Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 202/МА2019/00028

 

 

“Б” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

          Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2019/00287 дугаар шийдвэртэй, 

 

 Нэхэмжлэгч: ... байрлах, “Б” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,                 

Хариуцагч: ... байрлах, "Х” ХХК-д холбогдох,

Цахилгаан эрчим хүчний төлбөр 90398319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуул,           хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дорноговь аймгийн Айраг суманд байрлах “Х” ХХК-ийн төмөр баяжуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2017 оны 02 сард 27081504 төгрөг, 2017 оны 03 сард 14149366 төгрөг, 2017 оны 04 сард 42361071 төгрөг, 5 сард 52341908 төгрөг, 2017 оны 06 сард 4464470 төгрөг гарч 2017 оны 05 сард 5000000 төгрөг төлсөн боловч эцсийн үлдэгдэл 90398319 төгрөг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд “Х” ХХК-иас цахилгаан эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөр 90398319 /ерэн сая гурван зуун ерэн найман мянга гурван зуун арван ес/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Х” ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан дөрвөлж нэртэй газарт Жонш баяжуулах үйлдвэр барьж байгуулсан. 2016 оны 06 сарын 15-ны өдөр “М” ХХК-тай 16-0615/1 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, үйлдвэрийг “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Түрээслэгч барилгын ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон бүх зардлыг хариуцна. Энэ тухайд түрээслүүлэгчээс ямарваа хөрөнгө шаардахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.5-д “Түрээслэгч нь үйл ажиллагаатай холбоотой зардлыг /дулаан, цахилгаан, халуун, хүйтэн ус, үйлдвэрийн хаягдал, техникийн болон үйлчилгээний ажилчдын цалин хөлс, инженерийн шугам сүлжээний засварын зардал гэх мэт/ түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож төлнө” гэж заасан. Нэхэмжлэгчээс шаардаж буй 90398319 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр нь 2017 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын төлбөр юм. Энэ нь “М” ХХК түрээсийн гэрээний дагуу үйлдвэрийг ашиглах хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр болно. Бид “М” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлж хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөгдөөгүй өр хуримтлагдсан байна. Түрээслэгч буюу “М” ХХК нь гэрээнд заасан дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул “Х” ХХК Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд гурван үндсэн шаардлага тавьсны нэг нь “Хариуцагчийг түрээсийн гэрээний хугацаанд ашигласан ус, цахилгааны нийт төлбөрүүдийг холбогдох байгууллагад төлөхийг даалгах” байсан.    2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн арбитрын хуралдааны үеэр хариуцагч “М” ХХК нь цахилгааны төлбөрийн талаар “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай төлбөрийн үлдэгдлийн талаар “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батзориг тооцоо нийлсэн акт үйлдэж, цахилгааны төлбөр төлөхийг зөвшөөрч байгаа, маргаангүй гэж хүлээн зөвшөөрсөн тул “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсан. Иймд “М” ХХК нь тооцооны үлдэгдлийг хариуцан төлөхөө илэрхийлж арбитрын шүүхэд тайлбар гаргасан, түүнчлэн нэхэмжлэгч байгууллагатай шууд харилцан тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул “Х” ХХК нь 90398319 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэж үзнэ. Тооцоо нийлсэн актын төлөгч байгууллага гэх хэсэгт “М” ХХК-ийн тамга дарж, нягтлан бодогч Ө.Батзориг гарын үсэг зурсан...” гэжээ.   

 

Анхан шатны шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар  хариуцагч “Х” ХХК-иас цахилгаан эрчим хүчний төлбөр 90 398 319 /ерэн сая гурван зуун ерэн найман мянга гурван зуун арван ес/ төгрөгийг гаргуулан “Б” ТӨХК-д олгож,    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 609 942  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 609 942 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Б” ТӨХК-д олгож,

 

Хариуцагч “Х” ХХК нь учирсан хохирлоо “М” ХХК-иас нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “Х” ХХК нь М ХХК-д холбогдуулан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт түрээсийн гэрээний хугацаанд ашигласан ус, цахилгааны төлбөрийг холбогдох байгууллагад төлөхийг даалгах шаардлага гаргасан боловч эдгээр шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байна гэж үндэслэжээ. “Х” ХХК нь 2016 оны 06 сарын 15-ны өдөр “М” ХХК-тай 16-0615/1 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, үйлдвэрийг “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Түрээслэгч барилгын ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон бүх зардлыг хариуцна. Энэ тухайд түрээслүүлэгчээс ямарваа хөрөнгө шаардахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.5-д “Түрээслэгч нь үйл ажиллагаатай холбоотой зардлыг /дулаан, цахилгаан, халуун, хүйтэн ус, үйлдвэрийн хаягдал, техникийн болон үйлчилгээний ажилчдын цалин хөлс, инженерийн шугам сүлжээний засварын зардал гэх мэт/ түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож төлнө” гэж заасан. Нэхэмжлэгчээс шаардаж буй 90398319 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр нь 2017 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын төлбөр юм. Энэ нь “М” ХХК түрээсийн гэрээний дагуу үйлдвэрийг ашиглах хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр болно. Бид “М” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлж хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөгдөөгүй өр хуримтлагдсан байна. Түрээслэгч буюу “М” ХХК нь гэрээнд гэрээнд заасан дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул “Х” ХХК Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд гурван үндсэн шаардлага тавьсны нэг нь “Хариуцагчийг түрээсийн гэрээний хугацаанд ашигласан ус, цахилгааны нийт төлбөрүүдийг холбогдох байгууллагад төлөхийг даалгах” байсан.   2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн арбитрын хуралдааны үеэр хариуцагч “М” ХХК нь цахилгааны төлбөрийн талаар “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай төлбөрийн үлдэгдлийн талаар “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батзориг тооцоо нийлсэн акт үйлдэж, цахилгааны төлбөр төлөхийг зөвшөөрч байгаа, маргаангүй гэж хүлээн зөвшөөрсөн тул “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсан. Арбитрын шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог. Мөн “М” ХХК нь тооцооны үлдэгдлийг хариуцан төлөхөө илэрхийлж арбитрын шүүхэд тайлбар гаргасан, түүнчлэн нэхэмжлэгч байгууллагатай шууд харилцан тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул “Х” ХХК нь 90398319 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэж үзнэ. Тооцоо нийлсэн актын төлөгч байгууллага гэх хэсэгт “М” ХХК-ийн тамга дарж, нягтлан бодогч Ө.Батзориг гарын үсэг зуржээ.

 

Дараагийн асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч гэж хэн бэ гэдэгтэй холбоотойгоор “Х” компани мөн үү, биш үү гэдгийг тодруулж ярих шаардлагатай болж байгаа юм. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн хохирол учруулсан этгээд нь “Х” компани биш. “М” компани түрээсийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын хоорондох хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг өнөөдөр нэхэмжилж байгаа юм. Тэгэхээр үүрэг хүлээсэн этгээд буюу хариуцагч нь тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгаанд зааснаар “М” компани байна гэдэг энэ нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байтал анхан шатны шүүх шийдвэрээ буруу гаргаж гэж үзэж байгаа юм. “М” компанийг хариуцагчаар татаагүй учраас гэдэг агуулгаар шийдвэрийн үндэслэлээ тодорхойлсон байдаг. “М” компанийг хариуцагчаар татаагүй байх нь хариуцагч гэж тодорхойлсон этгээдээс төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй. Нэгэнт хариуцагч биш бол нэхэмжлэлийн бүхэлд нь хангахгүй орхих шийдэл байгаа. Нөгөө талаар хэрвээ “М” компанитай холбоотой энэ нотлох баримтыг үнэлэхэд шаардлагатай эрх ашиг нь хөндөгдөнө гэж үзсэн бол шүүх өөрийн санаачилгаар гуравдагч этгээдээр татан оролцуулах хуулийн заалт байдаг. Хариуцагч мөн иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй, “М” компанийг татан оролцуулах боломж байсан. Гэхдээ нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийм санал хүсэлт гараагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү. “М” компаниас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргаж байна гэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2017 онд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт заасны дагуу цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээг “Х” компанитай байгуулж ажилласан. 2017 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын хооронд үүссэн 90 398 319 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй. Манай компанийн хууль ёсны эрх ашгийг хохироосоор байна. Иймээс манай компанийн зүгээс сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар сарын 15-ны өдрийн 136 дугаартай шийдвэрийг дэмжиж байгаа. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б Төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 90398319 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлээ 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №17-21 дугаартай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд үндэслэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал “...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16-0615/1 дугаартай “Ажлын байр түрээслэх” гэрээний дагуу “М” ХХК нь ... үйл ажиллагаатай холбоотой зардлыг түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож төлөх тул ... “М” ХХК нь нэхэмжилж буй 90398319 төгрөгийг хариуцан төлөх ёстой” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал эс зөвшөөрч “... “М” ХХК нь тооцооны үлдэгдлийг хариуцан төлөхөө илэрхийлж арбитрын шүүхэд тайлбар гаргасан, нэхэмжлэгч байгууллагатай шууд харилцан тооцоо нийлсэн акт үйлдэж, хэлцэл хийсэн байх тул “Х” ХХК нь 90398319 төгрөгийг хариуцах этгээд биш ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч маргаанд холбогдох хуулийг оновчтой зөв сонгон хэрэглээгүй тул шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчид 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №17-21 дугаартай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх-5/-г бичгээр байгуулж, нэхэмжлэгч “Б” ТӨХК нь хариуцагч “Х” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангах, хариуцагч нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон, хариуцагч “Х” ХХК нь ажлын байраа “М” ХХК-д түрээслэдэг /хх-26/, тэдний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр “М” ХХК нь үйл ажиллагаатай холбоотой зардлаа түрээсийн төлбөрөөс гадна төлөхөөр тохиролцсон, “Х” ХХК болон “М” ХХК-ийн хоорондын маргааныг арбитраар шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК нь цахилгаан хэрэглэсний төлбөрийг төлөхийг зөвшөөрснөөр хариуцагч “Х” ХХК нь энэ тухай нэхэмжлэлээсээ татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдсон /хх-49-62/, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Эндээс дүгнэж үзвэл зохигчдын хооронд хүчин төгөлдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, анхан шатны шүүх хариуцагч “Х” ХХК-ийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар эрчим хүчний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын хувьд авч үзвэл нэхэмжлэгч “Б” ТӨХК-ийн Говьсүмбэр салбар болон хариуцагч “Х” ХХК-ийн хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсанаар цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөх үүргийг хариуцагч “Х” ХХК хүлээсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК нь гэрээ ёсоор үнийг төлөх үүрэгтэй.

 

Харин зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр “М” ХХК нь үүрэг хүлээгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч “Б” ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын өмнө “М” ХХК үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжилж буй цахилгааны төлбөр нь “М” ХХК-ийн хэрэглэсэн төлбөр байж болох хэдий ч энэ нь хариуцагч “Х” ХХК болон “М” ХХК-ийн хоорондын гэрээгээр зохицуулагдах асуудал юм.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг үндэслэбэл талууд харилцан тохиролцсон нөхцөлд гэрээний үүргийг “М” ХХК нь гүйцэтгэж болох хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтаар тийм нөхцөл байдал тогтоогдоогүй буюу хариуцагч “Х” ХХК нь гэрээний үүргээ “М” ХХК-д шилжүүлэхээр нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон гэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлаа хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-27/, тооцоо нийлсэн бүртгэлд /хх-28/ үндэслэж нэхэмжлэгчийг “М” ХХК-тай тооцоо нийлсэн нь тэдний хооронд хэлцэл байгуулагдсаныг нотолно гэх боловч уг тооцоо нь нэхэмжлэгч “Б” ТӨХК-ийн Говьсүмбэр салбар болон хариуцагч “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт хамааралтайн гадна ийнхүү тооцоог хариуцагч “Х” ХХК-ийг зөвшөөрснөөр хийсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлах ба тэдний энэхүү тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн дээрх тооцоо хийсэн тухай үйл баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох, ийнхүү хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх  буюу нэхэмжлэгч “Б” ТӨХК-ийн Говьсүмбэр салбар болон “М” ХХК-ийн хооронд эрчим хүчээр хангах, түүний үнийг төлөхөөр хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Учир нь  эрчим хүчээр хангах тухай гэрээ нэхэмжлэгч “Б” ТӨХК-ийн Говьсүмбэр салбар болон хариуцагч “Х” ХХК-ийн хооронд бичгээр байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээг дүгнэхдээ “М” ХХК-тай тооцоо хийж баримт үйлдснийг талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэх боломжгүйн гадна хариуцагч “Х” ХХК-ийн нэхэмжлэгч талд хүргүүлсэн “Цахилгаан эрчим хүчний төлбөр барагдуулах тухай мэдэгдэл гаргах нь” гэсэн албан бичгээс /хх-26/ үзэхэд хариуцагч нь жонш баяжуулах үйлдвэрийн зориулалттай ажлын байрыг “М” ХХК-д түрээслүүлдэг, цахилгаан эрчим хүчний төлбөрийг тус компаниас авч дамжуулан шилжүүлэхээ илэрхийлж байсан нь тогтоогдсон байна.

 

Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдагдсан этгээдийг хэлэх бөгөөд зөвхөн нэхэмжлэгч хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахыг шийдвэрлэдэг тул нэхэмжлэгч “Б” ТӨХК-ийн Говьсүмбэр салбар нь хариуцагчаар “Х” ХХК-ийг заасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Гагцхүү нэхэмжлэлд хариуцагч гэж дурдагдсан этгээд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцэст шийдвэрлэгддэг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг нэхэмжлэгч “Б” ТӨХК-ийн Говьсүмбэр салбар болон хариуцагч “Х” ХХК  байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх “М” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т нийцжээ.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 610000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2019/00287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ