Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

А.*******, Б.******* нарт

Холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд  

 

 Прокурор П.*******,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх

 Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Үүрцайхын давж заалдсан гомдлоор шүүгдэгч А.*******, Б.******* нарт холбогдох 2115001930242 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Чонос овогт Ариунболдын *******, 1992 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Б аймгийн М сумын * дүгээр багийн “Наран” гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

 

   Ёндон овогт Болдын *******, 1978 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Б аймгийн М сумын * дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

   А.*******, Б.******* нар нь 2020 оны 01 дүгээр сард бүлэглэж Б аймгийн М сумын * дүгээр багийн нутаг “Хар мод” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 14.06 м3 шинэс төрлийн нойтон модыг бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

  Булган аймгийн Прокурорын газраас: А.*******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Чонос овогт Ариунболдын *******, Ёндон овогт Болдын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч А.*******, Б.******* нарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.*******, Б.******* нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах; зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.*******, Б.******* нарт сануулж,

Энэ хэрэгт шүүгдэгч А.*******, Б.******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч А.*******, Б.******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 24.051.705 /хорин дөрвөн сая тавин нэгэн мянга долоон зуун тав/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******аас 12.025.852 /арван хоёр сая хорин таван мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг, шүүгдэгч А.*******аас 11.714.003 / арван нэгэн сая долоон зуун арван дөрвөн мянга гурав/ төгрөгийг, Булган аймгийн Могод сумын төрийн сангийн 100406600945 дугаартай данснаас 311.850 /гурван зуун арван нэгэн мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож TE-200 загварын бага оврын ногоон өнгийн тракторыг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, тракторын үнэ 9.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч А.*******, Б.******* нараас тус тус 4.500.000 төгрөгийг; 14.06 м3 хэмжээтэй, шинэс төрлийн 22 /хорин хоёр/ ширхэг түлээний нойтон болон хэрэглээний бөөрөнхий мод, зүсмэл 92 /ерэн хоёр/ ширхэг банзыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Үүрцайх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Шийтгэх тогтоолын 8 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 9-р сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож ТЕ-200 загварын бага оврын ногоон өнгийн тракторыг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, тракторын үнэ болох 9000000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч А.*******, Б.******* нараас тус тус 4500000 төгрөгийг” гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг эс зөвшөөрч буй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь заалт нь “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал зарцуулна”, 4 дэх заалт нь “Тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар шүүгдэгч нараас бусдын эзэмшлийн ТЕ-200 загварын бага оврын ногоон өнгийн тракторын үнийг гаргуулахаар заасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хасуулах үндэслэлийг гаргаж байна” гэв.

  

Шүүх хуралдаанд оролцсон прокурор П.******* дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Үүрцайхын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.*******, Б.******* нарт холбогдох  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь 2020 оны 01 дүгээр сард бүлэглэж Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг “Хар мод” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 14.06 м3 шинэс төрлийн нойтон модыг бэлтгэж, ТЕ-200 загварын бага оврын трактор ашиглан тээвэрлэж, байгаль экологид 8.017.235 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч А.*******, гэрч Б.******* нарын мэдүүлгүүд, шүүгдэгч А.*******, Б.******* нарын мэдүүлгүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  А.*******, Б.******* нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчинд учруулсан хохиролд тооцно.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 8.017.235 төгрөгийн шууд хохирол учирсан нь тогтоогдсоноос гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт буюу дээр дурдсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэнийг “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” байхаар хуульчилсан тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Б.******* нар нь байгалийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Дээрх заалтыг үндэслэн анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасанчлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи - эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 24.051.705 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнээс гадна шүүгдэгч А.*******, Б.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нарын хувийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үүрэг хүлээлгэх, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Мөн дээрх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТЕ-200 загварын бага оврын ногоон өнгийн трактор нь “*******” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх уг тээврийн хэсэгслийг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, шүүгдэгч нараас уг тракторын үнэ 9.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Үүрцайхын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Үүрцайхын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                      ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН