Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/290

 

 

 

 

   2022             3               10                                     2022/ДШМ/290                                               

                                                                                         

Б.Шд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Агийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Шд холбогдох 2103002900363 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ш,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө 01 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам, “Өсөх” төвийн хойд замд “Тоуоta Prius” маркийн 63-61 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд, “Тоуоta Prius” маркийн 12-82 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байсан Ч.Мыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Шыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Ш нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, иргэний нэхэмжлэгч Б.О нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Э.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Э.Дыг иргэний хариуцагчаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Б.Шын “А, В, С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 962036 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Шын “...Би осол гаргасандаа маш их харамсаж байна, амь хохирогчийн жолоодож явсан машины зардалд 15.000.000 төгрөг, оршуулгын зардалд 13.000.000 төгрөг, амь хохирогчийн 2 төрсөн хүүхдэд 18 нас хүртэлх тэтгэмжид зориулж тус бүр 10.000.000 төгрөг, нийт 48.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Энэ мөнгийг би өөрийн ажилладаг байгууллага болох “Ар бүрд өгөөж” ХХК-ийн захирлаас 5 жилийн хугацаанд төлж дуусгахаар тохиролцон зээлж авсан. ...Би өөрийн буруутай үйлдлээ ойлгон ухамсарлаж, ... учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-179/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Агийн “Манай дүү Ч.Мын ... тээврийн хэрэгслийн зардалд 15.000.000 төгрөг, оршуулгын зардалд 13.000.000 төгрөг, хоёр хүүхдийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмж байдлаар тус бүр 10.000.000 төгрөг, нийт 48.000.000 төгрөгийг гаргуулж авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /1хх 53/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Агийн “ХААН банкны 5027336897 дугаартай дансанд 20.000.000 төгрөг, М.Эрдэнэдорж, М.Эрдэнэбаатар нарт гэм хорын хохиролд” гэсэн утгатай шилжүүлсэн баримт, хохирогчын хууль ёсны төлөөлөгч Ч.Агийн 20.000.000 төгрөг хүлээн авсан тухай тодорхойлолт /1хх 40- 41/,

шүүгдэгч Б.Шаас Б.От машины хохиролд төлөх төлбөрт 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн банкны баримт, Б.Оийн тодорхойлолт /1хх 42-43/,

шүүгдэгч Б.Шаас оршуулгын зардалд 13.000.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ан бичсэн тодорхойлолт /1хх 44-45/,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн “гэмт хэргийн улмаас оршуулгын зардалд 8.593.704 төгрөг гарсан байдаг хэдий ч 49 хоногийн зардал нийлээд 13.000.000 төгрөгийг төлсөн, автомашины хохиролд 5.400.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг боловч машиныг талийгаач 15.000.000 төгрөгөөр худалдан авсан зээлтэй байсан тул амь хохирогчийг зээлтэй үлдээх шаардлагагүй байх гээд шүүгдэгч машины мөнгийг төлсөн. Мөн амь хохирогчийн төрсөн 2 хүүхдэд Б.Ш нь сайн дураараа өөрөө санаачилаад тус бүр 10.000.000 төгрөг өгье, цаашид сургуульд суралцах, амьдралд нь хэрэгтэй байх гээд 20.000.000 төгрөг төлж, нийт 48.000.000 төгрөг нөхөн төлсөн, гэм хорын бодит зардал төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь гомдол санал байхгүй, шүүгдэгч сэтгэлээсээ туслах гэж оролдлоо, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэж хэлээрэй гэдэг саналыг надад хэлж, мөн энэ талаарх хүсэлтээ бичгээр өгсөн. Ялын доод хэмжээний 2/1 ээс доошгүй ял оногдуулж болно гэж заасан тул улсын яллагчын гаргасан саналыг доош татаж шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Ш нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугийн талаар буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байгаа, мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал нь ял шийтгэлийг хөнгөрүүлэн оноох нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх боловч Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд энэ нь зөвхөн удаан хугацаанд хорих байгууллагад хорьж, нийгмээс тусгаарлах байдлаар хэрэгжүүлэх зорилго агуулаагүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ ямар байдлаар гэмшин ухаарч ойлгож байгаа хүний ухамсарт үйл ажиллагаа, учруулсан хор хохирлоо арилгаж байгаа, арилгах гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа үйлдэл, тухайн хүн нийгэмд тустай ажил хөдөлмөр хийхдээ хэрхэн хандаж байгаа хандлага, тодорхой чиглэсэн сургалтанд хамрагдаж суралцаж байгаа байдал, нийгэмд эзлэх байр суурь, биеэ хэрхэн авч явах, хорт зуршил, зүйлээс хэрхэн ангид байх дадал зуршил олж авч байгаа зэрэг үйл явдлуудаар хэмжигдэх байх гэж үзэж байгаа бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшин ухамсарлаж байгаа зэрэг үйл баримтуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцон түүнд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн ял шийтгэж, Б.Шд богино хугацаанд үйлдсэн хэрэгтээ гэмшин, хорт буруу зуршлаас ангижрах, зөв дадал зуршил олж авч нийгэмших боломж олгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Би анхан шатны шүүх хуралдаанд төлөөлж оролцсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн. Энэ хэргийн хувьд хохирогч ямар ч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа. Оршуулгын бодит зардлаа авсан. Мөн гэм хорын хохирлын зардлыг авсан. Нийт 48.000.000 төгрөгийг хохирогч талд төлсөн байгаа. Иймд шүүгдэгч Б.Шын ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч намайг шүүх хуралдаанд оролцохдоо хэлээрэй гэснийг дамжуулан хэлж байна. Өөр хэлэх тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Агийн “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө над руу талийгаач дүүгийн маань хүүхэд нь залгаад ослын талаар хэлсэн, ингээд би мэдсэн. ...” /1хх 52/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Дын “...осол болсон шөнө Дэмбэрэлдодов гээд Б.Ш ахтай хамт ажилладаг залуу над руу залгаад ослын талаар хэлсэн. Ингээд ослын газар очиход Б.Ш ах болон Дэмбэрэлдодов нар байшингийн буланд зогсож байсан. Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд Б.Ш ахын машин, мөн Приус маркийн автомашины араас нь мөргөсөн байдЧ.А зогсож байсан, цагдаа нар ослын газрын үзлэг, хэмжилт хийж байсан. ...” /1хх 62/,

гэрч Д.Дийн “...зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Приус 20 маркийн автомашины араас нөгөө Приус маркийн автомашин мөргөөд зогссон байсан. Би тухайн үед дуудлага өгөөд машиндаа суух гэтэл хүний гутал зам дээр байсан. Тэгэхээр нь хүн мөргүүлчихээгүй байгаа гэж бодоод мөргөлдсөн 2 автомашиныг ойртоод харахад дунд нь хүний хөл харагдсан, ингээд би хүн хавчуулагдсан юм байна гэж мэдсэн. ...” /1хх 70/,

гэрч Б.Дын “...би зорчигч талын урд суудал буюу жолоочийн эсрэг талын суудал дээр сууж хөдлөөд явсан. ...тухайн үед онгорхой түц байна уу гээд хоёр тийшээ хараад явж байсан. Тэгээд явж байтал урд нэг хүн машиныхаа ар талд багаажаа онгойлгоод зогсож байсан, би тэр хүнийг хараад Б.Ш ахад “хүүш наана чинь хүн байна” гээд хэлээд тоормос гишгихийн завдалгүй тэр хүнийг машинтай нь мөргөөд зогссон. ...” /1хх 74/,

шүүгдэгч Б.Шын “...Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож, ухамсарлаж байгаа тул бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...” /1хх 179/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2029 дугаартай шинжээчийн “...Амь хохирогч Ч.Мын биед гавлын суурь ясны цагираг хэлбэрийн хугарал, сээрний 1 дүгээр нугаламын их биеийн хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, шарх, зүүн дунд чөмөгний хугарал, баруун өвдөгний шарх, баруун тохой, баруун цавь, баруун тавхайн эрхий хурууны зулгаралт, хамрын таславчийн шарх, өвчүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Амь хохирогчид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1хх 86/,

Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн “...Тоёота приус 20 маркийн 63-61 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна. ...” гэх магадлагаа /1хх 136/,   

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 7-9/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /1хх 10-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 12-23/, хохирлын баримтууд /1хх 29-38/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 151/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 166/ зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө 01 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам, “Өсөх” төвийн хойд замд “Тоуоta Prius” маркийн 63-61 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд, “Тоуоta Prius” маркийн 12-82 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байсан Ч.Мыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдЧ.А нийцжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамаарЧ.А, ач холбогдолтой байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, тогтоогдсон үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Шын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж буюу замын нэгдүгээр эгнээнд зогсож байгаа машины ард байсан Ч.Мыг мөргөж, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх “...шүүгдэгчийн хувийн байдал, гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшин ухамсарлаж байгаа зэрэг үйл баримтуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцон түүнд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн ял шийтгэж, Б.Шд богино хугацаанд үйлдсэн хэрэгтээ гэмшин, хорт буруу зуршлаас ангижрах, зөв дадал зуршил олж авч нийгэмших боломж олгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийгдэж байгаа дүгнэлтээс шалтгаалж ял хөнгөрүүлэх зохицуулалтуудын аль нэгийг баримталж болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагын хүрээн дэх албадлагын арга хэмжээг заавал оногдуулахыг шүүхэд үүрэг болгосон буюу императив шинжтэй хэм хэмжээ биш, гагцхүү шүүгч өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан оногдуулж болох, шүүхийн эрх хэмжээнд хамаарч буй зохицуулалт болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байдалд дүгнэлт хийдэг.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, болгоомжгүй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Шын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосон нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.  

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Шыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Шд шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 66 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 66 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР