Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1046

 

 

 

 

   2021           12              9                                        269.1                                              

                                                                                         

М.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Д.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/461 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Цд холбогдох 2102000000067 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            М.Ц,

Шүүгдэгч М.Ц нь Н.Уийн нэхэмжлэлтэй Б.Э болон Техник Форум ХХК хариуцагчтай “Дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх үед Н.Утэй үгсэн тохиролцож, Н.Ут давуу байдал бий болгох зорилгоор хэргийг хянаж байсан шүүгч Б.Цын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Н.Уээс өгсөн 35.000.000 төгрөгийн хахуулийг 2016 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шүүхийн байрны гадаа өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас: М.Цгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас М.Цд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж, М.Цг хээл хахууль өгч авахад зуучлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.Цд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэдийгээр М.Цгийн яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн ч түүнийг хээл хахууль өгч авалцахад зуучлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлгүй байна.

1. Анхан шатны шүүх М.Цг 2016 оны 1 дүгээр сард гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж дүгнэсэн байх бөгөөд М.Цгийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд 2016 оны 1 дүгээр сар гэсэн зүйл яригдаж бичигдээгүй байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд М.Цгийн хээл хахууль зуучлах гэмт хэргийн завдалт үйлдсэн хугацаа тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, мөн анхан шатны шүүх ямар баримтаар тогтоогдож байгааг дурьдаагүй. Үүгээр М.Цгийн хээл хахууль өгч авахад зуучилсан гэмт хэргийн завдалт тогтоогдоогүй гэж үзэж байна.

2. Түүний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж болохгүй бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй ч Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн “g”, Монгол Улсын Үндсэн хуулийн ... зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан байгааг дурдах нь зүйтэй.

3. 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай саналыг мөрдөгч гаргаснаар 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 129 дүгээр прокурорын тогтоолоор М.Цд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй бөгөөд М.Цг яллагдагчаар татсан 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “үйлдсэн гэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” дууссан байхад яллагдагчаар татсан нь хуульд нийцээгүй байна. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч хуулийн заалтыг чанд сахихыг үүрэг болгосон байхад хуулийн үндэслэлгүй санал мөрдөгч гаргаж, прокурор тогтоол үйлдэж, шүүх гэм буруутайд тооцсон.

Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 болгон өөрчилсөн ч 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад М.Цд прокурорын 129 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, уг тогтоолын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх зөвтгөж хэргийг хэрэгсэхгүй болгох байтал М.Цгийн эрх зүйн байдлыг дордуулж гэм буруутайд тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.

Авилгын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 30 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлүүдэд шүүхийн шийдвэр гаргахдаа Үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлэн дотоодын хуулиар гэмт хэргийг тогтоохыг заасан байдаг. Дээрх хуулийн зүйл, заалтаар М.Цд холбогдуулан явагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцээгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр М.Цгийн үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. ...” гэв.

Шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Цаашилбал, энэ хуулийн хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн шинэчлэгдсэн хууль батлагдсан. 2015 оны Төрийн мэдээлэл сэтгүүлийн 7 дугаарт хэвлэгдэн гарснаар хүчинтөгөлдөр болсон. Гэтэл М.Цгийн үйлдэл нь 2015 оны үйлдэл бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байхад гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн шийтгэх тогтоол болсон гэж үзэж байна. Гэмт хэрэгт тооцохгүй болно гэдэг нь тухайн цаг үед гэмт хэргийн шинжтэй байсан боловч үүнийг Монгол Улсын хуулиар гэмт хэрэгт тооцохгүйгээр хүчингүй болгосон байдаг тул гэм буруугийн асуудлыг шүүх хэлэлцэх боломжгүй. Иймд М.Цгийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарсан байх тул өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гомдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэж байгаа ч яг юу зөрчигдсөн гэж тайлбарлаад байгаа нь тодорхойгүй байна. Анх 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлд заасан хахууль өгсөн гэдэг үйлдлээр яллагдагчаар татсан болохоос хахууль өгөхөд зуучилсан гэдэг үйлдлээр татаагүй. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад М.Цгийн үйлдэл хахууль өгөх биш хахууль өгөхөд зуучилсан үйлдэл байна, уг үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэсэн. Нэгэнт яллагдагчаар татаж шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоос биш өөр үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломж байхгүй. Өмгөөлөгч Ж.Батзоригт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж байна. Хууль тогтоогч нар 2002 оны Эрүүгийн хуульд хахууль өгөхөд зуучлах гэх гэмт хэргийг хуульчилсан бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуульд зуучлах гэдэг нэр томьёогоороо байхгүй, гэхдээ хээл хахууль авах, өгөх гэмт хэргийн аль үйлдэлд хамтран оролцож, дэмжлэг үзүүлснийг харгалзан тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан хамжигчаар зүйлчлэхээр баталсан. Энэ нь шүүхийн практикт нэгэнт тогтсон үйл баримт тул өмгөөлөгчийн тайлбар мөн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Н.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн /1хх 31-32/, гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /1хх 38-42/, шүүгдэгч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн /1хх 76-77/, мөн түүний мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн /1хх 98-99/ тус тус мэдүүлгүүд, Худалдаа хөгжлийн банкнаас гаргаж өгсөн Ө.Уаас 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөгийг М.Ц рүү шилжүүлсэн баримт /1хх 59-60/, Хаан банкнаас гаргаж өгсөн М.Цгийн 5076303818 дугаартай дансны хуулга /1хх 63-65/, шүүгдэгч М.Цгийн дансны хуулга /1хх 63-67/, М.Цгээс Н.Ут Хууль зүйн туслалцаа авсны хөлсийг буцаан өгсөн тооцоо /1хх 82/, Н.Уийн нэхэмжлэлтэй Б.Э, “Техник форум” ХХК-д холбогдох иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 102-103/, Н.Уийн нэхэмжлэлтэй Б.Э, “Техник форум” ХХК-д холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх 105/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 37876 дугаартай шүүгчийн захирамж /1хх 109-111/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 39864 дугаартай шүүгчийн захирамж /1хх 112/, өмгөөлөгч Ш.Энхмаагаас гаргасан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт” /1хх 113/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32016/00624 дугаартай шүүгчийн захирамж /1хх 121-122/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаартай шүүхийн тогтоол /1хх 128-129/, шүүгдэгч М.Цгийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан тайлбар /1хх 177-178/, М.Ц, Н.У нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 180/, Н.Уийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж /1хх 121/, “Техник форум” ХХК-ийн захирал Ц.Түмэнгийн “Шүүгчийн захирамжид гаргасан гомдол” /1хх 123/, “Техник форум” ХХК-ийн захирал Ц.Түмэнгийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн тухай шүүхийн тогтоол /1хх 128/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 36 дугаартай захирамж /1хх 166/, эрүүгийн 201725020840 дугаартай хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 171/ зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч М.Цг Н.Уийн нэхэмжлэлтэй Б.Э болон Техник Форум ХХК хариуцагчтай “Дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх үед Н.Утэй үгсэн тохиролцож, Н.Ут давуу байдал бий болгох зорилгоор хэргийг хянаж байсан шүүгч Б.Цын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Н.Уээс өгсөн 35.000.000 төгрөгийн хахуулийг 2016 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шүүхийн байрны гадаа өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, энэ талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, тогтоогдсон үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Д.Наранцэцэг “...М.Цгийн хээл хахууль зуучлах гэмт хэргийг үйлдсэн хугацаа тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, мөн анхан шатны шүүх ямар баримтаар тогтоогдож байгааг дурдаагүй, ... түүний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж болохгүй бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, ... М.Цг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ... яллагдагчаар татсан нь хуульд нийцээгүй, ... анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэг болгон өөрчилсөн ч 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад М.Цд прокурорын 129 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, уг тогтоолын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх зөвтгөж хэргийг хэрэгсэхгүй болгох байтал М.Цгийн эрх зүйн байдлыг дордуулж гэм буруутайд тооцсныг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч М.Цгийн яллагдагчаар өгсөн “... 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын хооронд надад өгснийг нийлүүлж 35 сая төгрөг болгоод 2016 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн шүүхийн үүдэнд түүний машинд өгч байсан” /1хх 98-99/ гэсэн мэдүүлэг болон Худалдаа хөгжлийн банкнаас гаргаж өгсөн Ө.Ундрахаас 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөгийг М.Ц рүү шилжүүлсэн баримт /1хх 59-60/, Хаан банкнаас гаргаж өгсөн М.Цгийн 5076303818 дугаартай дансны хуулга /1хх 63-65/, шүүгдэгч М.Цгийн дансны хуулга /1хх 63-67/, М.Цгээс Н.Ут Хууль зүйн туслалцаа авсны хөлсийг буцаан өгсөн тооцоо /1хх 82/, хууль зүйн туслалцаа үзүүлэх /М.Ц, Н.У нарын хооронд байгуулсан/ гэрээ /1хх 180/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлэн хэргийн үйл баримтыг тогтоох үндэс суурь болдог бөгөөд шүүгдэгч М.Цд холбогдох хэргийн хувьд, дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлаж, дүгнэлт хийх байдлаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоожээ.

Иймд, өмгөөлөгчийн “М.Цгийн хээл хахууль зуучлах гэмт хэрэг үйлдсэн хугацаа тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсон” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон байх тул “яллагдагчаар өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж болохгүй” гэх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт “Хээл хахууль өгч авахад зуучилсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн эрх зүйн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх”, мөн “гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн үндсэн зарчмууд Эрүүгийн хуульд тусгагдсан байдаг.

2015 оны Эрүүгийн хуулийн бүтэц, дэс дараалал, зарим зүйл, хэсгийн нэршил өөрчлөгдсөн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн хээл хахууль зуучлах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах, мөн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэргүүдийн бүрэлдэхүүнд үндсэн шинж, агуулгаараа хуульчлагджээ.

Хээл хахууль зуучлагч этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь хахууль өгөгч, авагч талуудын аль талын эрх ашиг, сонирхлын үүднээс аль талд нь илүү үйлчилж, тухайн саад бэрхшээлийг шийдвэрлүүлэхэд хууль бус дэмжлэг, туслалцаа үзүүлсэн оролцооны хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд заасан хахууль өгөх, авах гэмт хэргүүдээр ялган зүйлчлэх үзэл баримтлалыг Эрүүгийн хуульд тусгасныг харгалзан үзэхийн зэрэгцээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг үндэслэн хэргийг зүйлчлэх нөхцөл байдал үүснэ.

Дээрх хуулийн үзэл баримтлал, зарчимд суурилан шүүгдэгч М.Цгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:

72.1.1. хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:

1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж тус тус заасан.

Прокуророос шүүгдэгч М.Цг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоол /1хх 78-79/-оор яллагдагчаар татсан байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч, хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтоосноос үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байжээ.

Түүнчлэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зохицуултад буюу таван жилд хамаарч байгаагаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Цд холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль зуучлах” болгон хөнгөрүүлэн өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хуульд нийцжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийн нэг болох эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, журам, нөхцлийг шинэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтай байдлаар хуульчилсан байдлыг хамааруулж, харин шинэ хуулиар эрх зүйн байдлыг дордуулсан тохиолдолд өмнөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл үүсдэг.

2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан бөгөөд энэ хэм хэмжээг хэрэглэхдээ, анхан, давах, хяналтын аль нэг шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд тухайн шатны шүүх хуралдаанаас уг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгаар тайлбарлан хэрэглэдэг.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/461 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                       

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР