Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 00113

 

     Эмнэлгийн чанартай албадлагын

                                        арга хэмжээ хэрэглэх тухай

Булган  аймаг  дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Г.Баяраа,

шинжээч эмч Н.Уянга,

шүүгдэгч Г.Анхбаатар, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 120.1-д заасан гэмт хэргийн яллагдагч Гүррагчаагийн Анхбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай саналтай, эрүүгийн 201706000141 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-нд хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Нарсны задгайд оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Гал овогт Гүррагчаагийн Анхбаатар /РД:АР76031917/.

Холбогдсон хэргийн талаар: Г.Анхбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Нарсны задгайд оршин суух иргэн Д.Мөнхцэнгэлийн хашаан дотор хамтран амьдрагч Д.Болормааг “архи уулаа” гэх зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Анхбаатарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Уянгын өгсөн: Магадлуулагч Г.Анхбаатарын өвчин нь гэмтлийн гаралтай тархины эмгэг гэж явдаг. Эцэг эхээс төрөхдөө эрүүл саруул төрсөн. Амьдралынхаа явцад тархиндаа гэмтэл авснаас ийм өвчтэй болсон. 2017 оны 5 дугаар сарын 10-наас хойш сэтгэл санаа таагүй, нооргүйдэж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 28-наас эхэлж хурц дэмийрэлийн байдлаар сэтгэцийн өвчин эхэлсэн. Анх эмнэлэгт ирэхдээ нүдэнд нь хий юм харагдаад миний биеэр хулгана гүйгээд байна гээд өөрийн мэдэлгүй бүх хувцасаа тайлчихсан нүцгэн байдалтай ирсэн. Түүнээс эмчлүүлж сэтгэцэт нөлөөлөх эм хэрэглэж байж тайвширч унтдаг болсон. Одоо намжмал байдалд орсон байгаа. Дахиад архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд сэтгэл санаа тогтворгүй, нойргүйдэлд орвол дэмийрэлийн байдал дахин сэдэрнэ. Сэтгэл санаа тогтвортой, архи дарс хэрэглэхгүй байгаад байвад хэдэн жилээр ч намжмал байдалтай байж болно... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

201706000141 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Болормаа өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч Г.Анхбаатарын хамт 12 цагийн үед Мөнхцэнгэл эгчийнд очсон. Очиход Мөнхцэнгэл эгч, түүний ах Мөнхтөр, эхнэр Бааска нар нь 0.5 литрийн архи ууж байсан. Бид хоёрыг ороход ууж байсан архи нь талаас доогуур орсон байсан тэр 3 нилээн согтуу байсан. Анхаа бид хоёр тэр архинаас нь нэг нэг хундага уугаад дууссан. Тэгээд Анхаа ганц шил архинд явъя гэхээр нь хамт явж би жижүүрийн дэлгүүрийн тэнд хүлээгээд Анхаа цааш дэлгүүр явж 0.5 литрийн архи аваад бид хоёр нөгөө айлдаа очсон. Бид хоёрыг очиход Мөнхтөр ах тасраад унтаж байсан. Мөнхцэнгэл эгч унтлаа гээд орон дээр хэвтээд өгсөн. Бааска эгч гаднаас орж ирж цүнхээ аваад харилаа гээд яваад өгсөн. Тэгээд Анхаа бид хоёр авчирсан архиа тэдний гэр дотор нь хувааж уусан. Архи ууж байхад Анхаа намайг битгий архи уу боль гээд байсан тэгэхээр нь би дуугараагүй. Тэгээд тэр айлаас гараад явж байтал Анхаа хашаан дотор намайг архи уулаа гээд л зодож эхэлсэн. Би тухайн үед архинаас болж ухаан орж гараад байсан. Анхаа нь үснээс зулгааж, нүүр рүү өшиглөөд байсан. Маргааш өглөө нь Анхаа “би чамайг аймар болгочихжээ би тасарсан байна” гээд байсан. Тэгээд ахиж ингэхгүй гээд Шаврын даваа гэх газар руу нөхөр Анхаа нь явж нүүр амаа гайгүй болгочихоод ирье гээд явган явсан. Шаврын гол руу очиж Бааска эгч, Мөнхтөр ах хоёрынд нэг хоносон. Тэгээд Бааска эгч нөхрийн хамт Хялганат явсан тэгээд нөхөр бид хоёр голын эрэг орж 4 хонож байтал цагдаа ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-24 тал/,

Гэрч Д.Мөнхцэнгэлийн өгсөн: ...Тухайн өдрийн үдээс өмнө ах Мөнхтөр түүний эхнэр Баасандолгор, дүү Мөнхбат нарын хамт 0.5 литрийн нэг шил архи хувааж ууж дуусч байтал гаднаас Анхаа авгайтайгаа орж ирсэн. Тэгээд дуусч байсан архинаас нэг хундага уусан байж магадгүй би ойр зуурын ажил хийгээд гадуур дотуур явж байсан. Хэсэг ярьж суусны дараа би Анхаад 2 шилтэй загас өгсөн тэгээд аваад явсан. Тэгээд байж байгаад эгч Баасандолгор хөдөө гэр руугаа явлаа гээд явсан ах Мөнхтөр гэрт  орон дээр сууж байсан. Дүү Мөнхбат гэр дотор хэвтэж байсан. Би хэсэг хугацаанд зүүрмэглэж байтал Анхаагийн авгай Болороо нь намайг татаад эгчээ намайг зодоод байна шүү дээ гэхээр нь Анхааг би нэг цохиод гар гар гээд гэрийнхээ үүдээр гаргасан. Тэгтэл тэр хоёр зууралдаад хашаанаас гарсан. Энэ үед дүү Мөнхбат унтаж байсан. Ах Мөнхтөр гадаа тамхи татаад сууж байсан гэх  мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Гэрч Б.Урангэрэлийн өгсөн:..2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал манай хөрш Хишигдаваа гэрийнхээ хашааны хаалгыг цоожилж байхаар нь би түүнээс яагаад хаалгаа цоожилж байхыг асуухад тэрээр хажуу хашаанд нэг залуу нэг эмэгтэйг зодож байна таних уу гэхээр нь би тэдний хашааны завсраар харахад Г.Анхбаатар нь согтуу гараараа хашаа тулж зогсоод эхнэр Болормааг дээрээс нь дэвсээд, өшиглөөд байсан тэгээд үсдээд чирээд байсан. Харин Болормаа ёоёо гээд л хашгираад байсан. Тэгээд Г.Анхбаатар нь Болормааг надаас холдох юм бол ална шүү чи тэр эгч болон цагдаад хэлээд үзээрэй гэж хэлээд л доороо оруулчихаад дэвсээд өшиглөөд байсан тэгэхээр нь би цагдаа дуудах гэтэл дугаарыг нь мэдэхгүй байсан тул Болормаагийн эгч Бадарч руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Г.Анхбаатар, Болормаа хоёр хашаанаас гарч явж харагдсан тэгэхдээ Г.Анхбаатар нь хашаанаас гарч явахдаа Болормааг араас өшиглөөд, гараа саваад цохиод байсан. Хэсэг хугацааны дараа ахин тэр хоёр нөгөө айлдаа ирж буцаад яваад өгсөн. Тухайн үед Болормаагийн хамарнаас цус гарч, үс нь зулгарсан байсан тэгээд бие нь чичрээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/, 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаартай дүгнэлтэнд: Д.Болормаагийн биед зүүн, баруун зовхи, зүүн, баруун, эрүү, баруун шанаа, баруун бугалга, баруун гуя, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруул, баруун шилбэнд шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-35 тал/,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  05 дугаартай Шүүхийн сэтгэц гэм судлалын магадлагаа: Г.Анхбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр архины 2 дугаар зэргийн согтолттой байсан. Тухайн үед өөрийн хийж буй үйлдэлд хяналт тавьж удирдан жолоодох чадвартай байсан. Г.Анхбаатар нь одоо DS: organik bpeцвые pacc-ВО, FT: идс галнюценторный брецвой синцрои өвчтэй болно. Г.Анхбаатарын өвчин 2017 оны 06 дугаар сарын 28-нд гэнэт илэрсэн / цочмог эхэлсэн/. Г.Анхбаатар өөрийн хийсэн хэргийг хариуцах чадваргүй бөгөөд эмчлүүлэх шаардлагатай. Г.Анхбаатар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно гэх дүгнэлт /хх-39-40 тал/,   Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, /шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-33 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55 тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Анхбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Нарсны задгайд оршин суух иргэн Д.Мөнхцэнгэлийн хашаан дотор хамтран амьдрагч Д.Болормааг “архи уулаа” гэх зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Болормаа, гэрч Д.Мөнхцэнгэл, Д.Бадарч, Б.Урангэрэл нарын мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаартай дүгнэлтэнд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байна.

Шүүгдэгч Г.Анхбаатар нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн архины дон өвчтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан, архины дон өвчний тухайд хүчлэгдсэн гэнэтийн дур хүрсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар хүнд хэрэгцээтэй үгүйгээс үл хамааран архи ууж дур нь дарагддаг, давтагддаг шинжээрээ нийгэмд аюултай болох нь Шүүхийн сэтгэц гэм судлалын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  05 дугаартай магадлагаа, шинжээч эмч Н.Уянгын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Анхбаатар нь нийгэмд аюултай үйлдэл давтагдах шинжтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан сэтгэцийн өвчний эсрэг эмчилгээ хийлгэхээр сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт  6 /зургаа/ сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Д.Болормаа 500000 төгрөгийн хохирол учирсан байх ба баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурьдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Анхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дүгээр зүйлийн 4.2, 19.3 дүгээр зүйлийн 6, 7-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гал овогт Гүррагчаагийн Анхбаатарт эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Г.Анхбаатарт сэтгэцийн эмчилгээ хийлгэх эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг Булган аймгийн Сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт 6 /зургаа/ сарын хугацаагаар эмчлүүлэхээр тогтоосугай.

3. Г.Анхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хүчингүй болгосугай.

           4. Энэ хэрэгт Г.Анхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  хохирогч Д.Боломаа нь эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

   5. Шүүгчийн захирамжид оролцогчид ердийн журмаар давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ДЭЛГЭРМӨРӨН