болох юм гэсэн хариулт өгсөн байгаа.
Гэтэл хариуцагчийн тайлбарт дурдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан гадаадын харьяалалтай буюу Монгол Улсын иргэдтэй холбогдох тэтгэврийн талаарх зохицуулалт нь зөвхөн тэтгэвэр тогтоох тэтгэвэр олголттой холбоотой харилцаа байсан. Харин тэтгэврийн олголтыг түр зогсоох, бүр зогсоох зохицуулалт нь энэ заалтад байхгүй байгаа. Байлаа ч гэсэн энэ бол тухайн иргэний харьяалагдах улстай байгуулсан нийгмийн халамжийн гэрээ хэлэлцээрийг зохицуулна гэж заасан. Гэтэл ХБНГУ-тай тийм хэлэлцээр байхгүй байсан. Энэ тохиолдолд төрийн захиргааны байгууллага шийдвэрээ юуг үндэслэж гаргах вэ гэхээр мэдээж ямар нэгэн эрх зүйн акт, хуулийг үндэслэж гаргана. Тэр нь явж явж Монгол Улсын хууль болж таарч байгаа юм. Учир нь Олон Улсын гэрээ байхгүй учраас огт хууль хэрэглэхгүй байна гэж байхгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэх гэж байгаа. Энэ заалт бол зөвхөн тэтгэврийг үндэслэлгүйгээр тогтоосон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэх зохицуулалттай юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гадаадын иргэн болсонтой холбоотойгоор тэтгэвэр олголтыг түр зогсоох, бүр зогсоох зохицуулалт нь тэр заалтад байхгүй. Бүр зогсоох юм бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар нас барснаар тэтгэврийн харилцааг дуусгавар болгох тийм зохицуулалттай юм байна. Бид юу гэж үзэж байгаа вэ гэхээр хариуцагч Монгол Улсын хуулийг баримтлах ёстой. Яагаад гэвэл Олон Улсын гэрээ нэгдүгээрт алга, хоёрдугаарт Монгол Улсын Засгийн газрын байгууллага учраас Улсынхаа хуулийг баримтлах ёстой. Тэр Улсын хуульд нь тэтгэвэр олголтыг түр зогсоох заалт алга. Харин шинээр үйлчилж эхлэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар ялгаатай хийсэн. Гадаадын харьяат иргэн болсон тохиолдолд яах вэ гэдэг зүйл нь үйлчилж эхлээгүй, ирэх 07 дугаар сарын 01-ний өдрөөс батлагдаад үйлчлэх байсан. Гэвч хариуцагч үйлчилж байгаа хууль тогтоомжийг баримтлах ёстой. Үйлчилж байгаа хууль тогтоомжоор нэхэмжлэлд дурдаад байгаа шийдвэр буюу захиргааны актыг гаргах үндэслэл байхгүй байна. Нэгэнт үндэслэл байхгүй учраас бид энэ шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Хэлбэрийн хувьд буруу байна гэж үзэж байгаа. Хойшлуулсан ажиллагааны журмаар бичмэл бус хэлбэрээр гаргаж болно гэж байгаа. Гэтэл тухайн заалт хойшлуулшгүй ажиллагааны ямар нөхцөл байдал үүссэн байсан нь тодорхойгүй. Шууд дээд албан тушаалтан доод шатны байгууллага албан тушаалтандаа амаар чиглэл өгсөн. Тэтгэврийн харилцаа гэдэг бол жирийн нэг ойр дотны өдөр тутмын харилцаа биш, насан туршид нь үргэлжилдэг. Энэ харилцаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчтэй холбоотой харилцааг зохицуулна гээд гадаадын иргэнийг шууд зохицуулахгүй гэсэн заалт энд байхгүй. Амьжиргааных нь эх үүсвэр болсон багахан тэтгэмжээ буцааж авч байгаа л зүйл юм. Үндсэндээ хувийн эрх зүйн харилцаа юм. Төрийн зохицуулалт ямар нэгэн хэмжээгээр хийгээд явж байгаа боловч мэдээж хууль эрх зүйн орчин дутуу байсан учраас ийм алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мэдээж дараа нь шинэ хуулиараа хуульд нийцэж шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа. Нэгэнт зөрчилтэй акт гаргасан учраас хүчингүй болгох үндэстэй гэж үзэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, Э.Ц******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “С Ч******* Н*******гийн тэтгэврийн хувийн хэрэгт байсан гэрийн хаягаар болон утсаар холбогдох гэсэн боловч уг хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дах хэсэг “гарцаагүй байдлын улмаас” сонсох ажиллагаа хийлгүйгээр, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг “захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол” гэж зааснаар түүний тэтгэвэр олголтыг зогсоосон байна.
Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно." гэж заасан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж заасны дагуу нийгмийн хамгааллын салбарт Засгийн газар хоорондын хэлэлцээртэй ОХУ, БНСУ, БНУУ, БНТУ, БНПУ, БНЧУ-ын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг холбогдох хэлэлцээрээр зохицуулж, хэлэлцээргүй бусад орны иргэдийн хувьд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийг мөрдөж байна.
Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээргүй, Түүнчлэн ХБНГУ-ын иргэн С Ч******* Н******* нь Монгол Улсад амьдардаггүй тул түүний өндөр насны тэтгэврийн олголтыг зогсоосон нь үндэслэлтэй байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 01/89 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ч.Н*******д хүргүүлсэн байдаг.
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 16/384 дугаартай албан бичгийн хавсралтад Ч*******гийн Н******* нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын харьяатаас гарсан судалгааг ирүүлсэн байдаг. Энэ мэдээллийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Ч.Н******* нь анх 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлж тогтоож өгөх талаар өргөдөл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд "Хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар бүрмөсөн ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд, түүнчлэн Монгол Улсад байнга оршин суухаар ирснээс хойш тус улсад ажиллаагүй гадаадын харьяат иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж заасан байна.
Иймд Т овгийн Дийн Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Н*******гийн тэтгэврийн хувийн хэрэгт байсан гэрийн хаягаар болон утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт гарцаагүй байдлын улмаас сонсох ажиллагааг хийлгүйгээр мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай болсноор түүний тэтгэвэр олголтыг зогсоосон байдаг. Аман бус хэлбэрийн тухайд Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т нийгмийн даатгалын төв байгууллагад орон нутгийн байгууллагаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана гэсний дагуу энэ үүрэг чиглэл өгсөн. Энэ үүрэг чиглэлийг өгөх болсон шалтгаан нөхцөл үйл явдлыг манай төлөөлөгч Э.Ц******* дарга дэлгэрэнгүй тайлбарлана. Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд энэ бүгдэд тусламж авах эрхтэй, 18 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад иргэний эрх үүргийг Монгол Улсын хууль иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно гэж тус тус заасан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу нийгмийн хамгааллын салбарт Засгийн газрын хоорондын хэлэлцээртэй ОХУ, Солонгос Улс, Унгар, Польш, Чех, Турк Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг холбогдох хэлэлцээрийг зохицуулж хэлэлцээгүй бусад орны иргэдийн хувьд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийг мөрдөж байгаа юм.
Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байхгүй, байгуулагдаагүй мөн түүнчлэн ХБНГУ-ын иргэн Ч.Н******* нь Монгол Улсад амьдардаггүй тул түүний өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон нь үндэслэлтэй байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/89 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ч.Н*******д хүргүүлсэн байдаг. Мөн Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 16/384 дугаартай албан бичгийн хавсралтад Ч.Н******* нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын харьяатаас гарсан талаарх судалгааг мөн ирүүлсэн байдаг. Энэ мэдээллийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг тавьсан. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ч.Н******* анх 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан өндөр насны тэтгэврийн хувь тэнцүүлэн тогтоож өгөх талаар өргөдлөө өгч, хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Ингээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар бүр мөсөн ирсэн мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд түүнчлэн Монгол Улсад байгаа байнга оршин суухаар ирснээс хойш тус улсад ажиллаагүй гадаадын харьяат иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон Олон Улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Д.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газраас 3 дугаар сарын 27-ны өдөр Дотоод аудит мониторингийн газарт нэр бүхий иргэдтэй холбоотой иргэний харьяатаас гарсан, нас барсан гэсэн иргэдийн мэдээллийг өгөөд харьяа дүүргүүд, орон нутгийн хэлтэс, газруудад шалгалт явуулахаар дүүрэг дүүрэг рүү нь өгсөн. Үүнд Ч.Н*******гийн нэр багтсан бөгөөд түүнтэй холбогдож, сонсох ажиллагаа явуулж, холбогдох арга хэмжээ авч, тэтгэврийг зогсооно гэсэн үүрэг даалгавар өгсөн. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тухайн иргэн ирэхгүй байгаа учраас тэтгэврийг түр зогсоолоо гээд хариу мэдэгдэл, тайлбар ирүүлсэн байгаа. Үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* манай газар дээр ирж уулзаад Монгол Улсын хуулийн дагуу тэтгэвэр зогсоох арга хэмжээ авсан байгаа. Хариу тайлбарыг бичгээр авах боломжтой гээд үүний дагуу Хяналт шалгалтын газарт хүсэлт гаргаад хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлж өгсөн байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******гөөс “ХБНГУ-ын иргэн З******* Ч******* Н******* /*******/-ийн өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон хариуцагчийн шийдвэрийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хуульд заагаагүй буюу түүнд хамаарахгүй үндэслэлээр шийдвэр гаргаж тэтгэвэр олголтыг нь зогсоосон нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
3. Ч.Н*******/РД:/ нь анх 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авч байсныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит мониторингийн газраас өгсөн шийдвэрээр 2023 оны 05 дугаар сараас эхлэн түдгэлзүүлэн зогсоосон тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж заажээ.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан байна.
6. Ч.Н******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан, харьяаллаа сэргээн тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй болох нь Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04/1880 тоот лавлагаагаар тогтоогдож байна.
7. Мөн тэрээр 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Монгол Улсад ирээгүй, оршин суудаггүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-4в/5319 тоот лавлагаагаар тогтоогдов.
8.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, даатгуулагч нь хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байх ба Ч.Н*******гийн хувьд Монгол Улсын иргэн байхдаа тус улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч байсан байх тул түүний тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох хууль зүйн үндэслэл байхгүй байсан байна.
9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох үндэслэлийг “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” заасан байх ба энэ нь маргааны тохиолдолд хамаарахгүй байна.
10. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн энэхүү зохицуулалтын дагуу даатгуулагч тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоохоор хуульчилсан гэж үзэхээр, харин нэгэнт тогтоогдсон тэтгэврийн хувьд тэтгэвэр авагч нь аль улсын иргэн байхаас үл хамааран тэтгэвэр авах эрхтэй, хариуцагч нь хуульд заагаагүй үндэслэлээр тус нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг зогсоож, түүний өндөр насны тэтгэвэр авах эрхийг зөрчсөн байх тул хариуцагчийн “... харьяатаас гарсан тул түүний өндөр насны тэтгэврийн олголтыг зогсоосон нь үндэслэлтэй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
11. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар бүрмөсөн ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд, түүнчлэн Монгол Улсад байнга оршин суухаар ирснээс хойш тус улсад ажиллагаагүй гадаадын харьяат иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.
12. Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд нийгэм хангамжийн хэлэлцээр байгуулагдаагүй тухайд оролцогчид маргаагүй.
13. Дээрх 11 дэх хэсэгт дурьдсан хуулийн зохицуулалт нь Нийгмийн даатгалын болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулсан асуудлыг гадаад улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээрт өөрөөр зохицуулсан тохиолдолд хэлэлцээрийн заалтыг мөрдөх агуулгатай, нийгэм хангамжийн хэлэлцээр байхгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх агуулгатай байх тул маргааны энэ тохиолдолд хэрэглэгдэхээргүй байна
14. Гэтэл хариуцагч нь хуулийн энэхүү зохицуулалтыг зөв тайлбарлах атлаа Монгол Улсын олон улсын гэрээ байхгүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр үйлчилж буй нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэглээгүй байх тул нэхэмжлэгч Ч.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******гийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газарт холбогдуулан гаргасан “ХБНГУ-ын иргэн З******* Ч******* Н******* /*******/-ийн өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон хариуцагчийн шийдвэрийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн З******* Ч******* Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын ХБНГУ-ын иргэн З******* Ч******* Н******* /*******/-ийн өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ