Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101

 

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр                 2017/ШЦТ/101                                Баруун-Урт  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  Г.Амарсайхан,

Шүүгдэгч В.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч В.С-т холбогдох 1730000860065 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн харьяат, 1961 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дарьганга сумын 4 дүгээр багт оршин суух, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дарьганга сумын Байгалын цогцолборт газарт мэргэжилтэн ажилтай, төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнагдсан, ял шийтгэгдэж байгаагүй, ЛГ61071030 регистртэй, Морин овгийн В.С

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

           Шүүгдэгч В.С нь 2017.09.12-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа иргэн Ц.Оюунгэрэлтэй маргалдан түүний шанаа руу гараараа цохиж хаалганы шил мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч В.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид нар аймагт ажлынхнаараа сургалтад суусан. Сургалт маань амжилттай болоод буцахдаа ийм асуудал болсон. Би тухайн үед архи уусан байсан. Машинд суугаад бөөлжих гэж байгаад Оюунгэрэлтэй маргалдаад шанаан тус газар нь цохисон. Ажлын асуудлаас маргалдсан. Би хохирогчид 1.000.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй...гэв.

- Хохирогч Ц.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би аймагт сургалтанд суугаад 2017 оны 09 сарын 12-ны орой 21 цагийн орчим Дарьганга сум руу буцаж байхад манай хуучин даргаар ажиллаж байсан Сүхбаатар нь ямар нэгэн шалтгаангүйгээр миний толгой руу цохиход би машины хажуу талын шилийг мөргөсөн. Үүнээс болж миний толгой их хэмжээгээр өвдөж мөн баруун шанаа хэсэг хавдсан байсан... гэх мэдүүлэг / хх-н 7 х /, 

          - Гэрч С.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Бид буцаж байхад манай мэргэжилтэн Сүхбаатар Оюунгэрэлийг “ чи намайг матсаар байгаад ажилгүй болгосон “ гээд Оюунгэрэлийн баруун талын хацар руу нэг удаа цохисон. Тэгээд би С-г салгахад архи уусан байсан... гэх мэдүүлэг,/ хх-н 9 х / 

- Гэрч Л.Золбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Дарьганга сум руу гарч байхад Сүхбаатар нь намайг машинаа зогсоо гээд байхаар нь би зогсоогүй. Гэтэл Сүхбаатар нь миний хажууд сууж байсан Оюунгэрэлтэй маргалдаж түүний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Чи намайг матаж ажилгүй болгосон гэх мэтээр хэрэлдэж байсан... гэх мэдүүлэг,/ хх-н 8 х / 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 341 дугаартай дүгнэлтэд: 1.Ц.Оюунгэрэлийн тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-н 20 х/,

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-1/

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 5/09 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол  /хх-2/ 

- Хохирогч Ц.Оюунгэрэл аймгийн Прокурорын газарт 2017 оны 10 сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтдээ: Миний бие В.С-т зодуулж хөнгөн гэмтэл авсан тул цаашид гаргах гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. / хх-н 32 х /

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017.09.22-ны өдрийн 10/367 дугаартай тодорхойлолт /хх-н 29 х /

- В.С-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 30 х /

- В.С-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27 / зэрэг болно.               

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

           Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу В.С-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгч В.С нь 2017.09.12-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа иргэн Ц.Оюунгэрэлтэй маргалдан түүний шанаа руу гараараа цохиж хаалганы шил мөргүүлэн эрүүл мэндэд нь “ тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч В.С-ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ц.Оюунгэрэл, гэрч С.Ууганбаяр, Л.Золбаатар нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

В.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

         Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч В.С согтуурсан үедээ иргэн Ц.Оюунгэрэлийг хувийн буюу ажил төрлийн асуудлаас шалтаглан цохисон болох нь түүний “ Машинд суугаад бөөлжих гэж байгаад Оюунгэрэлтэй маргалдаад шанаан тус газар нь цохисон. Ажлын асуудлаас маргалдсан. “ гэх, хохирогч Ц.Оюунгэрэлийн “ би аймагт сургалтанд суугаад 2017 оны 09 сарын 12-ны орой 21 цагийн орчим Дарьганга сум руу буцаж байхад манай хуучин даргаар ажиллаж байсан С нь ямар нэгэн шалтгаангүйгээр миний толгой руу цохиход би машины хажуу талын шилийг мөргөсөн” гэх, гэрч С.Ууганбаярын “бид буцаж байхад манай мэргэжилтэн С нь Оюунгэрэлийг чи намайг матсаар байгаад ажилгүй болгосон гээд Оюунгэрэлийн баруун талын хацар руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.

         В.С гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн шанаанд санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

         Шүүгдэгч В.С-т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

          Иймд шүүгдэгч В.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч В.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

В.С-ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Ц.Оюунгэрэлд эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

          Шүүгдэгч В.С-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч В.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ц.Оюунгэрэл нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Морин овгийн В.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан В.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ц.Оюунгэрэл нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

  4. Ялтан В.С-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН