Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 202/МА2019/00023

 

 

 

 

А.А-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2019/00176 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, А.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Э сумын Засаг даргад холбогдох,

 

Ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2862045 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А миний бие Дорноговь аймгийн Э сумын Соёлын төвд анх 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдөр соёлын төвийн эрхлэгчээр ажилд орж, тасралтгүй 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Би 2016 оны 2 сард жирэмсний амралтаа аваад, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буцаж ажилдаа орсны дараа сумын Засаг дарга Э.Г “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох, сонгон шалгаруулах журмын 8.1.3, 8.4-т заасныг үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Дээрх сонгон шалгаруулалтын журам нь ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явагддаг бөгөөд миний хувьд жирэмсний амралтаас ажилдаа буцаж орсоор байхад төрийн албан хаагчийн удирдах ажилтны шалгаруулалтанд орж тэнцээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Би уг сонгон шалгаруулалтанд 2015 оны 10 сарын үед орсон боловч тэнцээгүй, тэгээд ч удахгүй жирэмсний амралтаа аваад дахин сонгон шалгаруулалтанд орж чадаагүй байсан. Тэгээд ч би тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтанд нялх хүүхэдтэй, жирэмсний амралттай байсан болохоор орох боломж нөхцөл байгаагүй. Надад тухайн шалгаруулалтанд орох боломж нөхцөлийг олгохгүйгээр миний оронд өмнө нь ажиллаж байсан хүнийг тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр томилсноор үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон гэх зөвлөмж ирсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Би тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил дутагдлыг гаргаж байгаагүй ба надтай байгуулсан гэрээний ямар ч зүйл заалт тухайн ажлаас чөлөөлөгдсөн тушаалд дурьдагдахгүйгээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаад гомдолтой байна. Миний үндсэн цалин ТҮСУ-5-5 шатлалын 829579 төгрөг, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын 15 хувийн нэмэгдэл нэмэгдээд 1 сард 954015 төгрөгийн цалин хөлс авдаг. Иймээс энэхүү цалин хөлсний хэмжээгээр ажилгүй байсан 3 сарын цалин 2862045 төгрөгийг нэхэмжилж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, зохих даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.    

 

Хариуцагчийн төлөөлөгч Дорноговь аймгийн Э сумын Засаг дарга Э.Г шүүхэд гаргасан тайлбартаа: А.Аыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох, сонгон шалгаруулах журмын 8.4 “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй” гэсэн заалтыг үндэслэн сумын Засаг даргын 2019 оны Б/17 дугаар захирамжаар чөлөөлсөн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А.А нь жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох, сонгон шалгаруулах журмын 2 дугаар заалтын дагуу Орон нутгаас соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байрны захиалгыг тухай бүрд нь Дорноговь аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсний дагуу Төрийн албаны зөвлөл шалгалт зарлахад А.А нь 2014, 2015 онд 2 удаа орж тэнцээгүй байсан ба дахин 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад А.А нь хувийн зохион байгуулалтын улмаас оролцоогүй ба Н.Бүрэнжаргал нээлттэй зарлагдсан ажлын байранд орж тэнцэн хамгийн өндөр оноог авсан. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох, сонгон шалгаруулах журмын 8.1.3, 8.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр тогтоолын дагуу Н.Бүрэнжаргалыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дугаар захирамжаар Соёлын төвийн эрхлэгчээр байнга биш түр томилон ажиллуулж жирэмсний ба хүүхэд асрах чөлөөтэй эх А.А-ын ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хадгалж байсан. А.А-ын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдлийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн А.Аыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилж, Н.Бүрэнжаргалыг чөлөөлсөн. Н.Бүрэнжаргал нь Дорноговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан өргөдлийн дагуу төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Н.Бүрэнжаргалыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Соёлын төвийн эрхлэгчээр ажилд авч, А.Аыг чөлөөлсөн. Жирэмсэн болон нялх хүүхэдтэй эх Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад орж болохгүй гэсэн хууль, дүрэм, журмын заалт байхгүй. Жирэмсний амралттай байх үедээ шалгалтандаа орж тэнцээд ажлын байраа хадгалах бүрэн боломжтой байсан, ороогүй нь хувь хүний зохион байгуулалтын асуудал юм гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Аыг Дорноговь аймгийн Э сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч А.А-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2862045 төгрөгийг Дорноговь аймгийн Э сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч А.А-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дорноговь аймгийн Э сумын Засаг даргын тамгын газарт даалгаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч А.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Дорноговь аймгийн Э сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 60 743 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл байна гэж үзлээ. Нэхэмжлэгч А.А нь Э сумын Соёлын төвийн эрхлэгчээр 2005 онд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан байдаг боловч түүнийг ийнхүү амралтаа авахаас 2 хоногийн өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлах тухай” тогтоол гарч Э сумын соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас жирэмсний амралттай хүний ажлын байранд сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд түүнийг жирэмсний амралтаа эдлэхээс өмнө уг орон тоо зарлагдсан байна. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн журам батлах тухай 60 дугаар тогтоолын 8.4, 8.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.А нь 2014, 2015 онуудад сонгон шалгаруулалтад оролцож тэнцээгүй байдаг. Э сумын соёлын төвийн эрхлэгч болон тус сумын бусад байгууллагын удирдах ажилтнууд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй томилогдсон зөрчил илэрсэн, уг зөрчлийг арилгах, шалгалтанд оролцоогүй албан хаагчдийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах талаар аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 124 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар албан бичгүүдийг ирүүлж байсан байна. А.А нь жирэмсний амралтаа эдлэхээс нь өмнө зарлагдсан уг сонгон шалгаруулалтад оролцож өөрийн ажлын байрыг хадгалж үлдэх боломж өөрт нь байсаар байтал сонгон шалгаруулалтад оролцоогүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа биш юм. Тиймээс шүүхийн “...нэхэмжлэгч А.Аыг амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нь тухайн орон тоонд нь сонгон шалгаруулалт зарласан...” гэсэн, мөн “уг орон тоог сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд улмаар уг дүгнэлтээ үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа тул хэргийг тал бүрээс нь бүхэлд нь хянаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2019/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.  

 

 Нэхэмжлэгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд шалгалтад ороод тэнцээгүй нь үнэн. Би 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр жирэмснийхээ амралтыг авсан. 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Миний хувьд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрөөд удаагүй нялх биетэй, мөн хүндрэлтэй төрсөн учраас дахиж шалгалтад орох боломж байгаагүй. Тэгээд хуулийнхаа дагуу би 3 жил хүүхдээ харсан. 14 жил ажилласан хүн 3 жил хүүхдээ харчих юмсан, гурав дахь хүүхдээ хөлд, хэлд орохыг нь харчих юмсан гэсэн үүднээс би гэртээ байсан. Би өргөдлөө 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн боловч миний өргөдлийг бүтэн сар гаруй хугацаанд шийдээд 04 дүгээр сарын 01-ний өдөр аваад 05 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн. 14 жил соёлын төвийн нэр хүндийг унагахгүйгээр ажлаа хийж ирсэн. Намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байгаа учраас нэхэмжлэл гаргасан гэв.    

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримт дээр үндэслэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн Засгийн газрын 60 дугаар тогтоолын дагуу А.Аыг халсан байдаг. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтын 8.1.3, 8.4 дэх заалтад заасан заалтыг хэрэгжүүлээгүй гэдэг байдлаар ажлаас халсан. Гэтэл энэ журмын тухайн заалт нь ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэхээр заасан заалт биш юм. Харин ч 8.1.3 дахь заалт нь хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилно, 8.4 дэх заалт нь сонгон шалгаруулалтад ороогүй бол томилохгүй гэсэн байдаг. Гэтэл А.А сонгон шалгаруулалтад орсон боловч тэнцээгүй байдаг. Гэтэл зөвхөн энэ заалтаар ажилтныг ажлаас халах, сахилгын шийтгэл хүлээлгэх нь хууль зөрчсөн асуудал байдаг. Мөн Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг хариуцагч зөрчсөн байдаг. Тухайн соёлын байгууллагын ажилтныг томилж болно. Харин чөлөөлөхдөө заавал аймаг нийслэлийн соёлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлөхөөр байдаг. Гэтэл энэ хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт жирэмсний амралттай байсан ажилтан эргээд ажилдаа ороход тухайн ажлын байр хадгалагдаж байдаг. Гэтэл энэ хадгалагдаж байгаа заалтаар А.А эргээд ажилдаа орж байгаа нөхцөлд тухайн сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халах нь Хөдөлмөрийн тухай хуулийг давхар зөрчсөн үйлдэл байдаг. А.Аыг жирэмсний амралттай байх хугацаанд орон тоонд нь ажиллаж байсан Бүрэнжаргал нь 60 дугаар тогтоолын 7.5-д зааснаар сонгон шалгаруулалтад орж тэнцээд түр тухайн ажлын байрыг хангаж ажилласан байдаг. Энэ 7.5 дугаар заалт нь сул орон тоо гарсан тохиолдол бүрт нь сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэсэн байна. Гэтэл А.А-ын хувьд тухайн ажиллаж байсан ажлын байранд буцаад орж байгаа тохиолдолд сул орон тоо гэж үзэх үндэслэл үүнээс харагдахгүй байгаа юм. Төрийн албаны тухай хуульд сул орон тоо гэдгийг тухайн ажлын орон тоо суларсан ямар ч ажиллах хүнгүй тохиолдолд сул орон тоо гэж тайлбарласан байдаг. Гэтэл энэ сонгон шалгаруулалт маань сул орон тоо гарсан нөхцөлд удирдах ажилтныг сонгон шалгаруулах журам байсаар байтал энэ ажлын байранд сул орон тоо гараагүй нөхцөл байхад заавал энэ журмыг бариад халаад байгаа нь үндэслэлгүй шийдвэр болсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

                              

            Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Дорноговь аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажлаас буруу халсан үеийн олговорт 2862045 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл /гомдол/ гаргасан байна.

 

          Хариуцагчийн төлөөлөгч Дорноговь аймгийн Э сумын Засаг дарга Э.Г эс зөвшөөрч “... Соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байрны захиалгыг ... хүргүүлсний дагуу ... 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад ... ороогүй ба ... хамгийн өндөр оноо авсан ... Н.Бүрэнжаргалыг ... төрийн албаны салбар зөвлөлийн 2019.04.22-ны өдрийн 27 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн ... ажилд авч, А.Аыг чөлөөлсөн” гэжээ.

 

          Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг тус тус хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.Аыг Дорноговь аймгийн Э сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцацралын өмгөөлөгч С.Эрдэнэчимэг эс зөвшөөрч “... Хөдөлмөрийн хуулийг холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ... Нэхэмжлэгч А.Аыг ... жирэмсний амралтаа ... авахаас 2 хоногийн өмнө ... ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. ... ажлын байрыг хадгалж үлдэх боломж байсаар байтал сонгон шалгаруулалтад ороогүй нь хариуцагчийн буруутай ажиллагаа биш. ... шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргаанд холбогдох хуулийг зөв хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв. 

 

Хариуцагч буюу ажил олгогч Дорноговь аймгийн Э сумын Засаг дарга нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот захирамжаар Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 8.1.3, 8.4, Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар албан бичгээр өгсөн зөвлөмжийг тус тус үндэслэн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад 2 удаа орж тэнцээгүй...” гэж нэхэмжлэгч А.Аыг Дорноговь аймгийн Э сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлаас чөлөөлжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид нэхэмжлэгч А.А нь Дорноговь аймгийн Э сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд өмнө зарласан сонгон шалгаруулалтад 2 удаа ороод тэнцээгүй, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн жирэмсний амралттай, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байсан, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилд томилсон зэрэг үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Харин зохигчид нэхэмжлэгч А.А-ын ажиллаж байсан Дорноговь аймгийн Э сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд сул орон тоо гарсан эсэх, улмаар ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах эсэх асуудлаар маргажээ.

 

Дээрх бүгдээс дүгнэж үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор зарласан сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан байна.

 

Дорноговь аймгийн Э сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаал нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заажээ.

 

            Гэхдээ ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгч А.Аыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халсан байх боловч маргаанд холбогдох үйл баримт буюу албан тушаалын сул орон тоо гарсан гэх хугацаа, улмаар сонгон шалгаруулалт зарласан, сонгон шалгаруулсан гэх зэрэг үйл баримтууд 2016 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хугацаанд хамаарч байх тул энэхүү үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт хийхэд 2002 оны Төрийн албаны хуулийг хэрэглэнэ.

 

            Энд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаал нь мөн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэжээ.

 

            Тэгэхээр зохигчдын хооронд үүссэн маргааныг буюу нэхэмжлэгчийн А.Аыг ажлаас буруу халсан тухай гомдлыг шийдвэрлэхэд дээрх хуулиудыг хэрэглэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал хэвээр хадгалагдах учиртай.

 

            Гэтэл ажил олгогч нь нэхэмжлэгч А.Аыг жирэмсний амралттай байх хугацаанд түүний ажиллаж байсан албан тушаалд сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт зарлах захиалга өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүйн гадна 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” тухай зарчмыг зөрчсөн байна.

 

            Тодруулбал “сул орон тоо” гарсан гэдгийг төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, нас барсаны улмаас тухайн ажлын байр суларсан, мөн төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг хамааруулж ойлгох ба эдгээр хуульд заасан үндэслэлээр ажлын байрны сул орон тоо гарсныг “эзгүй байгаа албан хаагч”-д хамааруулж үзэхгүй болно.

 

            Зохигчдын “... нэхэмжлэгч А.Аыг өмнө зарласан сонгон шалгаруулалтад 2 удаа тэнцээгүй...” гэх тайлбараас үзэхэд ажил олгогчийн зүгээс сул орон тоо гарсан гэж үзсэн  нь тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлд хамааралтай гэж үзэхээр байна.

 

            Хэдийгээр зохигчид нэхэмжлэгч А.Аыг тухайн ажлын байранд өмнө зарласан сонгон шалгаруулалтад 2 удаа ороод тэнцээгүй талаар маргаагүй, энэхүү үйл баримт тогтоогдсон боловч ажил олгогч буюу хариуцагч нь 3 дахь удаагийн сонгон шалгаруулалт зарлах захиалгыг түүнийг жирэмсний амралттай үед өгсөн нь дээрх хуулиудад заасан ажил албан тушаалыг хэвээр хадгалах болон төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

            Хариуцагч тал уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах захиалгыг нэхэмжлэгчийг жирэмсний амралт эдлэхээс өмнө өгсөн, түүнийг сонгон шалгаруулалтад ороогүй нь өөрийнх нь хувийн зохион байгуулалттай холбоотой гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар жирэмсний амралт эдлэхээс өмнө сонгон шалгаруулалт зарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ийнхүү сонгон шалгаруулалт зарласан байсан ч ажилтан жирэмсний амралт эдлэх нь тодорхой болсон цаг үед түүний ажиллаж байгаа ажил албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарлах нь төрийн албанд тавигдах“иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” тухай зарчмыг буюу төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг зөрчсөн, хуульд нийцээгүй үйлдэл юм.

 

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Эчимэгийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Хариуцагч Дорноговь аймгийн Э сумын Засаг дарга нь төсвийн байгууллага бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар түүний давж заалдсан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг  тул тэмдэгтийн хураажид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2019/00176 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцацралын өмгөөлөгч С.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шлийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ