Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 641

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжав,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

хохирогч Б.Э,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О холбогдох эрүүгийн 1706 0104 50130 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын өдөр төрсөн, настай, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл, хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.О, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны 50 тоотод түр оршин суух гэртээ Б.Э маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 10-ны өдөр манай нөхөр ажилтай байсан. Би ой гарантай нялх хүүхдээ хараад гэртээ байж байсан. Орой 5 цагийн үед хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгохын хооронд хаалга маш чанга нүдсэн, хаалгаа онгойлгоход орж ирээд балкон дээр гараад нэг хэсэг алга болсон. Ямар их уддаг юм бэ гээд эмэгтэй хүн хүүхэдтэйгээ байхад орж ирлээ гэж хэлэхэд энэ хүн миний нүүр рүү нулимсан. Одоо гар гэж хэлж нүүр рүү цохисон. Цуг явж байсан залуу нь гарнаас бариад хөхрүүлсэн. Цагдаагийн газар явж байхад юу олж долоохыг чинь харнаа гээд доромжилоод байсан. Намайг цохиод жижиг өрөө рүү унагасан. Би нөхөр рүүгээ залгаад намайг зодчихлоо гээд залгахад манай нөхөр ирсэн. Манай нөхөртэй зодолдоно гэж хэлж байж цагдаад барьж өгсөн. Одоо болтол толгой өвддөг, эмчид үзүүлээд жор бичүүлээд явж байна. Би маш их гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 сарын 10-ны өдөр Эийн түрээслэж байсан байранд очоод хаалга нүдэж хаалгаа онгойлгоход нь түрээслэх байраа ороод үзүүлээд байж байсан. Түрээслэх гэж байгаа хүн балкон дээр гараад харахад Э нөхөртэйгээ муудалцаад байх шиг байсан. Тэгээд орж ирэхэд та нар яасан удаан үздэг юм бэ, хурдан гарцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би байраа зарах гэж байгаа хүндээ үзүүлж байна гэж хэлсэн. Би нүүр рүү нь нулимсан, тэгтэл над руу дайраад хамар нүүрний хэсэгт майжаад гинж, сахиус тасалсан. Би гарыг нь бариад түлхтэл утсаа барьсан гараараа уруул руугаа цохих шиг болсон. Би хийсэн хэргээ ойлгож байгаа, миний буруу гэв.

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим манай хаалга цохихоор нь хэн бэ гэсэн чинь байрны эзэн чинь байна гэсэн. Тэгэхээр нь Х ах биш байна шүү дээ гэхэд байр үзье, хаалгаа онгойлго гэсэн. Тэгэхээр нь за гээд нөгөө өрөөндөө ороод хувцасаа солих гэхэд хаалга илүү чанга нүдээд байсан, хувцасаа сольчихоод нээхэд ямар удаан нээдэг юм гэхээр яасан соёлгүй юм бэ гээд Х ах руу залгаад энд нэг хүн байрны эзэн гээд загинаад байна гэхэд миний дүү эвтэйхэн байраа үзүүлчих ах нь наад хүнийг чинь аятайхан бай гээд хэлээдхий гэсэн. Тэгээд үзээд 20 минут гаруй болохоор нь болж байна уу, хүүхэд сэрлээ гэхэд ядаргаатай юм гэхээр нь одоо болсон бол гарчих гэхэд чам шиг юмаар хөөлгүүлэх юм уу гэсэн. Би энэ байранд мөнгөө төлөөд амьдарч байгаа хүн чамаар заалгуулах уу одоохондоо энэ миний гэр гээд маргалдсан. Тэгээд гар гэсэн чинь нүүр рүү нулимсан, тэгэхээр нь уур хүрээд түлхсэн чинь энгэрийнх нь гинж тасраад унасан. Тэгсэн нөгөө залуу миний нүүр рүү гараараа цохисон, би уйлаад нөхөр рүүгээ ярьсан. Тэгээд дараа нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-13, 16-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сард манай ах Х Нарантуул захын хойд талд орон сууц барьсан бөгөөд тухайн өдөр Х ах намайг хүнд байр үзүүлчих гэхээр нь би байр үзэх хүнийг дагуулж Х ахын байранд очсон. Тухайн үед байруудыг үзүүлээд явж байхад нэг байранд нь Э гэх хүн түрээсэлж амьдарч байсан юм байна лээ. Х ах нэг байранд нь хүн амьдарч байгаа оруулаад үзүүлчих гэсэн. Хүн амьдарч байгаа гэх байрыг нь тогшиход Э гэх хүүхэн хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгээд би байр үзүүлээд явж байтал Э гэх хүүхэн ямар удаан үздэг юм яв гээд хөөж эхэлсэн. Тэгснээ миний урд ирж зогсчихоод хэл амаар доромжилж байснаа нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь би гараараа түлхэж холдуулсан. Тэгтэл тэр хүүхэн миний нүүрийг маажиж, миний гинж, сахиус хоёрыг татаж тасалсан. Тэр хүүхэн юу ч болоогүй байхад уурлаад орилоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹10249 дүгнэлтэд “Б.Э биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.От прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.О холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.О ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.