Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 202/МА2019/00024

 

 

“Ж сан”-гийн 

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2019/00233 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, Ж сангийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод байрлах, “Д” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 49 255 540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзийгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.5.2 дахь заалт, Монгол Улсын Их хурлын гишүүн Я.Б-н 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9/4083 тоот албан бичгийг тус тус үндэслэн “Д” ХХК-тай 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 тоот “Хамтран ажиллах гурван талт гэрээ” болон Зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гурван талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу “Д” ХХК-д нийт 60000000 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 60 сарын хугацаатайгаар хөнгөлөлттэй зээлээр олгосон. Гэвч зээлдэгч “Д” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй. Иймд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээний үүрэгт 49255540 төгрөгийг “Д” ХХК-иас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 21 тоот “Хамтран ажиллах гурван талт гэрээ”-г Улсын Их Хурлын гишүүн Я.Б, Ж сан, “Д” ХХК нар байгуулж зээлдэгч нь гүйцэтгэгчээс салхин ус өргүүрийн үйлдвэр барих, тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор 60000000 төгрөгийн зээл авсан. Уг гэрээний дагуу зээлдэгч нь салхин ус өргүүрийн үйлдвэр барьж үйлдвэрлэсэн салхин ус өргүүрүүдийг захиалагч болон гүйцэтгэгчид нийлүүлэн зээлийг төлөх байсан. Энэхүү үүргээ биелүүлж манай компани авсан зээлийг зориулалтаар нь хэрэгжүүлж АНУ-ын IRON MAN компаниас салхин ус өргүүрийн редуктор насосыг худалдан авч, бусад эд ангийг өөрийн компанид зураг технологийн дагуу үйлдвэрлэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох салхин ус өргүүрийг улсын тендерт оролцон нийлүүлж, төслийн зээлийг цаг тухайд нь төлж байсан. Гэвч дараагийн жил нь Ж сангаас олгосон зээлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй бидний үйл ажиллагааг дэмжихгүй өөр компанийг шалгаруулсан нь манай компанийн хувьд ихээхэн алдагдал хүлээж, олноор үйлдвэрлэсэн салхин ус өргүүрүүдээ борлуулж чадаагүй бөгөөд одоог хүртэл агуулахад хадгалагдаж байгаа. Бид эдгээр хадгалагдаж байгаа бүтээгдэхүүнээ зарж борлуулахаар ажиллаж байгаа боловч салхин өргүүрийн нэг бүрийн үнэ өртөг нь өндөр тул хувь хүн байгууллагууд олноор худалдан авах чадваргүй байна. Иймд манай компанийн үйл ажиллагаа ихээхэн доголдож, хүнд байдалд орсон байгаа тул зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн.

Түүнчлэн гэрээ байгуулснаас хойш энэхүү гэрээний үр дүн, гүйцэтгэлийн талаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бидэнтэй огт холбогдож

байгаагүй. Гэтэл гэрээний дагуу гүйцэтгэгч буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хэрэв зээлдэгч зээлийн төлөлтийг хугацаандаа хийхгүй 6 сар болсон тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцлах, барьцааны эд хөрөнгөөр хангуулах эрхтэй байсан. Мөн энэхүү гэрээний 10 дугаар зүйлд маргаан шийдвэрлэх зохицуулалтыг заасан боловч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнөөдрийг хүртэл 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу энэхүү гэрээний гүйцэтгэл, үр дүнгийн талаар хэлэлцээр хийхээр холбогдож байгаагүй. Иймд гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар шууд шүүхэд хандан шийдвэрлүүлэх үндэслэлгүй юм. Гэрээ болон түүнтэй холбогдох харилцааг Монгол Улсын Иргэний хуулийн дагуу зохицуулдаг. Иргэний хуульд заасны дагуу аливаа гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл энэхүү гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа дууссан байх тул гэрээтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар “Д” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нотариатын зардалд нийт 49255540 төгрөг гаргуулах тухай Ж сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий давж заалдсан гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч “Д” ХХК-ийн захирал А.Бийг 2009-2019 оны хооронд сан удаа дараа дуудахад ирж байсан боловч зээлээ төл гэхээр өөрийн үйлдвэрлэсэн салхин сэнсээр үнэ дүйцүүлэн төлөх талаар санал гаргадаг байсан. “Д” ХХК нь хагас болон бүтэн жилээр санхүүгийн тайлангаа санд ирүүлэх, тохирсон буюу зээлийн гэрээний графикийн дагуу зээлийн төлбөрөө төлөх, сар, улирал, жилээр тооцоо нийлэх гэх мэт үүргүүдээ огт биелүүлээгүй. Хариуцагч компаний хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт их хэмжээний хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч, төрийн алба хаагч бидний хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаснаар улсын төсөв, төр хохиролгүй болно. Энэхүү үйлдэл нь хувь хүн хоорондын харилцаа биш улсын төсвийн зарцуулалт, эргэн төвлөрүүлэлттэй холбоотой асуудал гэдгийг шүүх харгалзан үзэхгүй шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний үндсэн зарчмын хувьд зээлдүүлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь зээлийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Уг төлбөрийг шилжүүлсэн эсэх дээр зээлдэгч нь маргадаггүй бөгөөд гэрээгээр хүлээсэн ерөнхий зарчим буцаан төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц 2009 оноос хойш 10 гаруй удаа өөрчлөгдсөн байдаг бөгөөд тухай бүрт нь өр барагдуулах мэргэжилтний орон тоо байгаагүй. Сангийн шинэ бүтэц 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр батлагдаж Хууль, тусгай активын хэлтэс байгуулагдаж өр барагдуулах ажилд эрчимтэйгээр ажиллаж байна гэв. 

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан тухайн үед сангаас удаа дараа дуудаж уулзаж байсан гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй байна. Ямар нэгэн бичиг, тоот ирж байгаагүй. Би 2015 оныг дуустал энэ компаний захирлаар ажиллаж байсан. Түүнээс хойш ч бичиг, тоот ирээгүй. Үүнийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр ч хэлэлцсэн. Нэхэмжлэгч тал бичиг, тоот өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Надад анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болохоос өмнө ирж уулзаач гэдэг саналыг тавьсан. Тэгээд би очиж уулзсан. Бидний хооронд байгуулагдсан гэрээ нь хоёр талт зээлийн гэрээ биш гурван талт хамтран ажиллах гэрээ юм. Ийм учраас нэхэмжлэгч тал ч үүргээ биелүүлээгүй, манайх ч үүргээ биелүүлээгүй ийм зүйл байгаа. Улсын их хурлын гишүүн Я.Б төлбөрийг бүрэн хариуцна гэсэн зээлийн гэрээ байгаа боловч тэр хүнтэй уулзаагүй байна. Тэр хүнд бичиг, тоот явуулахгүй өдий хүрсэн байна. Гэрээнд зээлээ төлөөгүй бол эхэлж шүүхэд хандахгүйгээр хэлцлийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үүнийг биелүүлээгүй. Бид нарт ирж уулзаач гэдэг саналыг ч тавьж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдааны өмнө ирж уулзаач гээд очиж уулзсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас маргаанаа хэлцлийн журмаар шийднэ гэж заасны дагуу бид нартай харьцаж байгаагүй. Тухайн үед манай компанийг Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт ач холбогдолтой компани гэж яамны үндэсний бодлогын мэргэжилтэн, анхны нээлтэд Америкийн IRON MAN компаний захирал хүртэл ирж хэлж байсан. Анхны ажлаа Дорноговь аймгийн хойд талын 4 сум, Говьсүмбэр аймгийн 3 суманд төсөл сонгон шалгаруулалтаар тендер зарлахгүйгээр шууд гэрээгээр хийж гүйцэтгэж байсан. Дараа нь Дорноговь аймгийн бусад сумуудад тендер зарлагдсан. Тэгээд манайх зарлагдсан тендерт оролцоход үнийн саналын хувьд болохгүй байна гээд өөр компани авч хийсэн. Тухайн компани хийсэн үү гэхээр бас хийгээгүй. Дорноговь аймгийн нисэхийн хойно нэг салхин сэнс, хуучин машины ганц редуктор авчраад болхидуухан гагначихсан байсан. Тэр нь нэг сар ажилласан уу, үгүй юу ажиллахгүй болсон. Компаний үйл ажиллагаатай холбоотой юм болов уу гэж бодоод товчхон тайлбар хэлэхэд бусад газруудад 3 ширхэг усны сав өгчихөөд салхи хийсвэл хүлээлгэж өгсөнд тооцоод явчихсан байдаг. Одоо ч 10 жил ажиллаж байгаа салхин сэнснүүд байгаа. Ийм удаан ажилладаг салхин сэнс хийчихгүй юм аа гэхэд ядаж нэг удаа ус гардаг салхин сэнс хийгээгүй. Тэгээд дараа, дараагийн жилүүдэд өөр компаниудад өгсөөр байгаад манай компани тендерт оролцоод сонгогдоогүй. Анх яамнаас нь хүн ирж үзээд, Америкийнх нь захирал нь хүртэл ирээд маш сайн болжээ гэж хэлж байсан. 30 секундэд л 1 тонн гаруй ус гарч байсан. Энэ бол малчдад үр өгөөжтэй хамгийн ашигтай юм байна гээд үзэж харж явсан. Зээлийн асуудал сөхөгдөөд байна гээд Я.Б гишүүнтэй холбогдсон. Гэтэл 10 жилийн дараа гэнэт юу яриад байгаа юм бэ, наад хүмүүс чинь надтай ч холбогдоогүй, нэг зүйл ч надаас асуугаагүй, миний утсыг олъё гэсэн бол олох боломж тэд нарт байсан, надад ямар нэгэн зүйл хэлээгүй гэдэг зүйлийг ярьж байсан. Тэгээд тайлбар дээрээ үндэслэлгүй зүйлийг гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр бас байгаа байх гэж бодож байна. Бичиг, тоот өгч байгаагүй байж та нар яагаад одоо шүүхэд хандаж байгаа юм бэ хэлэлцээрийн журмаар шийднэ гээд биччихсэн байна гэхэд манай сангийн бүтэц олон солигдсон, ийш тийшээ явж байсан учраас бичиг, тоот явуулж байгаагүй гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Иймээс давж заалдсан гомдлыг эсэргүүцэж байна гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Ж сан нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 46522893 төгрөг, хүү 5524577 төгрөг, алданги 4686449 төгрөг, нотариатын зардал 20000 төгрөг, нийт 49255540 төгрөг гаргуулах, мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... салхин ус өргүүр суурилуулах ажлыг ... дэмжилгүй өөр компанийг шалгаруулсан нь ... алдагдал хүлээж, олноор үйлдвэрлэсэн салхин ус өргүүрүүдээ борлуулж чадаагүйгээс ... зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийж чадаагүй. Маргааныг гэрээний 10.1-д зааснаар хэлэлцээр хийх замаар шийдвэрлэлгүй ... шүүхэд хандан шийдвэрлүүлэх үндэслэлгүй. ... Гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа дууссан гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг хэрэглэж гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий эс зөвшөөрч “... зээлдэгч ... гэрээгээр хүлээсэн ... буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, ... анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

 

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ж сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзийгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн хувьд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоогоогүй тул гэрээнд заасны дагуу хэлэлцээр хийх замаар шийдвэрлээгүй маргааныг шүүх шийдвэрлэхгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Хамтран ажиллах гурван талт гэрээ” нэртэй гэрээ байгуулж, гэрээний зорилгыг “... нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор ... хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох ... холбогдсон харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 60000000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч уг мөнгийг 60 сарын /5 жил/ хугацаанд сарын 0.5 хувийн хүүтэйгээр, эхний 12 сард хүүг төлөх, 2 дахь жилээс эхлэн зээл, хүүг төлөх үүрэг хүлээж, улмаар хариуцагч уг мөнгөн хөрөнгөөр салхин ус өргүүр үйлдвэрлэсэн, хариуцагч уг мөнгөн төлбөрийн үүргийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг үйл баримт тус тус тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

            Эндээс үзвэл зохигчид гэрээг “Хамтран ажиллах ...” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний зорилго, тохиролцсон гол нөхцлөөс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв боловч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шаардах эрх үүссэн үеийг зөв тогтоолгүй хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргажээ.

 

            Тодруулбал Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар талууд гэрээг 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 60 сар буюу 5 жилийн хугацаатай байгуулж, зээлдэгч нь сар бүрийн 25-наас 30-ны өдрүүдэд, зээл, зээлийн хүүг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

 

            Харин талууд гэрээ дуусгавар болох болон гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцлийн талаар тохиролцохдоо гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т “Зээлдэгч энэхүү гэрээний 4.1-т хүлээсэн үүргээ 6 сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Сан нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас өмнө төлөхийг болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй.” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасан гэрээ тайлбарлах арга болон хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг үндэслэвэл энд заасан 6 сарын хугацаа нь гэрээг цуцлах хугацаа буюу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хамааралтайн гадна нөгөө талаас зээлдэгчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэх хугацааг гэрээний 4.1-т заасан хугацаагаар хязгаарлалгүй түүнд үүргээ биелүүлэхэд нь нэмэлт хугацаа тогтоож, хугацааны хувьд боломж олгосон, зээлдүүлэгчийн хувьд зээлдэгч сар бүрийн 25-30-ны өдрүүдэд, зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй буюу зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд ийнхүү үүргээ зөрчсөн үеэс хойш 6 сар өнгөрсний дараа зөрчил хэвээр бол шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа гэж ойлгох нь гэрээний агуулгад нийцэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч зээлийн хүү болон үндсэн зээлээс сар бүр хэсэгчлэн төлөх үүргийг хүлээж хугацаа тогтоосон, тэрээр үүргийг бүрэн биелүүлээгүй байх боловч зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтаар хариуцагч гэрээний үүргийг хэзээнээс эхлэн зөрчсөн нь тодорхойгүй, энэхүү үйл баримт тогтоогдоогүйн гадна  талууд гэрээний ерөнхий хугацааг 5 жил гэж тохиролцсон байхад гэрээний 9.2-т заасан 6 сарын хугацааг зөвхөн хугацаанаас өмнө гэрээг цуцлах нөхцөлд хамааралтай гэж үзэх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга болон хуульд нийцэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гэрээний ерөнхий хугацаа дууссан үеэс тоолох бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрх нь хуульд зааснаар 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс үүснэ.

 

Гэхдээ гэрээний 9.2-т заасан 6 сарын хугацааг нэхэмжлэгчийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа гэж үзвэл түүний шаардах эрх нь дээрх хугацаанаас хойш 6 сарын дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх бөгөөд энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусах ба ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-т нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Улмаар нэхэмжлэгч нь анх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандсан болох нь Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШЗ2017/01575 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар /хх-56/ тогтоогдсон байх тул энэ үеэс буюу хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалджээ.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжлэх бөгөөд Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШЗ2018/00080 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-59/ нэхэмжлэлийг буцааснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал дуусч, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар энэ үеэс хугацааг дахин шинээр эхлэн тоолох юм.

 

Ийнхүү гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацаа дуусаагүй байна.

 

            Нэхэмжлэгчийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар гэрээгээр шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул гэрээний үүргийн талаар давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

            Нэгдүгээрт: Нэхэмжлэгч зээлийн төлбөрт  46522893 төгрөг, хүүгийн төлбөрт 5524577 төгрөг, алданги 4686449 төгрөг, нотариатын зардал 20000 төгрөг, нийт 49255540 төгрөг гэж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон байх боловч дээрх шаардлагуудын нийт дүн 56753919 төгрөг болж нэхэмжлэлээс зөрүүтэй тул шүүх нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон нийт шаардлагын хэмжээ болох 49255540 төгрөгийн хүрээнд дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан шүүхэд мэдүүлэх эрх, 6 дугаар зүйлийн 6.1-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах тухай зарчмуудад нийцнэ.

 

            Хоёрдугаарт: Талууд гэрээндээ хүүгийн нөхцлийн талаар зааж, сарын 0.5 хувь буюу жилийн 6 хувь байхаар тохиролцсоноос Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй байх боловч зохигчдоос гэрээний үүргийн тооцоололтой холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарь бүрэн эхээрээ хэрэгт авагдаагүй /2012 оны 11 сараас хойшхи тооцоолол байхгүй/ /хх-11/ зэргээс хариуцагч зээлийн гэрээний үүргийг хэзээнээс эхлэн зөрчсөн, өмнө хэдий хугацааны хүүг төлсөн тухай үйл баримт тогтоогдоогүй тул хүүгийн тооцооллыг гэрээнд зааснаар хийх боломжгүй ба нэхэмжлэгч  энэ тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

 

            Гуравдугаарт: Нэхэмжлэгч алдангид 4686449 төгрөг нэхэмжилсэн байх боловч гэрээнд алдангийн нөхцлийн талаар талууд тохиролцоогүй, харин гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой зохицуулалтууд тусгагдсан ч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг заагаагүй байна.

 

            Нэмэгдүүлсэн хүү, алданги буюу анз нь иргэний эрх зүйн хамгаалалтын аргууд мөн боловч хууль тогтоогчоос тэдгээрийг эрх зүйн агуулга, үр дагаврыг өөр өөрөөр буюу анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга, нэмэгдүүлсэн хүүг иргэний эрх зүйн хариуцлага байхаар зохицуулсан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагаанд нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчид хүлээлгэх хариуцлага болгож хэрэглэхээр заажээ.

 

            2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсанаар буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болсон ба Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй тул энэхүү Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль /2007 он/-аар зохицуулагдана.

 

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн /2007 он/ 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.4, 6.4.4-т зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий эх үүсвэрийн зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлдэг Засгийн газрын тусгай сан байхаар зохицуулснаас үзэхэд уг санг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэх үндэслэлгүй тул энэхүү зээлийн харилцаанд нэмэгдүүлсэн хүүг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин уг сангаас олгож байгаа зээлийн үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг буюу бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамааралтай тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 232.7-д зааснаар гэрээнд заасан тохиолдолд алданги нэхэмжлэх эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд анзын тухай нөхцөл тусгагдаагүйгээс ийнхүү шаардах эрхгүй.

 

            Дөрөвдүгээрт: Нэхэмжлэгчийн нотариатын зардалд 20000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь нотлогдоогүй, энэ тухай нотлох баримтгүй тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Тавдугаарт: Дээрх бүгдээс дүгнэж үзэхэд хариуцагчаас үндсэн зээл 46522893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх ба хариуцагч талаас уг тооцооллыг зөвшөөрөхгүй талаараа болон үгүйсгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүхээс үлдэгдэл зээлийн хэмжээг нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр тогтоов.

 

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүрэг нь хариуцагчид байсан ба хариуцагч ийнхүү нотлоогүй байна.

 

Мөн дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд барьцааны гэрээ байгуулсан, гэрээ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д нийцэж байх тул барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн зүгээс борлуулалтыг дэмжээгүйгээс зээлийн эргэн төлөлтөд эрсдэл үүссэн, эрсдлийг гэрээнд Улсын их хурлын гишүүн хариуцна гэх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний зорилго нь зээлийн үйл ажиллагаатай холбоотой тодруулбал зээлийг олгох, түүний хугацаа, хүү, зээлийг буцаан төлөх зэрэг харилцааг зохицуулахаар заасан ба зээлдэгчийн зээлийн хөрөнгөөр хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах үүргийг нэхэмжлэгч буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хүлээгээгүй, энэ талаар гэрээнд заагаагүй байна.

 

            Улсын Их хурлын гишүүн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т сангаас олгосон санхүүжилтийн эргэн төлөлтийн эрсдлийг бүрэн дүнгээр хариуцахаар заасан байх боловч нэхэмжлэгч нь зээлдэгч буюу “Д” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчөөгүй, нийцсэн гэж үзнэ.

Энэ нь дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахыг шийдвэрлэдэг төдийгүй гагцхүү нэхэмжлэлд хариуцагч гэж дурдагдсан этгээд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцэст шийдвэрлэгддэг бөгөөд зээлдэгч буюу “Д” ХХК-ийг хариуцагчаар заасныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүргийг гүйцэтгэж чадна гэж баталж, хариуцлага хүлээх хуулийн агуулга зарчим нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зохицуулагдсан байх боловч Улсын Их хурлын гишүүнтэй энэ талаарх гэрээ байгуулсан эсэх, гэрээний дээрх заалт нь хуулийн энэхүү агуулгад нийцэх эсэх талаар талууд мэтгэлцээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзийгийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2019/00233 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 46522893 /дөчин зургаан сая таван зуун хорин хоёр мянга найман зуун ерэн гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2732647 /хоёр сая долоон зуун гучин хоёр мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

 

2 дугаар заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 390564 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж нэмж,

 

3, 4 дүгээр заалтыг 4, 5 гэж дугаарлан 3 дугаар заалт болгож “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсугай.” гэж  нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзийгийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шлийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ