Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 22/МА2019/00030

 

 

“Х” ХХК, Ц.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2019/00314 дүгээр шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: ... байрлах, “Х” ХХК,         

Нэхэмжлэгч: ... Ц.Э нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ... тоотод оршин суух, Л.О-д холбогдох,

  Эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол 7401980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК, Ц.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.Э миний бие 2019 оны 01 сарын 24-ний өдөр “Х” ХХК-д бүртгэлтэй 69-80 ДГА улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон “Цэцэн хан” худалдааны төвийн 4 замын уулзвар дээр улаан гэрлээр зогсож байхад Тоёота маркийн 48-96 ДГА улсын дугаартай машинд мөргүүлсний улмаас тээврийн хэрэгсэлд 3200000 төгрөгийн хохирол учирч улмаар би өөрөө бие сэтгэл, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон. Тухайн үед уг машины жолооч нь согтуу байсан бөгөөд түүнд 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 0001280 дугаар шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авагдсан боловч одоог хүртэл уг зөрчлийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй хохироож байна. Энэ хугацаанд Ц.Э миний бие нуруу нугасандаа тодорхой гэмтэл авсны улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног, мөн Хужирт рашаан сувилалд 10 хоног хэвтэж эмчлүүлсэн бөгөөд уг машин техникт тодорхой хэмжээний эвдрэл гэмтэл үүсч 90 хоног засвар үйлчилгээ хийгдэлгүйгээр зогссоны улмаас компанийн үйл ажиллагаа тасалдаж энэ бүгдэд Л.Огийн зүгээс огт санаачлага тавиагүй болно. Иймд Л.Огээс компанийн үндсэн хөрөнгө болох Соната-6 маркийн машинд учирсан эд ангийн сэлбэг хэрэгсэл, сэргээн зассан засварын хөлс нийлээд 3 200 000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардал 3 859 480 төгрөг, замын зардал, бензин шатахууны төлбөр 162 500 төгрөг, сул зогсолтын төлбөрийг 60 хоногоор тооцож 1 680 000 төгрөг, нийт 8 901 980 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс Л.О нь эмчилгээний зардал болох 1 500 000 төгрөгийг 2019 оны 02 сарын 01-ний өдөр өгснийг хасаж үлдэх 7 401 980 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Ц.Э миний бие 2019 оны 05 сарын 22-ны өдөр толгой, хүзүү, нуруу өвдөөд эмчид хандан эмчлүүлсэн ба эмчилгээний үнэ, эм тарианы үнэ болох 85935 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэжээ.   

 

Нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Ц.Э миний бие аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн заавраар Халзан уул сувилалд 7 хоног сувилуулсан ба сувилалын зардал 235000 төгрөг болон эм, тарианы үнэ 301000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэжээ. 

 

Нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Уг гэмтлийн улмаас улирал тутам сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагын улмаас 2019 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн 9 хоног Хужиртын сувилалд эмчлүүлсэн эмчилгээний зардал 405600 төгрөг, Улаанбаатараас Хужирт, Хужиртаас Улаанбаатар хот руу ирж очих зардал 38600 төгрөг, нийт 444200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэжээ. 

 

Хариуцагч Л.О шүүхэд гаргасан тайлбартаа: “...Соната-6 маркийн автомашины хохирлын үнэлгээг гаргасан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн Сайншанд сум дахь салбарын үнэлгээчин нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй, уг компаний нэрээр хууль бусаар үнэлгээ хийж байсан нь Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар тогтоогдсон, гаргасан үнэлгээнүүд нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдож байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Сул зогсолт гэдэг нь ослоос шалтгаалан 69-80 ДГА улсын дугаартай, Соната-6 маркийн автомашин жолооны сургалтанд гараагүй гэж ойлгогдож байна. Дээрх автомашин нь Замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар багшид зориулсан тормос болон авцуулах холбооны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт толь зэргээр тоноглогдоогүй, жолоодлогын дадлага хийлгэх боломжгүй тээврийн хэрэгсэл тул сул зогсож хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд сул зогсолтын төлбөрийг хариуцахгүй. Эмчилгээ, эм тарианы зардалд 3859480 төгрөгийн зардал нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн биед ослын улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж тогтоосон дүгнэлт гарсан атал ийм хэмжээний зардал гарсан нь эргэлзээтэй, тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Хариуцагч Л.О нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: “...Хэрэг осол 2019 оны 01 сарын 24-ний өдөр болсон. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүзүүний өнгөц гэмтэл оноштой хэвтэж, эмчлүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархи доргилт гэмтэл тогтоогдсон, хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Дараа нь Хужирт рашаан сувилалд эмчлүүлсэн атал 4 сарын дараа дахин эмчилгээ хийлгэсэн гэж байгаа нь эргэлзээтэй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Огээс 2402585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлээс 2563230 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Огээс 3250000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1754300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 95019 төгрөг, Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамж 94403 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Огээс улсын тэмдэгтийн хураамж 66950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д, 53391 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд тус тус олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

  Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ц.Эын нэхэмжлэлтэй 9969815 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд 2814530 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 5655585 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Ц.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, Цагдаагийн газарт зөрчлийн хэрэг шалгагдаж байхад 1500000 төгрөгийн хохирол нөхөн төлөөд байсан. Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд “тархи доргилт буюу хөнгөн гэмтэл 2 удаагийн шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжилж буй гэм хорын хохирлын дүн, учирсэн гэмтэл хоёрын хоорондох шалтгаант холбоогоор тодорхойлогдсон хязгаарын хэмжээгээр гэм хорын хохирлыг хариуцах нь оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцнэ. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...өмгөөлөгч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт зааснаар татвар төлөгч нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, машин хэрэглэх үүрэг хүлээнэ гэж маргаж байгаа боловч санхүүгийн баримтын шаардлагын тухайд яригдах зүйл. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тавигдах шаардлага өөр болохыг дурдах нь зүйтэй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх гэм хорын хохирлыг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн бүрдүүлсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үнэлж тогтоосон, тиймээс кассын болон пос терминал машинаар хэвлэсэн баримт ч анхан шатны баримт болно. Харин 5655585 төгрөгийн хохиролд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Тухайлбал “Мөнгөн тод сар” ХХК-ийн 2200000 төгрөгийн, “Монос Дорноговь” ХХК-ийн эмийн сангаас 2019 оны 01 сарын 29-ний өдөр 141000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 31-ний өдөр 426000 төгрөгийн, мөн 352500 төгрөгийн, 2019 оны 02 сарын 02-ны өдөр 266100 төгрөгийн эм, тариа авсан гэх анхан шатны баримтыг нотлох баримтаар үнэлж, “үений ясжилт, яс ургасан, нурууны үений архаг үрэвсэл” гэсэн оношоор “Халзан-Уул” рашаан сувилалд сувилуулсан 235000 төгрөгийн гэмтлийн оноштой шалтгаант холбоогүй зардал зэргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн хариуцах хэмжээг учирсан гэмтэл, хохирол хоёрын хоорондох шалтгаант холбоо, зардлын баримтын хуулийн шаардлага хангасан эсэхийг харгалзан бодитой тогтоож чадаагүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна...” гэв.  

 

Нэхэмжлэгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх 2019 оны 01 дүгээр сарын 26-нд хотод очиж MRI-д орсон. Түүн дээр дандаа эмчилгээнүүд нь гараад ирдэг. Тэгээд хугараагүй л болохоороо хөнгөн гардаг гэж надад тайлбарласан. Тэгээд үүнээс хамгийн түрүүнд үзэж байгаа нь мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ 3 газар урагдсан гэж гарсан. Тэгээд үүнийг би яах ёстой юм бэ гээд гэмтлийн эмч Бат-Эрдэнээс асуухад акулый хряш гээд байгаа эм мөгөөрсийг жоохон нөхөж өгнө, та улирал тутамдаа рашаан сувилалд явж байж нөхөгдөнө. Өөрөөр эм тариагаар нөхөгдөнө гэж байхгүй. Тэгээд акулый хряшийг 6 сарын дараа дахиж авч уугаарай гэсэн би түүнийг авч ууж чадаагүй байгаа. Ар хэсэгтээ урагдсан мөгөөрсөн цагираг болохоор хэдий хугацаанд яаж нөхөгддөг юм бол гээд би эмч нар болгоноос асууж байгаа. Одоо ч гэсэн би нуруу өвчтэй байнга бүс бүслээд явж байгаа. Би өөрийгөө эрүүл байснаа мэднэ. Одоо миний нуруу байнга хөшдөг. Өглөө босоод л тэр ч сайн, энэ ч сайн гэсэн тосыг түрхээд явж байгаа. Тэр мөнгийг би энэ хүнээс нэхээгүй. Гурван газраа урагдсан тэр мөгөөрсөн цагираг маань явсаар байгаад мэдээж 1 дүгээр сарын 24-ний өдөр гэмтэл авсан юм чинь одоо архаг болсон байгаа. Тэр архаг зүйлээ эмчлүүлэх гээд л би рашаан сувилалд явсан. Үүнээс би нэг зүйл уншиж өгөхөд C6-C7 түвшинд жийргэвч бүх тийш жигд цүлхийж, нугасны сувгийн өмнөд зай болон хоёр талын мэдрэлийн суваг нарийссан бөгөөд гарах язгуур хоёр талдаа бага зэрэг дарагдсан, мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан гэж хамгийн анхны MRI-гаар гарч ирсэн. Тэгээд эмний нөлөөгөөр миний зүүн хөл маань бадайраад явж чадахгүй болсон. Э.Эрдэнэбаатар өмгөөлөгчийн хэлж байгаагаар 02 дугаар сарын 27-ны өдөр би эрүүл болох ёстой байсан юм байна лээ. Тэгтэл 02 дугаар сарын 16, 17-ны үеэс л миний хөл шатны өөд явж чадахгүй болсон. Би ажилдаа явж чадахгүй уйлаад явж байсан. Манай ажлынхан түүнийг мэднэ. Тэгээд би бариач авч ирж бариулж арай гайгүй болсон. Сая ч гэсэн бариач авч ирж бариулсан. Байнга нуруу өвчтэй, орой унтах болохоор нуруундаа тос түрхээд, хүрэхгүй болохоор зээгээрээ нураандаа тос түрхүүлдэг. Би залуу биш ч гэсэн өдий хүртэл өөрийнхөө биеийг эрүүл аваад явсан гэж бодож байгаа. Тэгтэл согтуу Л.Огээс болоод би эдгэхгүй, архаг өвчтэй болсондоо гомдолтой байгаа. Яс хугараагүйдээ баярлаж байгаа. Миний машин газ түлшээр явдаг машин байсан. Түүнийг дэлбэрээгүйд баярлаж байгаа. Тэгтэл намайг өвчтэй байхад бие чинь яаж байна гэж асуухын оронд, өрөөсөн бөөрөө би танд өгнө гэх мэтээр хэл, амаар доромжилж байсан. Тэгээд хүзүүнд 2, нуруунд 2 мөгөөрсөн ар хэсэгтээ урагдсан нь ерөөсөө рашаан сувиллаар л эмчлэгдэнэ гээд гэмтлийн эмч Бат-Эрдэнэ, Дорноговь аймагт мэдрэлийн эмч Гэрэлмаа, Мядагмаад үзүүлсэн. Зөвлөх эмчид бас очиж үзүүлсэн. Тэд бүгд рашаанд л явна өөр нөхөх зүйл байхгүй гэдэг. Энэ ослоос гарсан хор уршиг минь хэзээ яаж арилж, миний мөгөөрсөн цагираг хэзээ нөхөгдөх юм бол үүнийг нээлттэй орхиж өгч болдог юм болов уу. Надад ийм хүсэлт байна. Би яагаад зүв зүгээр явж байгаад согтуу Л.Огээс болоод насан туршдаа эдгэхгүй архаг өвчтэй болж үлдэх ёстой юм бэ...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамгийн гол нь гэм хорын хохирол, үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй гэсэн үндэслэл, нөхцөл байдлыг эхний ээлжинд ярьж байх шиг байна. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд энэ бүгдэд бид тал бүрийн бодитой, үнэлэлт дүгнэлт хийгээд уг үйлдэл буюу гэм хор, хохирол хоёрын хооронд дахь шалтгаант холбоо нотлогдон, тогтоогдсон болохыг шүүхээс үнэлж дүгнэсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан. Хөнгөн гэмтлийн улмаас уг хүнд архаг үр дагавар үүсээд энэ бүгдэд зарцуулагдсан эм, эмчилгээний зардлууд болох нь нотлогдон тогтоогдсон байгаа. Тийм ч учраас анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг үндэслээд болгоомжгүй, үйлдэл, эс үйлдэхүйгээс гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Дараагийн асуудал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шинжлэн судалж, нотолж чадаагүй гэсэн байна. Мэдээж нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг бүрдүүлбэр болгох, цуглуулах бүрэн эрхийнхээ хүрээнд зохих ёсны баримтуудыг цуглуулсан. Үүнийг ч шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу өөрсдийн дотоод итгэлээр дүгнэсний эцэст хохирлоос тогтоогдож байгаа хэмжээгээр гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тийм ч учраас анхан шатны шүүхээс нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс сул зогсолтын мөнгө, бензиний мөнгийг хасаж шийдвэрлэснийг манай зүгээс ямар нэгэн маргах нөхцөл байхгүй. Хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хуулийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнэж гаргасан шийдвэр гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК болон нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Л.О-д холбогдуулан нийт 7401980 төгрөгийг нэхэмжилж, үүнээс Х ХХК нь эд хөрөнгөд учруулсан хохиролд 3322300 төгрөг, олох ёстой орлогод 1680000 төгрөг, нийт 5002300 төгрөг, Ц.Э нь эрүүл мэндэд учруулсан хохирол буюу эмчилгээний зардалд 2399680 төгрөгийг тус тус нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа нийт 3 удаа нэмэгдүүлж үүнд:

 

  1. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эмчилгээний зардалд 85935 төгрөг /1-р хх-68/,
  2. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эмчилгээний зардалд буюу эм тарианы 301000 төгрөг, Халзан-Уул рашаан сувилалд эмчлүүлсэн зардалд 235000 төгрөг, нийт 536000 төгрөг /1-р хх-172/,
  3. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эмчилгээний зардалд буюу Хужирт рашаан сувилалд эмчлүүлсэн зардалд 405600 төгрөг, замын зардал 38600 төгрөг, нийт 444200 төгрөг /1-р хх-189/, нийт 3465815 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Л.О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зарим баримтууд хуулийн шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар эс зөвшөөрч “... нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Л.О нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Марк-Х маркийн 48-96 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад “Х” ХХК-ийн өмчлөлийн Х.Соната-6 маркийн 69-80 ДГА улсын дугаартай автомашины араас мөргөж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж /1-р хх-5-7/, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн өмчлөлийн Х.Соната-6 маркийн автомашинд 3570000 төгрөгийн хохирол /1-р хх-49, 93/, нэхэмжлэгч Ц.Эын биед тархи доргилт буюу хөнгөн гэмтэл учирсан /1-р хх-83-84, 90-92/ болох нь тогтоогдсон, хариуцагч Л.О гэм хорын хохиролд нийт 1500000 төгрөг төлсөн /1-р хх-214/, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтанд дүгнэлт хийхдээ хариуцагч Л.Ог нэхэмжлэгч “Х” ХХК-д эд хөрөнгийн, нэхэмжлэгч Ц.Эын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм буруутай гэж үзсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т нийцсэн байх боловч гэм хорын хохиролтой холбоотой  нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хохирол төлбөрийг буруу тооцсон алдаа гаргажээ.

 

Энэ нь 1. Х ХХК-ийн өмчлөлийн HYUNDAI Sonata 6 маркийн автомашинд нийт 3570000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр /1-р хх-49, 93/ тогтоогдсон бөгөөд энэхүү хохирлоос нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 3200000 төгрөгийг болон машиныг засуулахад зарцуулсан шатахуунд 122300 төгрөг, нийт 3322300 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Гэтэл анхан шатны шүүх шатахууны үнэ 72300 төгрөгийг нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтыг шаардлага хангахгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байх ба ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-247 ар талд/ баримтаар 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр gorgaz-4na гүйлгээ хийж шатахуун худалдаж авсан ба энэ нь машины эвдрэл гэмтэлтэй холбоотой зардал болох нь 1-р хх-ийн 17 дугаар талд авагдсан зарлагын баримтуудаар давхар нотлогдсон тул хариуцагч энэхүү эд хөрөнгийн хохиролд нийт 3322300 төгрөгийг төлөх үндэслэлтэй.

 

2. Хариуцагч Л.Огийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ц.Эын эрүүл мэндэд тархи доргилт буюу хөнгөн гэмтэл учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/083 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-83-84/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 305 дугаартай дахин шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр /1-р хх-90-92/ тус тус тогтоогджээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Эын биед тархи доргилт буюу хөнгөн гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл гэж тогтоосон байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны эмчилгээний зардал болон рашаан сувилалд эмчлүүлсний зардал нэхэмжилсэн ба энэ нь хариуцагч Л.Огийн түүний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгахад гаргасан зардал гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Харин нэхэмжлэгч Ц.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарсан ослын улмаас шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан болох нь амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1-р хх-ийн 10-14/-д тэмдэглэгдсэн эмчийн тэмдэглэл, заалтаар тогтоогдсон боловч нурууны соронзон резонанст томографийн оношилгоогоор /1-р хх-ийн 43, 86/ тогтоогдсон “... Бүсэлхийн түвшинд: L4-L5: энэ түвшинд жийргэвч төвийн байрлалаар цүлхийж нугасны сувгийн өмнөд зай нарийссан бөгөөд гарах язгуурын дарагдалгүй, мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан...” гэсэн онош нь дээрх ослын улмаас үүссэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

 

Уг нурууны соронзон резонанст томографийн оношилгоо, шинжилгээ дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд дурдагдсан боловч энд заасан дээрх онош нь нэхэмжлэгч Ц.Эын биед ослын улмаас учирсан тархи доргилт гэмтэлтэй холбоотой болох эсэх нь тодорхойгүй, шинжээч нар энэ талаар дүгнэлтдээ дүгнэсэн зүйлгүй, хэрэгт энэ талаар өөр нотлох баримтгүй байна.

 

Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд хийгдсэн эмчилгээ тодруулбал рашаан сувилалд эмчлүүлсэн болон 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монос Дорноговь ХХК-ийн эмийн сангаас худалдаж авсан 301000 төгрөгийн /1-р хх-174/ эмчилгээ зэрэг нь тархи доргилт гэмтэлтэй холбоогүй болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1179 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 150-151/, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /1-р хх-173/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1-р хх-179-181/, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Цэндийн мэдүүлэг /2-р хх-4-7/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул энэхүү зардлыг хариуцагчаар төлүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн 1-р хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан хашчулуун ор, хор тайлах эмчилгээ, хүний их эмч Туяа гэсэн тэмдэг бүхий толгой хүзүү нуруунд бариа шарлага 350000 төгрөг гэсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан шаардлага хангаагүй буюу хашчулуун ор, хор тайлах эмчилгээг ямар өвчинд хэн гэдэг эмчийн заалтаар хийсэн нь тодорхойгүй, 350000 төгрөгийн баримтанд огноог 2014 оны 02 дугаар сарын 19 гэж тэмдэглэгдсэн, 1-р хавтаст хэргийн 71-73 дугаар хуудсанд авагдсан баримтуудад тэмдэглэгдсэн эмчилгээг мөн ямар зорилгоор, ямар өвчний эмчилгээнд хийсэн нь тодорхойгүй зэргээс уг баримтуудыг хэрэгт ач холбогдол бүхий бичмэл нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Эын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлын мөнгөн дүн, хэмжээг нэхэмжлэгчээс ирүүлсэн 1-р хх-ийн 18-21 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримт болон 1-р хх-ийн 207, 201-213 дугаар хуудсан дахь Монос Дорноговь ХХК-ийн тодорхойлолт зэргийг үндэслэн дүгнэвэл:

 

  1. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Гүүн хөх эмийн сан 28950 төгрөг,
  2. 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Монос Дорноговь ХХК-ийн эмийн сангаас худалдаж авсан эм тариа нийт 725600 төгрөг,
  3. 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ганга эмийн сан 16800 төгрөг,
  4. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Мон-Арго -253000 төгрөг,
  5. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол эм импэкс 35180 төгрөг,
  6. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн MED TRAUMA эмнэлэгт толгой MRI шинжилгээний төлбөр 290000 төгрөг,
  7. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн MED TRAUMA эмнэлэгт бүтэн нуруу MRI шинжилгээний төлбөр 410000 төгрөг,
  8. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монос Улаанбаатар эмийн сан 9900 төгрөг,
  9. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нил Фарм маркет 7150 төгрөг,
  10.  2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт төлсөн эмчилгээний зардал 312420 төгрөг,
  11. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн бариа засал эмчилгээний төлбөр 250000 төгрөг,
  12. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сайншандаас Улаанбаатар, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатраас Сайншанд хүртэлх галт тэргээр зорчсон зардал нийт 40200 төгрөг,
  13. Нийт 2379200 төгрөг болж байна.

 

Ийнхүү тогтоогдсон нийт 2379200 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой гарсан зардал гэж үзэх бөгөөд энэ хэмжээгээр хариуцагч Л.О хариуцан төлөх үндэслэлтэй ба нэхэмжлэгч Ц.Э нь түүний урьдчилж төлсөн 1500000 төгрөгийг эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээнээс хасч тооцно гэсэн тул хариуцагч Д.Одсүрэнгээр нэхэмжлэгч Ц.Эын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 879200 төгрөгийг /2379200-1500000/  төлүүлэх нь зүйтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Ц.Э нь өөрийн анхны гаргасан эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нийт 3859480 төгрөгийн зардлаас уг хариуцагчийн урьдчилан төлсөн 1500000 төгрөгийг хасч тооцож нэхэмжлэлээ гаргасан байх боловч нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримтуудад дурдсанаас өөрөөр буюу 1500000 төгрөгөөр тусад нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан нийт баримтаар тогтоогдсон эмчилгээний зардлаас хасч тооцсон болно.

 

3. Нэхэмжлэгч Х ХХК нь ослын улмаас эвдэрсэн HYUNDAI Sonata 6 маркийн 69-80 ДГА улсын дугаартай автомашиныг  сургалтын үйл ажиллагаа явуулах зориулалттай тээврийн хэрэгсэл байсан ба уг автомашин эвдэрснээр байгууллага сургалтын төлбөрт олох ёстой орлогоо олж чадаагүй гэж 1680000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх боловч хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ирүүлсэн 1-р хавтаст хэргийн 45-47, 51-53 дугаар хуудсанд авагдсан мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагад магадлан шинжилгээ хийсэн ажлын хэсгийн гишүүдийн нэгдсэн дүгнэлт, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын жолоодлогын дадлагын хэрэгсэл, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт, татварын хэлтсийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Х ХХК-ийг жолооч бэлтгэх сургалт явуулдаг байгууллага болохыг л нотолсон байх ба харин ийнхүү сургалт явуулахдаа хэдэн төгрөгийн орлого олдог болохыг эдгээр баримтууд нотлоогүй байна.

 

Түүнчлэн 1-р хавтаст хэргийн 55-63 дугаар хуудсанд авагдсан иргэдийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, 1-р хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан Татварын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр “Х” ХХК-ийн 2018 оны жилийн эцсийн тайлангаар гарсан нийт борлуулалтын орлогын хэмжээг нотолсон байх ба энэ нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийг зөвхөн HYUNDAI Sonata 6 маркийн 69-80 ДГА улсын дугаартай автомашиныг  сургалтын үйл ажиллагаанд ашигласны орлого гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй байна.

 

Дээрх бүгдээс дүгнэж үзвэл хариуцагч Л.О нь нэхэмжлэгч “Х” ХХК-д эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 3322300 төгрөг төлөх үндэслэлтэй ба нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1680000 төгрөгийг /5002300-3322300/ хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгч Ц.Эын эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 879200 төгрөгийг гаргуулж, үлдэх  2586619 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь /3465815-879200/ зүйтэй ба энэ үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2019/00314 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 2402585 ...” гэснийг “879200” гэж, “...2563230 ...” гэснийг  “2586619” гэж,

 

2 дугаар заалтын “... 3250000...” гэснийг “3322300” гэж, “...1754300 ...” гэснийг “1680000” гэж,

 

3 дугаар заалтын “...95019 ...” гэснийг “94987” гэж, “... 94403 ...” гэснийг “70403” гэж, “... 66950 ...” гэснийг” 68107” гэж, “... 53391 ...” гэснийг “25650” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69736 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шлийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ