| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2109000000985 |
| Дугаар | 2021/ДШМ/989 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ДШМ/989
2021 11 18 2021/ДШМ/989
Д.Чт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2109 00000 0985 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.Ч,
Шүүгдэгч Д.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч Г.Хийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн гэмт хэрэгт,
мөн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ҮАМI” гэх солонгос хоолны газрын хаалганы шилийг хагалж, 425.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Чийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгуулийн ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сая төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сая төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 8 сая төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ч давж заалдах гомдолдоо: “Би 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ҮАМI” гэх Солонгос хоолны газар орж үйлчлүүлсэн юм. Урьд шөнө нь миний гэдэс өвдөж гүйлгэж хоносон болохоор гэдэсний базалт, өвдөлтөө эмчлэх зорилгоор 50 гр цагаан архи захиалж уусан юм. Улмаар калбитан шөл захиалж, нийтдээ 400 гр архи уугаад тооцоогоо хийгээд гарахаар сууж байтал телевизороор Токио-2020 зуны олимпийн наадмын жүдогийн медалийн төлөөх барилдаанууд гарч эхэлсэн юм.
Яг тэр үед Монгол улсын иргэн болсон олимпийн мөнгөн медальт тамирчин Саид Моллейгын барилдааныг шууд дамжуулан үзүүлсэн байлаа. Сэтгэл хөдлөөд барилдааны бичлэгийг үзэж байхдаа өөрийн орны бөхийг дэмжиж дахин 30000 төгрөгт пиво захиалж уусан. Телевизээр дамжуулж байсан барилдааныг үзэж байхад үйлчлэгч эмэгтэй ирж “ахаа та жаахан дуугаа намсгана уу” гэж ирж хэлсэн. Мөн тэр үед миний сууж байсан ширээний хажуу талын ширээнд сууж байсан 50, 70-аад насны хоёр эмэгтэй мөн тэмцээн үзээд баярлаж байсан юм. Бид нэг нэг пиво тулгаж уугаад тэмцээн үзээд сууж байхад настайвтар эмэгтэйгийн хүү гэсэн, 27-28 орчим насны залуу ээжтэйгээ уулзах гэж ирсэн юм. Бид ярьж хөөрөөд баярлаад сууж байсныг хоорондоо маргаж байна гэж эндүүрсэн юм. Тэгээд миний хувьд дахин нэмж авсан пивоны тооцоогоо хийгээд гарсан юм.
Гарсныхаа дараа би үүдний орчим жаахан сууж байгаад юмаа үлдээсэн биш байгаа гэж бодоод хаалгыг таттал хаалга түгжээтэй байсан. Ингээд би анх орсон төв хаалга руу очтол мөн хаалга түгжээтэй байсан юм. Би хаалгыг зүүн гараараа тогшиж байтал хаалга цуураад хагарсан юм. Би тухайн өдөр зүүн гарын чигчий хуруундаа ногоон хаш бөгж зүүж явсан бөгөөд энэхүү бөгжтэй гараараа хаалга тогшиж байгаад хагалсан. Миний чигчий хуруу шилэнд зүсэгдэж гараас цус гоожиж байсан. Тэгээд би эмнэлэг дуудсан гэхээр нь хүлээж байтал эмнэлэг, цагдаа ирсэн юм. Би өөрийнхөө буруутай үйлдлийг мэдэж байсан бөгөөд хаалганы төлбөрийг төлөөд харьж амрая даа гэсэн бодолтой байсан юм.
Гэтэл эргүүлийн цагдаа нар ирээд машиндаа суулган авч явсан. Миний хувьд цагдаагийн алба хаагчдын шаардлагыг хүлээн авч, эргүүлийн машинд суусан бөгөөд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй билээ. Анхлан би бодохдоо, Сүхбаатар дүүргийн хэлтэст авч очиж хохирол барагдуулах юм байх даа гэж бодоод явж байтал дүүргийн цагдаагийн хэлтэс рүү бус өөр тийшээ явж байсан юм. Тэгэхээр нь би хаашаа явж байгааг лавлаад эхнэртэйгээ утсаар ярьж намайг эрүүлжүүлэх байр руу авч явааг хэлсэн. Явж байх үед гарнаас их хэмжээний цус гоожоод байсан болохоор эмнэлэг орж оёдол тавиулая гэж бодоод юм лавлаад хэд хэдэн удаа асуухад цагдаагийн алба хаагчид хоорондоо яриад машины урд талын хэсэгт сууж явсан. Би гэмтээгүй баруун гараараа жолоо барьж явсан цагдаагийн албан хаагчийн баруун талд сууж явсан цагдаагийн ажилтны зүүн мөр тус газар араас нь юм асууж түлхтэл машинаасаа уурлан бууж ирээд намайг гавалж, миний баруун талд сууж явсан цагдаагийн ажилтан бууж ирээд гавлана гэхэд би гавлаж болноо, миний гарыг урд талд гавалчих гэж хэлсэн юм. Тэгтэл үгүй заавал ард талд нь гавлана гээд намайг хүчээр хоёулаа нийлж гавласан. Ер нь би өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, бусдад төвөг учруулснаа ухаарч надад үйлчилгээ үзүүлсэн хоолны газрын хаалганы төлбөрийг маргааш нь барагдуулж хохиролгүй болгосон.
Мөн цагдаагийн ажилтны нүдний шилийг дахин шинээр худалдан авсан төлбөрийг барагдуулж хохиролгүй болгож өгсөн билээ. Цагдаагийн ажилтны шил мурийж хохирсныг яллах дүгнэлтээ хүлээн авахдаа прокуророос тэр тухай мэдсэн. Ингээд тэр өдөр утсыг нь олж авч утсаар ярьж уучлалт гуйж шинээр шил авах мөнгийг шилжүүлж хохиролгүй болгосон. Гавлах гэж ноцолдох үед л шилийг гэмтээсэн юм. Үнэндээ бол цагдаагийн ажилтны харьцаа ширүүсч хүч хэрэглэсэн явдал ч бий.
Ер нь улсын яллагчийн талаас энэхүү хэрэгт хэт яллах байр суурийг баримталсан, бүлэглэсэн, ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн хэт нэг талын мэдүүлгээр буруутгаж ялласан, гэрчийн мэдүүлэг, байцаалтаар нотолж яллах дүгнэлт гаргаж ялласан, түүнчлэн шүүхээс оноосон ял хүндэдсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт цагдаагийн алба хаагч буюу хууль сахиулагч Г.Хийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Мөн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ҮАМI” гэх солонгос хоолны газрын хаалганы шилийг хагалж гараа зүссэн байсан. Эмнэлгийн тусламж үзүүлж, эрүүлжүүлэх байр руу авч явах замд буюу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн. Улмаар цагдаагийн алба хаагчийн хойноос нь татаж чангаасан, хажууд нь суухад цохисон талаар хамт явсан цагдаагийн алба хаагч мэдүүлсэн. Мөн хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Д.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзэж хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хуралдаанаар тал бүрээс нь хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судлаад ял шийтгэл оногдуулсан. Оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хохирогч Г.Хийн “...эмнэлгийн байгууллага ирээд оёдол тавих шаардлагагүй гэж боолт тавиад, эрүүлжүүлэх байранд хүргэж өгч болох талаар эмчийн бичиг хийж өгсөн. ...тухайн хүнийг машинд суулгаад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны орчим явж байхад тухайн хүн миний хойноос эхлээд 2 удаа толгой хэсэг рүү цохьсон. ...мөрнөөс татаж байснаа хувцас болох зүүн мөрдөсний товчийг тасалсан. ...Тухайн хүнийг тайвшруулаад “та ингэж болохгүй, цагдаагийн алба хаагчийн биед халдаж болохгүй, хууль ёсны шаардлагыг биелүүл” гэсэн шаардлагыг тавих үед “манай найзууд том, намайг авчихна” гэж хэлээд миний хамар хэсэг рүү зүүн гараараа 2 удаа цохьсон. ...” /хх 5/,
хохирогч О.Згийн “...Мөн оруулахгүй гэтэл гараараа нүдсээр байгаад манай шилэн хаалгыг хагалсан. ...нөгөө хүн гараараа хаалга нүдсээр байгаад гараа гэмтээсэн байсан ба эмнэлэг ирж үзсэн. ...” /хх 58/,
гэрч Б.Д.Чийн “...ахмад Г.Хийн араас Д.Ч нь толгой руу нь 2 удаа гараараа цохьсон. Ахмад Г.Х машинаа зогсоож бай гэж хэлээд арын суудалд суун Д.Чийг тайвшруулан 2 гарыг нь барьж явсан. Ар талд түг түг гээд дуугарсан. Эргээд хартал ахмад Г.Хийн хамарнаас цус гарсан байсан. ...” /хх 22/,
шүүгдэгч Д.Чийн “...жолоочийн эсрэг талд сууж байсан цагдаагийн зүүн хойд мөрөн дээр нь гараараа цохьсон. Тэгсэн чинь өндөр цагдаагийн албан хаагч бууж ирээд таныг гавлана гэхээр нь урд гавлачих гэсэн чинь ард чинь гавлана гээд ард гавлах гэхээр нь чаддаг юм бол гавлаарай гээд гараа чангалсан чинь нөгөө цагдаа бууж ирээд намайг хойно гавлаад өндөр цагдаа нь миний хажууд суугаад эрүүлжүүлэх байр руу явсан. ...би тухайн газрын урд талын хаалгаар гараад үлдэгдэл 2 пиво байсан, тэрийгээ авах гээд арын хаалгаар очсон чинь хаалга нь түгжээтэй байсан. Тэгэхээр нь би хаалгыг онгойлгох гээд татахад онгойхгүй байсан, тэгэхээр нь би хаалганы төмөр рам хэсэг дээр нь гараараа цохиж байсан чинь гэнэт цонх нь хагарчихсан. ...” /хх 33, 71/ нарын мэдүүлгүүд,
илтгэх хуудас /хх 48/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 61-62/, хохирогчоос гаргаж өгсөн гэрэл зураг /хх 65/ зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч Г.Хийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн гэмт хэрэг,
мөн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ҮАМI” гэх солонгос хоолны газрын хаалганы шилийг хагалж, 425.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, тогтоогдсон үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Д.Чийн албан үүргээ гүйцэтгэж явсан хууль сахиулагч Г.Хийн толгой, нүүр хэсэг рүү цохьсон, мөн зүүн мөрдөсний товчийг тасалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн “YAMI” солонгос хоолны газрын хаалганы шилийг цохиж хагалсны улмаас 425.250 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Д.Ч “...улсын яллагчийн талаас энэхүү хэрэгт хэт яллах байр суурийг баримталсан. Бүлэглэсэн, ашиг сонирхол нэгтэй, хэт нэг талын буруутгаж ялласан гэрчийн мэдүүлэг, байцаалтаар нотолж яллах дүгнэлт гаргаж ялласан. Түүнчлэн шүүхээс оноосон ял хүндэдсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог.
Хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэргийг мөрдөн шалгах явцад болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хэт нэг талыг барьсан гэж үзэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчилсан.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Чийн “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгуулийн ялаар, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 8.000.000 сая төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР