Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

Ш.*******ад холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд  

 

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгч Ш.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Ш.*******ад холбогдох 2115000000201 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт *******ийн *******, Улаанбаатар хотод 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, Б аймгийн Д сумын * дүгээр багийн задгайд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 33 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч Ш.******* нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б аймгийн Д сумын *-р баг “Үржил” хорооны баруун талын шороон замд “Даюун” загварын мотоцикл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гарган зорчигч С.*******ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

  Булган аймгийн Прокурорын газраас Ш.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

  Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялыг шүүгдэгчийг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж,

Шүүгдэгч Ш.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ш.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ш.******* нь хувийн байдлын хувьд “А” ангилалын жолооны үнэмлэх байхгүй, “В” ангилалын №******* дугаарын үнэмлэх нь эрхээ хасуулж хүчингүй болсон байнга согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог байсан, улмаар бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулж байсан, гэмт хэрэг үйлдэхийн өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Д сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Dayun маркийн тээврийн хэрэгсэл жолоодож захиргааны журмаар баривчлах шийтгэл хүлээсэн ч өөртөө дүгнэлт хийхгүй хүний амь нас хохироож хүнд хор уршиг учруулсан байхад түүнийг харгалзан хуульд заасан хамгийн бага санкцаар ял оногдуулсан нь логикийн хувьд авцалдахгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байна.

“...нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь хууль зуйн туслалцаа авах гэрээний дагуу өмгөөлөгчид 5.000.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжилж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуүлийн 14 дүгээр зүйлд заасан " ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах..." эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон иргэний эрх зүйн харилцаанд орсон...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Гэвч Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйл дээрх зохицуулалт тусгагдаагүй бөгөөд 16 дугаар зүйлийн 14-т тус агуулга байх хэдий ч шүүх хуулийн агуулгыг зөв тодорхойлж шийдвэрлээгүй юм.

Өөрөөр хэлвэл Үндсэн хуулийн уг зохицуулалт нь хүний эрх, эрх чөлөөг тодорхойлон тунхагласан заалт бөгөөд Эрүүгийн эрх зүйн харилцааны нарийвчилсан зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг билээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад өмгөөлөгчид төлөх зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна.

Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж зохицуулсан байна.

Түүнчлэн мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь нотлох баримт болохгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн дансанд шилжүүлсэн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Шүүх мөн "...талийгаач С.*******ын цалингийн зээлийн үлдэгдэл 5.626.986 төгрөг, кредит картын төлбөрийн үлдэгдэл 3.825.412 төгрөг, нийт 9.452.399 төгрөг, 49 хоногийн буян хураахад буюу буяны зан уйлтэй холбогдож гарсан зардал 1.000.000 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох зайлшгүй гаргах зардалд хамаарахгүй...” гэжээ.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор
учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 508 дугаар
зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг түүний өв
залгамжлагч шаардах эрхтэй.

Тодруулбал гэм хор нь өөртөө хохирол, хор уршиг гэсэн ойлголтыг багтаасан
өргөн утга агуулгатай ойлголт боловч гэм хорыг зөвхөн хохирол эсхүл хор уршиг гэж
явцуу ойлгох буруу юм.

Хор үршиг гэдэг нь шууд арилгах, нөхөн төлөх боломжгүй, ирээдүйд үр
дагавар нь бий болох, гинжин хэлхээ мэт үргэлжлэн үүсэх сөрөг үр дагавар бол
хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эдийн
болон эдийн бус сөрөг үр дагавар байдаг.

 Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр
дагаврын шалтгаант холбоотой байх явдал юм гэж дээд шүүхээс шүүхийн шийдвэрт
хийсэн судалгааны тайланд тайлбарлаж, хууль хэрэглээнд зөв хэвшүүлэхээр
зөвлөжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1
дэх хэсгийн 1.7 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор
уршиггай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах
тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын
тогтоох хэсэгт тусгана гэж хуульчилсан байна.

Гэвч шүүх ТОДОРХОЙЛОХ хэсэгтээ 18.245.947 төгрөгийг хэрэгсэхгуй
болгож шийдвэрлэсэн болно гэсэн боловч ТОГТООХ хэсэгт тусгаагүй
орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн ба мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн
1 дэх хэсгийн 1.3 хэсгийг ноцтой зөрчсөн байна гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маш их гомдолтой байна. Хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа” гэв.

 

Шүүгдэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тайлбар байхгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ:

 “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг” бүрэн гүйцэт тооцож гаргаагүй байна.

  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн анхан шатны шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар нийт 30,082,085 төгрөгийг  гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг ирүүлсэн нь хэргийн 137-148 дугаар талд авагдсан байна.

 

Анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянгын  “хууль зүйн туслалцаа авах гэрээний дагуу өмгөөлөгчид 5,000,000 төгрөг, амь хохирогчийн цалингийн болон кредит картын төлбөрийн үлдэгдэл нийт 9,452,399 төгрөг, 49 хоногийн буян хураахад буюу буяны зан үйлтэй холбогдож гарсан 1,000,000 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох зайлшгүй зардалт хамаарахгүй үндэслэлээр, баримтууд тамга тэмдэггүй, он сар өдөргүй, хэзээ авсан нь тодорхойгүй хүнсний бараа авсан зарлагын баримтууд болох 2,793,548 төгрөгийн нийт 18,245,947 төгрөгийг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо баримтууд тамга тэмдэггүй, он сар өдөргүй, зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд хандах түүний эрхийг шууд хязгаарласан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар “хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлнө.

Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хүний амь нас хохирсон хэргийн хохирол, хор уршиг арилаагүй талаар тайлбар, гомдол гаргасаар байтал анхан шатны шүүх үүнийг арилсан гэж үзэж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолд дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбогдож гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь дурдаж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, хууль ёсны байх шаардлагагүй хангаагүй байна.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан байдлыг харгалзан ... гэж ойлгомжгүй хэргийн дүгнэлт хийхийн зэрэгцээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно гэж тодорхойлсон ба энэхүү ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж ямар нөхцөл  байдлыг хэрхэн дүгнэж байгаа  талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хохирогч хохиролд 1.000.000 төгрөг аваагүй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгч 1.000.000 төгрөг өгсөн нотлох баримт авагдсан гэж гэм хорын хохиролд төлсөн гэх 1.000.000 төгрөгийн талаарх мэтгэлцээнийг ойлгомжгүй дүгнэсэн байна.

Түүнчлэн тодорхойлох хэсэгт 18.245.947 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн атлаа тогтоох хэсэгт орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд онцгой холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна гэж үзэж байна.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.*******ад  холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

 3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.*******ад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН