Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 630

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Г,

хохирогч Г.С,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шунхлай овогт Золбингийн Бт холбогдох эрүүгийн 2017 2501 1518 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын өдөр аймгийн суманд төрсөн, настай, боловсролтой, мэргэжилтэй,  Т О компанид ажилтай, ам бүл, дүүрэг, хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, , З.Б, /РД: /, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч З.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09:40 цагт Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнүүн-Огоо ХХК-ний үүдэнд иргэн Г.С хоорондын зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт өшиглөн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 4 дүгээр сарын 14-ний орой машинд архи ууж хоносон. Өглөө босоод хохирогчийн нөхөр Ганбат шил архи зээлж ирсэнийг уугаад байж байтал хохирогч ирээд бид хоёр маргалдсан. Би согтуудаа хохирогчийг нэг өшиглөсөн юм байлгүй дээ гэв.

Хохирогч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр би нөхрөө авах гээд “Тэнүүн огоо” ХХК-ний үүдэнд очсон. Гэтэл Б манай нөхөрт архи өгсөн байсан. Би “манай нөхөрт архи битгий өгөөрэй” гэж хэлсэн байсан. Б 2 см урттай улбар шар өнгийн утсаараа миний хамар руу цохисон. Гэтэл хавтаст хэрэгт утсаар цохисон тухай байхгүй байна. Би ч олон удаа энэ тухай хэлээгүй. Б миний хохирлыг барагдуулвал сайн л байна. Б миний хохирлыг барагдуулна гэж хэлчихээд хохирол барагдуулахгүй байхаар нь би дахин гомдол гаргасан. Б харьцааны соёлгүй муухай хүн байна лээ. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч З.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г эхнэр хүрч ирээд яагаад архи уугаад байгаа юм бэ гээд нөхрөө загнаад байхаар нь чи яах гэж ингэж байдаг юм бэ гэж хэлэхэд над руу дайраад, гар мушгихаар нь гараа сугалж авсан. Г.С биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хх 25-28 дугаар хуудас/,

Хохирогч Г.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б гэдэг залуу архи аваад дахин аягалаад манай нөхөрт өгөхөөр нь би чамайг битгий архи хундаглаж өгөөд байгаач гэж хэлсэн чинь чи муу ямар олон юм гуцдаг ямаа вэ гэхээр нь архийг нь булааж аваад наадахаа буулгахгүй бол архийг чинь асгалаа гэж хэлээд буусан. ...Нөхөр нөгөө талаар тойрч очсон чинь архи өгөөд аягаа буцааж авч байгаа нь харагдахаар нь хаалгыг онгойлгож битгий архи өг гээд байхад та нар яах гээд байгаа юм бэ гэж хэлээд орилсон чинь Б гэдэг залуу нүүр рүү 2-3 удаа цохисон. Машинд сууж байсан хүмүүс нь болиулсан чинь хөлөөрөө над руу жийгээд өшиглөөд байхаар нь би өөдөөс нь хэд цохилцсон...” гэх мэдүүлэг. /хх 7-9 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ганбат ахын эхнэр ирээд нөхөртөө уурласан. Ганбат ахыг явах гэж байна гээд нэг хундага архи өгөхөд уусан. Тэгээд дахиад нэг татчихъя гэхэд эхнэр нь араас нь ирээд уурлаад нөхрөө цохиод байсан чинь Б ах юун сүртэй юм гэж хэлсэн чинь Б ах руу гараараа самардаад дайраад байсан. Б ах хөлөөрөө жийгээд байхаар нь татаж салгасан...” гэх мэдүүлэг. /хх 11 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹5173 дүгнэлтэд “Г.С биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 17 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “…Зүүн нүдний доод зовхи, хамрын орчимд нэг удаа, уруул амны орчимд нэг удаа буюу хоёр удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн. Тухайн гэмтлийг авах үед хамрын яс хугарлын шинж чанартай холбоотой цус гаргахгүй байж болно. Мөн нүдний шил рүү цохих үед хамрын ясны хугарал үүссэн байх боломжтой…” гэх мэдүүлэг. /хх 22 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09:40 цагт Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнүүн-Огоо ХХК-ний үүдэнд иргэн Г.С хоорондын зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт өшиглөн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч З.Б холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.Б 40.000 төгрөг гаргуулж хохирогч Г.С олгож, хохирогч нь хамар ясны хугарлаа засуулсан, эмчлүүлсэн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нэлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, 40.000 төгрөг гаргуулж хохирогч Г.С олгох нь зүйтэй байна.