Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2019/00025

 

 

Б.Баярбямбын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 136/ШШ2019/00247 дугаар шийдвэртэй, 

 

 Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Хас гудамж, 4-р байр, 08 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Шарнууд овогт Баяртсайханы Баярбямба /РД:ЕЭ85061576/-ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Бага буянт ухаа гудамж, 2-02 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Цагаан туг овогт Баатарын Оюун /РД:БГ83063001/,

 Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Бага буянт ухаа гудамж, 2-02 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Утай овогт Энхбаатарын Ганхөлөг /РД:ФМ85022174/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 26 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч Э.Гийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 04-р сарын дундуур ...чиргүүлийг 4 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож тэр дороо ярилцаад 5000 юань буюу 1 900 000 төгрөгийг Э.Гт бэлнээр өгсөн. Тэгээд Улаанбаатараас Сайншанд руу буцаж явах замд Э.Г нь надад зарж байгаа шалаанз чиргүүлээ чирсэн явж байгаад замд тааралдаад үлдэгдлээ шилжүүлээрэй гэхээр нь би эхнэр рүү ярьж, эхнэр Дуламсүрэн данснаасаа 2 100 000 төгрөгийг Э.Гийн данс руу мобайлаар шилжүүлсэн. Үүнээс 4 хоногийн дараа Э.Г нь миний худалдаж авсан шалаанз чиргүүлийг Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг Зүүнбуянт-Ухаа гудамжинд байрлах манай хадам аав Батжаргалын хашааны гадаа авчирч өгөхөд нь би өөрөө очиж чиргүүлээ авсан. Би тэр чиргүүлийг хадам аав Батжаргалын хашааны гадаа байлгаж байсан ба тэвшин дээр нь тус тус 200 литрийн савтай 800 литр дизель түлш хэрэглэх гээд тавьсан байсан. 2-3 хоногийн дараа хадам аав Батжаргал залгаад хашааны гадаа байгаа чиргүүлийг чинь аваад явчихлаа гэж хэлсэн. Би Э.Г рүү залгаад асуутал энэ чиргүүлээ зарахаа болилоо, харин чи шалаанз толгойтой чиргүүл ав гээд офицерийн зүүн талд хашаанд стандарт чиргүүл буюу 12.50 см урттай, 2.40 см өргөнтэй шалаанз чиргүүл үзүүлсэн ба толгойтой нь 40 000 000 төгрөгт ав гэхээр нь ярьж байгаад 38 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Э.Г эхнэр рүүгээ залгаад машинаа зарахаар боллоо, 20 000 000 төгрөгөөр зарахаар болсон гэж хэлсэн. Уг 84-13 УНЕ улсын дугаартай SSANG YONG маркийн шалаанз толгой нь Ш.Дариймаа гэдэг хүний нэр дээр байсан ба Э.Г нь манай эхнэр Б.Оы ахынх нь эхнэрийн нэр дээр байгаа, манай эхнэр дор нь бичиг баримтыг нь шилжүүлнэ гэж хэлсэн. Би өмнө нь 4 000 000 төгрөг төлсөн байсан болохоор 20 000 000 төгрөгийг нэмж төлөхөөр болж үлдэгдэл 14 000 000 төгрөгийг бичиг баримтаа нэр дээрээ шилжүүлсний дараа төлөхөөр тохиролцоод маргааш нь буюу 2018 оны 05-р сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Ар шандад байрлах Хаан банкны салбар дээр би найз Мөнх-Эрдэнэ, эхнэр Дуламсүрэн нарын хамт, Э.Г нь эхнэр Б.Оы хамт ирээд Э.Гийн дансанд 20 000 000 төгрөгийг мобайлдах гэсэн боловч болохгүй байсан учраас 10 000 000 төгрөгийг мобайлаар хийгээд, 10 000 000 төгрөгийг банкаар дамжуулан Э.Гийн данс руу хийж, нийт 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 05-р сарын 29-ний өдөр Э.Г нь над руу залгаад хотод байна үлдэгдэл төлбөрөө шилжүүл гээд чатаар Дариймаа, Оюун нарын байгуулсан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг явуулаад энийг шилжүүлээд боллоо гэхээр нь би түүн рүү залгаад уулзъя, би таксигаар яваад очъё гэсэн чинь утсаа салгаад дахиж холбогдоогүй. Э.Г байнга л дугаараа сольдог, би байнга залгаж нэрээ шилжүүлээч гэж хэлдэг байсан. Сүүлдээ эзэн нь Солонгост байгаа яаж шилжүүлэх юм бэ гэдэг болсон ба нэг утсаар ярихад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын том машины зогсоолоос надад зарсан байсан толгой, чиргүүлээ аваад явсан тухай мэдсэн. 2018 оны 08-р сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод уулзаад нэрээ шилжүүлэх болсон чинь нотариат хугацаа нь өнгөрсөн итгэмжлэлээр нэр шилжүүлэхгүй гээд баримт бичгээ өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй тул аргаа бараад Э.Гтэй зээлийн гэрээ байгуулж, 0.5 хувиар алданги тооцож авахаар болсон. Гэрээ байгуулснаас хойш 7 000 000 төгрөгийг, чиргүүлийн тэвшин дээр байсан дизель түлшний мөнгөнөөс 400 000 төгрөгийг тус тус өгснөөс өөр мөнгө одоог хүртэл өгөөгүй. ...Э.Г нь надад зарсан байсан 84-13 УНЕ улсын дугаартай шалаанз толгойг Ш.Энхболд гэх хүнд 2018 оны 10-р сарын 05-ны өдөр 28 000 000 төгрөгөөр зарсан байсан. Одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй хохироож, 1 машиныг 2 удаа 2 хүнд зарж их хэмжээний ашиг олсон байгааг олж мэдсэн. ...Иймд 2018 оны 08-р сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 000 000 төгрөгийг, алданги 8 500 000 төгрөгийг, дизель түлшний үлдэгдэл төлбөр 1 040 000 төгрөгийг, нийт 26 540 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Баярбямбын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг автомашины наймаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Харин Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш утсаар байнга “ална, луйварчин, хулгайч, гичий, янхан гэх зэргээр нэр, алдар хүндэд халдаж, гэр орныг чинь шатаана, 4 мөчийг чинь санжуулна, Дорноговийн гудамжаар үсдэж чирнэ гэж шөнийн цагаар утасдаж, мессеж бичиж, айлган сүрдүүлэх, найз Мөнх-Эрдэнэ өөрийн эгч, эхнэр, хадам ээж нараараа дарамтуулдаг, манай гэрт дайрч орж үзлэг, нэгжлэг хийж байсан. Б.О миний ажилладаг боловсролын байгууллага дээр Б.Баярбямбын эхнэр Б.Дуламсүрэн, хадам ээж Г.Батжаргал нар очиж бие эрхтэнд халдан, хэрүүл маргаан үүсгэсэн үйлдэл нь нотлогдож 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийтгэврээр шийтгэл хүлээсэн. Мөн Б.Б нь ...мөнгө авах үед Э.Г, Б.О нар найдвартай гэж хуурч мэхэлж, 24 000 000 төгрөг авсан гэжээ. Бидний Б.Баярбямбыг хуурч мэхэлсэн эсэхийг аймгийн цагдаагийн газраас шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоон шийдвэрлэсэн. Би энэ машин худалдах, худалдан авахад ямар нэгэн байдлаар оролцоогүй. Энэ авсан гэх 24 000 000 төгрөгийг миний данс хаягаар ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...Э.Г хэлэхдээ энэ шалаанз чиргүүл нь миний чиргүүл байгаа юм, өөрийн нэр дээр байлгах гэхээр шүүхийн шийдвэрийн өрөнд хураах гээд байгаа юм, бичиг баримт асуудалгүй гэж хэлсэн гэжээ. Бидний хооронд машины чиргүүлийн наймаа эхэлж яригдсан бөгөөд бичиг баримт, шүүхийн шийдвэр гэх зүйлүүдийг бүгд худлаа бичжээ. Чиргүүлийг 4 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэжээ. Чиргүүлийг 4 000 000 төгрөгөөр биш 8 000 000 төгрөгөөр авахаар ярилцаж байсан нь үнэн. Зүгээр бүрэн бүтэн хэвийн явж байсан чиргүүл 8 000 000 төгрөгөөс доош үнэтэй зарагдана гэж байхгүй. Тухайн үед чиргүүл 11 000 000 төгрөгөөс дээш үнэтэй байсан. Энэ нэхэмжлэлд огт болоогүй олон зүйлийг бичсэн байна. Мөн 200 литрийн савтай 800 литр дизель түлш байсан гэсэн нь огт үндэслэлгүй худлаа бөгөөд уг машин дээр шатахуун байгаагүй гэдгийг гэрчлэх хүмүүс байгаа болно. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Аваагүй шатахууны үнэ болох 1 040 000 төгрөгийг төлөхгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...толгой, чиргүүлийн мөнгөний үлдэгдэл 17 000 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээгээр 2018 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгахгүй бол хоногийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон... одоо алданги 8 500 000 төгрөг нэхэмжлэнэ гэжээ. Машин худалдах, худалдан авахад ямар нэг гэрээ хийгдээгүй тул гэрээний алданги гэх зүйл төлөх үндэслэлгүй, төлөхгүй. Харин Б.Бас 24 000 000 төгрөг авсан нь үнэн. Б.Бд 24 000 000 төгрөгөөс 7 000 000 төгрөгийг Б.Баярбямбын Хаан банкны дансаар өгсөн. Энэ баримт цагдаагаас шалгасан хэргийн материалд байгаа болно. Үлдэх 17 000 000 төгрөгөөс Э.Г миний эзэмшлийн 99-29 УНӨ улсын дугаартай Тоёота Камери автомашиныг 12 000 000 төгрөгөөр бодож авсан. Энэ машиныг О гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Мөн 1800 юанийг тухайн үеийн ханшаар бодож 700 000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч Б.Б нь миний эзэмшлийн 84-13 УНЕ улсын дугаартай автомашиныг худалдаж авахаа болилоо, чи наад машинаа Пото 51-44 дугаартай машинаар солиулснаар надад 5-6 сая төгрөгийн алдагдал үүссэн тул одоо Б.Бд төлөх төлбөр тооцоо байхгүй гэжээ. 

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар хариуцагч Э.Гөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, 1 040 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Гөөс улсын тэмдэгтийн хураамж 285 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч Э.Гийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч автомашиныг чиргүүлийн хамт 37 сая төгрөгөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч Б.Б хэсэг хугацааны дараа 84-13 УНЕ улсын дугаартай автомашиныг худалдаж авахаас татгалзсан. Одоо Э.Гт өгсөн 24 сая төгрөгөөс 7 сая төгрөгийг буцаан авсан боловч 24 саяд 12 сая төгрөгийн үнэ бүхий “Камери” автомашиныг Б.Б өөрийн эзэмшилдээ бүрэн хүлээн авсан боловч 17 саяд зээлийн гэрээгээр хүү, алданги тооцож нийт 26540000 төгрөг нэхэмжилсэн. Бодит байдал дээр Э.Г нь нэхэмжлэгч Б.Бтай 84-13 УНЕ улсын дугаартай SSANG YONG маркийн автомашиныг 38 сая төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан. Б.Б нь 24 сая төгрөгийг машины үнэ болгож өгсөн байна. Уг машины үнэ 24 сая төгрөгөөс Э.Г 7 сая төгрөг, 12 сая төгрөгийн үнэ бүхий “Камери” маркийн автомашиныг Б.Бтай харилцан тохиролцож, Б.Б нь найз Отайгаа очиж үзсэний үндсэн дээр машины үнэд 12 сая төгрөгөөр тооцож авахаар болж, найз Оы нэр дээр шилжүүлэн өгсөн. Б.Б өөрийн эзэмшилд автомашиныг авсан. Мөн 700 000 төгрөгийг тухайн үеийн ханшаар бодож юань өгсөн. Ингээд нийт 19700000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Хариуцагч Э.Г үлдэгдэл 4300000 төгрөгийг төлөхөөс татгалзаагүй болно.

            Нэхэмжлэгч Б.Б нь гэнэт Зээлийн гэрээ хийе гээд бэлэн гэрээн дээр гарын үсэг зуруулсан ба уг гэрээ нь Б.Бас мөнгө зээлж авсан мэт гэрээ байсан байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан “...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд ... эд хөрөнгө шилжүүлэх, ...зээлдэгч шилжүүлэн авсан ... эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх ... үүрэг хүлээсэн бол” гэсэн хуулийн заалт нь зээлээр эд хөрөнгө шилжүүлэн өгсөн байхыг шаардаж байна гэж ойлгоно. Дээрх автомашин худалдах, худалдан авах асуудал нь зээлийн гэрээгээр зохицуулагдахгүй өөр төрлийн гэрээгээр зохицуулагдахаар байна гэж ойлгож байна.

            Гэтэл Б.Бас зээлээр ямар нэг мөнгө төгрөг аваагүй бөгөөд харин Б.Б нь Э.Г болон түүний эхнэр Б.О нарыг “гэр орныг шатаана, гар, хөлийг санжуулна, нүдийг чинь ухна гэх зэргээр шөнө орой айлган сүрдүүлдэг байсан тухай шүүхийн шийдвэр байгаа нь энэхүү гэрээг хийхдээ дарамталсан болохыг нотолж байна.

           Анхан шатны шүүх “үндэслэх хэсэгтээ ...Иргэний хуулийн 236.1, 236.1.3-т зааснаар зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр солихоор тохиролцсон, худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болж гэж хуульд зааснаар биш шүүх дотоод итгэлээрээ дүгнэлт хийжээ.

           Автомашин худалдах, худалдан авах тухай хэлцэл хийхдээ хүү, алданги тооцох тухай тохиролцсон эсэх талаар авч үзвэл Б.Б би машиныг чинь худалдаж авахаа больвол миний машины үнэд өгсөн мөнгийг хүүтэй төлөөрөй гэж тохиролцоогүй, нэхэмжлэгч талаас өөр үүргийн гүйцэтгэлийн талаар огт дурдаагүй, энэ талаар маргаагүй байхад шүүх санаачилгаараа үүргийн гүйцэтгэлийг сольсон байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасан хуулийн утга, агуулгыг буруу ойлгож хэрэглэсэн байна гэж үзлээ. Анхан шатны шүүх зээлийн гэрээг хууль ёсных гэж үзэхдээ ... Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасан ... эд хөрөнгө шилжүүлэхээр ... гэсэн хуулийн заалтыг анхаараагүйд гомдолтой байна. Гэрээний нөхцөлөөс үзвэл нэхэмжлэгч зээлээр эд хөрөнгө шилжүүлсэн байхыг шаардаж байна. Харин дээрх хийгдсэн зээлийн гэрээгээр мөнгө зээлүүлэхээр тохиролцсон мэт байна. Бодит байдал дээр мөнгө зээлүүлсэн үү гэвэл үгүй. Тэгвэл энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ юу гэвэл хүү, алданги авахын төлөө хийсэн гэрээ гэдэг нь тодорхой байна.

            Гэрээний төрлийг өөрчилсөн нь гэрээний талын эрх ашиг сонирхолд хохиролтой болох нь тодорхой байвал шүүх хүчин төгөлдөр гэрээ эсэхэд дүгнэлт хийх ёстой. Гэтэл талуудын эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг анхаарч үзэхгүй шийдвэрлэсэн байна.

            Учир нь гэрээний үндсэн шинж болох “…зээл хийгдээгүй, гэрээний тал болох Э.Гийг болон гэр бүлийг айлган сүрдүүлсэн, дарамталсан. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээг нотлох баримтаас хасах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүйд гомдолтой байна. Талуудын хүсэлтийг шүүх шийдвэрлэх үүрэгтэй.

             Анхан шатны шүүх зээлийн гэрээг байгуулахад хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Шүүх хуралдаанаар хариуцагч Б.Оы тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэвэр, Б.Баярбямбын утсаар дарамталсан бичлэг зэргийг шинжлэн судалсан болно.

        Хууль бус, хийгдэх ёсгүй гэрээ хийгдсэнийг үндэслэн хүү тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэнд, машины үнэ гэж өгсөн 24 000 000 төгрөгөнд 12 000 000 төгрөгийн үнэ бүхий “Камери” автомашиныг Э.Гтэй харилцан тохиролцож зөвшөөрөн автомашиныг найз Оы нэр дээр шилжүүлэн, өөрийн эзэмшилд авсан болох нь гэрч Оы мэдүүлэг, харилцан тохиролцож шилжүүлэн авсан тухай нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэл хийгдсэн зэргээр бүрэн тогтоогдсон байхад шүүх ...нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн боловч хуулийн үндэслэл заагаагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тоёота камери машиныг надад өгсөн. Тэр машиныг би авъя гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Надад тэр тоёота камери машиныг зараад мөнгө өгнө гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Өмнө нь өөр машин өгнө гээд ярьж байсан, би тэр машиныг авах гэж хотод очсон юм. Тэгэхэд 2 хоногийн дараа ирнэ гэхээр нь би 2 хоног хүлээсэн. Тэгээд 3 дахь хоног дээр нь нэг жолооч надад чиний авах гээд байгаа Путон машиныг чинь зарсан, энд өөр хүн унаад явж байна гэхээр нь би чи зарчихсан байна шдээ гэсэн чинь тийм ээ би зарчихсан гэсэн. Чи мөнгийг нь надад өгөхгүй юм уу гэхэд би тоёота камери гээд машинаар сольсон, энэ машин нь зарагдах нь арай хурдан, үүнийг би зарчихъя, тэгээд мөнгийг нь чамд өгнө гэж хэлсэн. Тэгээд Э.Г Ховд аймаг явахаар боллоо, 2 хоногийн дараа манай найз наад машиныг чинь авахаар хотод ирнэ, тийм учраас нэр нь нэг хүн дээр байх ёстой, би хөдөө явах учраас нэр шилжүүлж болохгүй болно, чи нэр дээрээ шилжүүлээд авчих тэгээд би дунд нь оролцохгүй нэг ч төгрөг авахгүй, чи мөнгөө шилжүүлээд авчих гэсэн. Тэгэхээр нь би хүний машиныг шилжүүлж авахгүй, чи дандаа надад хүний машин өгөх гээд байх юм ямар учиртай юм гэсэн. Тэгэхэд намайг тэгвэл чи хотод нэг шилжүүлж өгөх хүн олж өг гэхээр нь би О руу яриад чи энэ машиныг очоод шилжүүлээд байж бай наад хүн чинь зарна гэж байна, зарахаар нь надад мөнгийг нь аваад өгчих гэсэн. Тийм л зүйл болсон. Тэгээд тэр машиныг өдрийн 5000 төгрөгийн төлбөртэй грашид авч ирж хийсэн. Тэгээд хүлээсэн байхгүй алга болсон. Тэр тоёота камери машин нь 2006 онд үйлдвэрлэгдээд 2007 онд Монгол улсад орж ирсэн. 13 жил Монгол улсад явсан, гурван талаасаа цөм, цөм цохиулчихсан машин байдаг. Түүнийг юу гэж 12000000 төгрөгөөр худалдаж авах юм бэ? тийм зүйл байхгүй. Мөн зээлийн гэрээг тусгай гэрээ авч ирж гарын үсэг зуруулсан гэж яриад байна. Би Э.Гийг 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл гуйж байгаад уулзсан. Э.Гтэй уулзахад Хос бэрс дээр приүс 20 маркийн машинтай ирээд машиныг чинь өгье, хоёулаа явъя гэхээр нь за тэгье гээд хотоос зүүн тийш 1000 машин зардаг газар руу явсан. Тэнд зөндөө нотариатын газар байдаг юм байна лээ. Тэнд над руу чаатаар явуулж байсан худалдах, худалдан авах гэрээгээ нотариатчид үзүүлээд энэ хүнд машинаа шилжүүлэх гэсэн юм аа гэтэл нэгдүгээрт хугацаа өнгөрсөн байна, хоёрдугаарт чи тэр хүнээс худалдан авсан гэсэн гэрээ, мөнгө дутуу гэрээ байна, энэ Даариймаа гэдэг хүн байвал шилжүүлнэ гэж нотариатч хэлсэн. Тэр өдөр 5 дахь өдөр байсан байх. Тэгээд тэр Даариймаа гэдэг хүн нь 1 дэх өдөр Солонгос улсаас Монгол улсад ирнэ гэсэн. Тэгээд 1 дэх өдөр ирэхээр нь би чамд нэрийг нь шилжүүлээд өгье гээд одоо машин хойно айлын хашаанд байгаа очоод ав эсхүл Б.О 1 дэх өдөр 25000000 төгрөгийн зээл авах гэж байгаа тэгээд 1 дэх өдөр тэр эгч Даариймаа нь Солонгос улсаас ирнэ, тэр болтол би чамд зээлийн гэрээ хийгээд өгье гээд тэр нотариат руу хоёулаа буцаж ороод зээлийн гэрээг хийсэн. Хүү алданги ерөөсөө яриагүй. Чамаас би хүү, алданги авахгүй зүгээр авах ёстой мөнгөө л бүрэн авна гэхэд нотариатч нь энэ хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд хуулийн дагуу 0.5 хувийн алданги төлдөг гэж хэлсэн. Дарамталсан гэдэг зүйл нь хамгийн анх би Баянхонгор аймагт явж байгаад мөнгөө нэхээд цагдаад өгнө гэхэд би чамайг цагдаад өгөх юм бол би чамайг буудаж ална. Би Өмнөговь аймагт хэрэгтэй байгаа энэ хэрэг шийдэгдэхээс өмнө чи намайг цагдаад өгөх юм бол намайг алж байна гэсэн үг тийм учраас би чамайг буудаж ална гэж намайг хамгийн анх дарамталж эхэлсэн. Б.Отай ярихад чамаас авсан мөнгөөрөө приүс 20 маркийн машин авсан. Тэр машиныг аваад хотруу явж байгаад осолд орсон. Чи хараал хийлгэсэн байна. Чамайг хүнээр алуулна, хараал хийлгүүлнэ гээд урдаас хашгираад байсан. Тэгээд би залилан гээд цагдаад өргөдөл өгтөл цагдаа иргэний хэрэг байна гэж хэлсэн. Б.Дагийнамжил өмгөөлөгч мэдэж байгаа. Хамгийн анх энэ Э.Г Өмнөговь аймагт гурвуулаа нийлж нэг машин хулгайлаад Говьсүмбэр аймагт 24000000 төгрөгөөр зарсан байдаг. Тэнд шүүхээс ял авах гээд шүүхэд орохоосоо өмнө надад машинаа зарж 24000000 төгрөг аваад Өмнөговь аймаг руу явсан байдаг. Тэгээд намайг залилсан. Надад мөнгө байсныг мэдэж байсан. Тэр хэрэг нь гайгүй болчихвол буцаагаад өгье гэж бодож байсан байх. Тэгээд хоёулаа нотариат дээр гэрээгээ хийчихээд чи очоод машинаа ав гэсэн. Очингуутаа машинаа аваад төлбөртэй хашаанд тавьсан. Чиргүүл яах юм бэ гэсэн чинь чиргүүл манай найзын чиргүүл байгаа, чи үүнийг 7000000 төгрөгөөр ав гээд дахиад нэг чиргүүл яриад хүн нь хаана байгаа юм бэ гэхэд бас Ховд аймагт байгаа гэсэн зүйлийг ярьсан. Энэ талаар сайн санахгүй байна. Манай найзыг ирэхээр нь чи авчих гэсэн. Тэгэхээр нь би хүний юм авч чадахгүй, дандаа л хүний юм зарах юм гэсэн гэв.   

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сард зохигчдын дунд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан. Эхлээд шланз маркийн автомашиныг 86-86 улсын дугаартай чиргүүлийн хамт худалдах, худалдан авахаар тохиролцсон боловч тухайн үед мөнгөний тал 17000000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тухайн үед бичиг баримт хариуцагч Э.Г болон түүний эхнэр Б.О нарын нэр дээр байгаагүй юм байна лээ. Эхнэрийнх нь эгчийн нэр дээр байсан гэдэг шалтгаанаар нэр шилжихгүй явсаар байгаад сүүлдээ машиныг буцааж өгөөд одоо хүртэл тухайн шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч Б.Б аваагүй ийм л асуудал байгаа. Тэгээд хүлээгээд нэрээ шилжүүлээч ээ гэж хэлсний дагуу удаа дараа холбогдоод энэ хэд хотод уулзсан байдаг. Тэгтэл ийм ийм шалтгаанаар шилжиж болохгүй байна гээд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хоёулаа нотариат дээр очоод байгуулсан байдаг. Хүү, алданги гээд яриад байна. Гэхдээ зээлийн гэрээнд хүүгийн талаар тусгаагүй. Хүүгүйгээр зөвхөн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гээд алдангийг тохирсон байгаа. Зээлийн гэрээний хамгийн гол шаардлага бол эд хөрөнгө шилжүүлэх гээд яриад байгаа. Хуульд зааснаар эд хөрөнгө шилжсэн. Гэхдээ хэзээ шилжсэн бэ гэдэг дээр өмгөөлөгч болон хариуцагч нарын эргэлзээн дээр энэ зээлийн гэрээ мөн үү биш үү гэдэг дээр яриад байна. Эд хөрөнгө бол 2018 оны 04 дүгээр сард шилжсэн. Энэ худалдах, худалдан авах гэрээ хийж байх үед шилжсэн. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор өмнөх үүрэг дуусгавар болно гэж заасан. Гэтэл одоо анхны машиныг худалдах, худалдан авах гэрээг 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаар өмнөх үүрэг дуусгавар болж зээлийн гэрээний үүрэг талуудын хооронд үүссэн. Өмнөх үүргийг өөр үүргээр сольж байгаа учраас тухайн үед эд хөрөнгө шилжихгүй. Хуулийн зохицуулалт нь өмнөх үүрэг дараагийн үүрэг хоорондоо бий болсноор зээлийн гэрээ байгуулснаар шилжээд байгаа учраас тухайн үед эд хөрөнгө шилжих боломжгүй. Ийм учраас анхан шатны шүүх талуудын хооронд болсон үйл баримтад хууль зүйн хувьд зөв дүгнэлт өгсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Дараагийн асуудал нь 12000000 төгрөгт Тоёота камери маркийн машин өгсөн гээд байдаг. Үүн дээр гэрч О тодорхой мэдүүлсэн байдаг. Хамгийн гол нь Б.Б тухайн үед байгаагүй. Э.Г шилжүүлээд аваач ээ. Би ингээд энэ машиныг зарна хэд хоногоос хүн авна хамгийн гол нь ингэж зарах гэхээр би өөрөө хөдөө гадаа явдаг болохоор хотод нэг хүний нэр дээр байх ёстой болчихоод байна. Тэгээд бичиг баримт шилжиж энэ машинийг зарна. Би өөрөө хөдөө гадаа явна гэдэг утгаараа Оы нэр дээр шилжүүлснээс биш Б.Б авчихаад Оы нэр дээр шилжүүлээд байгаа зүйл байхгүй. Бид нар өөрсдийнхөө зардал мөнгөөр гэрчийг шүүх дээр авчирсан. Харамсалтай нь тухайн үед Э.Гтэй холбоо барьж болоогүй. Хотод дүүргийн шүүх рүү даалгавар гүйцэтгүүлэхээр захирамж нэгэнт гарсан байсан учраас нэгэнт зохигчид аль аль нь гэрч асуух ажиллагаанд оролцох ёстой учраас гэдэг утгаар О дүүргийн шүүх дуудангуут буцаасан. О өөрөө энэ талаар хэлдэг. Тэгэхээр үүн дээр Б.Б аваад, авсан машинаа Оы нэр дээр шилжүүлсэн асуудал бодит байдал дээр болоогүй. Айлган сүрдүүлж гэрээ байгуулсан гээд байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйл, 117 дугаар зүйлүүдэд зааснаар зохигчид өөрөө үндэслэл бүхий тайлбараа нотлох үүрэгтэй. Гэтэл энэ тал дээр айлган сүрдүүлж энэ гэрээг байгуулсан, энэ чинь ийм нөхцөл байдлаас болоод худлаа, үндэслэлгүй гэрээ, хүч хэрэглэж байгуулсан гэрээ гэдэг зүйлээ харамсалтай нь энэ хэрэгт нэг нэг хуудас тайлбараас өөрөөр нотолсон зүйл байдаггүй. Э.Гийн эхнэр бол машины маргаанаас болоод зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан байдаг. Энэ болгоныг бүх юм руу хальж оруулаад бүх юм хүчээр, бүх юмаа дарамтанд хийгдсэн гэж болохгүй. Иймд анхан шатны шүүх үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Г, Б.О нарт холбогдуулан шалаанз толгой, чиргүүлийн мөнгөний үлдэгдэл 17000000 төгрөг, алданги 8500000 төгрөг, дизель түлшний үнэ 1040000 төгрөг, нийт 26540000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэжээ.

 

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Б.О “... машин худалдах, худалдан авахад ямар нэг байдлаар оролцоогүй.” гэж, хариуцагч Э.Г “... Аваагүй шатахууны үнэ төлөхгүй, ... машин худалдах, худалдан авахад ямар нэг гэрээ хийгдээгүй тул гэрээний алданги төлөх үндэслэлгүй, ... миний эзэмшлийн тоёото камери автомашиныг 12 сая төгрөгөөр бодож авсан, ... одоо төлөх төлбөр тооцоо байхгүй.” гэж бичгээр гаргасан тайлбартаа дурдсан ба харин анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 17000000 төгрөгөөс машины 12000000 төгрөгийг хасаад 5000000 төгрөг үлдэж байгаагаас 1800 юань бэлнээр өгснийг хасаад 4300000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэж тус тус маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 495 дугаар зүйлийн 495.1-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 25500000 төгрөгийг хангаж, үлдэх 1040000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Э.Г болон түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нар эс зөвшөөрч “... нийт 19700000 төгрөг төлсөн. ... автомашин худалдах, худалдан авах асуудал нь зээлийн гэрээгээр зохицуулагдахгүй, ... зээлээр ямар нэг мөнгө төгрөг аваагүй, ... шүүх санаачилгаараа үүргийн гүйцэтгэлийг сольсон гэж дүгнэсэн, ... зээлийн гэрээг байгуулахад хүч хэрэглэхээр заналхийлсэн, ... хууль бус ... гэрээг үндэслэн хүү тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх энэхүү гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын гэрээний агуулга, маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон байх боловч маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.Г нар нь 2018 оны 04 дүгээр сард 16.5 см урттай, 2.80 см өргөнтэй шалаанз чиргүүлийг 4000000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Б нь мөнгийг хариуцагч Э.Гт шилжүүлж төлсөн боловч хариуцагч Э.Г нь уг чиргүүлийг худалдахаа больж гэрээнээс татгалзаж, эд хөрөнгөө буцаан авсан ба мөнгийг буцааж төлөөгүй,

 

үүний дараа зохигчид 84-13 УНЕ улсын дугаартай SSANGYONG маркийн зүтгүүр буюу автомашины толгойг, 86-86 БЧ улсын дугаартай, 12.50 см урттай, 2.40 см өргөнтэй чиргүүлийн хамт 38000000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож нэхэмжлэгч Б.Б өмнөх чиргүүлийн үнэд өгсөн 4000000 төгрөг дээр нэмж 20000000 төгрөгийг хариуцагч Э.Гт төлсөн боловч мөн хариуцагч Э.Г нь уг зүтгүүр болон чиргүүлээ буцаан авсан,

 

ингэснээр талууд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн дээрх машинуудын үнэд төлсөн буцаан авах ёстой нийт 24000000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг бичгээр  байгуулсан ба 2018 оны 09 дүгээр сарын 10-ны хариуцагч Э.Г 7000000 төгрөгийг буцаан төлсөн,

 

нэхэмжлэгч Б.Б нь дээрх гэрээний үүргийг хангах буюу өөртөө туслах зорилгоор Toyoto Camry маркийн 99-29 УНӨ улсын дугаартай автомашиныг хариуцагч Э.Гийн зөвшөөрснөөр С.Оы нэр дээр шилжүүлэн авсан тухай үйл баримт тус тус тогтоогдсон байна.

 

 Анхан шатны шүүх зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг худалдах, худалдан авах гэрээний үүргийг талууд зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилж солихоор тохиролцсон гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар тодорхойлж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т заасан үүрэг дуусгавар болох тухай буюу талууд үүргийг солихоор тохиролцсноор үүрэг дуусгавар болох тухай зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Б.О нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн зэрэг дүгнэлтүүд нь дээрх хуулиудад нийцжээ.

 

Хариуцагч Э.Г нь зээлийн гэрээг байгуулахдаа айлган сүрдүүлсэн, өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл биш, хүү алдангийн нөхцлийн талаар тохиролцоогүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж, үүнийгээ нотлох зорилгоор нэхэмжлэгчтэй гар утсаар ярьсан тухай бичлэг бүхий CD-г шүүхэд ирүүлж, үзлэг хийсэн тэмдэглэл, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ЗШ/71 дугаартай шийтгэврийг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигчид өмнө байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгож, уг гэрээний биелэгдээгүй үлдсэн үүргийг зээлийн гэрээний үүрэг болгож сольсон нь хууль зөрчөөгүй, энэ талаар талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгээр гэрээ байгуулсан, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсноор үүрэг дуусгавар болох тухай зохицуулсан бөгөөд хариуцагч Э.Г нь худалдах, худалдах авах гэрээнээс өөрийн санаачилгаар татгалзаж шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан атлаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх буюу нэхэмжлэгчээс машины үнэд төлсөн нийт 24000000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс энэхүү үүргийн хувьд талууд өмнөх худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгож, уг 24000000 төгрөгийн хувьд шинээр зээлийн гэрээ байгуулсан нь дээрх үүрэг дуусгавар болох тухай зохицуулалт болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг зөрчөөгүй, хүчин төгөлдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна.

 

Хариуцагч талаас ирүүлсэн дээрх нотлох баримтуудын хувьд авч үзвэл нэхэмжлэгчийн эхнэр Б.Дуламсүрэнгийн хариуцагч Б.Оаас дээрх гэрээний үүргийг шаардаж, хэрүүл маргаан үүсгэсэн тухай үйл баримт нь цаг хугацааны хувьд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр болсон тул энэхүү үйл баримтыг зохигчдын хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг байгуулахад хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн гар утасны бичлэгийг шүүхэд ирүүлж үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т нийцээгүй, уг бичлэгийг нэхэмжлэгчид мэдэгдэлгүй хийсэн нь нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэх үндэслэл болох төдийгүй нотлох чадвараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар мөнгөө буцаан шаардах эрхтэйн гадна зохигчид гэрээндээ алдангийн нөхцлийн талаар тусгаж тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн болно.

 

Мөн нэхэмжлэгчийн гаргасан түлшний үнэ 1040000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон, энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Э.Г нь гэрээний үүрэгт 1800 юань өгсөн гэх боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн Toyoto Camry маркийн суудлын автомашиныг 12000000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч Б.Бд өгсөн гэх боловч энэхүү үйл баримтын хувьд уг тээврийн хэрэгсэл гуравдагч этгээд буюу С.Оы өмчлөлд бүртгэлтэй, үнийн хувьд талууд 12000000 төгрөгөөр тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс шүүх гэрээний үүрэгт хамааруулан Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан харилцан тооцох шаардлага бүхий үүрэг гэж дүгнэх үндэслэлгүй.

 

            Гэхдээ хариуцагч Э.Гийн хувьд Toyoto Camry маркийн суудлын автомашинтай холбоотой шаардлагаа буюу энэ талаар тусдаа нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Г болон түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүх маргаанд хамааралгүй зохицуулалт буюу Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг хэрэглэснийг 1 дүгээр заалтаас хасч, мөн заалтад Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т заасныг нэмж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Хариуцагч Э.Г болон түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын давж заалдсан гомдлыг хангаагүй тул тэдний  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 136/ШШ2019/00247 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтаас “... 495 дугаар зүйлийн 495.1 ...” гэснийг хасч, заалтад “236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Э.Г болон түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ