Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2019/00029

 

Б.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2019/00234 дүгээр шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: ... Б.Т-ын нэхэмжлэлтэй,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

           Хариуцагч: ... М.М

 

  Хариуцагч: ... Т.Э нарт холбогдох

 

  Орон сууц хөлслөх гэрээний үүрэг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 1 250 000 төгрөг, алданги 1 331 250 төгрөг, ус халаалтын төлбөр 368 081.03 төгрөг, цахилгааны төлбөр 54 800 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 180 000 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг, нийт 3 191 631.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч миний биө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, Төмөр замчдын өргөн чөлөө, 106-12 тоот 36 м.кв нэг өрөө байраа 2018 оны 01 сарын 13-ны өдөр иргэн М.М, Т.Э нарт сарын 250.000 төгрөгөөр нэг жилийн хугацаагаар хөлслүүлсэн. Хөлслүүлэх хугацаанд гэрээнд заасан төлбөрөө цаг хугацаанд нь өгөхгүй гэрээний 4.1-т заасан ашиглалтын төлбөрөө зохих байгууллагуудад төлөхгуй байнгын хэл ам дагуулдаг байсан. Байр хөлслөн сууснаас хойш халаалт хэрэглэсэн усны төлбөрөө төлөөгүйн улмаас "Чандмань бадрал" ХХК-иас мэдэгдэл ирүүлснээр 2018 оны 10 сарын 23-ны өдөр би өөрөө хэрэглэсэн халаалт усны төлбөр 256394 төгрөг мөн цахилгааны төлбөр 36540 төгрөгийг төлж байраа суллаж өг гэж шаардтал Энхбаяр буюу нөхөр нь "Хөгшин настай ээж бага насны хуухэдтэй бид нар очих газар байхгүй, гэрээний хугацаа дуусахад суллаж өгье төлбөр тооцоо үлдээхгүй" гэсэн боловч суллаж өгөөгүй. Асуухад өвлийн улирал болчихлоо бидэнд өөр байр хайх боломж алга, тэгээд ч хүйтний улиралд байрнаас гарч чадахгүй дулаан ортол буюу 2019 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл гэрээ сунгаж өгөөч гээд гуйгаад байхаар нь дахин гэрээг 2019 оны 01 сарын 13-ны өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш байрны хөлс болон гэрээний 4.1-т заасан СӨХ, дулаан, цэвэр, бохир ус, хогны мөнгө, сүүлийн 2 сарын цахилгааны мөнгөө төлөөгүй. Мөн хөлслөх хугацаандаа байранд байсан дрожийг үгүй хийж, вакум цонхийг хагалж, гал тогооны чулуун тавцанг хагалж, абжур эвдэж, стенкний шургуулга эвдэж, шилэн хаалга, тавиур, шилэн нүүрийг хагалж, шкафны болон хаалганы бариулыг эвдэж, ширээний тавцангийн хуулга ховхолж эвдэн, засвар хийсэн байрны обой, шалны хулдаасыг урж тасдан халтар эрээн болгосон байсан. Хэлэхэд шинээр обой нааж өгнө, цонхыг шиллэж өгнө л гэдэг. Байрны хөлсөө болон урсгал зардлаа төлөхгүй болохоор нь төл гэж шаардтал 2019 оны 04 сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 сарын 13-ны өдрийн хооронд долоо хоногт 250 000 төгрөг төлж барагдуулна гэж бичиг хийж өгсөн боловч төлөөгүй. 2019 оны 04 сарын 28-ны өдөр очиж уулзтал "Байрыг нь чинь суллаж өгнө, очих газартай" гэж хэлээд надад мэдэгдэлгүй нууцаар хөргөгч болон өөрийн гэсэн эд зүйлсээ зөөж байгаад байрны орцонд улаан халз таарсан. Тэгэхэд би та нар байрны хөлс болон урсгал зардлаа төлөхгүй зугтаж байгаа юм уу гэтэл маргаан үүсгэсэн. Тэгэхэд би “Наад хөргөгчөө оруулж тавь, орон сууцны хөлс, урсгал зардлаа төлөөд ав” гэж хэлтэл хөргөгчинд шуналаа гээд нөхөр нь дайраад, эхнэр нь болохоор орцонд маргалдаж байхаар ороод яръя гээд, байрандаа ортол эхнэр Мөнхжаргал нь "Би 06 сарын 01-ний өдрөөс эхлээд таны хөлс мөнгө, байрны урсгал зардлаа төлье, төлөхөө баталж танд өөрийн 89-44 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн машинаа барьцаанд тавъя" гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Гэтэл гэрчилгээ өгөөд машинаа ч өгөлгүй  таг болсон бөгөөд Мөнхжаргалтай ажил дээр очоод уулзтал “Наад гэрчилгээ чинь хэрэггүй, өөр гэрчилгээ гаргуулаад машинаа урагш гаргадаг угаасаа хүмүүс өөр дугаар зүүгээд л машинаа гаргадаг, та мэддэггүй юм уу” гэж хэлсэн. Холбогдох гэсэн боловч бүх утсаа хаагаад өнөөдрийг хүртэл холбоо барихгүй зугтлаа. “Чандмань бадрал” ХХК-ийн байцаагч байнга утасдаж төлбөрөө төлөхгүй бол усыг чинь хязгаарлаж шүүхэд өгнө гэж дарамталж хаалган дээр хүртэл мэдэгдэх хуудас наасан байсан. Мөн цахилгаан станцаас байнга ярьж цахилгааны төлбөрөө төлөхгүй бол хязгаарлалт хийнэ гээд байхад нь өөрөө цахилгааны төлбөр болох 54800 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нараас гэрээнд заасан хөлс 2019 оны 01 сарын 13-ны өдрөөс 2019 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл сарын 250000 төгрөг буюу нийт 1250000 төгрөг, гэрээний 3.2-т заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутам түрээсийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги болох 2019 оны 01 сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 сарын 09-ний өдрийг хүртэл 1331250 төгрөг, ус халаалтын төлбөр болох “Чандмань бадрал” ХХК-ийн нэхэмжилж буй 368081.03 төгрөг, цахилгааны төлбөр 54800 төгрөг, СӨХ-ийн 180000 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 3191631.03 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эвдэж сүйтгэсэн эд хогшлыг хүсэлт гаргаж үнэлгээ хийлгэн нэхэмжлэх болно...” гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа анхан шатны шүүх хуралдаанд өөрчилж гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Орон сууц хөлсөлсний төлбөр 1250000 төгрөг, алданги 625000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбоонд 150000 төгрөг, ус дулаан хэрэглэсний төлбөрт 316126 төгрөг, цахилгаан хэрэглэсний төлбөрт 54800 төгрөг, дэвсгэр буюу дрожны үнэд 100000 төгрөг, нийт 2495926 төгрөгийг...” нэхэмжилжээ.

 

Хариуцагч М.М, Т.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Т.Э нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Анх 2018 оны 01-р сард дулаахан 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу утсаар ярьж холбогдон сарын 250000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Байранд нүүж ороход өөрөө хажууд байгаагүй бөгөөд эд хөрөнгөө бүрэн бүтэн хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэлд бичсэн стекний шилэн хаалга манайхыг ороход байгаагүй. Гал тогооны чулуун тавцанг хагалаад скочоор наасан байсан нь уначихаар нь байрны эзэнд үзүүлэх гээд аваад тавьчихсан байсан. Эд хөрөнгийн тал дээр бид үнэхээр зөвшөөрч чадахгүй. Манай эхнэрийг цэвэрлэгээ хийгээд хүлээлгэж өгөхөд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж, эвдэрсэн байсан тавилгаа төлөхийг шаардаж, гарын үсгээ зурсан байсан. Бид ингэж шударга бус аашилж байгаад нь гомдолтой байна. Мөн 1250000 төгрөг нь 4 сарын дотор өдрийн алданги 0.5 хувиар бодоход 1350000 төгрөг болохгүй. Хүнийг ингэж хохироож болохгүй. Бид түрээслэсэн байрныхаа төлбөр, хэрэглэсэн ус, цахилгааны мөнгийг л төлнө. Цонхны тухайд бид дотроосоо хагалсан бол маргахгүйгээр төлнө. Гэвч гэр эзгүй хойгуур хүүхдүүд чулуу шидэж, эсхүл хөл бөмбөг тоголж байгаад л хагалсан байж таарна. Мөн нэхэмжлэлд “Чандмань бадрал” ХХК-ийн харилцагчийн гүйлгээг хавсаргасан байсан. Түүн дээр манайх 2019 оны 04 сарын 26-ны өдөр гарсан байхад 5, 6, 7 сарын төлбөрийг нэхэмжилсэн байна. Мөсний хонгил шиг хүйтэн, тав тухгүй орчинд байсныг гэрчлэх хүн байхад бид дулааны мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Байрны мөнгө 2019 оны 01 сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 сарын 26-ны өдрийг хүртэл бодох ёстой байтал 2019 оны 01 сарын 13-ны өдрөөс 2019 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл бодож тооцсон байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.   

 

Хариуцагч М.М нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2018 оны 01 сарын 13-ны өдөр 106-р байрны 12 тоотод Энхтуяа гэдэг хүнтэй утсаар ярин дүүгээс нь түлхүүрийг нь аван нүүж орсон. Урд өдөр нь дүү нь орой болсон байсан учир хальт оруулж үзүүлчихээд гарсан. Эд хогшил нь ийм ийм байгаа шүү гэж нэг бүрчлэн надад хүлээлгэж өгөөгүй. Нүүж ороход ч бас орж ирээгүй. Шүүгээний шургуулганууд нь бүгд эвдэрсэн наанаас нь скочдоод тогтоосон байсан. Мөн стенкний шилэн хаалга гээд байгааг мэдэхгүй байна. Анх манайхыг ороход л байгаагүй. Дрож нь бол байгаа. Манай дүүгийн хашаанд байгаа. Гэрлийн абжур руу ойртоогүй. Яагаад эвдэрсэн зүйлээ төлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Ханын обойг бол хүлээн зөвшөөрнө. Гал тогооны чулуун тавцан анх ороход л скочдоод тогтоосон байсан нь уначихсаныг бид нар аваад цааш нь тавьсан. Би зөвхөн суусан сарынхаа мөнгө, ус, тог, дулаан, СӨХ-ийн төлбөрөө л төлнө. Сүүлд нь ингэж гэрээний дагуу бүх юмаа оруулж нэхэмжлэх байсан бол гэрээгээ дуусгаж болох байсан. Бид хямд хашаа байшинд нүүж орохоор шийдээд байрны эгч рүү залгаж, та хүрээд ирээ, ирж байраа хүлээж ав гэсэн боловч би завгүй байна, жаахан байж байгаад очъё гэж хэлээд утсаа тасалсан. Энхтуяа эгч тайлбар дээрээ нууцаар нүүж байгаад үүдэнд халз тулсан гэж худлаа бичсэн байсан. Хулгайгаар нүүсэн бол бид хүрээд ир гэж утсаар ярихгүй байсан. Авах ёстой мөнгөө л нэхэмжлэхгүй ямар ч үндэслэлгүй худлаа ярьж гүтгэж илүү мөнгө төлүүлэх гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 4 сард байрнаасаа гарсан байхад 5, 6, 7 сарын мөнгө төлүүлнэ гээд байгаад гомдолтой байна...” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас 81955 төгрөгөөс татгалзсаныг баталж,

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 292 дугаар зүйлийн 292.1, 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч М.М, Т.Э нараас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт тухайн орон сууцанд суусан хугацаа буюу 3 сарын 750000 төгрөг, түүний алданги 375000 төгрөг, ус, дулааны төлбөр 316126 төгрөг, СӨХ-ийн төлбөр 150000 төгрөг, цахилгааны төлбөр 54800 төгрөг, нийт 1645926 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 850000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 41285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 

Хариуцагч М.М, Т.Э нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

 

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа давж заалдсан гомдол болон давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах болсон үндэслэл гэвэл анх орон сууц хөлслөх гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс бүтэн нэг жилийн хугацаатай гэрээ байгуулаад гэрээ дуусахад дахин хариуцагч талын хүсэлтээр сунгасан. Сунгахдаа 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгасан байдаг. Гэтэл гэрээг сунгаснаас хойшхи хугацаанд хариуцагч тал төлбөрөө төлөөгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 6 сарын хөлс нэхэмжилсэн. Гэтэл шүүх бичгээр мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр 3 сарын төлбөрийг гаргуулсан. Төлбөрийг гаргуулахдаа 750000 төгрөг гаргуулсан буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мөн хариуцагч нар сар бүр хөлсөө төлж байсан гэдэг мэдүүлэгт шүүх үнэлэлт, дүгнэлт өгөлгүй шууд 750000 төгрөгөөр тогтоож, алдангийг 375000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь цуцлах шаардлагаа бичгээр мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа бол 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 сар 15 хоногийн тооцоог гаргах байтал шүүх хангаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Мөн үүн дээр нэмж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаас өмнө хэргийн материалд хавсаргаад өгөхдөө материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцахад зохигчдын эрх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн нь илэрсэн. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаан зарлагдсан байдаг. Тэр шүүх хуралдаанаар гэрч Уянгыг асуулгах хүсэлт гаргасны дагуу заавал зайлшгүй шаардлагатай төлбөр тооцоон дээр маргаантай байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Гэтэл 28-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаан дээр гэрч У-г асуусан талаар шүүх тайлбар өгдөг. Мөн хариуцагч гэрч оролцуулах хүсэлт гаргаад өөрийнхөө хадам ээжийг гэрч Чандмань бадралын Э, Ц нарыг оруулах хүсэлт гаргасан байдаг. Мөн гэрчээр Туяаг оролцуулах хүсэлт гаргасан зэргийг нэхэмжлэгчид танилцуулаагүй. Мөн 10 дугаар сарын 14-ний өдрөөр он сарыг тавьсан, хариуцагчийн зүгээс тайлбар гаргасан байсан. Үүнийг бас итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй. Хавтаст хэргийг дугаарлаагүй. Өөрөөр хэлбэл У-г гэрчээр асуусан хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, гэрч оролцуулах хүсэлтүүдийг дугаарлаагүй байсан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэдэг үндэслэлээр гомдол гаргасан...” гэв.  

 

Хариуцагч М.М нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм байна лээ. Миний хувьд үндэслэлтэй гарсан гэж бодож байгаа...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь хариуцагч М.М, Т.Э нарт холбогдуулан орон сууц хөлслөсний төлбөр 1250000 төгрөг, алданги 1331250 төгрөг, ус, дулааны төлбөр 368081,03 төгрөг, цахилгааны төлбөр 54800 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 180000 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 3191631,03 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж орон сууц хөлсөлсний төлбөр 1250000 төгрөг, алданги 625000 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбоонд 150000 төгрөг, ус дулаан хэрэглэсний төлбөрт 316126 төгрөг, цахилгаан хэрэглэсний төлбөрт 54800 төгрөг, дэвсгэр буюу дрожны үнэд 100000 төгрөг нийт 2495926 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлээ орон сууц хөлслөх гэрээнд үндэслэжээ.

 

            Хариуцагч М.М, Т.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч орон сууцанд амьдарсан хугацааны хөлс, бусад зардлыг төлнө, орон сууцыг чөлөөлж өгснөөс хойшхи хугацааны төлбөрийг төлөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.4, 292 дугаар зүйлийн 292.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа эс зөвшөөрч “...орон сууцны хөлсийг буруу тооцсон, ...гэрч Г.Уянгын мэдүүлгийг танилцуулаагүй, ...нотариатын төлбөр 7500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй...“ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг 6 сарын хугацаагаар сунгаж дахин гэрээ байгуулсан, гэрээгээр хөлсийг сард 250000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөрийг хөлснөөс гадна хариуцагч нар төлөхөөр үүрэг хүлээсэн, мөн хөлсийг төлөх хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан, хариуцагч нар орон сууцанд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд оршин суусан, гэрээг сунгаснаас хойшхи хугацааны хөлсийг төлөөгүй тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээнд зааснаар хариуцагч нарыг хөлс болон алданги бусад зардлыг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д нийцжээ.

 

Харин зохигчид хөлс төлөх хугацааны талаар маргасан буюу нэхэмжлэгч тал хөлсийг гэрээнд заасан нийт 6 сарын хугацаагаар тооцож нэхэмжилсэн ба хариуцагч нар орон сууцанд амьдарсан хугацааны хөлс, алданги, зардлыг төлнө гэсэн байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д заасан “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө” гэснийг буруу тайлбарлан “...зохигчдыг хөлс төлөх хугацааг тохироогүй, хөлс төлөх хугацаа нь гэрээний хугацаа дуусах үед байсан, гэрээний хугацаа дуусаагүй байхад ... сар бүр 250000 төгрөгийн хөлсийг шаардах эрхгүй” гэж дүгнэж хөлсийг дутуу тооцож гаргуулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Зохигчдын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулагдсан гэрээнээс үзэхэд зохигчид орон сууц хөлсөлний хөлс 250000 төгрөгийг сар бүр төлөхөөр тохиролцсон байх ба хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлээгүйгээс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ цуцлагджээ.

 

Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах журамд нийцсэн буюу нэхэмжлэгчийн зүгээс хөлс төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч хөлсийг төлөөгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хугацаанаас өмнө гэрээг цуцлах үндэслэл болжээ.

 

Иймд хариуцагч нар нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хэлэлцэн тохирсон хөлс буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны буюу 3 сар 15 хоногийн хөлс 874999 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Тодруулбал нэг сарын хөлс 250000 төгрөг гэж үзвэл 3 сарын хөлс 750000 төгрөг /250000*3/, 1 хоногийн хөлс 8333,3 төгрөг /250000:30/, 15 хоногийн хөлс 124999 төгрөг /8333,3*15/, нийт 3 сар 15 хоногийн хөлс 874999 төгрөг болно.

 

Улмаар талууд гэрээний 3.2-т хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон тул хариуцагч нараас алдангид 437499 төгрөг /874999*50%/ гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д нийцнэ.

 

Харин зохигчид шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн цахилгааны төлбөр 54800 төгрөг, ус дулаан хэрэглэсний төлбөрт 316126 төгрөг, сууц өмчлөгчдийн холбоонд 150000 төгрөг төлөх талаар маргаагүй, энэ хэмжээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ багасгаж хариуцагч М.М төлөхийг зөвшөөрчээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 100000 төгрөгийн үнэ бүхий дэвсгэр буюу дрожны үнийг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй ба харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээ өөрчилж гаргахдаа нотариатын зардал 7500 төгрөгийг шаардлагадаа дурдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч Г.Уянгын мэдүүлэг болон хариуцагч М.Мын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тайлбарыг /хх-83-84/ танилцуулаагүй эрхийг зөрчсөн гэх боловч гэрч Г.Уас нэхэмжлэгч талын хүсэлтээр мэдүүлэг авсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч асуух ажиллагаанд оролцохгүй тухайгаа мэдэгдсэн нь гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд тэмдэглэгдсэн /хх-87/, улмаар шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлахад гэрч Г.Уянгын мэдүүлгийг танилцуулсан, хариуцагч М.М нь шүүх хуралдаанд оролцож тайлбараа гаргасан ба түүний тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн шүүх хуралдаанд тайлбараа гаргасан зэргээс үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн хэрэгжүүлэх мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүйн гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Эдгээр дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, гомдлоос түүний эрхийг зөрчсөн тухай хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд болон хариуцагч нараас нийт 1833424 төгрөг /хөлс 874999 төгрөг, алданги 437499 төгрөг, цахилгааны төлбөр 54800 төгрөг, ус дулааны төлбөр 316126 төгрөг, сууц өмчлөгчдийн холбоонд 150000 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 662502 төгрөгийг /2495926-1833424/ хэрэгсэхгүй болгож тус тус өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, нэхэмжлэлээ багасгаж өөрчилснийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 81955 төгрөгөөс татгалзснаар баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцээгүй ба энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаагүй, зөвхөн зарим хэсгээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2019/00234 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, 2 дугаар заалтыг 1 гэж дугаарлан заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М, Т.Э нараас нийт 1833424 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 662502 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

3 дугаар заалтыг 2 гэж дугаарлан заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 66061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 44285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж,

 

4, 5 дугаар заалтыг 3, 4 гэж дугаарлан тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ

 

 Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ