Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00128

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Л.Нинжбадгарын өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг, Л.Нинжбадгар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Нинжбадгар нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаар санал бичиж ирүүлсэн эрүүгийн 171500004400011 дугаартай, 132/2017/0123/Э индекстэй хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Д хэсгийн 8-5 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хишигдоржийн Лхагвадорж /РД:ГЮ95032213/.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Ачуут шинэ хорооны 2-4 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвадоржийн Ариунжүржиг /РД:ГЮ98083117/.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 26-1-12 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Лхамаагийн Нинжбадгар /РД:ГЮ94082214/.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Х.Лхагвадорж нь яллагдагч Л.Ариунжүржигтэй бүлэглэж 2017 оны 7 дугаар сарын 14-ний орой Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн “Халиун булаг” гэх баарны гадна Л.Нинжбадгарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Л.Ариунжүржиг нь яллагдагч Х.Лхагвадоржтой бүлэглэж 2017 оны 7 дугаар сарын 14-ний орой Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг “Халиун булаг” гэх баарны гадна Л.Нинжбадгарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Л.Нинжбадгар нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний орой Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн “Халиун булаг” гэх баарны гадна Л.Ариунжүржигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Лхагвадорж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ариунжүржиг мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нинжбадгар мэдүүлэхдээ: Би Ариунжүржигийг цохиж гэмтэл учруулсан нь үнэн. 2017 оны 7 дугаар сарын 14-ний орой 23 цаг 30 минутын үед  “Халиун булаг” баарнаас найз нарын хамт гарч ирсэн. Бидний араас Л.Ариунжүржиг гарч ирээд манай найз Мөнхзаяатай юм ярьж байгаад “энэ бандийг чинь би цохиод, мөргөөд хаячих уу?” гээд надаас хэрүүл өдөөд бид хоёр маргалдсан. Тэгээд би түүний нүүр лүү цохиход нүүрээ дараад буцаж гүйж ороод Лхагвадоржтой цуг гарч ирэхэд Лхагвадорж нь шууд үгийн зөрүүгүй намайг цохисон. Бид нар хоорондоо ноцолдоод намайг унахад өшиглөсөн, мөн Ариунжүржиг ч өшиглөөд байсан. Одоо надад гомдол санал байхгүй, Ариунжүржигтэй эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

        171500004400011 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Гэрч У.Эрдэнэцэцэг өгсөн: Манай найз П.Уранбилэг “Халиун булаг” гэдэг караокед дуулъя, өнөөдөр Б.Мөнхзаяагийн төрсөн өдөр нь “хүрээд ир” гээд бид хоёрын утасруу залгасан. Удалгүй бид хоёр явж очоод нэг их удалгүй захиалсан дуунуудаа дуулаад гаръя гээд байхаар нь дуулуулчихаад би жирэмсний хордлогтой байсан болохоор гараад ирсэн. Гарч ирчихээд “Халиун булаг” караокены үүдний гадна талд зогсож байсан чинь Л.Ариунжүржиг гарч  ирчихээд Б.Мөнхзаяа руу очоод “Манай ширээнд очоод суучих” гэсэн чинь Б.мөнхзаяа “Би найзуудтайгаа явж байна, одоо угаасаа орой болчихлоо гэрт хүүхэд уйлаад байна” гэж хэлсний дараа Л.Ариунжүржиг манай нөхөр рүү харснаа “Энэ банди чинь хэн бэ? би энийг чинь мөргөчих үү, цохиод хаячих уу” гэж хэлчихээд манай нөхрийг дуудаад байхаар нь би очоод “Чи одоо хаашаа янзын залуу вэ?, ууж идсэнээ зөв шингээж чадахгүй” гээд хэлсэн чинь караоке руугаа ороод Лхагвадоржийгоо дуудаад гаргаж ирсэн. Лхавадорж караокеноос гарч ирээд шууд л үгийн зөрөөгүй манай нөхөр Л.Нинжбадгарыг цохичихоор нь би очоод “чи чинь найзаасаа юу болсныг асуугаагүй байж яагаад шууд ингэж манай нөхрийг цохиж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь эргэж хараад намайг цохисон. Намайг цохисны дараа манай нөхөр “чи жирэмсэн эмэгтэй хүнд яагаад гар хүрч байгаа юм бэ? гэсэн чинь Лхагваа “Энэний жирэмсэн надад хамаагүй ээ” гэж хэлээд намайг баахан цохисон. Бүр хамарнаас цус гартал цохиод байсан. Тэгж намайг цохиж байгаад л, Ариунжүржигтэйгээ хоёулаа нийлж манай нөхрийг унагааж байгаад зодсон гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Б.Мөнхзаяагийн өгсөн: Тэр өдөр миний төрсөн өдөр байсан. Караокед дуулчихаад тарах гээд байж байсан чинь танил Л.Ариунжүржиг араас гарч ирээд намайг “хамт суучих” гэхээр нь би “үгүй ээ, одоо харилаа” гэсэн чинь Л.Ариунжүржиг Л.Нинжбадгарыг зүгээр гараараа чичилж заасан чинь Л.Нинжбадгар “чи одоо яагаад байгаа юм бэ” гэсэн чинь Л.Ариунжүржиг хамт явж байсан Х.Лхагвадоржийг дуудаж гаргаж ирээд Л.Ариунжүржиг Нинжбадгартай барьцалдаж авсан чинь Х.Лхагвадорж хажуу талаас нь орж ирээд нийлж байгаад Л.Нинжбадгарыг зодсон. Л.Ариунжүржиг гүйж ороод Х.Лхагвадоржийг дуудахдаа гадаа хүмүүс намайг нийлж зодоод алах гээд байна гэж хэлээд авч гарч ирсэн юм билээ гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Гэрч П.Уранбилэгийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр манай найз Б.Мөнхзаяагийн төрсөн өдөр нь болоод Л.Нинжбадгар, У.Эрдэнэцэцэг нарыг “Халиун булаг” караокед дуудсан. Удалгүй Л.Нинжбадгар, У.Эрдэнэцэцэг нар ирж бид хэд гарах дөхсөн байхад Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг нар орж ирсэн. Бид нарыг хараад мэндлэх бол уу гэж бодсон мэндлээгүй суусан. Бид 4 дуугаа дуулж дуусгаад караокены үүдэнд зогсож байтал Ариунжүржиг гарч ирээд Заяаг цааш нь авч яваад удалгүй Заяа уурлаад хүрээд ирсэн чинь Заяагийн араас хүрч ирсэнээ Жүржиг “яасан сүртэй юм, энэ бандийг чинь би цохиод, мөргөөд хаячих уу?” гэснээ гүйж ороод Лхагваатайгаа цуг гарч ирээд Лхагваа нь шууд үгийн зөрүүгүй Нинжээг шууд цохисон. У.Эрдэнэцэцэгийг үсдэж доош нь харуулж байгаад цохихоор нь би “жирэмсэн хүн зодлоо” гэсэн чинь Лхагваа надад хамаагүй гээд байсан. Жүржиг нь намайг урдаа барьж байгаад Нинжээг өшиглөөд байсан. Би тэгэхээр нь Жүржигийг цааш нь түлхэсний дараа Лхагваа намайг унатал нь цохисон. Би босч ирээд цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь Лхагваа хувцсаа тайлаад “Тэр цагдаагаа дууд, надад хамаагүй” гээд байсан. Цагдаа ирсний дараа Лхагваа яг юу болсон юм бэ. Жүржиг над дээр орж ирээд та дөрвийг нийлээд намайг зодчихлоо гэж хэлсэн” гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

       Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 210 тоот:

1. Л.Нинжбадгарын биед дээд уруулд шарх, дээд уруулд цус хуралт, баруун тохой, нуруу, цээжинд зулгаралт, толгойн хуйх, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-26 тал/,  

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот:

 Б.Мөнхзаяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-31 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 206 тоот:

Л.Ариунжүржигийн биед дээд уруулд шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-37 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76-80 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар 2017 оны 7 дугаар сарын 14-ний орой 23 цагийн  үед Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Халиун булаг” гэх баарны гадна шүүгдэгч Л.Нинжбадгар “энэ бандийг чинь би цохиод, мөргөөд хаячих уу?” гэж өдөөн хоргоолоо гэх шалтгаанаар Л.Ариунжүржигтэй маргалдах явцдаа нүүр лүү нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг нар нь “цохьсон” гэх шалтгаанаар Л.Нинжбадгарыг бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд Л.Нинжбадгар, Л.Ариунжүржиг нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг,  гэрч У.Эрдэнэцэцэг, Б.Мөнхзаяа, П.Уранбилэг нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 210, 206 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Иймд шүүгдэгч Л.Нинжбадгарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг нар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

         Гэмт хэргийн улмаас Л.Нинжбадгар, Л.Ариунжүржиг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, харилцан бие биедээ санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдлыг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Нинжбадгар, Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Гөрөөчин овогт Лхамаагийн Нинжбадгарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Боржигон овогт Хишигдоржийн Лхагвадорж, Боржигон овогт Лхагвадоржийн Ариунжүржиг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Нинжбадгарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.Лхавадорж, Л.Ариунжүржиг нарыг тус тус 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Нинжбадгарын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 45000 /дөчин таван мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг нарын 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 55000 /тавин таван мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Нинжбадгар, Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Нинжбадгар, Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нинжбадгар, Х.Лхагвадорж, Л.Ариунжүржиг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД