Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2019/00027

 

 

 “Х банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 137/ШШ2019/00204 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК -ийн нэхэмжлэлтэй,                                                                                                   Хариуцагч: ... О.М,

Хариуцагч: ... Б.Б нарт холбогдох

Орон сууцны зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 50084385 төгрөг гаргуулах, сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0714002134 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000188421 тоот гэрчилгээтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн 139-р байрны 75 тоотод байрлах 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

           Хариуцагч О.М, Б.Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.М, Б.Б нар нь тус банктай 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №RCC2013020820 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, №RCC2013020820 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 54000000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №RCC2013020820 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-0714002134 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000188421 тоот гэрчилгээтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 139-р байрны 75 тоот 60 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 54000000 төгрөгөөс 8 511 800.46 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 49 422 576.38 төгрөгөөс 46 870 268.81 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч О.М, Б.Б нар нь “Орон сууцны зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу №RCC2013020820 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9.2-т заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.

Иймд зээлдэгч О.М, Б.Б нартай байгуулсан №RCC2013020820 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 48 044 007.11 төгрөгийг Х банканд гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 398 171 төгрөгийг төлсөн болно. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0714002134 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000188421 тоот гэрчилгээтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 139-р байрны 75 тоот 60 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Мөн Х банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон нэхэмжлэх болно...” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү болох 969 932 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ихэсгэж байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү болох 1 070 445.59 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ихэсгэж байна...” гэжээ.

 

Хариуцагч О.М, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 4.1.15 дахь хэсэгт “Ипотекийн зээлийн дахин санхүүжилт” гэж зээлдэгчийн хүсэлтээр хуучин зээлийг илүү таатай нөхцөлтэй шинэ зээлд шилжүүлэх ажиллагаа гэж заасны дагуу бид Худалаа хөгжлийн банканд 8 хувийн зээлэнд хамрагдах хүсэлтээ гаргаж байсан боловч хамтран зээлдэгч болох эхнэр Б.Б хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй. Тухайн үед Х банкнаас хугацаа хэтрүүлсэн зээлээ төлбөл эхнэр Б.Бгийн зээлийн түүхийг хэвийн ангилалд шилжүүлж, 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэсэн учир Голомт банкнаас О.М би 13 000 000 төгрөгийн цалингийн зээл гаргуулж Х банканд төлсөн. Тэгээд 8 хувийн зээлэнд шилжүүлж өгнө гэж байсан боловч 13 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөлт хийлгэсний дараа урьдчилгаа 10 хувь дутуу гэх үндэслэлээр шилжүүлээгүй. Бид урьдчилгаа 20 хувь болох 13 570 000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай” журмын 2.4 дэх хэсэгт Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувь хүртэл байна гэж заасан байхад банкны зүгээс урьдчилгаа 30 хувь бүрдээгүй гэж татгалзсан нь дээрх журмыг зөрчсөн. Мөн бид удаа дараа 8 хувийн зээлэнд хамрагдахаар банкнаас тавьсан шаардлагыг хангахын тулд Голомт банкнаас хэд хэдэн удаа зээл авч урьдчилгаа 30 хувийг болон хугацаа хэтрүүлсэн зээлэнд дээрх 13 000 000 төгрөгийг Х банканд шилжүүлсэн боловч хариуцаж байсан ажилтан солигдсон, дараа сарын төлөлтөө хийчихвэл шилжүүлж өгнө гэх шалтгаанаар хойшлуулсаар 8 хувийн зээлд шилжүүлж өгөөгүй. Иймд Х банкнаас санал болгосноор дээрх нөхцлийг хангавал 8 хувийн зээлд шилжүүлж өгнө гэж ойлгож зээлийг зээлээр хаасаар санхүүгийн хүнд нөхцөлд ороод байна.

Одоогийн байдлаар бид Х банканд үндсэн зээл болох 54 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүүнд 87 816 317 төгрөг, үндсэн зээл 54 000 000 төгрөг, нийт 141 516 317 төгрөгийн төлөлт хийхээр байгаа буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 8 511 800 төгрөг, зээлийн хүү 46 848 783 төгрөг, нийт 55 360 583 төгрөгийг төлсөн байна. Х банкны зүгээс зээлийн нөхцлийн болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байхад үндэслэлгүйгээр 8 хувьд шилжүүлээгүй, мөн биднийг хуурч өнөөдрийг хүртэл жилийн 15.6 хувийн хүүтэйгээр төлөлт хийлгүүлж байгааг үндэслэлгүй гэж үзэж үндсэн зээл 54 000 000 төгрөгийн зээлийн хүүг 8 хувиар тооцож 64 800 000 төгрөг жилийн хүү 4 320 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 6 жилийн нийт хүү 25 920 000 төгрөг болж байна. Иймд Х банкнаас нэхэмжилсэн үндсэн хүүгийн төлбөр 49422576.38 төгрөгөөс 23502576 төгрөгийг хасаж өгнө үү...” гэжээ.   

 

Хариуцагч О.М нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: “...миний бие тус сумын Х банкнаас гаргасан 2 дахь удаагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус банкны зүгээс гаргасан анхны нэхэмжлэлийн дагуу тайлбарт шалтгаан, тайлбарыг тодорхой бичсэн...” гэжээ.

 

Хариуцагч Б.Б нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: “...Б.Б миний бие тус сумын Х банкнаас гаргасан 2 дахь удаагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус банкны зүгээс гаргасан анхны нэхэмжлэлийн дагуу тайлбарт шалтгаан, тайлбарыг тодорхой бичсэн бөгөөд дээрхийн адил уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хариуцагч О.М, Б.Б нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, бүгд 50084385 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгож,    

 

Хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдпөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар О.М, Б.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0714002134 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000188421 тоот гэрчилгээтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 139-р байрны 75 тоотын 60.0 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь №РСС2013020820 тоот дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг 50084385 төгрөгөөр хангуулахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 456242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 2523 төгрөгийг, хариуцагч О.М, Б.Б нараас 408372 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож,

 

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.М, Б.Б нар давж заалдсан гомдолдоо: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 137/ШШ2019/00204 дугаар шийдвэрээр О.М, Б.Б нараас 50084385 төгрөг гаргуулж “Х банк”-нд олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Дээрх иргэний хэрэгт зээлийг буюу мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт шилжүүлсэн талаар нотлох баримт байхгүй байгаа нь өөрөө дээрх зээл бүрэн олгогдсон эсэх, гэрээ байгуулагдсан эсэх зэрэг нь эргэлзээтэй байхад шүүхээс гэрээ байгуулагдсан гэж дүгнэн тооцоолол бодож 50084385 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар иргэний хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай болсон. Нэгэнт хэдэн төгрөгний зээлийг хэрхэн хэнд олгосон нь тодорхойгүй байхад зээлийн тооцооллыг шүүгчээс зөв дүгнэж тооцон шийдвэр гаргах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр зээлийг олгосон байлаа гэж үзэхэд зээлийн тооцооллыг бодохдоо нэхэмжлэгчээс гэрээний давуу байдлаа ашиглан Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг нэхэмжлэгчид хэрэглэх боломж байсаар байхад хэрэглэхгүй хэт нэг талыг барьж хариуцагчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Монгол улсын засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай” журмын 2.4-т “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувь хүртэл байна”, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн 446 дугаар тоот тушаалын нэгдүгзэр хавсралт “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 4.1.15-д “Ипотекийи зээлийн дахин санхүүжилт” гэж зээлдэгчийн хүсэлтээр хуучин зээлийг илүү таатай нөхцөлтэй шинэ зээлд шилжүүлэх ажиллагаа гэж тус тус заасны дагуу зээлийг улсаас олгож буй бага хүүтэй, илүү таатай нөхцөл рүү шилжүүлэхээс хууль бусаар татгалзан өөрийн өндөр хүүтэй зээлээр мөнгө хүүлсээр байгаа үйл баримтад дүгнэлт өгөлгүй асуудлыг нэг талд ашигтайгаар шийдвэрлэсэн.

Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хуудасны 3 дахь догол мөрөнд гэрээнээс татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасны дагуу хохирол тооцжээ. Гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн байна.

Улсын дээд шүүхийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжөөр гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаварыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг гэж тайлбарласан. Хэрэв шүүгч гэрээнээс татгалзсан гэж үзвэл гэрээгээр өгсөн авсанаа л буцаахаас биш шүүхийн шийдвэр гарах хүртэл хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулах боломжгүй юм.

Хэрэв шүүгч гэрээнээс татгалзсан гэж үзвэл гэрээгээр өгсөн авснаа л буцаахаас биш шүүхийн шийдвэр гарах хүртэл хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулах боломжгүй юм.

Х банкнаас зээлсэн 54000000 төгрөгийн мэдээлэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлдэгч О.Мы нэр дээр бүртгэгдсэн байна. Мөн тус “Орон сууцны зээлийн гэрээ” нь Х банк О.М нарын хооронд байгуулагдаж үндсэн зээлдэгч О.М гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч О.Мы гэрийн хаяг нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 21-а байр 89 тоот бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь эхнэр Болормаа буюу хамтран зээлдэгч биш үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгөө барьцаалсан этгээдийн хаягаар нэхэмжлэлийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл болж байна.

Мөн өмгөөлөгчөөс дээрх үйл баримтыг зааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасны дагуу хэргийг буцааж өгнө үү гэсэн тайлбарыг гаргахад Иргэний хууль гэж андуурч шийдвэртээ тусгасан байдаг.

Дээр дурдсанаас дүгнэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 204 дугаар шийдвэрээр хариуцагч О.М, Б.Б нараас 50084385 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байгааг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Хариуцагч нар гомдолдоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх нотлох баримт байхгүй учир зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй гэжээ. Гэвч хариуцагч нар нь анх нэхэмжлэлийг гардан аван 54 000 000 төгрөгийн зээлийн хүүг 8 хувиар тооцож 64 800 000 төгрөг жилийн хүү 4 320 000 төгрөг 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 6 жил болсон учир банкнаас нэхэмжилсэн үндсэн хүүгийн төлбөр 49 422 576 төгрөгөөс 23 502 576 төгрөгийг хасаж тооцуулахаар хариу тайлбарыг шүүхэд гаргаж байсан буюу зээл аваагүй гэж маргаж байгаагүй. Мөн шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагч О.Маас та 54 000 000 төгрөгийн зээл авсан уу, танд орж ирсэн мөнгийг та юунд зарцуулсан бэ гэж тодруулан асуухад хариуцагч би авсан, зээлээ энэ байрыг авахад зарцуулсан гэж тайлбар хэлж байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт буюу Монгол банкнаас гаргасан Д.Мэндсайханы зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, нэхэмжлэгчээс гаргасан зээлийн дансны тооцоолол зэргээр дээрх гомдол нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч нар гомдолдоо зээлийн тооцооллыг бодохдоо нэхэмжлэгчээс гэрээний давуу байдлаа ашигласан. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг нэхэмжлэгчид хэрэглэх боломжтой байхад хэрэглэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэг, мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр байгуулагдсан орон сууцын зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээнүүд болох нь талуудын тайлбарууд мөн хавтаст хэргийг 9-14 дүгээр хуудсанд авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбаруудаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэм хор учруулсан, давуу байдлаа хууль бусаар ашигласан зэрэг нь шүүх хурлын явцад тогтоогдоогүй буюу энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй зэргээс үзэхэд хариуцагчийн дээрх шаардлага хэт үндэслэлгүй хийсвэр болох нь харагдаж байна. Хариуцагч нар гомдолдоо зээлийг улсаас олгож буй бага хүүтэй, илүү таатай нөхцөл рүү шилжүүлэхээс хууль бусаар татгалзан өөрийн өндөр хүүтэй зээлээр мөнгө хүүлсээр баримтад дүгнэлт өгөлгүй асуудлыг нэг талд ашигтайгаар шийдвэрлэсэн гэжээ. Энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд Засгийн газрын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 200 дугаар тогтоолоор батлагдаж Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүчингүй болсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд орон суууцны ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш урьдчилгаа төлбөрийн хэмжээ 30 хувиас доошгүй байх гэж заасан байдаг тул банк нь зохицуулагч байгууллагын журмын зохицуулалтын хүрээнд ажилласан байна. Өөрөөр хэлбэл орон сууцны ипотекийн санхүүжилтийг Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын зөвлөмжийн хүрээнд гаргасан Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан журмыг удирдлага болгон арилжааны банкаар дамжуулан олгодог зээл юм. Гэвч хариуцагч нь засгийн газрын тогтоолыг зөвхөн удирдлага болгон тайлбар гаргаж байгаа нь бодит байдлыг мушгин гуйвуулсан үндэслэлгүй тайлбар юм. Банк бага хүүтэй болон таатай зээлрүү шилжүүлэхээс огт татгалзаж байгаагүй бөгөөд зээлдэгч нь ипотекийн зээлд хамрагдах дээрх шаардлагыг хангахгүй байхаас гадна дараах нөхцөлүүдийг мөн хангахгүй байсан тул орон сууцны 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх боломжгүй байсан байна. Шаардлагууд нь Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх гэсэн байдаг. Үүнийг бол зөрчиж байсан. Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх гэдэг заалтыг мөн зөрчиж байсан. Дээрх гурван шаардлагыг хангахгүй байгаагаас удаа дараа шилжүүлэх боломжгүй гэх хариу өгч байсан тухай шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлаж байсан бөгөөд энэ тухай шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан байх тул хариуцагчийн гомдолд тусгагдсанаар хууль бусаар татгалзаж, өөрийн өндөр хүүтэй зээлээр мөнгө хүйлсэн гэх үйл баримт байхгүй бөгөөд хариуцагчийн шаардлага нь үндэслэлгүй болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна.

 

Хариуцагч нь гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна гэжээ. Зээлдэгч нь нэхэмжлэл гардаж авсан үеийн хаяг дээрээ оршин суудаг, амьдарч байгаа болох нь нэхэмжлэл гардаж авч байгаа үед болон шүүх хуралдааны явцад хариуцагчийн тайлбараар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байсан нь хэргийг харьяаллын дагуу хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч О.М, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдол нь анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах ямар ч ач холбогдолгүй буюу үндэслэлгүй болох нь харагдаж байна. Харин тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 204 дүгээр шийдвэрийн захирамжлах хэсгийн 3-т зааснаар манай банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458 765 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн 456 242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 523 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж манай банканд олгохоор зөв шийдвэрлэсэн атлаа хариуцагч О.М, Б.Б нараас 408 372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар,...нөхөн төлүүлнэ гэж заасныг зөрчиж хариуцагч нараас шүүхийн нийт зардал болох 456 242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэх ёстой байсан боловч 408 372 төгрөгийг буюу 47 870 төгрөгөөр дутуу тооцож хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн байгаа нь манай банкийг тухайн үеийн дүнгээр хохироогоод байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийн захирамжлах хэсгийн 3-т зааснаар хариуцагч О.М, Б.Б нараас 408 372 төгрөгийг гэснийг хариуцагч О.Мэдсайхан, Б. Болормаа нараас 456 242 төгрөгийг гэж өөрчлөлт оруулан бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбар хариуцагч О.М, Б.Б нарт холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүрэгт зээл 45488199,54 төгрөг, зээлийн хүүд 2552307,57 төгрөг, зардал 3500 төгрөг, нийт 48044007,11 төгрөг гаргуулах, үүргийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж зээлд 45488199,54 төгрөг, зээлийн хүүд 4578310,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14373,85 төгрөг, нийт 50084385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, барьцаалбар зэрэгт үндэслэжээ.

 

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... банкны зүгээс зээлийн нөхцлийн болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байхад үндэслэлгүйгээр 8 хувийн зээлд шилжүүлээгүй, биднийг хуурч жилийн 15.6 хувийн хүүтэй төлөлт хийлгүүлж байгаа нь үндэслэлгүй...”  гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч “... зээлийг хэрхэн хэнд олгосон нь тодорхойгүй байхад зээлийн тооцооллыг хийсэн, ... зээлийн тооцооллыг бодохдоо ... хэт нэг талыг барьж хариуцагчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. ...өндөр хүүтэй зээлээр мөнгө хүүлсээр байгаа үйл баримтад дүгнэлт өгөөгүй, ... нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснийг зөрчсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг бүрэн дүүрэн тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нар нь Х банкны Замын-Үүд салбараас 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 54000000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар, сарын 1.3 хувь, жилийн 15.6 хувийн хүүтэй, 15 жил буюу 180 сарын хугацаатай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 139-р байрны 75 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан зээлж авсан, нэхэмжлэл шүүхэд гаргасан өдрийн байдлаар буюу 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагч нар нь зээлд нийт 8511800,46 төгрөг, зээлийн хүүд 46870268,81 төгрөг төлсөн тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

 

            Харин хариуцагч нар зээлийн эрсдэл үүссэн шалтгаан нөхцөл нь банкны зээл олгох үйл ажиллагаатай холбоотой буюу илүү хөнгөн нөхцөлтэй зээлд хамруулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж маргажээ.

 

            Нэгэнт зохигчид банкнаас олгосон энэхүү зээлийн үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх талаар маргаж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтад нийцсэн эсэхэд буюу зээлийн гэрээний зорилго, агуулга, зээл олгосон байдал зэрэгт үндэслэх учиртай.

 

            Өөрөөр хэлбэл банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх тухай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох эсэхийг тодорхойлохын тулд шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа банкны зээлийн агуулгад нийцсэн эсэх, банк зээл олгохдоо хууль болон гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, зээлийн гэрээний үндсэн нөхцлүүд хангагдсан эсэхэд хуульд нийцсэн дүгнэлт өгөх шаардлагатай болно.

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ... зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй юм.

 

            Зохигчдын тайлбараас болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтуудаас харахад зээлдэгч буюу хариуцагч нар нь гэрээний үүрэгт нийт 55382069,27 төгрөг төлснөөс зээлд 8511800,46 төгрөгийг, зээлийн хүүд 46870268,81 төгрөгийг төлсөн байх ба хариуцагч нар энэхүү үйл баримтыг үгүйсгэж, илүү хөнгөн нөхцөлтэй буюу 8 хувийн хүүтэй зээлд хамруулах буюу гэрээний нөхцлийг өөрчлөх тохиролцоо байсан учир ийнхүү гэрээ байгуулж зээл, зээлийн хүү төлсөн гэсэн байх ба нэхэмжлэгч нь мөн хариуцагч нарын энэхүү тайлбарыг үгүйсгээгүй буюу өөр банкнаас зээл авсан байсан учир 8 хувийн хүүтэй зээл олгох нөхцлийг хангаагүй гэжээ.

 

            Дээрх бүгдээс дүгнэж үзвэл зээлийн гэрээг байгуулахад талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж нөхцлөө харилцан тохиролцох, нэгэнт байгуулсан гэрээний нөхцлийг өөрчлөх зэрэг нь гэрээний чөлөөт байдлын зарчим мөн боловч урт хугацаатай зээлийн гэрээнд нэхэмжлэгч талаас тогтоосон хүүгийн хэмжээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т заасан “... зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэсэнтэй нийцэж байгаа эсэх, улмаар ийнхүү талууд хүүг тогтоох нөхцөл тохиролцоо нь илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хамруулах шалтгаан нөхцөл байсан эсэх, энэ тохиолдолд банкны зээл олгох ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг дүгнэх шаардлагатай болох юм.

 

Тодруулбал  нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагыг хангахгүй байсан гэх боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон зүйлгүй, тухайлбал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8, 9, 10-т зааснаар зээл авах үеийн зээлдэгчийн бусад банкнаас авсан зээлийн талаарх өөрийн болон зээлийн сангийн мэдээлэл, гуравдагч этгээдийн өмнө зээлдэгчийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбогдсон мэдээлэл, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл зэрэг шаардлагатай баримтууд болон орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч банкны зүгээс ямар нөхцөл шалгуураар тооцсон зэрэг үйл баримт тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчээс олгосон зээлийн үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг бүрэн дүүрэн дүгнэх боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Хариуцагч талын хүсэлтээр  хэрэгт авагдсан Монгол банкнаас ирүүлсэн зээлийн мэдээллийн сангийн зээлдэгчийн мэдээлэл баримтаас үзэхэд /хх-98/ хариуцагч О.М нь Х банкнаас 54000000 төгрөгийн зээлийг авах үед Хадгаламж банкинд 10000000 төгрөгийн үүрэг байсан, мөн Х банкнаас 54000000 төгрөгийн зээлийг авсан цаг хугацаанд буюу 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ХААН банкнаас 20000000 төгрөгийн зээлийг авсан байх бөгөөд нэхэмжлэгч зээл олгох үедээ энэхүү үүргийг хэрхэн тооцож эрсдлээ үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, улмаар энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-д зааснаар зээлдүүлэгчийн зүгээс зээлийн ашиглалтыг шалгах үүрэгт хамааралтай ба энэ талаарх үйл баримт нь шүүхээс дээрх дүгнэлтийг хийхэд ач холбогдолтой гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “...банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно...” гэж дурдагсанаас болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу удаа дараа зөрчил үүссэн гэдэг үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлтэй байна.” гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээг цуцлаж, түүнтэй холбоотой үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан эсхүл гэрээ цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аль нь болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүй гэрээг цуцлагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцээгүй.

 

Иймд хариуцагч нарын зээлийн үйл ажиллагаанд дүгнэлт хийгээгүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй байх ба харин нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар гаргаагүй буюу шүүхийн харъяалал зөрчсөн тухай болон зээлийг хэнд олгосон нь тодорхойгүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол  үндэслэлгүй байна.

 

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбарт тэмдэглэгдсэнээс өөрөөр хариуцагч нарыг Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт оршин суудаг талаарх баримтгүйн гадна харицагч нар нэхэмжлэлийн хувь гардуулах баримт болон шүүхийн бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо оршин суугаа газрын хаягаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 139 дүгээр байрны 75 дугаар тоотод оршин суудаг талаараа мэдүүлж байсан байх тул шүүхийн харъяалал зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн хариуцагч нар 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Х банкны Дорноговь аймгийн Замын-Үүд салбараас 54000000 төгрөгийн зээлийн мөнгийг авсан талаараа маргаагүй атлаа гомдолдоо зээлийг хэнд хэрхэн олгосон нь тогтоогдоогүй гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019  оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 137/ШШ2019/00204 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408372 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ